Бүх нийт боловсролын төлөө иргэний нийгмийн үндэсний эвслийн зохицуулагч Д.Тунгалагтай хүүхдийн аюулгүй байдлын сэдвээр ярилцлаа.
-Хүүхдүүд хичээл сургуульдаа явж эхэллээ. Сургууль орчмын аюулгүй байдал, хүүхдийн аюулгүй байдлын талаар ярилцах цаг боллоо?
-Хүүхдийн аюулгүй байдал хамгийн их тулгамдаж байгаа. Хүүхийн аюулгүй байдлыг гэр бүл, боловсрол, нийгэм буюу гадна орчинд гэж ерөнхийд нь гурав хувааж, аль ч орчинд хүүхэд хамгаалагдаж, аюулгүй байж, томчууд насанд хүрэгчдийн хараа хяналтанд байж чадахгүй байна гэж төрийн бус байгууллагууд үздэг юм. Хэрэв хүүхэд аав, ээж хоёр нь архинаас хамааралтай гэр бүлд байгаа бол, гэр бүлийн хүчирхийлэлтэй орчинд байгаа бол магадгүй хойд, эцэг эхтэй бол, өргүүлсэн эсвэл тавиул бол гэх мэтчилэн хүүхдийн аюулгүй байдлыг хэн хамгаалж байгаа нь тодорхойгүй. Эцэг эх асран хамгаалагч нь хамгаалах учиртай. Гэхдээ тэдний зүгээс эрсдэл учруулж байгаа тохиолдолд төр хамгаалж чадахгүй байна.
Гэрээс гадуурх нийгмийн орчинд ч хүүхдүүд насанд хүрсэн хүний хараа хамгаалалтгүйгээр гадуур явдаг. Хөдөө орон нутагт бол малд явж, байгаль цаг уурын гэнэтийн аюул тохиолдоход эрсдэлд ордог. Эсвэл хотод сургууль цэцэрлэг нь гэрийн ойролцоо байхгүй. Хүүхэд олон автобус дамжиж явдаг, харанхуй гудамж, уулын оройгоор явж, сургууль хүртлээ урт зам туулж байгаа хүүхдүүд олон байна. Тэр болгонд осолд орох, хүчирхийлэлд өртөх, нохойд уруулах гэх мэт эрсдлүүд тулгардаг юм байна. Эдгээр эрсдлүүдээс бас хүүхэд хамгаалагдаж чадахгүй байна.
Гурав дахь нь боловсролын орчин. Боловсролын орчинд хөдөө дотуур байранд сууж байгаа, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд явж байгаа насанд хүрээгүй хүүхдүүдийн аюулгүй байдлын асуудал маш их анхаарал татаж байгаа. Дотуур байранд олон хүүхэд хангалттай тооны насанд хүрэгчдийн хараа хяналтгүйгээр есөн сарын хугацаанд амьдарч байна. Дотуур байранд зургаан настайгаасаа 18 насанд хүртлээ амьдарч байна. Тэр олон хүүхдийг ганцхан насанд хүрэгч анхаарч, хянана гэдэг хангалтгүй.
-Хэдэн жилийн өмнө япончууд гэрээс сургууль хүртэлх зам аюулгүй байх ёстой гээд замын зураглал гаргаж байсан санагдана. Одоо ч сургууль хүрэх зам аюултай хэвээр байна. Хүүхэд гарцаар гарч байхад зарим жолооч ногоон гэрлээр ч зогсохгүй шүргэчих шахам өнгөрч байгааг цөөнгүй харж байсан. Сургууль ормын замуудыг камержуулах гэх мэтээр тодорхой чиглэлээр шахаж шаардах боломж байгаа юу?
-Манай хүүхэд хамгааллын байгууллагуудын хийсэн судалгаа бий. Бид Хүүхдийн эрхийн хороонд Монголын хүүхдийн эрхийн нөхцөл байдал ямар байгааг судалж тайлан бичсэн. Тэнд судалгаа хийж үзсэн. Сургууль хүрэх зам хэр аюултай байна вэ гээд судалгаа авахад охид ярихдаа “Бага байхдаа бид нохойд уруулчих вий” гэж айдаг байлаа. Манай ангийн хүүхдүүд нохойд уруулж байсан. Том болоод хүнээс айдаг болсон. Архи уусан хүнтэй таарчих вий, хүчиндүүлчих вий гэж айдаг болсон гэж хариулсан. Сургууль хүрэх зам аюултай байна. Жил болгон арваас хорин сургууль дээр бид аюулгүй байдлын үнэлгээ хийдэг юм. 2012 онд хийсэн анхны үнэлгээгээр сургууль орчмын авто замын аюулгүй байдал туйлын хангалтгүй байна гэж гарсан. Сургуулийн хажуугаар дандаа том зам явж таардаг. Том замуудын дийлэнхи нь гэрлэн дохиогүй, гарцгүй, хурд сааруулагчгүй байна гэсэн дүгнэлт гараад холбогдох байгууллагуудад судалгааныхаа дүнг танилцуулж ирсэн. Жилийн өмнөөс Замын цагдаагийн газар, Нийслэлийн боловсролын газар хамтраад сургууль орчмын замын аюулгүй байдалд анхаарч, сургуулийн замд Замын цагдаагийн газар өөрсдөө үнэлгээ хийдэг болсон байна. Энд гарц, гэрлэн дохио, хурд сааруулагч байх ёстой юм байна гээд сургуулиудын орчныг дэс дараатайгаар аюулгүй болгож эхэлж байгаа юм билээ. Төрийн бус байгууллагууд хүүхдийн эрхийн асуудлыг босгож тавьж байгаагийн үр дүн ингэж л гарч байдаг. Сургууль орчмын замуудыг бүрэн камержуулах ажил хийгдэх байх. Одоо бол эцэг эхчүүд давхар хяналт тавьж гарц, зам дээр эргүүл хийж байгаа. Камер тавьчихвал хүн хүч цаг зав ч хэмнэнэ.
-Иргэний нийгмийн зүгээс хүүхдийн аюулгүй байдал хангагдахгүй байгааг сануулж шаардахад төрийн байгууллагынхан хэр хүлээж авдаг вэ. Хүлээж авахгүй бол шахалт үзүүлэх боломж хэр байдаг вэ?
-Байна. Бид хэр санаачилгатай бүтээлч байхаас олон зүйл шалтгаалдаг. Эхэндээ энэ сөрөг намынх байх, эд нар шантаажлагчид байх, ажил хийсэн болж харагдах гээд байх шиг байна гэж үл итгэх хандлага байдаг. Олон жил тууштай ажиллаж байж, төрийн байгууллагууд хүлээн зөвшөөрдөг. Арван жил ажиллаж байж л эд аль нэг нам, хүчнээс хараат бус юм байна, асуудлыг гаргаж тавиад байгаа юм байна гэж итгэсэн үедээ биднийг сонсч, шийдвэрлэдэг. Бид олон янзын арга хэрэглэдэг л дээ. Үнэлгээ судалгаа хийж танилцуулах нэг л арга. Би зүгээр очоод сургуулийн гадна орчин аюултай байна гэвэл хэр хүлээж авах вэ? Харин 10-20 сургууль дээр гурван жил дараалан үнэлгээ хийхэд ийм дүн гарлаа гээд үзүүлэхэд өөрөөр ханддаг. ТББ-ууд үнэлгээ, аргачлалтай байх хэрэгтэй. Нөхцөл байдал ямар байгааг судалж тогтоогоод мэдээлэл цуглуулсан байх ёстой. Хууль тогтоомж, гадны туршлага энэ тэрийг судлах учиртай. Шийдэл санал болгох ёстой. Зөвхөн ийм байна та нар шийд гээд орхихын оронд ийм шийдэл байна гэвэл үр дүнтэй. Манай гишүүн 28 байгууллагынхан сууж байгаад хамтарч шийдэл боловсруулдаг. Шийдэл санал болгоод цаас илгээвэл уншихгүй шүү дээ, ширээнийх нь нүдэнд үлдэнэ. Харин анхаарал татсан сэдэв өгч, хэвлэлийнхнийг урьж хэлэлцүүлэг хийхгүй бол төрийнхөн тоож ирэхгүй шүү дээ. Сүүлдээ ирж сурдаг. Энэ байгууллага зөвхөн шуугиан тарих гэж байгаа биш. Биднийг эвгүй байдалд оруулах гэж байгаа биш. Асуудал яриад, шийдэл санал болгодог, миний ажилд ч хэрэгтэй, очиж сонсъё гэдэг хандлага төлөвшиж байж тэд ирдэг.
-Хиллари Клинтоны номон дээр хүүхдийг өсгөхөд тосгон шаардлагатай байна гэсэн санаа байдаг. Тосгонд хэний хүүхэд хаана явж байгааг бүгд анхаарч байдаг. Танай хүүхэд тэнд ингэж явна гээд мэдээлдэг. Их хотод хөршөө ч таньдаггүй. Гэхдээ нэг ангийн хүүхдүүдийн эцэг, эхчүүд сургуулиас гэр хүртэл аюулгүй болгоход чухал үүрэгтэй. Нэг байрныхан, хөршүүд танилцаж, мэдээлэл солилцож, хүүхдүүддээ анхаарал тавих боломж бий?
-Тосгон гэдгийг төлөвшүүлэх шаардлагатай болдог юм байна. Бидний дараагийн стратеги бол тосгоныг бий болгох. Жишээ нь бид найман аймгийн 28 суманд тосгоны орчин бий болгохоор зорьсон. Хүмүүс хүүхдүүдээ хамгаалахыг хүсдэг ч яаж хамгаалахаа мэдэхгүй учраас хий санаа зовоод суудаг юм байна. Санаа зовж байгаа улсуудыг нь цуглуулж, зохион байгуулалтад оруулаад, арга хэрэгслийг сургахаар тэр тосгон чинь бий болдог юм байна. Сургууль бүх асуудлыг шийдэхгүй шүү дээ. Бүгдээрээ цуглаад сургуулийнхаа орчныг үнэлж үзээд, зарим хэсэг нь Замын цагдаа руу яваад, зарим нь сумын Засаг дарга, эмнэлэг рүү яваад, зарим нь аймгийн Засаг дарга, Аймгийн Боловсролын газар руу яваад сургуулиа сайхан болгож байгаа ийм санаачилгыг дэмжиж, эхлүүлж, ажиллаж үзсэн. Болохоор юм билээ. Боловсролын яам тээр тэнд байгаа Увс аймгийн сумын сургуульд ямар асуудал тулгамдаад байгааг тэр бүр анхаарч чадахгүй. Түүнийг орон нутагтаа шийдвэрлэж болж байгаа юм. Түүнийг чинь л өнөөдөр хүн болгон хүний эрхийг хамгаалагч байх боломжтой гээд яриад байгаа хэрэг. Сумын сургуулийн хүүхдүүд аюулгүй байна гэдэг сумаараа сайхан амьдарч байгаа гэсэн үг. Энэ мэтээр төрийн бус байгууллагууд янз бүрээр ажиллаж үзэж байна.
Их хотын хувьд ч энэ хандлагыг төлөвшүүлэхэд өөр арга барил шаардлагатай юм байна. Бид туршиж үзэж байгаа. Цэцэрлэг, сургуулийг гадны мөнгөөр дулаалж байгаа юм. Энэ ажилд эцэг, эхчүүдийг хяналт тавиулах гээд зохион байгуулаад, засварын ажлыг хянах аргачлалыг боловсруулж өгөөд, тодорхой хэмжээгээр мэдээлэл өгөхөд хотынхон ч бас сонирхож байна лээ.
Арай зав чөлөөтэй, ажилгүй байгаа эцэг эхчүүд нь оролцоод бусад эцэг эхчүүд нь дэмжээд ажиллаж болох юм байна. Тосгоны орчин бий болгох чухал. Өөрөөр хэлбэл хүүхдэд тавих хараа хяналт сайжирна. Жишээ нь эмийн сангийн гадна хүүхэд цахилгаанд цохиулах эрсдэлтэй ил задгай цахилгааны утас байвал эмийн сангийнхан хариуцахаас гадна ойр орчимд байгаа эцэг, эхчүүд хэлж сануулж, аюулгүй болгох хүртэл нь шахаж шаардах ёстой. Зөвхөн мэргэжлийн хяналт ирж, эрсдэлгүй болгохыг хүлээвэл бүтэхгүй шүү дээ. Тийм учраас хүн бүр хүүхдийг хамгаалагч шүү. Нэгдмэл зорилгыг нь ухамсарлуулах учиртай. Хүн гэдэг ухамсарласан ойлгосон юмныхаа л араас явахаас биш бусдын шахалт шаардлагаар явдаг биш. Хүүхдээ хамгаалах хэрэгцээ хүн бүрт бий. Яаж гэдгээ мэдэхгүй байна. Аав, ээж нь хүүхдээ алхам тутамд нь дагаад явж чадахгүй. Хөршүүд, байрныхан, хорооллоороо, нэг анги, сургуулиараа хамтарч чадвал таны хүүхдэд оюулгүй орчныг бий болгож чадна. Бусдын хүүхдийг хамгаалж байж хүүхдийг ч хамгаалж чадна гэж бид хэлдэг.