Өмнөговь аймгийн МоАХ-ны анхдагч Тайжууд овгийн Чойвооны Идэрцог
МоАХ байгуулагдсаны болон Ардчилсан хувьсгалын түүхт 30 жилийн ой тохиож байгаа мөчид Өмнөговь аймгийн хэмжээнд МоАХ хэрхэн байгуулагдаж түүхэн үүргээ биелүүлсэн талаар тодорхой баримт түшин өгүүлж байгаадаа туйлын баяртай байна.
Эдүгээгээс 30 жилийн өмнө 1989-1990 онд өрнөсөн ардчилсан хувьсгалын анхны цуглаанаас эхлээд тухайн үеийн социалист нийгмийг ардчилсан нийгмээр солих үйл явц Өмнөговь аймагт нэгэн адил өрнөж сэтгэл итгэлээрээ олон хүмүүс хэсэг бүлгээрээ нэгдэн нягтарч тэмцэж байлаа.
Тухайн цаг үед буюу социализмыг байгуулж, коммунизмд хүрэх том зорилттой байсан бөгөөд бүх ажил асуудал дан ганц МАХН-ын үзэл суртал дор явагдан иргэдийн эрх, эрх чөлөөний тухай ойлголт байгаагүй. Тэр үеийн ЗХУ-ын хараат нийгэм байсан.Сонин сэтгүүл гарын таван хуруунд багтдаг. Иргэд сум орон нутгийн мэдээ голлон бичдэг. Ганц намаа магтан дуулах хандлагатай байлаа. Намын бүгд хурлуудын материал, илтгэл, тогтоол шийдвэрүүд албатай юм шиг олон нүүрээр хэвлэгддэг. Тэр дундаа Өмнөговь аймаг монгол телевиз үздэггүй ганц аймаг байсан. Ийм л нийгэм оршиж байсан. Тэр байтугай иргэд өөрийн гэсэн өмч хөрөнгө байхгүй. Мотоцикль унасан нэгнээ баян тарганаар нь дууддаг, хувьдаа байшинтай айл байхгүйтэй адил байсан юм даа. Хөдөө орон нутагт малчин ардууд нэг өрх хувьдаа 75-аас илүүгүй толгой малтай байх хязгаар тогтоосон, сүү цагаан идээг нь нэгдэл цуглуулаад авчихдаг байсан.
Намын гишүүнд элсүүлэхдээ дагалдангаар олон сар болдог. Хурлаар ороод тэнцвэл гишүүн болж намын даалгавар биелүүлж, заавраар нь ажиллаж амьдарч байсан байна. Дэлгүүр хоршоонд ижил төрлийн даавуу даалимба, цоохор даавуу, лаа шүдэнз, нислэг нэртэй чихэр будаа гурил заримдаа тасардаг хүнд үе байсан.
МоАХолбоог зарласан 1989 оны арванхоёрдугаар сарын 10-наас хойш аймгийн олон байгууллагуудад залуучууд өөр хоорондоо нэгдэж энэ нийгэм болохгүй байгаа талаар ярилцаж байсан байдаг. Аймгийн Эрчим хүчний үйлдвэр, нэгдэл дундын үйлдвэр, Барилга угсралтын контор, нэгдсэн эмнэлэг, багш нарын шар орон сууц, Урчуудын эвлэлийн салбар, Модны үйлдвэр, Нисэх, Холбооны газар гэх мэт олон газарт 1990 оны гуравдугаар сар гэхэд МоАХ-ны салбар дэмжигчид байгуулагдсан бөгөөд нэгдсэн зохион байгуулалтад орход бэлтгэгдэж байсан юм.
МоАХолбооны анхдугаар их хуралд тус аймгийн Булган сумын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн ажилтан Д.Ганзориг төлөөлөгчөөр оролцож дуу хоолойгоо нэгтгэн улмаар аймагтаа ирж улс төрийн мэдээлэл сурталчилгаа хийж байсан. Мөн аймагтаа анх удаа М.Цогбат, Б.Цэцэгсүрэн, Д.Мөнхдэлгэр нар МОАХолбоог дэмжсэн, хүнд суртлын эсрэг утга агуулга бүхий ухуулах хуудсуудыг бэлтгэн шонгийн мод мэдээллийн самбаруудад шөнийн цагаар нааж өргөн олонд хүргэж тэмцэж байв.
МоАН, МоАХолбооны томилолтоор Болд, Зоригт, Түмэнжаргал нар Даланзадгад суманд 1990 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдөр хүрэлцэн ирж аймгийн Хөгжимт жүжгийн театрт хөдөлмөрчид өргөн олонтой уулзаж нам холбооны зорилт, үйл ажиллагааны тухай таниулж сонирхсон асуултад хариулт өгсний дараа энэ уулзалтад оролцсон хэсэг бүлэг залуус өөрсдийин санаачилагаар нэгдэж аймагтаа МоАХ, МоАН байгуулах нь зүйтэй гэж үзэн бэлтгэл ажилд шуурхайлан орж хоёр хоногийн дараа дөрөвдүгээр сарын 25 –нд аймгийн МХЗЭ-ийн хорооны “Залуус” танхимд аймгийн МоАХ-ны салбар зөвлөл байгуулах анхны хурал зохион байгуулж байлаа. Хуралд 110 хүн оролцож Булган сумын Д.Ганзориг, аймгиийн прокурорын ажилтан Д.Пүрэвбаатар, М.Цогбат нар үг хэлж ярилцлага мэтгэлцээн хийж зохицуулагчийн үүрэг гүйцэтгэгчээр М.Цогбатыг томилж анхны гишүүдэд үнэмлэх олгож, МоАХ-ны ерөнхий зохицуулагч С.Зориг-т Өмнөговь аймагт МоАХ-ны салбар зөвлөл байгуулагдсан тухай албан тоот илгээсэн байдаг.
Аймгийн МоАХ-ны зохицуулах хэсэг 1990 оны тавдугаар сарын 30-ны өдөр ардчилсан холбооны бүх гишүүдийн хурлыг барилгын “ГГС” пүүсийн хурлын танхимд зохион байгуулж ерөнхий зохицуулагчаар шүүх прокурорын ажилтан Д.Пүрэвбаатарыг, зохицуулагчаар инженер Г.Цэвэг, зураач С.Борхүү нарыг сонгон баталгаажуулжээ. Мөн энэ хурлаас аймгийн МоАНамыг байгуулж зөвлөлдөх төвийн даргаар эрчим хүчний үйлдвэрийн цехийн дарга Ч.Идэрцогийг томилон нам, холбооны банкны харилцах дансны нэгдүгээр гарын үсэг зурах эрхийг олгов.
Манай аймгийн МоАХ-ны гүшүүд дэмжигчид, 1990 оны АИХ болоод бүх УИХ-ын сонгууль, орон нутгийн сонгуульд идэвхтэй оролцож байна. АИХ-ын 1990 оны сонгуульд МоАН 13 хувийн санал авч говьчууд улсын бага хурал байгуулахад зохих хувь нэмрээ оруулж чадсан билээ. Аймгийн АДХГЗахиргааны ээлжит чуулганы өмнө аймгийн захиргааны нэгдүгээр орлогч дарга, хариуцлагатай нарийн бичгийн дарга, зохион зааварлах хэлтийн ажилтан нарыг огцруулах албан шаардлагыг аймгийн даргад хүргэж чуулганы хуралдааны үеэр жагсаал цуглаан хийж хурлын шийдвэр гаргуулж чадсан юм.
МоАХолбоог байгуулах болон ардчилсан хувьсгалын үйл хэрэгт өөрийн бие сэтгэл зүрхээрээ манлайлан оролцсон журмын нөхдөө дурдвал Д.Пүрэвбаатар, Г.Цэвэг, Ч.Идэрцог, Б.Цэцэгсүрэн, С.Очирсүрэн, Д.Мөнхдэлгэр, Д.Ганзориг, М.Цогбат, Д.Гантуяа, С.Цогтсүрэн, Д.Отгонбат, Ч.Мөнхжаргал, Д.Хэнмэдэхэв, С.Борхүү, Б.Саран, Ч.Цэдэннамжил, Ч.Мөнхсайхан, С.Баянмөнх, Б.Мөнхтүвшин, Н.Лувсанбаяр, С.Бямбаа, Ц.Саранмандах, Э.Энхтунх, Н.Эдэнэнасан, Ш.Бөхбаатар, Д.Эрхэмбаатар нарын зэрэг олон хүнийг нэрлэж болох байна.
Ардчилсан хувьсгалын эхэн үе 1990 ээд оны эхэн он жилүүд монголчуудын хувьд маш хүнд сорилтуудыг давсан тухайлвал дэлгүүр бүрэн хоосорч давснаас өөр юмгүй бүх бараа картын системд шилжиж байсныг мартаж болохгүй юм. Монголын Ардчилсан Холбоо болон бусад хөдөлгөөнүүдийн тэмцлийн үр дүнд хувийн өмчийг хүлээн зөвшөөрч, хүний эрх , эрх чөлөөний үүд хаалга нээгдэж, гадагшаа бусад улсад чөлөөтөй зорчих болсноор улс орон хүнд байдлаас аажмаар гарч эхэлсэн.
Өнөөдрийн өндөрлөгөөс харах юм бол ардчилсан хувьсгалын ялалт, түүний үр дүн тодорхой харагдаж байгаа бөгөөд МоАХ өмнөө тавьсан зорилтуудаа амжилттай хэрэгжүүлсэн. Харин тэр бүхнээ сахин хамгаалах үүрэг өнөөдөр бидэнд чухал байна гэж ухамсарлаж байгаа юм.