Ахмад багш, сэтгүүлч Жалхын Дэлэг
ЗХУ-ын хөрөнгөөр баригдсан малын тэжээлийн үйлдвэртэй жижигхэн сумын шинэхэн сургуулийн жирийн багш миний ардчилсан хувьсгалд оролцож эхэлсэн түүх тун жирийн.
1989 оны сүүлч, 1990 оны эхээр Ардчилсан хувьсгалын их давалгаа ёстой нөгөө “Их салхи хөдөлвөл нижигнэнхэн хөдөлтүгэй” хэмээсний адил хаа сайгүй дуулиан шуугиан дэгдээж, хэзээ ч муу үг хэлж шүүмжилж болдоггүй МАХН-ыг шүүмжилсэн ард түмний үг яриа хүчээ авч, эсрэг талд нь хувьсгалт намаа хамгаалсан увайгүй удирдагчид, дарга нар, зарим гишүүд нь бүр “Миний намыг ингэж болохгүй, болохгүй ... Биднийг МАХН л тэжээж байсан шүү дээ” гэж уйлж дуулж байсан үе байв. Өглөө эртлэн сургууль руугаа очиж явтал “Сумын Улаан буланд яаралтай хуралтай. Заавал оролц ...” гэсэн зар ирдэг юм байна. Очлоо, хүмүүс пиг дүүрэн.
Тэр хурал үнэндээ Монгол орон даяар өрнөөд байсан ардчилсан хувьсгалыг эхлүүлсэн хэдэн залуусыг шүүх, баривчилж шоронд хорих тухай сумын МАХН-ын үүрээс зохион байгуулсан хурал байв. “Арван гурван залуу байгаа л гэнэ ... Удирдагч нь Санжаасүрэнгийн Зориг гэдэг ЗХУ-д сургууль төгссөн залуу л гэнэ ... Дагаж дарвисан залуучууд нь дандаа хулигаан хүмүүс л гэнэ. Ардчилсан холбоо гэдэг юм байгуулаад МАХН-ыг “зайл” гэж хэлж л гэнэ” гэх зэрэг олон хүний чих дэлдийлгэсэн хачин хурал болж ихэвчлэн Ху намын гишүүд босч намын үүрийн даргаа дэмжсэн ширүүн дориун үгийг хэлж “Тэднийг баривчилж, шоронд хийж, амьдаар нь хатаах тухай” сүржин яриа оволзож, ихэнх нь тэднийг дэмжиж байгаа нь илэрхий байлаа.
Би тэднийг сонсож ханаад дургүй хүрч, гар өргөж босоод “Тэд миний л адил залуус ... Гадаадад сургууль төгссөн, боловсролтой залуус юм гэнэ лээ ... Арай ч хулигаан мулигаан нь биш байх. Тэд өөрийн гэсэн үзэл бодолтой юм шиг надад санагдсан. Шууд л шоронд хийгээд, цаазлаад байж болохгүй байхаа” гэж хэлтэл урд эгнээнээс хэн нэг нь “За тэр энэ бас нэг Ардчилсан холбооны нөхөр гараад ирлээ ... Үүнийг баривчилж ...” гэж хэлэх нь тэр. Хүмүүс нирхийтэл инээлдэж, зарим нь над руу “эвэртэй туулай үзсэн юм шиг” гайхан харав. Би ч бүр дургүй хүрч бушуухан гараад хичээл рүү, хэдэн хүүхэд рүүгээ яарлаа. Ингэж би “Ардчилсан холбооны хүн” болох нь тэр ээ.
Улс орон даяар ардчилал хүч авч МАХН-ын Улс төрийн товчоо огцорч, Увс аймагт ч гэсэн аймгийн нам, засаг захиргааны дарга нар суудлаа тавьж өгч байв.
Захиран тушаах арга барилтай, хэт үзэл сурталжсан, “шалгарсан манлай” нэг л намыг шүтдэг, хэвлэл мэдээлэл нь цензуртэй, хэлэх ярих нь хаалттай, сонгох, сонгогдох эрх нь дээрээс заасан ямар нэг хүний төлөө автоматаар саналаа өгдөг, төр засгийг болон удирдах албан тушаалтны тухай муу үг дуугарч болдоггүй, өөрийн гэсэн өмч хөрөнгөгүй, авьяас ураа ашиглаад жижиг сажиг юм хийвэл хөрөнгөтөн гэж арга хэмжээнд ордог, ёстой л социалист ёс суртахууны амьд хүүхэлдэйнүүд байсан даа, манай ард түмэн. Гадаад руу гарцгүй, дотоод руу орцгүй, зөвхөн “ах Оросыг” шүтдэг, түүнээс хараат эдийн засагтай ийм л орон байсан даа, Монгол улс.
Жаахан уянгын халил хийе. Хүүхэд байхдаа би нэг өвгөн дархны хөөргийг дарж өгдөг байсан юм. Тэр дархан сүх, хөрөө хурцалж, хутга заазуур, цоож түлхүүр мэтийг хийж, олон түмний хишгийг хүртэж амьдардаг хүн байж билээ. Хэд хоног очилгүй байж байгаад өвгөн дархныд хүрсэн чинь тэр маань хөөрөг, нүүрс нь байхгүй, дархан хүний багаж, эд зүйлс нь ч байхгүй, гар хоосон, толгойгоо салаавчлан гэдэргээ харан хэвтэж байж билээ. Сүүлд нь юу болсныг дуулбал, хөөрхий зайлуул, тэр өвгөнийг “хувиараа юм хийж, хөрөнгөжиж байна” гэж амин зуулга болж байсан дархны бүх зүйлийг нь хураан авч одсон байж билээ. Тэр ч бүү хэл айраг цагаа исгэж нэрж болохгүй хэмээн айлуудын тогоо жалавч, бүрхээрийг хурааж шатааж байсан эмгэнэлт түүх ч бас байсан юм.
Ингэж л бидний нэгэн үе амьдарч байсан тэр нийгэм хүнийг амьдаар нь алж, оюун сэтгэлгээг нь хааж боож байсан юм.
Харин Ардчилсан хувьсгал энэ бүхнийг тэс ондоогоор эргүүлж, хүний эрх, эрх чөлөөг тунхаглан зарлаж, эртний түүхтэй Монгол улсыг дэлхийн бүх орон, хүмүүстэй хөл нийлүүлэн алхаж явах тэр замыг сонгон бидэнд авчирсан юм.
Ардчиллын хамгийн үнэт зүйл нь хүн бүхэнд оюуны, сэтгэлгээний эрх чөлөөг авчирч, хүн өөрийгаа таньж, өөрийнхөө “Би”-г тунхаглан зарлаж, хэнээс ч айлгүйгээр, оюун ухааныхаа эзэн, авьяас билгийнхээ залуурч болж, хэнээр ч хаалгахгүйгээр хийж бүтээж чаддаг болсонд хамгийн аугаа их үнэ цэнэ нь орших болов уу.
Монгол орон бол тэр эртний үеийн асар том биет үлэг гүрвэлийн орон байсан шигээ хүн төрөлхтний өлгий нутаг, тэр ч бүү хэл хүн төрөлхтний оюун сэтгэлгээний эх нутаг нь байсан бөгөөд энэ нь нэгэн үед хаалттай байсныг зөвхөн АРДЧИЛАЛ бидэнд авчирсан билээ. Хаана оюун санааны эрх чөлөө байна тэнд л улс орон хөгжин дэвжиж, хүн ард нь улс төр, эдийн засаг, оюун санааны их хувьсгалыг хийж, шинээр сэтгэж санаачилж, бүтээн байгуулж байдаг.
Дээрх бүхнээс өөрийгөө одоо дүгнэж хэлэхэд, би өнгөрсөн амьдралынхаа хагас хувийг үзэл сурталжсан, захиран тушаах арга барилтай тэр л нийгмийн боол болж, юу ч хийж бүтээж чадсангүй өнгөрөөж.
Гэвч би азтай хүн. Амьдралынхаа үлдсэн хувийг ардчилсан чөлөөт үзэл бодол, сэтгэлгээний эрх чөлөөг эдлэн өнгөрөөж, бас ч гэж хэд хэдэн /10 орчим/ ном бичиж, гадаад улс орнуудыг үзэж, өөрийн гэсэн өмч хөрөнгөтэй болж, хэнтэй ч илэн далангүй санал бодлоо чөлөөтэй солилцож, эрх чөлөөтэй амьдарч байгаагаа Их хувь заяа гэж тунхаглан хэлэх байна. Эргэн харахад тэр нэгэн үед өөрийн бодол өөртөө зөв гэгчээр Ардчилалыг баярлан угтаж, үнэт зүйлсийг нь хамгаалж, хайрлаж явсан миний зам зөв байжээ гэдэгт одоо бүрэн дүүрэн итгэж байгаа билээ. Ардчилалын тэр шуурган жилүүдэд аймагтаа хоёр ч суманд Ардчилсан намын үүр байгуулж, адлагдах, шодлогдох, авах гээхийн аль алиныг үзэж, баярлаж, гуниж, олон сайхан шинэ санаа санаачлага гаргаж тэр бүхнээрээ их ч бахархаж явсан даа.
Малыг хувьчилж байсан тэр үед би өөрийн сумандаа очиж, аль 1957,1959 онуудад хоёр дахин нийгэмчилсэн малыг дахиад эздэд нь, үр хүүхдүүдэд нь өгөх юм гэдгийг дуулаад Мал хувьчлалын комисст өргөдөл гаргаж, хөөцөлдсөний ачаар бас ч гэж хэдэн мал авч чадсан билээ.
Одоо эргэн дурсахад 1990 оноос хойш айж зовж, ялах, ялагдахын баяр зовлонг олон амсаж явсан ч өнөөдөр ардчилалын бодитой буянаар Монгол орны нүүр царай танигдашгүй болон өөрчлөгдсөөр байна. Хүн бүр өмчтэй, хүсэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн оронд амьдарч байна. Энэ он жилүүдэд хувь хүн надад үзэл бодлын цөөнгүй сорилт тулгалт ирж байсаан. Зарим нь ид бах болгон “Чиний ардчилал чинь ялагдчихаад байна. Чи ингэж явахын оронд Ху намыг дэмжсэн бол өнөөдөр чи мөнгөтэй, хөрөнгөтэй байх байсан ... Хохь чинь тэр” гэж малтах хорсохын сэтгэлээр хэлэх хүнтэй таарч л явлаа.
Би чинь жирийн л нэг багш, сэтгүүлч хүн, Монгол төрийнхөө нэг л иргэн, энэ Монгол хэмээх улс орны нэг өчүүхэн эс ширхэг нь билээ. Тийм болохоор сайхан Монгол эх орныхоо сайн сайхан ирээдүйн төлөө яагаад өөрийн гэсэн итгэл үнэмшлээрээ зүтгэж, яагаад ардчилалыг хамгаалан тэмцэж болохгүй гэж.
Бүхнийг хүлээн авч, үргэлжлүүлэн амьдрах хойч үеийнхэндээ “Ардчилал бол ариун их үйлс, нэр төр, юугаар ч сольж болшгүй үнэт эрдэнэ шүү. Хайрлаж, хамгаалж яваарай” гэж захья даа.
Увс аймаг. Улаангом. 3-р баг.