УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатараас Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар ард нийтийн санал асуулга хэрхэн явуулах талаар тодрууллаа.
-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн хоёрдах хэлэлцүүлэг дууссан. Гуравдах хэлэлцүүлгийг хэрхэн хийх вэ?
-МАН-ын намын бүлгийн 62 гишүүн Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл өргөн барьсан. Энэ төслийн нэг, хоёрдугаар хэлэлцүүлэг дуусаад байна. Одоо гуравдугаар хэлэлцүүлэгт орж хоёр янзаар батлагдаж болно. Нэг нь Ард нийтийн санал асуулга, нөгөөх нь УИХ-ын 57 гишүүнээс дээш ирцтэйгээр УИХ-ын нэгдсэн чуулган хуралдаж Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийн бүх зүйл заалт бүрээр дахин санал хурааж батлах арга замууд байсан. Ингээд бид ярилцаад Ард нийтийн санал асуулга явуулж иргэдээр шийдүүлж батлуулах нь зүйтэй гэсэн шийдэлд хүрсэн.
-Ард нийтийн санал асуулгыг яаж явуулах юм бэ. Ерөнхийлөгч бас Ард нийтийн санал асуулга явуулах санаачлага гаргаад байгаа шүү дээ?
-Ард нийтийн санал асуулга гэдэг нь тусдаа асуудал. Тэр нь УИХ-ын нэр бүхий 25-аас доошгүй гишүүн гарын үсэг зурсан тогтоолын төсөл УИХ-д өргөн бариад нийт гишүүдийн гуравны хоёроос доошгүй гишүүн дэмжиж байж Ард нийтийн санал асуулга явуулах эрх зүй үүсдэг. Нөгөө талаас Ерөнхийлөгч ард нийтийн санал асуулга явуулах тогтоолын төсөл санаачлах эрх үүсдэг. Энэ хоёр бол тус тусдаа асуудал гэж ойлгох хэрэгтэй.
Тэгэхээр энэ хоёр асуудлыг нэг дор шийдэх боломжгүй. Бид эхнээсээ л Үндсэн хуулийн өөрчлөлт ярьсан. Энэ өөрчлөлтөө батлах эцсийн арга зам нь Ард нийтийн санал асуулга гэсэн шийдэлд хүрсэн. Уг шийдвэрээ дагана. Ерөнхийлөгчийн гаргасан Ард нийтийн санал асуулга явуулах тухай асуудлыг УИХ тусад нь хэлэлцэж шийдвэр гаргах ёстой. Өөрөөр хэлбэл хоёр өөр агуулгатай зүйлийг нэгтгэж болохгүй. Нэг нь Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг Ард нийтийн санал асуулгаар шийдэж буй юм. Харин Ерөнхийлөгчийн Ард нийтийн санал асуулга явуулах санаачлага нь Монгол Улсын засаглалын хэлбэр ямар байх вэ? гэдэг асуудал юм.
-Тэгэхээр иргэдээс хэдэн асуулт асууж асуудлыг шийдэх юм бэ?
-Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуулиар гурав хүртлэх асуулт тавьж болно гэсэн заалт бий. Манай улс энэ хуулийг хэрэглэж үзээгүй. Тэгэхээр одоо энэ хуулийг олон түмэнд сурталчилж Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт буюу нийгмийн гэрээ болох зөвшилцлийн баримт бичгийг танилцуулж аравдугаар сарын сүүлийн өдрүүдэд санал авах нь тулгамдсан асуудал болоод байна.
-Зарим хуульчид Ерөнхийлөгч Монгол Улсын засаглалын хэлбэрийг солих талаар Ард нийтийн санал асуулга явуулах санаачлага гаргаж байгаа нь тангаргаасаа няцсан явдал гэж байгаа. Та УИХ-ын гишүүн, хуульч хүний хувьд энэ талаар ямар байр суурьтай байна вэ?
-Сошиалаар Ерөнхийлөгч тангаргаасаа няцжээ гэсэн мэдээлэл түгэж байна. Ерөнхийлөгч энэ асуудлыг олон удаа хөндөж байгаа юм. Гадаадаас эрдэмтэн судлаачид авч ирж засаглалын хэлбэрийн талаар мэтгэлцээн хүртэл хийж байсан. Би үүнд нь оролцсон. Миний байр суурь бол ардчилалын үнэт зүйлийг хадгалдаг засаглалын хэлбэр бол парламент гэж үздэг. Ерөнхийлөгч тангаргаасаа няцсан үгүйг Үндсэн хуулийн Цэц шийдэх хуультай. Надад одоо энэ талын мэдээлэл алга. Бидэнд тулгамдаж буй асуудал нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт. Энэ өөрчлөлтийн 34 санал нэг, хоёрдугаар хэлэлцүүлгийн босгыг давсан. Үүнийг Ард нийтийн санал асуулгад маш хурдан шилжүүлж парламент дараа дараагийн асуудлаа шийдэх ажилдаа ормоор байна.
-УИХ-аар хэлэлцүүлэхийг хүлээж буй ямар ямар асуудал байгаа вэ?
-Маш олон зээлийн хэлэлцээр соёрхон батлах асуудал бий. Улсын төсөв өргөн баригдаж байна. Улс төрийн намуудын тухай хууль гээд шил шилээ дарсан олон асуудал байгаа юм. Эдгээрээс гадна Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт батлагдвал хамгийн багадаа 20-30 органик хуулийг шинээр батлах шаардлага гарна. Тухайлбал, Ашигт малтмалын тухай хууль, Засгийн газрын тухай хууль, Улсын Их Хурлын тухай хууль, Улсын Их Хурлын чуулганы дэгийн тухай хууль зэргийг батлах юм. Энэ талаар Төрийн байгуулалтын байнгын хороо, Хууль зүйн байнгын хороогоор ярилцаж байгаа.
-Үндсэн хуульд оруулж буй нэмэлт өөрчлөлтийг та хэрхэн дүгнэж байна вэ?
-Чамлахаар чанга атга гэдэг өөрчлөлт орсон. Засгийн газраа тогтвортой ажилуулах, Ерөнхийлөгчийг нэг удаа сонгох, төсвийг үндэслэлгүйгээр нэмэгдүүлдэгийг багасгах, УИХ-ын гишүүдийг эгүүлэн татдаг, давхар, дан дээлний асуудлыг шийдсэн, Монгол Улс баялгийн сантай болох гэх мэт өөрчлөлт орсон гэж үзэж байна. Үндсэн хуульд жижиг өөрчлөлт гэж байдаггүй. Үндсэн хуулийн нэг өгүүлбэр нь нийгмийн том харилцааг зохицуулах учраас тал талаасаа ойлголцолд хүрмээр байгаа юм.
-Ард нийтийн санал асуулгад 29 тэрбум төгрөг зарцуулах тухай яригдсан. Яг хэдэн төгрөг зарцуулах тооцоо нь эцэслэн гарсан уу?
-Энэ зардлыг бууруулах талаар ярилцсан. Шууд гарах зардлыг орон нутгийн төсвөөс шийднэ. Өөрөөр хэлбэл сурталчлах, санал авах зардлыг орон нутгийн төсвийн хөрөнгөөр шийдэхээр болж байгаа. Хамгийн багадаа 15 тэрбум төгрөгөөс доош зардлаар зохион байгуулая гэж ярилцсан. Сонгуулийн Ерөнхий хороо тоног төхөөрөмж худалдаж авах болон төрийн албан хаагчдыг илүү цагаар ажиллуулах зэрэг зардлын задаргаагаа УИХ-д танилцуулна.
-Ард нийтийн санал асуулга явуулах хугацааны асуудал бий. Сонгуулийн ерөнхий хороо арваннэгдүгээр сарын дундуур явуулах бололцоотой гэсэн асуудал тавьж байсан. Гэвч УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар аравдугаар сарын 30, 31-нд явуулна гэж байнгын хороо шийдсэн шүү дээ?
-Төрийн байгуулалтын байнгын хорооноос аравдугаар сарын 30, 31-нийг амралтын өдөр болгоод Ард нийтийн санал асуулга явуулах шийдвэр гаргасан. Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуулийг манай улс анх удаа хэрэглэх гэж байгаа гэж дээр хэлсэн. Магадгүй нэг өдөр санал хураагаад ирц хүрэхгүй, үр дүн хангалтгүй гарч болно. Иймд аль болох олон түмний оролцоог хангахын тулд хоёр өдөр хураах нь зүйтэй гэж үзэж байгаа юм. Санал хураах хугацааг Сонгуулын ерөнхий хороо юу гэж үзэж байгааг би сайн мэдэхгүй байна.