Монгол Улс, БНСВУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойг угтан Монгол Улс дахь Вьетнам улсын ЭСЯ-аас өчигдөр үзэсгэлэн худалдааг зохион байгууллаа. Үзэсгэлэнгийн үеэр Монгол-Вьетнамын 65 жилийн түүхэн харилцааны баримтыг харуулсан гэрэл зураг болон Вьетнам үндэсний хувцас, гар урлал, хүнсний бүтээгдэхүүнийг дэлгэн олон нийтэд үзүүлэх, худалдах арга хэмжээ болсон юм. Мөн Хо Ши Миний нэрэмжит Улсын тэргүүний лаборатори 14 дүгээр сургуулийн сурагчдын дунд жил бүр уламжлал болгон зарладаг Вьетнам улсын ард түмний тухай ойлголтыг нэмэгдүүлэх зорилготой тэмцээнд шагналт байр эзэлсэн бүтээлүүдийг дэлгэсэн байлаа. Үзэсгэлэнг нээж, БНСВУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Доан Тхи Хыөнг “Ерөнхийлөгч Хо Ши Минь бол Монгол Улс, Вьетнам улсын дипломат харилцаанд анхны суурийг тавьсан эрхэм нэгэн билээ. Түүнээс хойш хоёр орны найрамдалт харилцаа зогсолтгүй хөгжиж, олон салбарт үр дүнгээ өгч байна. Манай хоёр орон улс төр, гадаад харилцаа, аюулгүй байдал болон батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг нэмэгдүүлж байгаа бөгөөд 2019 оны эхний наймдугаар сард хамтран ажиллах тухай гурван гэрээнд гарын үсэг зурсан. Хоёр орны Засгийн газрын комисс эдийн засаг, хөрөнгө оруулалт, худалдаа, хөдөө аж ахуй, байгалийн гамшиг, уур амьсгалын өөрчлөлт, шинжлэх ухаан, технологи, мэдээлэл харилцаа, зам тээвэр, боловсрол, соёл, спорт, аялал жуулчлал, хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэнд зэрэг салбарын хамтын ажиллагааг эрчимтэй нэмэгдүүлж, уг комиссын 17 дугаар хуралдааныг Ханой хотод зохион байгуулахаар бэлтгэж байна. Тиймээс хоёр орны ард түмний хөгжил цэцэглэлтийн төлөө уламжлалт найрсаг харилцаа үргэлж хөгжинө гэдэгт итгэлтэй байна” хэмээсэн юм. Тус үзэсгэлэн худалдааг хамтран хэрэгжүүлэгч Монгол-Вьетнамын найрамдлын нийгэмлэгийн тэргүүн, доктор профессор С.Дашцэвэлтэй ярилцаж зарим зүйлийг тодрууллаа.
-Монгол-БНСВУ-ын харилцаа одоогоор ямар түвшинд байна вэ?
Манай хоёр улс дээр үеийн уламжлалтай харилцаатай учир бүх салбарт өргөжиж байна. Ялангуяа улс төрийн харилцаа маш өндөр дээд түвшинд байдаг. Үүнийг дагаад эдийн засгийн харилцаа сүүлийн үед өргөжиж байна. Ер нь эдийн засгийн харилцаагаа хэрхэн энэ түвшинд хүргэх вэ гэдэг эрмэлзлэл хоёр улсын засгийн газарт байгаа. Засгийн газар хоорондын комиссын хуралдаан хоёр жил тутамд болдог. Энэ жил Ханойд болно. Энэ хуралдаанаар эдийн засгийн худалдааг өргөжүүлэхийн тулд юу хийх ёстой байна вэ гэдгээ хэлэлцдэг.
-Эдийн засгийн харилцааг хөгжүүлэхэд худалдааны эргэлт гол хүчин зүйл болно. Тэгэхээр хоёр улсын худалдааны эргэлт ямар хэмжээнд байна вэ?
-Хоёр улсын хоорондох худалдаа сүүлийн үед их тэлж, Вьетнамын талаас өдөр ирэх бүр өргөжиж байна. Вьетнамын талаас 40 гаруй төрлийн бараа бүтээгдэхүүн импортолж байна. Жишээлбэл, бэлэг дурсгал, кофе цай, гоо сайхны бүтээгдэхүүн гээд нэмэгдэж байгаа юм. Харин манай улсаас харьцангуй цөөн байгаа. Мах, жонш гэх мэт. Худалдааны эргэлт жилдээ 60 сая ам.долларт хүрсэн.
-Хоёр улсын худалдааг сайжруулах ямар нөөц боломж байна вэ?
-Ирээдүйд маш их нөөц, боломж бий гэж бодож байна. Яагаад гэвэл, вьетнамчууд Монголын мах, ноос ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн их сонирхдог. Тэгэхээр манайх махны нөөцөө сайжруулаад махан бүтээгдэхүүнээ эцсийнх болгоод гаргавал тэдэнд хэрэгтэй. Зөрүүлээд манайх цагаан будаа, кофе гэх мэт хоёр улс бие, биедээ байхгүй бүтээгдэхүүнийг гаргах сонирхлоо дагаад тарифын хэлэлцээр хийж, гаалийн татварыг нь багасгах юм бол худалдаа улам өргөжиж, сайжрах боломжтой. Мөн хоёр улсын хооронд худалдааны төлөөлөгч ажиллах хэрэгтэй байна. Худалдааны төлөөлөгч ажилласнаар бараа бүтээгдэхүүн танилцуулах, томоохон бизнесмэнүүдийг уулзуулах чухал ач холбогдолтой. Одоогоор манай улсаас Вьетнам улсад худалдаа хариуцсан хүн очсон байгаа. Энэ бол том дэвшил. Харин Вьетнамын талаас одоохондоо байхгүй байна.
Бас нэг том боломж бол манайх Зүүн өмнөд азийн 600 сая хүн амтай 10 орон багтдаг АСЕАМ-тай түнш болох юм. Одоогоор азийн орнуудаас ганц манай улс л энэ байгууллагад ороогүй байна. Шалтгаан нь эдийн засгийн харилцаа өргөжөөгүй, хөрөнгө оруулалт, худалдааны хэмжээ бага учир түнш болж чадахгүй байгаа. Гол нөхцөл нь яриа хэлэлцээрийн түнш болсон байх ёстой. Энэ нөхцөлөө бид хангаж чадахгүй байгаа юм. Тэгэхээр энэ том зах зээлд эдгээр орнуудтай түншийн харилцаатай болохын тулд Вьетнам улс гүүр болж байгаа хэрэг л дээ. Өнөөдрийн худалдааны үзэсгэлэн хийж байгаа нь энэ харилцааг өргөжүүлэх нэг алхам болж байгаа ач холбогдолтой юм.
-Хоёр улсын хооронд эдийн засгийн харилцаа төдийлэн хөгжихгүй байгаа гол бэрхшээлийг юу гэж харж байна вэ?
-Зам тээврийн асуудал гол бэрхшээл болж байна. Хоёулаа хөгжиж байгаа улс. Манай улсын хувьд халуун дулаан оронд тохирох бүтээгдэхүүнээр хязгаардлагдмал байна. Бид уул уурхай болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний нөөцтэй. Мөн манайх эцсийн бүтээгдэхүүн хийж чаддаггүй. Нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн бага байдаг. Ийм асуудлаас шалтгаалж манай экспорт Вьетнам руу гарахгүй байна л даа. Харин Вьетнам далайн орон учир сүүлийн үед сонирхол татаж байгаа далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүн хямд үнээр авах боломжтой. Тэгэхээр гол асуудал нь зам тээвэр болоод байна. дундаа БНХАУ гэсэн том гүрэнг давж тээвэрлэхэд тээврийн зардал өснө.