Авлигатай тэмцэх газрын Олон нийттэй харилцах асуудал хариуцсан ахлах ажилтан, ахлах комиссар Т.Баярхүү өчигдөр мэдээлэл хийлээ.
НОСК-ийн түрээсийн орон сууц хөтөлбөрт хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн гэв
Тэрбээр, Нийслэлийн орон сууцны корпорациас зорилтот бүлгийн 972 иргэнийг түрээсийн орон сууцанд хамруулах арга хэмжээг өнгөрөгч зун зохион байгуулсан. Авлигатай тэмцэх газраас уг үйл ажиллагааг хариуцлагатай, шударга, ил тод, нээлттэй зохион байгуулж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хотын дарга С.Амарсайханд наймдугаар сарын 9-ний өдөр хүргүүлсэн юм. Гэтэл тус байгууллага үйл ажиллагааны хяналтыг сулруулсан нь зарим этгээд хууль бусаар системд халдах, албан тушаалаа ашиглан бусдыг залилан мэхлэх гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байна. Энэ асуудал дээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байгаа. Одоогоор тодорхой этгээдийг нэр зааж яллагдагчаар татсан асуудал байхгүй гэсэн юм.
Ш.Батхүү, Э.Бат-Үүл нар хөөн хэлэлцэх хугацаа дуусахыг хүлээж сууна
Т.Баярхүү комиссар ярихдаа, Авлигатай тэмцэх газраас шүүхэд шилжүүлсэн зарим тодорхой хэргүүдийг шүүхээс нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шийдвэр гаргасан ч манай мөрдөн шалгах хэлтэст ирэхгүй уддаг жишиг тогтлоо.
Тухайлбал, “Жаст групп” ХХК-ийн захирал Ш.Батхүү нарт холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, энэ оны нэгдүгээр сарын 7-ны өдөр шүүхэд шилжүүлэх саналтайгаар Нийслэлийн прокурын газарт шилжүүлсэн. Нийслэлийн прокурорын газраас (НПГ) 2019 оны нэгдүгээр сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ оны гуравдугаар сарын 5-ны өдөр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасныг Нийслэлийн прокурорын газраас эс зөвшөөрч эсэргүүцэл бичсэнийг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2019 оны тавдугаар сарын 30-ны өдөр хэлэлцээд эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг албажуулан 2019 оны зургадугаар сарын 18-ны өдөр Нийслэлийн прокурорын газарт ирүүлсэн. Улмаар Ш.Батхүү нь 2019 оны долдугаар сарын 10-ны өдөр Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргасныг хүлээн аваад 2019 оны наймдугаар сарын 17-ны өдөр шүүхэд хүргүүлсэн юм.
Мөн Э.Бат-Үүл, Б.Чулуудай нарт холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж 2018 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдөр шүүхэд шилжүүлэх саналтайгаар НПГ-т хүргүүлсэн. НПГ-аас шүүхэд шилжүүлснийг Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны хоёрдугаар сарын 11-ний өдөр урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцээд нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан байна. НПГ-аас эсэргүүцэл бичсэнийг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хянан хэлэлцээд 2019 оны тавдугаар сарын 9-ний өдөр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Э.Бат-Үүлийн өмгөөлөгч нь 2019 оны зургадугаар сарын 20-ны өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр бүлгийн 40.1 дэх хэсгийг үндэслэн хяналтын журмаар гомдол гаргасан. Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх гомдлыг 2019 оны наймдугаар сарын 8-ны өдөр Улсын дээд шүүхэд хүргүүлсэн.
Эдгээр хэргүүдийн хувьд яллагдагч нарын гэм буруугийн асуудлыг хэлэлцээгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38, 40 дүгээр зүйлийг ашиглаж хэрэг шалгах процесстой холбоотой үндэслэлгүй гомдлыг удаа дараа гаргах замаар хугацаа хожсон үйлдэл гаргаж байна гэж Авлигатай тэмцэх газрын зүгээс үзэж байгаа юм. Товчхондоо, хуулиар гомдол гаргах эрх нь нээлттэй учир энэ мэтчилэн үндэслэлгүй гомдол удаа дараа гаргаж байшингаас байшингийн хооронд эдгээр хэргүүд бүхэл бүтэн 8-9 сар хүлээлгэсээр. Энэ бүх хугацаанд хэргийн хөөн хэлэлцэх хугацаа тоологдож байгаа бөгөөд зарим этгээдэд ял завших боломж олгож байхыг үгүйсгэхгүй гэв.
ЖДҮХС-аас зээл авсан Б.Батзориг нарын 13 хүнд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлсэн
Мөн энэ үеэр ЖДҮХС-аас хөнгөлөлттэй зээл авсан Б.Батзориг нарын 13 хүнд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлсэн гэв. Сайд асан Б.Батзоригийг Эрүүгийн хуулийн 22.1.3-аар зүйлчилжээ. Тэгвэл Эрүүгийн хуулийн 22.1.3-т: “Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн бол нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасч арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсвэл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг ажээ.
Эрүүл мэндийн даатгалын газрын даргыг сэжигтнээр татаж, баривчилжээ
Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баяр, Ч.Сайханбилэг, Сангийн сайдаар ажиллаж байсан С.Баярцогт нарт холбогдох Оюутолгойн гэрээтэй холбоотой хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дууссан. Энэ хэргийн цар хүрээ том учраас хэргийн холбогдогч нарт хэргийн материалыг танилцуулж байгаа. Дуусмагц нь шүүхэд шилжүүлнэ гэсэн юм. Харин Эрүүл мэндийн даатгалын газрын дарга Ч.Алтанхуяг болон удирдах албан тушаалын гурван хүнийг сэжигтнээр татаж баривчилсан, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийн хүү Х.Улам-Өрнөхт хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн гэлээ.
Гаалийн байгууллага, албан тушаалтантай холбоотой хэрэг давтагдсаар байна
Мөн энэ удаагийн хэвлэлийн хурлын үеэр нэгэн бичлэг үзүүлэв. Энэ нь 2015-2016 онд үйлдэгдээд 2018 оны нэгдүгээр сард шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн хэрэг юм. Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагч нар давтан үйлдлээр, бүлэглэж болон дангаар хахууль авсан, нэр бүхий иргэд, компанийн ажилтнууд хахууль өгсөн, шүүгдэгчдийн зарим өмгөөлөгчид нь худал мэдүүлэг өгөх гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн зэрэг 34 хүнд холбогдох хэрэг ажээ.
Т.Баярхүү “Жишээ болгож нэг удаагийн үйлдлийг та бүхэнд мэдээлье. Тухайлбал, гаалийн улсын ахлах байцаагч нь бусадтай бүлэглэж, БНХАУ-аас импортоор оруулж буй 90 тонн олон нэр төрлийн бараа гаальд худал мэдүүлсний улмаас улсын төсөвт төвлөрөх ёстой 28 сая төгрөгийн татварыг төсөвт төвлөрүүлээгүйн хариуд нийт 4.5 сая төгрөгийн хахууль авсан нь тогтоогдож шүүхээс ял шийтгэсэн.
Сүүлийн гурван жилийн байдлаар АТГ-т гаалийн байгууллага, албан тушаалтантай холбоотой 52 өргөдөл, гомдол, мэдээлэл хүлээн авч шалгасан, 42 эрүүгийн хэрэг шалгаж шийдвэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл, нөхцөл байдал өөрчлөгдөөгүй, гэмт хэрэг давтан гарсаар байгаа учраас үүнийг олон нийтэд харуулж байгаа юм. Иргэд, олон нийтийн хувьд энэ мэт хууль бус үйлдлийг нэг удаагийн хоёр удаагийн зүйл гэх мэтээр аргацааж болохгүй. Үүнийг таслан зогсооход олон нийтийн оролцоо хэрэгтэй. Хууль бус зүйл шаардаж байгаа бол АТГ-т мэдээлж хамтран ажиллаж байхыг хүсч байна гэсэн юм.