Шантаажчин Төрийн бодлого
Хамгийн ороо бусгаа төр Монголынх, тогтворгүй савлагаатай нийгэм манайх. Хөгжих том мөрөөдөлтэй ч хөлөө олохгүй ийш тийшээ савласан энэ нийгэмд юу хамгийн чухал нь вэ гэдгийг мэдэхэд маш хэцүү. Эдийн засаг, дотоодын нийт бүтээгдэхүүн, уул уурхайг өсгөх эсвэл ядуурал, архидалтыг алга болгох гэх мэтээр дөрвөн жилд эрх авсан нам ямар нэг мөрөөдлийг бий болгож хүмүүст “үмхүүлнэ”. Ингээд хоосон мөрөөдлөө хүлхсээр дөрвөн жилийг давна өөрчлөгдөж өөдөлсөн нь тун бага. Ядуурлыг устгана гэж зарласан төрийн “мэргэн шийдвэр”-ийн хариуд “Яанаа ядуурлыг устгана гэнэ, цаадуул чинь бид хэдийгээ үгүй хийх нь дээ” гэсэн онигоо гарсан нь үнэний ортой л үг.
Ямар ч нийгэмд ядуурлыг арилгая гэвэл ядуу хэсгээ “хиар цохихоос” өөр аргагүй. Ингэж хиар цохисон ч дараагийн ядуучууд нь гараад ирнэ. Энэ бол нийгмийн өөрийнх нь бүтэц. Хогийн ургамлыг тэтгэхгүй байвал сөнөдөг ч хүний (хүмүүнлэг ардчилсан) нийгэмд архичин, ядуусаа тэжээж авч явах хуультай. Гэхдээ манайд бол зүгээр тэжээж тэдний тоог өсгөх бодлоготой.
Аливаа нийгэм дээд, дунд, доод гэсэн гурван хэсгээс тогтдог. Энэ гурван давхарга нэг нэгнээсээ хамааралтай оршиж бие биеэ тэжээж нөхдөг.
Дээдчүүдийнхээ хөрөнгийг улс орондоо тогтоох, дундаж давхаргаа тогтвортой өсгөх, доодсоо тоог нь өсгөхгүй байх улсын бодлогын мөн чанар. Харин манайд бол эсрэгээрээ.
Монголын нийт баялгийн 90 орчим хувийг хүн амын нэг хувь буюу 300 гэр бүл эзэмшдэг гэдэг.Төрөөс ч бай, хувьчлалаар ч бай тэрбумтан болсон хэдийгээ үйл ажиллагааг нь нураах, хөрөнгийг нь зогсоох хүртэл тухай үе үе шуугина. Шуугиулж байгаад санасандаа хүрэх нь ч бий. Эхнээсээ хууль бус зөвшөөрлийг худалдагдсан хурган дарга нар нь өгчихдөг. Үйл ажиллагаа нь яг сайхан тогтворжоод ирэхээр томчууд нь эргээд шантааж хийдэг, хувьдаа хахууль авах, ард иргэдээс оноо цуглуулах ажилд манай төр засаг мэргэшсэн гэхэд болно.
Мөн төрийн бодлого ажилгүй, орлогогүй эмзэг бүлэг болон ядуучуудыг “ивээн тэтгэхэд” чиглэдэг. Хүмүүнлэг нийгмийн ёсоор дорой буурайгаа тэтгэх нь зөв ч бэлэнчлэх сэтгэлгээнд сургах нь ядарсан нэртэй, задарсан хүмүүсийг олноор төрүүлдэг. Автобус унаанаас эхлээд бүрэн бүтэн бие эрхтэнтэй, ажлын чадвартай хэрнээ хөнгөлөлтгүй юм гэж үгүй. Насаараа архи ууж амьдарчихаад элдэв өвчний улмаас групп, халамж хүртэж үнэгүй эм тариа хэрэглэж, эмнэлэгт амарч, хөнгөлөлттэй сувилал хэсч явдаг түмэн мянган хүн Монголд бий. Оюутнуудад автобусны тасалбар, сургалтын төлбөр зэрэг олон “үнэгүй” боломж өгчихдөг учраас гадны улс шиг ажил хийж хоолны мөнгөө олохын зовлон үгүй. Түүний оронд кофе шоп-т буу халж суух мөнгөтэй бас завтай. Энэ бүх халамж, хөнгөлөлтийг ажил хийдэг, татвар төлдөг дундчуудаасаа зулгаадгаа хэн ч тоодоггүй, тооцолдоггүй.
Монголчууд дундчуудад, дундаж байхад дургүй. Нэг бол туйлгүй баян болж нүүдлийн шувуу шиг амьдрахыг хүснэ. Луйвраар олсон мөнгөө оффшор бүст хадгалуулж Америкт арав хорин хаустай байхыг хүснэ. Ингэж чадахгүй нь өрөвдүүлэхийн өвчинтэй. Хуучин приус унаж аймаг сумын наадам хэсэнгээ, ан олз хайна. Өвөл нь хотод ирээд хэвтчихнэ. Ийм хүмүүст
“хүүхдийн мөнгө” , “ээжийн мөнгө”, “халамжийн мөнгө”, “хандивын мөнгө”, “тэтгэмжийн мөнгө”, “группийн мөнгө”, “сонгуулийн мөнгө”, тэжээгчээ алдсаны мөнгө, тэтгэврийн мөнгө (эцэг эхийнхээ тэтгэврээр амьдрагсад олон) гэх зэргээс эхлээд хороо, хэсгээрээ үнэгүй гурил, будаа, нүүрс түлээгээ зэхүүлж “үерийн аманд гэрээ бариад зүгээр л нэг амьдарчихна”. “Ядуу хүн гэж залхуу арчаагүй хүнийг л хэлдэг юм” гэх Итгэлт баяны үг хатуу ч үнэн. Учир нь Монгол бол ажлын байр, амьдрах арга ихтэй газар. Өлсөж үхэхгүйгээр барахгүй, ажил хийхгүй яваад байж болдог нийгмийг энэ хугацаанд бүтээж чадсан.
Дундаж давхаргаа дэмжсэн улс хөгждөг
Их зохиолч Д.Нацагдоржийн “Цагаан сар ба хар нулимс” зохиолд Дагдангийн эхнэрийн таргалсан Цэрмаагийн турсан хоёр яг тэнцэнэ гэж өгүүлдэг. Түүн шиг өнөөдөр манай нийгэмд тэжээлгэгчид нь хэт олширч, тэжээгчид нь дөнгөн данган нөгөөдүүлээ тэжээх гэж өөрсдөө бүсээ чангалдаг бодлого явагдсаар байна. Өөрөөр хэлбэл өрмийг нь хамагчид, хусмыг нь долоогчид руугаа биш тогоо дүүрэн сүүг нь бий болгодог хүмүүс рүүгээ анхаарах цаг болсон. Дундаж давхарга руугаа анхаарлаа хандуулвал бидний хүсээд байгаа эдийн засгийн өсөлт, нийгмийн тогтвортой байдал, татварын систем гээд жигдрэх зүйлс олон.
“Хүнээ хөгжүүлнэ гэдэг иргэн бүрийг баян болгох тухай асуудал биш. Энэ бол дундаж давхаргынхны тоог нэмэх тухай сэдэв юм. Дундаж амьдралтай хүмүүс олон байх тусам тухайн улс аюулгүй, тайван амгалан байдаг. Мэдээж хөгжил ч дагаад өснө” хэмээн “Chasing the American Dream” номын зохиогч Томас Хирши хэлжээ.Тиймээс тогтвортой хөгжлийг хүсч буй улс орнууд дундаж давхаргад дотоодын гол бодлогоо чиглүүлж байна. WEF-ийн тооцоогоор 2030 он гэхэд Ази, Номхон далайн бүс нутагт дундаж давхаргын тоогоо 3.2 тэрбумд хүргэж 2009 оныхоос 6.2 дахин өсгөхөөр төлөвлөжээ. Улс оронд алсын хараа гэж юм байдаг бол жишээ нь энэ байх. Хятад, Энэтхэгийн дундаж давхарга дэлхийн эрэлтийг тодорхойлно гэсэн статистикууд ч гарсан байна. Тогтвортой дундаж давхарга өнөөдөр Скандиновын орнуудаас эхлээд АНУ, Их Британи, Герман, Япон гээд хүчирхэг эдийн засгийг цогцлоож буй. Дундаж давхаргаас дээшээ, доошоо хальсан, бусад давхарга хүч түрээд эхлэхээр улс орон хаана хүрдгийг Африк эсвэл Арабын зарим орон тодорхой харуулдаг. Баялаг бүтээдэггүй хэсэг бүлэг нийгэмд хүч түрэхийн цагт улс орон хэдий чинээлэг байгаад ч тэнцвэрээ олдоггүйг нийгмийн онолч, судлаачид тэмдэглэжээ. Дагдангийн эхнэрийн таргалсан Цэрмаагийн турсан хоёр тэнцвэртэй байх боломжгүй гэсэн үг. Дундаж давхаргагүй улсууд урагшлах бус харин ухардгийг Африкийн орнуудын жишээ бидэнд харуулсаар байгаа билээ. Дундаж давхаргыг бий болголгүйгээр хөгжлийн тухай ярих боломжгүй ажээ. Тиймээс АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама “Чинээлэг дундаж давхаргын хүчирхэг нуруун дээр улс орон хөгждөг учраас энэ хэсгийг дэмжинэ” гэж хэлснийг онцолъё.
Гэтэл манайд дундаж давхаргыг амьдрах чадвартайнх нь төлөө дэмжих биш харин боломжуудаас нь хасдаг. Орон сууцны зээл, нийгмийн олон төрлийн үйлчилгээ дундаж давхаргынхнаас гадуур явагдана. Тэд үнэндээ төрөл бүрийн үйлчилгээнд дугаарлаж зогсох цаг завгүй хүмүүс. Харин төрийн тэдний эрхийг булаадаг шалтаг нь “амьдралын боломжтой” гэх үзүүлэлт.
Тэгсэн хэрнээ дундчуудаас үр хүүхэд, ар гэргүй мэт хөдөлмөрлөж , ажилгүй мэт үр хүүхдээ өсгөж бас бусдыг чирч авч явахыг шаарддаг. Тиймээс татвар, дарамтаа байнга өсгөдөг. Монгол улсын дундаж давхаргынхны гол зовлон энэ. Эмзэг бүлэг, ядуусын халамжийн тогтолцоог эн тэргүүнд тавьдаг зүүний чиглэлийн намын ухвар бодлогын уршгаар манай улсын дундаж давхаргынхан дундын доодоос дүүжигнэн зүүгдэж зарим нь доошоо унасаар буй. Судалгаагаар дөнгөж 30 хувьтай гэгдэж байсан дундаж давхарга сүүлийн дөрвөн жилд нэмэгдсэн нь юу л бол. Дээшээ цойлж буй үнийн өсөлт, татварын бодлого шударгаар хөдөлмөрлөдөг иргэдийн нуруун дээр л буудаг хойно. Гучин мянгаараа дампуурсан жижиг компаниудын жишээ үүнийг нотолно. Бас болоогүй ЖДҮ-ийнх нь зээлийг төрийн луйварчид нь хуваагаад авчихсан тул дундаж давхарга зузаарч шалиагүй биз. Манай улсад дундаж давхаргыг үнэлж гаргах тогтсон индекс байдаггүй ч гадны судлаачид манайхтай хамтран удаа дараа дундаж давхаргыг тодорхойлсон нь бий. Үндэсний Статистикийн Хорооноос Дэлхийн Банктай хамтран хийсэн Монгол Улсын ядуурлын түвшинг тодорхойлох судалгааныхаа дүнгээр 2014 оны тоон үзүүлэлтийг 2016 оныхтой харьцуулжээ.(Одоогийнхоор хамгийн сүүлийн арай даацтай судалгаа гэж үзсэн тул ашиглав.) Судалгаанаас харахад Монгол Улсын ядуурлын төвшин 2016 онд 29,6 хувьд хүрч, 2014 оныхоос 8 пунктээр огцом нэмэгдсэн байна. Статистикийн энэ мэдээнээс харахад, хүн амын 907 мянга гаруй нь ядууралд өртөж, 2014 онд 634 мянга байсан ядуучуудын эгнээ 273 мянга гаруй хүнээр эгнээгээ тэлжээ. 2015-2016 онуудад эдийн засаг, нийгэмд бий болсон сөрөг цочролуудын улмаас эдгээр иргэд дундчууудын эгнээнээс хасагдаж, ядууралд орсон болохыг үүнээс харж болохоор байна. Дээрээс нь Монгол Улс төсвийн орлогынхоо бараг 90-ээд хувийг татварын орлогоос бүрдүүлдэг атал хүн амын орлогын татвар үүний 10 хүрэхтэй үгүйтэй хувийг эзэлж буйгаас харахад дундаж давхарга хангалттай төлөвшиж чадаагүйг илтгэнэ. Дундаж давхаргаа тэлэх бодлого байхгүйгээс эдийн засгийн нэг үзүүлэлт савлахад дундчууд олноороо ядуусын эгнээ рүү гулсахад бэлэн байдаг.
Ядуу хүмүүсийн хэрэглээ бага, нийгмийн халамжаас хүртчихдэг тул үнийн хөөрөгдөлд цочрохгүй. Харин Монголын баячуудад бол үнийн нөлөө огтхон тусахгүй. Энэ нь цочрол тогтмол орлогоор амьдардаг дундаж давхаргынханд нөлөөлнө. Дундаж давхаргынхны амьдрал тогтвортой бол нийгэм тогтвортой байна.
Дундажууд яагаад чухал вэ?
МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн Хүн ам зүйн тэнхимийн эрхлэгч, профессор, доктор Б.Энхцэцэгийн багийн хийсэн “Дундаж давхарга” судалгааны товч дүгнэлтээс харахад анхдагч хэрэгцээгээ хангаж байгаа хүмүүс дундаж давхаргын хүрээлэлд багтаж байна. Өөрөөр хэлбэл, өмсөх, зүүх, идэж уух, өдөр тутмын зарлагаа нөхөх чадвартай хүмүүс гэсэн үг. Дундаж давхаргынханд тулгамдаж буй гол асуудал нь ажлын байр, эрүүл мэнд, орон байрны асуудал байгааг судалгаанд оролцогчид тэмдэглэжээ. Залуусын болон өндөр настнуудад зориулсан мөн 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийн нөхцөл, шалгуур нь дундаж давхаргынд зориулагдаагүй. Гэтэл Хятадад дээд сургууль төгсгөсөн мэргэжилтэнд төрийн албанд ажилласны эхний таван жил 40 ам.метр сууц, 15 жил ажилласны дараа 70 гаруй ам.метр талбай бүхий орон сууц маш хөнгөлөлттэй нөхцлөөр авах эрхтэй байдаг байна. Хугацаанаас өмнө орон сууцны асуудлаа өөрөө шийдвэрлэсэн бол үнийн зөрүүг тооцож улсаас олгодог аж. Гэтэл Монголд дундаж давхаргын 37 өрх тутмаас ердөө нэг л хүн моргэйжийн зээл авах шаардлага хангаж байна гэсэн судалгаа бий. Ийм амьдрах чадвараар нь ялгаварласан бодлогын улмаас байрны лизингээ асуудалгүй төлөх бүрэн чадвартай дундаж давхаргынхан хувь хүнд өөрөөр хэлбэл татвар төлдөггүй мөнгө хүүлэгчдэд байрны түрээс төлөөд амьдарч байгаагаас эхлээд улсын цоорхой бодлогын золиос дундаж давхаргад тусдаг жишээ олон бий. Дундаж давхаргынханд хөнгөлөлт, халамж хэрэггүй. Харин оносон дэмжлэг хэрэгтэй байна. Дундаж давхаргынханд хувиараа хөдөлмөр эрхлэхэд ажлын байрны түрээс өндөр, үзүүлж байгаа хөнгөлөлт, хамгаалалт тааруу, зээлийн хүү өндөр учраас эрсдэлд өртөх магадлал өндөр байдаг. Учир нь зээлтэй яваа хүмүүс бизнес нь муудахад ядуу ангилалд орох эрсдэлтэй. Мөн дундаж давхаргынхан төрийн албанд олноороо ажилладаг. Тиймээс Монголд улс төрийн нөхцөл байдал, сонгуулийн дүнгээс хамаарч тус давхаргынхан маш олон хүн ажилгүй болдог гэнэ.
Тулгамдаж буй дараагийн асуудал нь эрүүл мэнд. Дундаж давхаргын хүмүүс хамгийн олноор эрүүл мэндийн даатгал төлж, хамрагддаг боловч даатгалаараа үйлчлүүлж чаддаггүй. Гол нь эрүүл мэнд муудах, өвчих тусах тохиолдолд эмнэлэгт үзүүлэх, очерлож дугаарлах цаг зав муутай байдаг тул өөрөө өөрсдийгөө эмчилдэг, аль болох өвчин тусахгүй, гэр бүл амьжиргаандаа гол анхаарлаа хандуулж явдаг. Мөн дундаж давхарга ихтэй оронд хуримтлал их байдаг. Дээрээс нь боловсролд их ач холбогдол өгдөг хэсэг бол дундаж давхаргынхан. Дундаж давхаргынхан нийгэм, улс төр, эдийн засгийн оролцоо хамгийн өндөртэй бүлэг. Тэд нийгмийн гол түлхэгч хүч бөгөөд нийгэмд тогтвортой байдлыг бий болгож байдаг. Хамгийн тогтвортой үлгэр жишээ гэр бүлүүд мөн л дундаж давхаргынхан. Тэднийг нийгмийг бүхий л талаараа авч явдаг “мотор” гэж хэлж болно. Эдийн засагт эзэлж буй дунд давхаргын байр суурь өндөр. Ажлын байр, ажиллах хүчинг тэд бүрдүүлж, татварын орлогод их хувь нэмрийг бүрдүүлдэг. Банкнаас хамгийн олноор зээл авч банкны үйл ажиллагааг дэмжихийн сацуу өөрийн гэсэн хуримтлал үүсгэдэг. Мөн ажлын байр бий болгож, аль ч салбарт худалдан авалт хийж ашиг орлого оруулж өгдөг. Дундаж давхаргын улс төрийн оролцоо өндөр. Сонгууль, улс төрийн үйл ажиллагаанд өөрийн бодолтой, идэвхитэй оролцдог. Өөрийн хүсэл сонирхолд нийцсэн хүнийг сонгох чадвартай. Сонгуульд оролцогчдын масс, ирц идэвхийн дийлэнх хувийг нь дундаж давхаргынхан бүрдүүлдэг гээд тэдний үүрэг өндөр байна.
Өөрөөр хэлбэл нийгмийн хамгийн зорилготой, мөрөөдөлтэй, ажиллаж хөдөлмөрлөж амьдрах өндөр эрмэлзлэлтэй, нийгмийн баялгийг бүрдүүлэгч, боловсролтой залуу үеийг бэлддэг нь дундаж давхаргынхан. Ер нь нийгмийн хамгийн сэхээлэг, гэгээлэг хүмүүс нь дундаж давхаргынхан юм. Тэдний нуруун дээр нийгэм бүхлээрээ тогтож байдаг. Ийм давхаргынхныхаа хоолыг булаагаад байвал бид бүгдээрээ сүйрнэ. Тэдэнд халамж биш дэмжлэг хэрэгтэй. Хүсэл зорилгыг нь дэмжчихвэл тэд бусдыгаа тэжээчихнэ. Тэжээсээр ч ирсэн хойно доо.