1989 оноос эхлэлтэй цагаан морин жилийн ардчилсан хувьсгал Монгол Улсад ялж, улс төр, эдийн засгийн тогтолцоог үндсээр нь өөрчилснөөс хойш яг 30 жил болох гэж байна. Энэ бол хүний амьдралын ид залуу үе, жинхэнэ хийж бүтээх нас юм. Энэ сайхан түүхэн ойг тохиолдуулан ардчилсан хувьсгалд өөрийн биеэр оролцож явсан, ардчиллын түүхийг бүтээгч (Монгол Улсын гавьяат багш доктор, профессор) Т.Лхагваа гуайтай ардчиллын түүхийн талаар ярилцлаа.
-Нэг намын дарангуйллыг халж олон намын тогтолцоог бий болгосон түүхэн үйл явцаас хоёулаа ярилцлагаа эхлэх үү?
-Нэг намын тогтолцооны үед эрх баригчдын ганц айдаг зүйл нь үндэсний үзэл байв. 1990 оны ардчилсан хувсьсгалын ачаар бий болсон хамгийн том ололт бол ард иргэдийн дунд Монгол улс, үндсээ гэх үндэсний үзэл сэргэсэн явдал. 1921 оноос хойш Монгол Улсад дэлхийн коммунист хөдөлгөөний салшгүй бүрэлдэхүүн хэсэг хэмээн өөрийгөө тунхагласан ганцхан МАХН оршин тогтнож байсан. Үүнээс өөр үзэл санал бодлыг хяхаж хавчин 1990 онтой золгосон. Монгол Улсад өөр нам, нэгдэл бий болох нь байтугай шүүмжлэхийг хориглодог байлаа. Нэг ёсондоо Монголын нийгэм үнэндээ мухардалд орчихсон үе. Онол үзэл суртал, үйл ажиллагааны хэв маяг нь бүхэлдээ цаг үеэ нэгэнт өнгөрөөсөн. Ямар нэгэн нийгмийн өөрчлөлт хийхээс өөр аргагүй байсан үе юм. Ингээд ардчилсан хувьсгал бий болж үүссэн.
Энэ хувьсгалын захиалагч нь ард түмэн, нөхцөлдүүлсэн шаардлага нь дотоод хүчин зүйл, тэд хэний ч захиалгаар ажиллаагүй, хэнээс ч мөнгө аваагүй бүхнийг улаан гараараа бүтээсэн. Түүхийг гуйвуулж хэзээ ч болдоггүй, ингэвэл шижлэх ухааны эсрэг болдог. Ардчиллыг бүтээгчид өөрийнхөө биш, хүн ардынхаа төлөө амь амьдралаараа дэнчин тавьж явсан. Чухам үүгээрээ тэдгээр хүмүүсийг би дээд ёс зүйтэй гэж хэлнэ. Энэ нь ардчилсан хувьсгалыг эхлүүлж, түүчээлж ирсэн тэр хүмүүсийн, улс төрийн хүчний хэзээ ч баларшгүй түүхэн гавьяа гэхээс өөр аргагүй. Ардчилал нь өөрөө Монголчуудын оршин амьдрах, хөгжин дэвших орчин нөхцөл болчихсон. Энэ түүхэн үйл явц нийгмийн бүхэл бүтэн системийг эсрэгээр нь өөрчилсөн. Ямар ч онол үзэл санааны хүрээнд Монголчуудын тэргүүлэх үнэт зүйл, эрхэм зүйл нь тусгаар тогтнол. Тэгвэл монголын өнөөдрийн ардчилсан сонголт, тэрний үр дүн нь монгол улсын тусгаар тогтнолын баталгаа юм шүү дээ.
-Та тухайн үед “Нийгмийн ухааны хүрээлэн”-д эрдэм шинжилгээний ажилтан, эрдэмтэн хүн байсан. Яагаад “Ардчилал” -ыг сонгов.
-Улс орон хүн ардаа бодъё гэвэл 1980-аад оны төгсгөл гэхэд ардчиллаас өөр зам, сонголт байгаагүй. Чухам энэ л намайг, миний нөхдийг ардчилсан сонголт хийхэд хүргэсэн шалтгаан болсон юм. Бидний хэсэг нөхөд 15 эрдэмтэн МАХН-ын доторх шинэчлэлийн хөдөлгөөнийхөн болон уламжлал шинэчлэлийн жигүүрийнхнээс ардчилалд оруулах хувь нэмэр нь үнэндээ намаа шинэчлэх асуудал байв. Гэтэл нам маань өөрчлөн байгуулалтыг залж чиглүүлэх нь бүү хэл, шинэчлэлд садаа хийж, хойрго хандаж байлаа. Шинээр үүссэн ардчилсан нам, хөдөлгөөнүүдийг хүлээн зөвшөөрөх нь бүү хэл, хууль бус гэдэг катигорт оруулсан хэвээр байв. Энэ үед бид бослого гаргасан юм. Цоо шинэ онол, үзэл баримтлал дээр тулгуурласан намын дүрэм, мөрийн хөтөлбөрийг боловсруулж, намын онц их хурал хийж, хүлээж авахыг шаардсан. Ингээд бидний хүлээсэн ёсоор болсон. Түүгээр ч барахгүй бид Төв хороонд захидал бичиж үндсэн хуульд заасан Онц бүрэн эрхээсээ татгалз гэж шаардсан, нам ч татгалзсан. Үүгээрээ бид 1990 оны ардчилалд хувь нэмрээ оруулсан юм. Сүхбаатарын талбайд болсон цуглаан, өлсгөлөн ардчилсан хувьсгалын оргил цэг байв. Миний хувьд институтэд байхдаа түүхийн цагаан толбыг арилгах ажилд оролцож явсан, энэ нь түүх, нийгмийг үзэх үзэл санааг шинэчлэх оролдлогууд байсан юм.
-Цагаан толбо гэж та сая хэллээ жаахан тодруулаач?
-МАХН-ын түүхийг бичихэд гажилтууд байсан. Жишээ нь, энэ үед 1911 оны хувьсгалыг зүгээр нэг байдаг үндэсний хөдөлгөөн аятай хандсан. Яагаад гэхээр 1921 оны хувьсгалын ач холбогдол нь 1911 оны хувьсгалаас болж бүдгэрнэ гэж үзсэнээс болсон байдаг. Гэтэл 1911 онд Монгол Улс харийн эрхшээл дор 275 жил болсны дараа Монгол гэдэг нэр, тусгаар тогтносон улс анх удаа үүсэн бүрэлдсэн түүхэн үйл явц байсан юм. Би 1921 оны хувьсгалыг үгүйсгэх гээгүй шүү. МАН-ыг байгуулж анхны үндсэн ардчилсан үзэл санааг тээж явсан Бодоо, Данзан, Дамбадорж, Гэндэн гэх мэт удирдагчдаа баруунтан, буруу номтон хэмээн буруутгаж, үндэсний эрх ашгаасаа урвасан мэтээр үздэг хандлага хэвээр байсан бөгөөд үүнийг засах гэсэн хүмүүсийг намын үзэл суртлын эсрэг гэж цоллодог байлаа. Тэгэхээр түүхийг үнэнээр нь гаргах гэсэн оролдлогуудын цагаан толбыг аргилгах гэж ярьж байгаа юм.
-МАХН Марксизмаас татгалзсан. Хүчээр татгалзуулсан юм уу. Ер нь тэр богинохон хугацаанд ямар амархан өөрчлөгдсөн юм бэ?
-Үүнийг хоёр хүчин зүйлээр тайлбарлаж болно. Нэгд гадаад хүчин зүйл, ардчилсан хүчний шаардлага, тэдний бэхжилт. 1990 оны хавар гэхэд ардчилсан хүчний түрэлтийг зогсоох ямар ч бололцоогүй болтлоо ардчилсан хүчин бэхжсэн байсан гэсэн үг. Тухайлбал гуравдугаар сарын өлсгөлөн, дөрөвдүгээр сарын Пикэтийн ( тойрон бүслэх ажиллагаа) үед хүч хэрэглэх сонирхолтой хүчнүүд, зорилгоо биелүүлэх гэж оролдвол шууд хүн ардаа хорлосон ажиллагаа болохоор байсан. Хэрвээ жагсагчдын зүгээс өчүүхэн шалтаг гаргасан тохиолдолд хүч хэрэглэхэд бэлэн байсан гэсэн үг. Гэтэл тийм зүйл болоогүй, энэ нь бас л хоёр талын шалтгаантай. Үүгээрээ Монголчууд хувьсгал хийхдээ ямар нэгэн гадны орны жишгээр биш, харилцан буулт хийж, хамтрах нөхцлийг бүрдүүлсэн бөгөөд үүнийг Монгол ухааны ялалт гэж ярьдаг. Энд нэг зүйлийг хэлэхгүй байж болохгүй байна. Юу гэвэл шинэ ардчилсан хүчнүүдээс МоАХ-ын тэмцлийн хэлбэрүүд онцгой ялгарч байсан. Тэд илүү зоримог шаардлага нь эрс тэс, заримдаа цочирдмоор, уламжлалт тэмцлийн аргуудаас тэс өөр байсан нь чухамдаа мөсөн уулыг хөдөлгөж, өөр сонголт хийхээс аргагүй бодит нөхцлийг тулган тавьсан юм. Мөн ардчилсан хүчин бүх нийтийг хамарч үндэсний шинжтэй болсон нь уг үйл явц зөвхөн нийслэлд биш, нийт ард түмний хөдөлгөөн болсноор эрх баригчдыг ухралт хийхээс аргагүй сонголт руу шахсан. Энд нэг зүйлийг тодруулахад гуравдугаар сарын дундаас хойш улс төрийн бүх хүчнүүд тэгш эрхтэйгээр хувьсгалын үйл хэрэгт оролцож хамтран их өөрчлөлтийг өрнүүлсэн. Түүгээр ч барахгүй дөрөвдүгээр сарын эцсээр улс төрийн бүх намууд нэгдэж шинэ үндсэн хуулийнхаа үзэл баримтлалыг үндсэндээ тохирч эхний зам мөрөө гаргасан байдаг. Мөн Хөвсгөлийн өлсгөлөнгийн ач холбогдлыг хэлэхгүй байж боломгүй санагдаж байна. Хөвсгөлийн эрх баригчид пикэтэд оролцоод ирсэн ардчиллагчдыг баривчлан шоронд хийж, олон зуун төгрөгөөр торгож залхаах арга хэмжээ авсан. Монгол даяар тэднийг өмөөрч ардчилсан хүчин бүхэлдээ босох, аймаг бүрээс тэмцлийн марш хийж Сүхбаатарын талбайд ирж жагсаал, цуглаан хийх давлагаа үүсгэсэн. Энэ нь бас эрх баригчдыг шоконд оруулсан. Дээрх нөхцөл байдлуудаас үүдэн ардчилсан намуудтай хэлэлцээр хийхээс өөр аргагүй байдал үүссэн байдаг.
-Та дээр 15 эрдэмтэн мөрийн хөтөлбөрийг боловсруулсан гэж хэлсэн. Үүнийг урьдчилан хэлэлцэлгүйгээр шууд онц их хурлаар баталчихсан юм уу?
-Үгүй, яг өлсгөлөн зарлаж байх үед буюу 1990.03.07-нд улс төрийн товчоо сайд нарын зөвлөлийн гишүүд, төв хорооны дарга нарын өргөтгөсөн бүрэлдэхүүнтэйгээр бүтэн өдөржин хэлэлцсэн. Сайд нарын зөвлөлийн дарга Содном гуай урьд өдөр нь бидэнтэй уулзаад “та нар битгий айж ичээрэй, үзэл бодлоо сайн хамгаалаарай, миний хувьд дэмжиж байгаа, би Япон улсад айлчлал хийхээр маргааш явлаа” гэж хэлсэн. Тэнд өдөржин хуралдаж, маргалдсан. “Улс төрийн товчоо”-ны гишүүд Ж.Батмөнх гуайгаас бусад нь бараг бүхэлдээ бидний хийсэн тэр үзэл концевцыг бүрэн үгүйсгэсэн. Хамгийн сүүлд Ж.Батмөнх гуай “Хүүхдүүдээ та нарт баярлалаа. Би хэд гурван орноор явсан, бидний нөгөө байгуулах гээд байсан нийгмийг байгуулчихсан байна лээ. Одоо үүнийг нийтэл. Гэхдээ төв хорооны комиссын нэрээр нийтэлнэ шүү, намдаа тусалж яваарай та нар” гэж хэлсэн. Зөвхөн тэр өгүүлбэр бол асар том юмны илэрхийлэл. Би боддог юм Ж.Батмөнх гуайг их ганцаардаж байсан юм байна гэж. Мөн гадаад яамны сайд Ц.Гомбосүрэн “та нар ийм үзэл санаа бүхий баримт бичгийг хүлээж авахгүй бол би намаасаа гаръя даа”, Соёлын яамны сайд Б.Сумъяа “Гайхмаар үзэл санааг агуулсан ийм баримт бичиг боловсруулж тус болж байгаа нөхдийнхөө өмнөөс ус цацаж хандаж байгаа бол би сайдынхаа ажлыг өгье дөө” гэсэн нь Ж.Батмөнх даргыг шийдвэр гаргахад нь ханьсах боломж өгсөн байх гэж боддог.
-Өнөөдөр ардчиллын тухай ойлголт хүмүүсийн дунд ямар байна гэж та харж байна?
-Аливаа зүйлийг боддог, ялгаж ойлгодог хэмжээний хүмүүс бол цаад учрыг нь ойлгож байгаа юм. Эргэе, буцъя, болохоо байчихлаа гэж байгаа хүн ер нь тааралдаагүй шүү өнөөдрийг хүртэл. Хүмүүс яагаад дургүй байна гэвэл нэг асуудал байна. Анхнаасаа зорьсон тэр үзэл санаа гажчихсан. Хүн төрөлхтний түүхэнд эрх мэдэл дагасан хүмүүс ялангуяа ёс зүйгүй, дотор нь идээ бээрээр буглачихсан хүмүүсийн үйлдэл олон түмэнд таалагдахгүй байгаа тал ажиглагддаг. Бас ардчиллын гажилтыг анхны сонголттой нь хольж хутгаад байгаа зүйл харагдаад байна. Ер нь эрх мэдэлдээ хатаж явсан тэр хэсэг өргөн түмнээ биш, өөрийгөө бодож албан тушаал эрх мэдлээ зөвхөн өөртөө зориулж ирснээрээ хүн ард улс үндэстнээ хорлож ирсэн гашуун түүх бий бидэнд.
-Ардчилал Монголын ард түмэнд юу өгсөн бэ?
-Бүхнийг, олж авч болох бүгдийг өгсөн. Ардчилал асар том боломж бий болгосон. 1990 онд орших уу, эс орших уу гэдэг асуудал тавигдаж байсан. Оршин тогтнож, цэцэглэж өнгө орж, дээшилж явааг би “Ардчиллын ололт” ардчиллын үр дүн, гавьяа гэж боддог. Юуны өмнө, анги давхаргаар ялгах үзлийг бүрэн үгүйсгэж, хүний эрхийг хамгийн өргөн утгаар нь хүлээн зөвшөөрч хэрэгжүүлсэн. Хамгийн гол нь, хүмүүс үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг, эвлэлдэн нэгддэг, эрх ашгаа хамгаалахын төлөө тэмцдэг, хувийн өмчтэй байж болдог, өмчөө арвижуулахын тулд өөрийнхөө төлөө хөдөлмөрлөдөг гэх мэт эрх чөлөөг нэрлэж болно. Мөн эх орныхоо хаана ч амьдарч болдог, гадаад орнуудад чөлөөтэй зорчиж, суралцах эрх чөлөөг эдлэх эрхийг өгсөн дөө.
-Аливаа нэг нийгмийн өөрчлөлтийг хийхэд асар их зүйлийг золиослох байх мэдээж?
-Ардчиллагчдад алдах зүйл байгаагүй. Тэд Марксист онол гээчийг тэр болгон мэдэхгүй, намын үзэл сурталд хүлэгдээгүй, намд ажилладаггүй, өөрөөр хэлбэл намд ажил төрлөөрөө барьцаалагдаагүй, алдах юмгүй улс байсан юм. Тэдний алдах зүйл нь эх орон, эзэн эрх нь л байсан. Чухам тэд эх орон хүн ардынхаа төлөө юугаа ч зориулахад бэлэн байсан бөгөөд ингэж зольж чадсан. Агуу их үйл хэргийг эхлүүлснийхээ төлөө муу хэлүүлж, модоор цохиулж явсныг түүх мартахгүй. 1990 оны хавар “малыг малчдад” уриа дэвшүүлж ардын аж ахуйтны холбоо байгуулж явахад “ энэ залуус Монголын малыг барах гэж байна, малаа бараад модоо барих нь ” гэж мөн орон сууц, газраа өмчилбөл Монгол сөнөнө гэж муу ёрлосон юм шиг цуурайлж байсан нь саяхан. Гэвч ардчилсан хүчин тавьсан зорилгоосоо няцаагүй, түүний төлөө бүхнээ зориулсан байдаг.
-Та дээр Монгол ухааны тухай дурссан, илүү тодруулбал. Монголын туршлага гэж юуг хэлж болмоор байна?
-Монголчуудын бие биенээ ойлгох чадамж, мэдрэмж энэ хувьсгалын үед маш тод илэрсэн.Тухайлбал маргаантай асуудлаа хэлэлцээрийн замаар, харилцан ойлголцлын хүрээнд, оршин тогтнох тэр эрх ашигтаа захируулж алсаа бодож шийддэг чадварыг энд хэлмээр байна. Бид хувьсгалыг хийхдээ ямар ч сурах бичигт байхгүй жишиг жаягаар хандсан. Европ шиг эрх баригч намаа хориглож, татан буулгаж, удирдагчдыг нь шоронд хийж буудаж, аяглаагүй. Түүгээр ч барахгүй ардчилсан хүчин зарим нэгэн хэт зүүний үзэл баримтлал, шаардлагаасаа татгалзсан. Бүх нийтийн сонгуульд гарцаагүй ялагдах нөхцөл байсаар байхад ардчиллынхаа хувь заяаг бодож сонгуульд оролцож, муу хэлүүлэн адлуулсаар байгаа мөртлөө хүмүүсийг өмчтэй болгохын төлөө үхэн хатан зүтгэсэн. Эрх баригчдын доторх шинэлэг, эрүүл хэсэг нь муйхарлаж байгаа хэсэгтээ үзэл бодлоо тулган хүлээлгэх аргаа олсон, сөрөг хүчнээ багалзуурдан боймлож, бүр хүч хэрэглэхдээ хүртлээ ухаанаа алдаагүй ухаалаг удирдагч нарын сэтгэлийн хур, энэ бүхнийг Монгол ухаан гэж нэрлэмээр байдаг. Энэ нь 1990 оны ардчилсан хувьсгалыг Монгол хувьсгал гэж хэлэх боломж олгож байгаа гэж боддог. Монгол хувьсгал гэж хэлүүлэх боломжийг нүүдэлчин Монголчуудын уужим ухаан олгосон биз ээ. Мөнх тэнгэр ивээх болтугай.