Экспортоос орж ирж буй хоёр төгрөг тутмын нэгийг нь бүрдүүлдэг нүүрсний экспортын ирэх оны төлөвийн талаар 9 дэх удаагийн “Coal Моngolia” олон улсын арга хэмжээний үеэр “Гложекс консалтинг” ХХК-ийн гүйцэтгэх захирал, эдийн засагч Л.Наранбаатартай ярилцлаа. Тэрбээр экспортын нүүрсэнд нэмүү өртөг шингээж, түүхий нүүрсний экспортыг татварын бодлогоор хязгаарлах цаг болсныг онцоллоо.
-Хятад улс Австралийн нүүрсний экспортыг сааруулсан нь Монгол Улс өмнөд хөршийн зах зээлд тэргүүлэгч байр суурьтай болоод буйг “Coal Mongolia 2019”-д оролцогч шинжээчид хэлж байна. Гэхдээ манай статистикаар бол нүүрсний экспорт өмнөх оныхоос бага зэрэг өсөлттэй байна. Энэ онд тооцолсон 42 сая тонн нүүрсээ экспортолж чадах болов уу?
-Нүүрсний экспорт тоон хэмжээний хувьд 42 тоннд арай хүрэхгүй байх. Чуулганд оролцсон “S&P Platz”-ийн шинжээчийн хэлснээр Хятад улс 2018 онд 64 сая тонн коксжих нүүрс импортоор авсан. Харин энэ оны хувьд есдүгээр сарын 20 гэхэд импортын нүүрсний хэмжээ 64 сая тоннд хүрнэ. Өөрөөр хэлбэл, өмнөд хөршийн нүүрсний импорт жилийн хязгаартаа хүрсэн тул дараагийн гурван сард Хятад руу нүүрс экспортлогч компаниудын хувьд дарамт шахалттай сар байна байх. Харин импортын хэмжээ нь 64 сая тонноос нэмэгдэх үү гэдэг асуултад “Today think tank energy” компанийн ерөнхийлөгч Шүэ Венлин хариулахдаа “Дээд хязгаар 70 сая тонн л байх болов уу” гэсэн. Хэрэв 70 сая тонныг авна гэвэл, ирэх гурван сард дахиад зургаан сая тонн нүүрс Австрали, Индонез, ОХУ-аас ч авна гэсэн үг. Тиймээс Монгол Улсын нүүрсний импортын хэмжээ буурч магадгүй юм.
-Шинжээчид Хятад улсын ирэх оны коксжих нүүрсний хэрэглээ, гангийн үйлдвэрлэлийн төсөөллөө хуваалцлаа. Манайд ирэх оны төсөв хэлэлцэх хугацаа дөхөж байна. 2020 онд нүүрсний экспортыг төлөвлөхөд анхаарах зүйл юу байна вэ?
-Энэ жил нүүрсний экспорт 42 сая тоннд хүрэхгүй ч нүүрсний үнэ харьцангуй өндөр байгаа тул төлөвлөсөн орлого биелэх магадлалтай. Шинжээчдийн өгч буй мэдээллээс үзвэл 2020 онд нүүрсний экспортыг тоон хэмжээний хувьд өөдрөгөөр төсөөлөх нь дэмий болов уу. Харин төсвийн тооцоололдоо тооноос чанарт шилжихэд анхаарах хэрэгтэй. Энэ нь нүүрсний баяжуулах үйлдвэрүүдээ дэмжье, нэмүү өртөг шингээсэн нүүрсээ түлхүү гаргаж, түүхий нүүрсээ гаргахыг хориглосон байр суурь баримталсан нь зүгээр. Анхан шатны боловсруулалт хийгээгүй коксжих нүүрсний экспортод татвар ногдуулахад ч буруудахгүй гэж би үзэж байгаа. Яагаад гэвэл байгалийн нөхөгдөшгүй баялаг бол улс эх орондоо илүү үр ашигтайгаар экспортод гарах учиртай. Нүүрсний үнэ өндөр байгаа сүүлийн 3-4 жилд нүүрсээ зах замбараагүй, хяналтгүйгээр урсгалаа. Ялангуяа төрийн өмчит компани. Одоогоор “Энержи Ресурс” компаниас гадна 4-5 баяжуулах үйлдвэр баригдсан. Тиймээс эдгээр үйлдвэрээ дэмжиж, түүхий нүүрсэнд экспортын татвар ногдуулах цаг болсон. Ингэж байж бид нүүрсний салбарын дараагийн хөгжил, нэмүү өртөг, технологи шингээсэн бүтээгдэхүүнтэй болно.
-Зах зээлийн шинжээчид Хятадын гангийн үйлдвэрлэлийг дэмжих салбарууд, тухайлбал үл хөдлөх хөрөнгийн салбар үндсэндээ зогсонги байдалд орсон талаар ярьсан. Цаашдаа гангийн үйлдвэрлэлд ямар дүр зураг бууж байна вэ?
-Хятадын нүүрс тээвэр, худалдааны ассоциацийн шинжээчийн ярьж буйгаар сарын дараа болох БНХАУ-ын 70 жилийн ойгоор тус улс дараагийн 70 жилийн хөгжлөө ярина. Энэ үеэр байгаль орчныг хамгаалах, цэвэр технологи, цэлмэг хөх тэнгэрээ хамгаалах бодлогууд гарцаагүй яригдана. Өөрөөр хэлбэл, ган болон коксын үйлдвэрүүддээ аль болох технологийн дарамт үзүүлж, бага нүүрс, кокс зарцуулдаг, өндөр бүтээмжтэй технологи руу шилжинэ.
Нөгөө талаар АНУ, Хятадын худалдааны дайны нөхцөл байдал кокс, гангийн хэрэглээг бууруулна. Энэ байдал АНУ-ын 2020 оны ерөнхийлөгчийн сонгууль дуустал үргэлжилнэ. Тэр болтол Дональд Трамп популизмаа хийнэ, Хятад улс байр сууринаасаа ухрахгүй гэж шинжээчид хэлсэн. Мөн энэ нөхцөл байдлаас болоод Австралийн нүүрсний импортоо бууруулж магадгүй. Австрали бол АНУ-ын бодлогыг дам байдлаар дэмждэг. АНУ, Канад, Автсрали гурван улс Huawei-н утсыг 5G сүлжээндээ оруулахгүй байх хориг тавьсан. Үүний хариу арга хэмжээ болгож Хятад улс Австралийн нүүрсний импортыг хориглосон. Энэ хориг жил гаруй үргэлжилж, саяхнаас хориг нь бага зэрэг зөөлөрлөө. Цаашдаа Австралиас авах нүүрсээ огцом бууруулахаар байгаа нь Монгол Улсад боломж олгоно гэсэн үг.
-ОХУ Хятадын нүүрсний зах зээлд байр сууриа дээшлүүлж байна. Монголд олдсон боломж хэр урт настай байх бол?
-Тийм. Дээрх нөхцөл байдал Монголоос илүүтэй ОХУ-д боломж олгож байгааг ойлгоорой гэсэн. Ерөнхийлөгч В.Путин Монгол Улсад айлчлах үеэр 20 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг ОХУ дэд бүтэцдээ оруулахаар болсныг зарласан. Нүүрс олборлолтоо дор хаяж 150 сая тонноор нэмэгдүүлж, 700 орчим сая тонн болгоно. Хятад бол манай нүүрсний хамгийн том зорилтот зах зээл гэдгээ хойд хөрш мэдэгдчихлээ. Өөрөөр хэлбэл, манай улсыг ойрын 1-2 жилд маш эрчимтэйгээр Хятадын зах зээлээс шахна гэсэн үг шүү дээ. ОХУ-ын коксжих нүүрсний компаниуд үүнд асар өндөр бэлтгэлтэй байгаа.
-Тухайлбал?
-Бээжинд дөрөвдүгээр сард болсон коксжих нүүрсний зах зээл ба нөөц сэдэвт хурлыг Хятадын “Фенвей энержи” компанитай хамтарч зохион байгуулсан. Хуралд ОХУ-ын төлөөлөгч оролцож, Якутын коксжих нүүрсний бассейний чанар Монголынхоос илүү, 20 сая тоннын хүчин чадалтай баяжуулах үйлдвэр барьсан, дэд бүтцээ холбож, худалдан авалтын гэрээгээ хийсэн гэдгээ дуулгасан. Энэ гэрээнд Хятад, Япон, ОХУ-ын компаниуд хамтрал хэлбэрээр орсон юм билээ. Сануулахад, Таван толгой дээр Хятад, Япон, Монголын компани худалдаа, тээвэр, баяжуулалт хариуцахаар яригдаж байсан. Яг энэ хэлбэрийг хуулаад, хойд хөршид түрүүлээд хэрэгжүүлсэн байна. Мөн гуравдагч зах зээл гэгдэж байсан Япон маань Хятад руу гүйчихлээ. Ойрын 2-3 жилд манай улс асар хүнд өрсөлдөөнд байх юм байна. АНУ, Хятадын худалдааны дайны нөхцөл байдал нь богино хугацаанд манайд ашигтай тусаж байсан. Яагаад гэхээр, өмнөд хөршийн нүүрсний бэлтгэн нийлүүлэгч нь бэлэн байгаагүй. Гэхдээ энэ цонх үеийг ОХУ илүү ашигласан. Тэгээд ч хоёр их гүрний харилцаа маш найрсаг байгаа шүү дээ. Энэ мэт бодит аюулыг олж хармаар байна.
-Энэ өрсөлдөөнд л манлайлах нь энэ удаагийн чуулганы зорилго байсан?
-Тийм. Өрсөлдөөнд манлайлах гэдэг нь өртөгөө бууруулж, чанараа дээшлүүлж, Хятадаас гадна гуравдагч зах зээлд гарья л гэсэн агуулга явж байгаа. Нүүрс тээвэрлэх төмөр зам, цахилгаан станц, баяжуулах үйлдвэр, хил гаалийн шуурхай нэвтрэх чадвар, Хятад ба Монгол Улсын өндөр албан тушаалтнуудын хооронд хийгдэх гадаад худалдааны тарифын тааламжтай нөхцөл гэх мэт асуудлууд багтана.
-Хятад улс өөрөө нүүрсний баяжуулах, угаах үйлдвэрүүдтэй. Тэгэхээр манайхаас баяжуулж, угаасан нүүрс авах сонирхол хэр их байх бол?
-Ний нуугүй хэлэхэд Өвөр Монгол бол Монголын нүүрсний хамгийн том өрсөлдөгч бүс нутаг. Хэрэглэгч, өрсөлдөгчийн аль аль нь. Мөн цаана байгаа Шаньси муж бас манай өрсөлдөгч. Өвөр Монголын баримталж буй байр суурь бол манайхаас аль болох түүхий нүүрс их хэмжээгээр авч, Баяннууртаа угааж, нэмүү өртөг шингээх сонирхолтой. Гэтэл бид аль болох дотооддоо баяжуулж экспортлох бодлого барьж байгаа. Энэ хоёр бодлого эсрэгцэж байгаа ч Өвөр Монголын бодлого манайхаас давж хэрэгждэг. 2014 онд Төрөөс эрдэс баялагийн талаар баримтлах бодлого УИХ баталсан. Энэ баримт бичигт Монголоос экспортоор гарч байгаа эрдэс баялгийн бүтээгдэхүүнийг нэн тэргүүнд угааж баяжуулаад хоёрдогч зах зээлд гаргана гэж тусгасан.
Хэдийгээр баяжуулах үйлдвэрүүд энд тэнд баригдаж байгаа ч яг төрийн өмчит компанийн хувьд энэ бодлого хэрэгжихгүй, харин ч түүхийгээр нь зах замбараагүй гаргаж байна шүү дээ. Бүр зах зээлийн үнээс хямдаар. Сүүлийн гурван жилд нүүрсний үнэ маш тогтвортой байлаа. Уг нь “Эрдэнэс Таван толгой” (ЭТТ) компанийн нүүрсний үнийн индексийг боддог аргачлал харьцангуй өндөр бодогдох ёстой. Гэтэл энэ индекс хэрхэн бодогдсон нь нууц, үнэ нь ч их доогуур бодогсдон байна. Ер нь бол өнөөдрийн байдлаар уурхайн аман дээр 90 ам.доллараар борлуулах ёстой нүүрсний үнэ 70 ам.доллар байна. Тэр бүү хэл ЭТТ 2019 онд ТУЗ-өөр батлуулах төсөвтөө нэг тонн нүүрс борлуулах үнийг 48 ам.доллар гэж оруулж ирсэн. Үүнийг манай 1072 хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах холбооныхон эсэргүүцэж, зах зээлийн үнээр борлуулах шаардлага тавьсан ч шаардлагыг хүлээж аваагүй, жижиг хувьцаа эзэмшигчдийн үгийг сонсоогүй. Энэ мэтчилэн олон зүйл байна.
Цаашдаа нүүрсний салбарыг илүү өрсөлдөх чадвартай болгоё гэвэл баяжуулах үйлдвэрүүдээ дэмжихээс өөр аргагүй. Нэгэнт Хятадын талаас авах нүүрсний хэмжээ тодорхой байхад нүүрсээ аль болох өндөр үнээр зарж, түүхийг нь татах бодлого л баримтлах хэрэгтэй. Үүний тулд татварын механизм зайлшгүй болжээ. Засгийн механизм тэртээ тэргүй ажиллахаа больчихлоо.
-“Coal Mongolia 2019” ес дэх жилдээ зохион байгуулагдлаа. Манай нүүрс экспортлогчдын зах зээлд нэвтрэх чадавх, худалдан авагчидтайгаа холбогдох боломж нь хэр зэрэг нэмэгдсэн бэ. Цаашид тулгарах сорилт, бидний хамтдаа шийдэх зүйл юу байх вэ?
-Ерөөсөө л дэд бүтэц. Мөн бүс нутгийн хамтын ажиллагааг маш сайн дэмжих хэрэгтэй байна. Хил залгаа Өвөр Монголын өөртөө засах орны Баяннуур аймаг болон Өмнөговийн харилцаа, хамтын ажиллагааг илүү өндөр түвшинд гаргах шаардлага байна. Бас хил гаалийн автоматжуулалт, зохион байгуулалтыг сайжруулах хэрэгтэй.
-Байгаль орчны бохирдлоос сэргийлээд нүүрсээ чингэлгээр тээвэрлэхийг Хятадын талаас шаардаж байна. Манай тал ч гэсэн чингэлэг тээвэрт зохицуулалт хийгээд эхэлсэн. Нүүрсний компаниуд үүнд хэр зэрэг бэлтгэлтэй байгаа вэ?
-Хятадын энэ шаардлага цаашдаа ямар бүтцийн өөрчлөлт хийхэд хүргэх вэ гэвэл, одоогоор нүүрс тээвэрт явж байгаа 100 тоннын даацтай 10-12 мянган машин ажилгүй болно гэсэн үг. Улмаар 3-5 мянган ширхэг чингэлгийн тээвэр орж ирнэ. Тиймээс худалдан авагч талын тавьж байгаа шаардлагад нүүрсний компаниуд өөрсдийгөө бэлдэхээс аргагүй болж байгаа юм. Энэ бол ойрын нэг жилдээ тээвэрт тулгарах том асуудал болно. Уг нь төмөр замаа барьчихсан бол бид иймэрхүү зохицуулалтад автахгүй байсан шүү дээ.
-ЭТТ бол ард түмний мэдэлд байдаг өмчийг захиран зарцуулж байгаа компани. Төрийн өмчит гэж тодорхойлдог. Энэ төрийн өмчит компани болон хувьцаа эзэмшигчдийн хоорондын харилцааг компанийн тухай хуулиар зохицуулах нь хэр оновчтой юм бэ. Яагаад ингэж асуув гэхээр, ард түмэн хувьцааных нь 15 хувийг эзэмшдэг. Гэтэл компанийн тухай хуулиар дор хаяж 34 хувийг эзэмшиж байж шийдвэр гаргах түвшинд нөлөөлөх боломжтой болно. Үүн дээр та ямар байр суурьтай байна вэ?
-Яг өнөөдрийн байгаа утга агуулгаар төрийн өмч нь ард түмний мэдэлд биш харин эрх баригчдын өмч болчихоод байна. Ялсан намын тавиулуудын гэдсээ цатгаж, дураараа дургидаг газар болоод байна. Өнөөдөр төрийн өмчит ЭТТ компанийн 1072 хувьцаа эзэмшигчдийн дуу хоолой хаана байгаа юм бэ! Бид ногдол ашгаа нэмэгдүүлэх эдийн засгийн болоод технологийн шийдлүүдээ компанийн удирдлагад танилцуулсан. Авч хэлэлцсэнгүй. Ногдол ашгаа хуваарилах оновчтой шийдлүүдийг санал болголоо. Бас авч хэлэлцсэнгүй. Тэр битгий хэл, та нар хуралд оролцох эрхгүй шүү гэсэн агуулга бүхий 181 дүгээр тогтоол Засгийн газар гаргачихсан байна. Энэ бол компанийн тухай хууль зөрчсөн явдал. Уг нь хэдий хэмжээний хувьцаа эзэмшиж байгаагаас үл хамаараад хувьцаа эзэмшигч л бол тэр компанийн эзэн гэсэн үг. Тиймээс компанийн гүйцэтгэх болон төлөөлөн удирдах зөвлөлийг томилох, санхүү болоод үйлдвэрлэлийн тайланг авах, мэдэх, том хэлцлүүдийн талаар мэдээлэл авах бүрэн эрхтэй. Гэтэл одоо энэ эрхүүд хаагдчихсан. Энэ нөхцөл байдлаас харвал, төрийн өмч давамгайлсан, олон нийтийн хувьцаат компанийг удирдаж байгаа арга барилаас харахад төрийн өмч бол ард түмний мэдэлд бус улстөрчдийн өмч болжээ л гэж ойлгогдож байна. Улстөрчид төрийн өмчөөр далимдуулж эдийн засгийн бат бөх байдлаа бэхжүүлэх, цаашлаад дарангуйлал тогтсон нийгэм тогтоход ТӨХК-ууд санхүүжүүлэх гол хөшүүрэг нь болоод байна шүү дээ. Үүнийг зогсоохын тулд, улстөрчдийг төрийн өмчөөс салгах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, төрийн өмчит компаниудын тодорхой хувийг бага ч гэсэн үнээр хамаагүй хувьцаа эзэмшигчдэдээ хувьчил. Мэдээж үнэгүй өгч огт болохгүй. Үнэгүй өгснөөр тухайн хувьцаа эзэмшигч эрсдэлийг ойлгох мэдрэмж нь байхгүй болдог. Харин компанийн нөгөө хэсгийг гаднын хөрөнгө оруулагчдад хөрөнгийн зах зээл дээр өндөр үнээр санал болгож, өмчлөх хувьд нь хязгаар тогтоох замаар оруулж ирэх нь дээр. Нэг хөрөнгө оруулагчийн эзэмших хэмжээнд 3-5 хувийг хязгаар тогтооно гэсэн үг. Ингэвэл улстөрчид саалийн үнээнээсээ салж, хөрөнгө санхүүгийн зах зээл жинхэнэ утгаараа ажиллаж, идэвхжинэ шүү дээ.