Уншиж байна...
 
Монголд бурхан шашныг дэлгэрүүлхэд гүйцэтгэж буй Энэтхэгийн нөлөөСҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана
“Шүгэл үлээгчийг” хамгаалах хууль шаардлагатай байна

“Манаачийг хэн манах вэ” гэдэг шиг хүний эрхийг хамгаалагчийг хэн хамгаалах вэ гэдэг асуудал ойрын өдрүүдэд хүчтэй яригдаж байна. Хүний эрхийн хамгаалагчийг хамгаалах хуулийн төсөл дээр иргэний нийгмийнхэн гурван жилийн турш ажиллаж буй. Шинэхэн төсөл нь яамдаас санал авах шат дамжлага туулсан. Засгийн газар дээр ирээд “Их санасан газар есөн шөнө хоосон хонох”-ын үлгэр болжээ. Гэсэн ч мятаршгүй тэмцэгчид хуулийн төслөө үргэлжлүүлэн хэлэлцэж, сул талыг нь сэлбэж сайжруулсаар дахин өргөн барихаар зэхэж байна. Гадаад харилцааны яаманд болсон "Хүн бүр хүний эрхийн хамгаалагч-Эрх зүйн баталгааг хангах нь" сэдэвт зөвлөлдөх уулзалтын үеэр “Бүх нийт боловсролын төлөө” иргэний нийгмийн үндэсний эвслийн зохицуулагч Д.Тунгалаг “Хүний эрх гэж аман дээрээ ярьчихаад за тэгвэл үйлдэл хийгээд хууль батлаадхаач гэхээр дэмжихгүй байна гэхээр худлаа л гэсэн үг. Яг үнэхээр хүний эрхийг хамгаалахын төлөө байгаа юм уу гэдгийг нь харъя гэж бид энэ хуулийг зүтгүүлж байна” гэв.

 

Уг уулзалтад НҮБ-ын Хүний эрхийг хамгаалагчийн асуудал хариуцсан тусгай илтгэгч Мишел Форст урилгаар оролцсон юм. Тэрбээр өнгөрсөн дөрөвдүгээр дүгээр сарын сүүлчээр Монголд ажилласан агаад ахин хүрэлцэн ирсэн шалтгааныг нь иргэний нийгмийнхэн хуулийн төслийг дэмжихээр ирсэн хэмээн тайлбарлаж байна лээ. Албан ёсоор бол “Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай” хэмээх хуулийн төслийн нэрийг хялбарчилж “Шүгэл үлээгчийг” хамгаалах хууль хэмээн гарчиглаж орхисон нь энэ. Хаа газрын хүний эрхийг хамгаалагчид л зориг гаргаж, “шүгэл үлээдэг” учраас ингээд хэлчихэд болохгүй нь юу байх вэ гэж бодсон хэрэг.
Мишел Форст эрхмээс “Монгол Улс хүний эрхийг хамгаалагчийг хамгаалах” хуультай болчихвол энэ төрлийн хуулийг баталсан Азийн анхны улс болно гэж сонссон. Өөр юуг та онцлох вэ хэмээн лавлахад:
-Монгол Улсын хувьд энэ хуулийг батласнаар хүний эрхийг хамгаалагчийг хэрхэн тодорхойлох, үүгээрээ дамжуулаад тэднийг бусад хууль тогтоомжоороо яаж хамгаалах вэ гэдгийг гаргаж ирнэ. Азид юм уу дэлхийд анх энэ хуулийг баталсан гэхээсээ илүүтэй ямар дэвшилтэт алхмыг бусад улсуудаас түрүүлж гаргасан бэ гэдэг нь давуу тал болно. Түрүүлж алхсан гэдгээрээ бусдад үлгэрлэх, хоорондоо өрсөлддөг улс орнуудын хувьд санаа авах, жишиг болох боломжтой юм болов уу. Нэг үгээр хэлбэл хамгийн гол үр шим нь юу гэхээр зөвхөн хүний эрх хамгаалагчдад бус энэ улс оронд үр өгөөжөө өгөх хууль болно гэсэн үг” хэмээн тайлбарлав.


Хэлэлцүүлэгийн үеэр төрийн бус байгууллагын төлөөлөгчид уг хуулийн төслийн талаар санал хэлж байлаа. Монголын эмэгтэйчүүдийн сангийн Н.Чинчулуун “Манай хуулиуд бөөрөнхий байдаг. Жаахан тодорхой болгомоор санагдаад байна. Ховдод насанд хүрээгүй охин бэлгийн хүчирхийлэлд өртөхөд хамгаалах байр байхгүй урьдчилан хорих байранд оруулчихсан. Хоол унд ч байхгүй. Биднээс өөр дуугарах хүн гараагүй. Замын зардлыг нь төлж хотод авчирч байсан. Араас нь байнга утасдаж дарамтлаастай. Солонгосоос хүртэл утасдаж загнаж байсан” хэмээн дурслаа. “Энэ хууль жаахан аймхай хууль болчихсон юм уу гэж харж байна” хэмээн мөнөөх Д.Тунгалаг тодорхойлов.
Хүний эрхийг хамгаалагчийн тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийн гишүүн, доктор Д.Сүнжид “Хэтэрхий болгоомжилсон бус хуулийн төсөл эхлээд явсан чинь хэтэрхий урагшаа явчихжээ, бусад хуультайгаа уялдах ёстой гэсэн коментууд ирээд байгаа юм” хэмээн тайлбарласан. Энэ хуулийн төслийг батлуулахын тулд ажлын хэсгийнхэн “Эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүй” алхам алхмаар урагшилж байгаа бололтой. Энэхүү зөвлөлдөх уулзалтыг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, НҮБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгчийн газар, Монголын Эмнести Интернэшнл байгууллага, Гадаад харилцааны яам хамтран зохион байгуулсан юм.


Нээлттэй нийгэм форумын Засаглалын хөтөлбөрийн менежер Б.Хишигсайхан “Ямар нөхцөлд бид энэ хуулийн төслийг боловсруулсан бэ гэдгийг хэлэх хэрэгтэй болов уу. Нэг талаасаа Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал маш хүндэрчихсэн. Олон улсын валютын сангийн өргөтгөсөн хөтөлбөрт орсон цаг үе. Ийм үед шинээр байгууллага байгуулах, төсвийн орон тоог нэмэгдүүлэхийг тас хориглосон нөхцөлд бид энэ хуулийг батлуулна гэсэн зорилго тавьсан учраас тодорхой хэмжээнд хязгаарлагдмал, аль болох орон тоо нэмэхгүй гэсэн бодлого байсан гэдгийг хэлмээр байна. Хүний эрхийг хамгаалагчийг энэ хуулийн хүрээнд хамгаалах зохицуулалтуудыг оруулахаар давхар бодолцож энэ төслийг боловсруулсан. Яг одоо сууж байгаад төслийг хараад тэнд тийм болго, энэ долоог гурав болго гэж хэлэхэд амархан боловч, үүний цаана маш олон үр дагавар гарч ирж байгаа юм. Тухайлбал хүний эрхийг хамгаалагчдын эсрэг зөрчлийн баримтжуулалтыг бид хэчнээн жил хийх гэж оролдож байгаа ч хүмүүс шууд өөртөө тохиолдсон явдлыг олон нийтэд мэдэгдэхээс болгоомжилдог нөхцөлд тодорхой тоо, хүнийг яриад явахад хэцүү байсан. Хуулийн нөлөөллийн ажлын хүрээнд ч боломжтой бол бодит хохирогчдыг оролцуулахыг хичээсэн боловч үнэхээр айдастай байгаа өнөөгийн нөхцөлд энэ нь хүнд байгаа шүү. Түрүүнээс хойш олон хүн асуугаад байна. Хүний эрхийг хамгаалагч гэж хэн бэ гээд. Үндсэндээ Монголд тулгарч байгаа асуудал энэ мөн. Тэр нь юу гэхээр бид бүгд мэдэж байгаа. Иргэний нийгмийн байгууллагууд дотор Засгийн газрын төрийн бус байгууллага гэгддэг Засгийн газрын халааснаас мөнгө аваад шаардлагатай үед шүүмжлэх бус хамгаалаад сууж байдаг ТББ-ууд ч байдаг. “Энэ асуудлаа ингэж хийхгүй бол би хүмүүсийг жагсаана шүү” гээд явдаг хүмүүс ч бас байна шүү дээ. Барилгын компани руу дайраад “Чи хэрвээ надад мөнгө өгөхгүй бол оршин суугчдыг бүгдийг нь босгоод, чиний эсрэг явна шүү” гэдэг ч юм уу. Зөвхөн барилга бус уул уурхай, хаа сайгүй ийм нөхөд байна. Энэ бүх нөхцөл байдал дунд НҮБ-ын Хүний эрхийн Дээд Комиссарын газраас ирүүлсэн санал шүүмжийг ч харж байхад яг ийм зөрчилтэй асуудлууд гарч ирээд байгаа юм. Нэг талд хүний эрхийг хамгаалахын төлөө тууштай явж байгаа хүмүүс, нөгөө талд нь гэнэт гарч ирээд олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, нийгмийн сүлжээгээр дамжуулаад өөрийгөө хамгаалагч гэж нэрлэсэн, айлгах замаар зорилгодоо хүрдэг хэсэг бүлэг хүмүүс бий болчихсон. Энэ хүмүүсээс яаж жинхэнэ хүний эрхийг хамгаалагчийг ялгах вэ гэдэг бидний толгойн өвчин болж байна. Ийм нөхцөл байдалд Хүний эрхийг хамгаалагчийг хамгаалах хуулийн төслийг боловсруулах гэж оролдож байна. Энэ бүхнээс болоод, магадгүй зарим зүйлд хязгаарлалт хийж, өөрсдөдөө гав дөнгө болохоор зүйл оруулсан байхыг ч үгүйсгэх аргагүй. Тийм ч учраас гурван өдрийн хугацаанд энэ хуулийн төслийг яавал илүү сайжруулах талаар уулзалт хийнэ. Засгийн газрын “Энэ хуулийг дэмжих боломжгүй” гэсэн тэмдэглэлийг сайтар уншаад үзэхээр “Энэ хууль төсөвт зардал нэмэхээр байна” гэдэг нь татгалзах нэг үндэслэл болсон байгаа юм. Гэтэл анхны хүсч байсан загвар хуулин дээр (Хуулийн төслийг анх боловсруулахдаа Хүний эрхийн төлөө олон улсын байгууллагаас (ISHR) гаргасан “Хүний эрхийн хамгаалагчийг хүлээн зөвшөөрөх, хамгаалах тухай” загвар хуульд тулгуурлажээ) маш олон боломж нөхцлүүдийг нээж өгөхөөр байсан. Загвар хуулийг тэр чигт нь монгол хууль болгоод оруулж ирж болохоор байв. Тэгвэл бүр өндөр зардалтай болох байлаа. Одоогийн манай хуулийн төслийн эдийн засгийн тооцоог харахаар 12 сая гэсэн байна лээ. 12 сая бол арай биш л дээ. Мэдээж хэрэг маш багаар тогтоосон байгаа юм. Гэхдээ бид төсвөөс шууд гарах зардлыг бага байхаар бодож хийсэн шүү. Санал хэлэхдээ сайжруул гэж бие биедээ үүрэг даалгавар өгөх биш тодорхой саналыг ажлын хэсэгт байгаа хүмүүст үндэслэлтэй бичээд өгвөл үр дүнтэй болно” гэв.


Бүх нийт боловсролын төлөө иргэний нийгмийн үндэсний эвсэлийн зохицуулагч Д.Тунгалагаас ийм хууль байх шаардлагатай эсэхийг тодруулсан юм.
Тэрбээр “Хүний эрхийг хамгаалагчийг хамгаалах хууль хэрэгтэй. Би өөрийнхөө жишээн дээр хэлье. Жишээ нь хурдан морь унаач хүүхдийн эрхийг хамгаалах гээд Засгийн газрыг шүүхэд өгч хоёр жил гаруй явлаа. Ингээд тэмцээд явахаар миний эсрэг Морин спорт уяачдын холбоо босч ирж байгаа юм. Энэ холбоонд монголын том бизнесмэнүүд нэгдсэн, мөнгөтэй, эрх мэдэлтэй байгууллага. Морин спорт уяачдын орон нутгийн удирдлагууд нь аймаг, сумын Засаг дарга, Иргэдийн хурлын дарга нар байдаг. Ийм том бүтцийн өмнөөс манай хэдэн жижигхэн байгууллага босч байгаа юм. Биднийг худалдаж авах гэж оролдсон, гутаан доромжилсон. Уяач хүүхдүүдэд ийм асуудал тулгарч байна гээд зурагтаар ярихаар зургийг маань аваад фэйсбүүкт тавиад “Монголын уламжлалыг устгах гэж байгаа гадаадаас даалгавар авсан тагнуулууд, хятадын эрлийзүүд” гээд доромжилоод эхлэх жишээтэй. Тэр болгон миний ажил хэргийн нэр хүнд, сэтгэл санааны хохирол болно. Тэрийг хэн тоож, хэн намайг хамгаалж байгаа юм. Би хүний хүүхдүүдийн төлөө дуугарсан болохоос биш өөрийнхөө төлөө тэмцээгүй шүү дээ. Амь насаа алдаж, хөгжлийн бэрхшээлтэй болж байгаа тэр хүүхдүүдийн төлөө дуугарсаныхаа төлөө уг нь тэгж хэлүүлэх ёсгүй биз дээ. Энэ бол мань мэтэд тулгарч байгаа наад захын асуудал. Ардчилсан орон биш байсан бол бүр шоронд хийж, эрх мэдлээ үзүүлнэ шүү дээ. Тухайн үед УИХ-ын дарга нь Морин спорт уяачдын холбооны тэргүүн байлаа. Яаж л бол яаж няцлана шүү дээ. Тэрний эсрэг надад хамгаалалт хэрэгтэй. Бид хүний төлөө дуугарсанаасаа болоод хохирмооргүй байна шүү дээ. Гэр бүл маань хохирч таарахгүй. Би хамгаалалттай гэдгээ мэдэрч дуугарвал сайхан байна. Түүнээс биш бусдын төлөө өөрийгөө байнга золиосолж явах хэцүү. Өнөөг хүртэл золиослоод, элдвээр хэлүүлээд явж л байгаа л даа. “Хөөрхий, энэ хэдэн авгай өөр мөнгө олох аргагүй шантаажаар мөнгө олдог юм” гэж хэлэхээр муухай байгаа юм. Биднээс гадна шүүгч прокурорууд, сэтгүүлчид, байгаль хамгаалагчид, үндэстэн дамнасан компаниудын эсрэг босч байгаа хүмүүст үүнээс илүү хамгаалалт хэрэгтэй байна. Заримыг нь амь насыг нь хохироочихсон байна шүү дээ. Ар гэрт нь ч дарамт үзүүлж байгаа. ТББ-д нь ч дарамт ирж байдаг. Тэр болгоноос хамгаалагдаж байж энэ нийгэм сайн сайхан болно. Бид чимээгүй болчихвол, бүх ТТБ-ынхан дуугарахаа байвал хэн хохирох вэ. Монголын нийгэм хохирно. Хүний эрхийг хамгаалж байна гэдэг Монгол Улс хөгжиж байгаа гэсэн үг. Сайн дураараа ажиллаж байгаа иргэдээ төр хамгаалаач. Тийм учраас бид энэ хуулийг зүтгүүлж байгаа юм. Монгол Улсын Засгийн газрын хүний эрхийн мэдрэмж индикатор болно гэж найдаж байна” гэсэн юм.
Илүү сайхан ирээдүйн төлөө хүний эрхийг хамгаалагчдыг, шүгэл үлээгчдээ хамгаалъя.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com