Уншиж байна...
 
Монголд бурхан шашныг дэлгэрүүлхэд гүйцэтгэж буй Энэтхэгийн нөлөөСҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана
Улс төрийн намуудын төлөвшлийг хэлэлцэв

Элчин сайд Х.Бэхбат хэлэлцүүлэг нээхдээ “Нэг тэнэг нэг л тэнэг байдаг. Хоёр тэнэг хоёр л тэнэг байдаг. 10 000 тэнэг улс төрийн нам болдог” хэмээх егөөг иш татав.  Туушин зочид буудалд болсон “Монголын Улс төрийн намын төлөвшлийн асуудлууд” хэлэлцүүлгийг түүний тэргүүлдэг  Монголын дипломатын академи зохион байгуулж,  Конрад Аденаурын сан санхүүжүүлжээ. Хэлэлцүүлэгт  оролцогсод түүний егөөг  наргиа болгож хүлээж авч байгаа нь энд тэндээс сонсогдох инээдээс илэрхий.  Гэсэн ч  “Ногоон нам”-ын дарга О.Бум-Ялагч лав эгдүүцэж  байна лээ.
Улс төрийн намын төлөвшил гэдгийг  хэлэлцүүлэгт оролцогчид янз бүрээр тайлбарлацгаав. Зарим нь бүр эсрэг  үг хэлсэн.

 
 
Судлаачийн  хувьд  хэлэлцүүлгийн чиглүүлэгчээр оролцсон Хөдөлмөрийн үндэсний намын Б.Найдалаа “Монголд улс төрийн намын төлөвшил ямар ч  боломжгүй” хэмээн дүгнэсэн юм. Ямар ч боломжгүй гэдгээ тэрбээр  ийнхүү тайлбарласан.  “Ерөнхий сайд, Засгийн газар нь ажлаа хийхгүй, улс төрийн намын попрол, шоу хийдэг. Үндэсний телевизээс авахуулаад бүх мэдээллийн хэрэгсэл атгаастай, хяналттай. Шинэ улс төрийн санаа бодол хэзээ ч гарахгүй. Тийм болохоор жижиг бодолтой, жижигхэн намуудыг төрүүлж байгаа юм. Нам төлөвшихөөс өмнө бид өөрсдөө төлөвших хэрэгтэй. Намд төлөвшил хэрэгтэй гээд гоё  юм ярьцгааж байна. Хяначихвал болно. Намын санхүүжилтийн тайлан нь ийм байх ёстой гэнэ. Хууль, журам  Монголд хангалттай байгаа. Жишээ хэлье. Улс төрийн намын санхүүгийн тайлан ил тод байх ёстой. 2018 онд том намууд нь тайлангаа өгөөгүй шүү дээ. Тоож байгаа хүн байхгүй. Энд судалгаа яриад, гоё илтгэл тавиад хэрэг байна уу? Түрүүн намчирхал буруу гээд ярьсан. Намчирхал байтугай аль хэдийнэ солиоролд хүрчихсэн. Тэгсэн хэрнээ бид Үндсэн хуульдаа нам 20 мянган гишүүнтэй байна гээд заахыг  зүгээр хараад энд жон жон гээд сууж байгаа. Судлаачид энэ талаар ярьсан юм байхгүй. Зөвхөн илтгэл тавих нь асуудлын шийдэл биш шүү дээ. Улс төрийн намынхан нь ярихаар сонирхлын зөрчилтэй болоод явчихна. Бодит байдлаасаа тасарч, энүүхэндээ судалгаа тооцоо яриад сууж байна. Эхний илтгэлд танилцуулсан судалгааны дүнг зарим нь шүүмжилж байна. Хоёр том  намаас бусдыг нь иргэд мэдэхгүй байна гэнэ. Мэдэхгүй байх нь аргагүй шүү дээ. Мэдээллийн хэрэгсэл, суваг байхгүй. Энэ бүгдийг өөрчлөх ганцхан зүйл байгаа. Тэр нь сонгуулийн тогтолцоо. Сонгуулийн тогтолцоо ямар байна улс төрийн нам нь тийм байна. Улс төрийн нам нь ямар байна. Төр нь тийм байна. Төр нь ямар байна. Асуудал тийм байна. Асуудал ямар байна. Бидний ахиц дэвшил хөгжил тийм байна. Сонгуулийн  тогтолцоог Үндсэн хуульд зааснаар  бүхэл бүтэн үеийн турш жижиг 76-гаар явна гэсэн. Өөрөөр хэлбэл одоогийн 60 тэрбумчин, ЖДҮ-чин эсвэл өөр ангиллын хулгайч нар, хувиа бодож, довоо шарлуулдаг жалганы жижиг тойргуудад хуваагдана гэсэн үг. Ийм нөхцөлд судалгаа яриад яах юм бэ. Бид яах ёстой юм бэ. Сонгуулийн тогтолцоогоо өөрчлөх ёстой.  Сонгогчийн боловсролын тухай их ярьж байна. Дэлхийн аль ч улсад түүхэндээ сонгогчид нь баян, боловсролтой болоод, сонгуулийн мөрийн хөтөлбөр уншаад, сайн мууг нь ялгаад, улсаа сайхан болгодоггүй юм. Энэ бол үлгэр. Нийгмийн цусны бөглөрлийг гаргадаг зүйл бол сонгуулийн тогтолцоо шүү дээ. Энэ сонгуулийн тогтолцоог жижиг 76 тойрогт хуваагаад, хулгайчдад хуваарилж өгчихөөд, шүүхийн хараат бус байдал яриад бүтэхгүй. Үндсэн хуулийг өөрийнхөөрөө хөдөлгөж чадаж байгаа улстөрчид шүүхийн хараат бус байдалд халдах байтугай ямар ч хууль, журмыг өөрчилнө. Үүний ганц чагт нь сонгуулийн тогтолцоо шүү. Энэ талаар та бүхэн байр сууриа илэрхийлээч. Улс төрийн гол асуудал дээрээ ончийг нь олж санал нэгдээд, өөрчлөлт хийх хэрэгтэй байна. Мэргэжилтнүүд сэхээтнүүд судлаачид энэ талаар дуу хоолойгоо тод гаргамаар байна” гэв.
Улс төрийн нам байгуулах гишүүдийн тоо заасан   босго жижиг гэгдэх намуудын эмзэг сэдэв болжээ. Нэг бус улс төрч энэ талаар  уурсан дурдлаа. Үүнээс ч болсон уу  Конрад Аденауэрийн сангийн суурин төлөөлөгч Йоханн Фурманн үг хэлэхдээ “Германд улс төрийн нам байгуулахад гурван гишүүн шаардлагатай” хэмээн дурдана лээ.

Хэлэлцүүлгийн үеэр  МИРАМ Консалтинг ХХК-ийн судлаач “Монгол Улсын нийгэм, улстөрийн өнөөгийн байдал” сэдэвт судалгааны дүнг танилцуулсан нь хэрүүлийн  алим болсон.
Уг судалгаанд оролцогчдын 42 хувь нь  нийгмийн тулгамдсан асуудлуудыг шийдэж чадах нам, хүчин  байхгүй  гэж хариулжээ. Улс төрийн намууд буруу чиглэлд явж байна гэж үзсэн иргэдийн хувь өндөр гарсан. АН болон МАН-ын талаар мэдээлэлтэй гэж хариулсан бол  бусад намын тухай мэдэхгүй гэсэн хариулт зонхилсон нь жижиг гэгддэг намынхныг бухимдуулсан  юм. 2019 онд 33 нам Улсын дээд шүүхэд бүртгэлтэй ч гурваас бусад намыг судалгаанд оролцогчид мэдэхгүй гэжээ.  Сонголт хийхдээ иргэдийн 62 хувь нь тухайн үеийн уур амьсгалд хөтлөгддөг. Бодлого, хөтөлбөрт суурилсан сонголт хийдэггүй.  Иргэдийн 59 хувь нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон бусад нөлөөнд автаж сонголт хийсэн гэжээ. Судалгаанд оролцогчдын 82 хувь нь эрх баригч намын сонгуулийн амлалт биелэхгүй гэсэн хүлээлттэй байна.  Судалгаанд оролцогчдын 14 хувь нь хоёр том намын тогтолцоо байхад болно. Гуравдагч хүчин хэрэггүй  гэжээ. Энэ нь намууд үзэл бодлын ялгарал байхгүйтэй холбоотой гэж судлаач тайлбарлав. Судалгаанд оролцогчдын 40 хувь нь мэдэхгүй, мэдээлэлгүй байна гэж байнга хариулдаг ажээ. Энэ сонгогчид хаашаа эргэхээс сонгуулийн хувь заяа шийдэгдэх бололтой.

Иргэд ямар улс төрчийг хүсч байна гэсэн асуултад “Шударга улстөрчийг хүсч байна” гэсэн хариулт зонхилжээ. Түүнчлэн ард иргэдээ сонсдог, нээлттэй, улс орноо гэсэн сэтгэлтэй (Үүнийг эмэгтэйчүүд илүү их хэлсэн) улстөрчдийг судалгаанд оролцогчид хүсчээ.  Иргэдийн энэхүү мөрөөдөл дээр хамгийн их тоглолт хийж чаддаг улстөрч нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх  болоод  буй.  
БНН-ын дарга Б.Жаргалсайхан “Дөрөв, таван жилийн өмнө ч  яг л ийм судалгааны дүн танилцуулж байсан. Намууд сонгуулийн хөтөлбөртөө юу бичсэн болоод сонгогчид түүнийг нь сонирхохгүй байгааг судлах хэрэгтэй. Иргэд нийтдээ 5000-10 000 төгрөг өгсөнд нь санал өгдөг ганц аргатай болсон. Ерээд онд ардчилсан хувьсгал ялах үед бид  тухайн үеийн  МАХН-ыг хаагаагүй нь алдаа болсон”  гэж байлаа.     

МУИС-ийн багш доктор Ц.Батболд “Дэлхийн улс орнууд болон Монголын улс төрийн намууд, тэдгээрийн хөгжлийн чиг хандлага” сэдвээр илтгэл тавьсан нь сонсогчдын анхаарлыг ихэд татав. Тэрбээр хөгжингүй орнуудын улс төрийн намуудад тохиолдож байгаа бэрхшээлийн талаар эхлээд ярьсан. Өдгөө  өөрийн гэсэн бодолтой дундаж давхарга жин дарах болсон. Бие даасан хувь хүн, дижитал эрин, цахим орчин  маш өөр шинэ үеийг авчирч  байгаа. Нийгмийн шударга ёс чухалд тооцогдох  болсон. Эдгээрийг намууд мэдрэхгүй,өөрийгөө өөрчилж чадахгүй, уламжлалт арга барилдаа хүлэгдсэн нь ийнхүү намд итгэл алдрахад нөлөөлсөн гэв. Намууд том корпорациудын эрх ашигт үйлчилж байгаа нь ч ирээдүйд “өрийн дөнгөтэй матриц” маягийн  нийгмийг бий болгох аюул даллаж буй.
Иргэдийн алдарсан итгэлийг сэргээхийн тулд итгэлцэл ба оролцоог хангах учиртай гэнэ.  Технологийн дэвшил нь улстөрчдийн үг, үйлдэл зөрж байгааг “илчлэх” болсон. Хэн, хэзээ, хаана, юу хэлсэнийг мэдээллийн “далай”-гаас дор нь шүүрдэж гаргах болсоноор  олон нийтийг “загасны ой”-той гэж басах  аргагүй болгож буй.
Азийн барометрээр Зүүн Азийн улс төрийн намуудын итгэлцлийн түвшин зогсонги буюу буурч байгааг харуулсан тухай Ц.Батболд докторын илтгэлд дурдагдлаа. Улс төрийн  намуудын өөрчлөлтийн чиг хандлагуудыг тэр бас ярьсан.

Дэлхийн улстөрийн намуудын уламжлалт төлөөлөл дарамт шахалтанд орж байгаа. Улс төрийн намуудын үйл ажиллагаа итгэлцлийг дахин бий болгоход чиглэгдэж байгаа. Эхний ээлжинд  Энэтхэг болон Испанийн намууд  хандиваа онлайнаар бодит харагдуулах программ хангамжийг нэвтрүүлсэн. Итали, Нидерланд дахь намууд албан бус цугларалт, хэлэлцүүлэг, мэтгэлцээнүүдийг өрнүүлэх болжээ. Твиттер, фэйсбүүк, youtube, хувийн блог сонгогчидтойгоо харилцахыг хүссэн улстөрчдийн анхаарлын төвд орсон. Энэ нь массыг дайчлах төдийгүй, олон түмэнд ч улстөрчдийг дайчлах боломж олгож байгааг судлаач танилцуулав.

Намын шинэчлэлд дүрмийн шинэчлэл багтана. Дүрмийн шинэчлэлд шилэн санхүү, шударга өрсөлдөөн, ил тод нээлттэй, байдал, дүрэм зөрчсөн удирдлагуудад хариуцлага тооцдог, фракцийг нам дотроос гаргахгүй байх хязгаарлалт хийх, бодлогод чиглэх, үүний тулд намын дэргэдэх судалгааны байгууллага институтци бэхжүүлэх хэрэгтэй юм байна. Түүний илтгэлийг дараа дэлгэрэнгүй хүргэх болно.
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com