“Уур амьсгалын өөрчлөлтийн эрсдлийн даатгал” олон улсын хурал Блю Скай цамхагт 17-18-ны өдрүүдэд боллоо. Санхүүгийн зохицуулах хороо, ХБНГУ-ын Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ), Хүртээмжтэй даатгалын асуудлаарх Азийн орнуудын мэдлэг туршлага солилцох сүлжээ (MEFIN)-тэй хамтран энэ сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэв.
Хурлын үеэр уур амьсгалын өөрчлөлтийн эрсдэлийн даатгалын талаар нэгдмэл ойлголттой байх, хууль эрх зүйн зохицуулалт, технологийн дэвшил, оролцогч бусад улс орнуудын туршлага, уур амьсгалын даатгалыг бий болгох гол зорилтот бүлэг зэргийг онцлон хэлэлцсэн юм. Филиппин, Индонез, Пакистан, Шри Ланка, Вьетнам, Швейцарь, Герман, Монгол Улсын төлөөлөгчид эрх зүйн орчин ба зохицуулалт, бизнес загвар, технологид суурилсан даатгал, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа гэсэн дөрвөн агуулгын хүрээнд хуралдлаа.
СЗХ-ны дарга С.Даваасүрэнгээс энэ талаар тодруулав.
-Та Монгол Улсын СЗХ төдийгүй Хүртээмжтэй даатгалын асуудлаарх Азийн орнуудын мэдлэг туршлага солилцох сүлжээг тэргүүлдэг. Хурлын үр дүнг хэрхэн үнэлж байна вэ?
-Азийн орнуудад хүртээмжтэй даатгалыг хөгжүүлэхэд зохицуулагч байгууллагуудын оролцоо гэсэн томоохон сүлжээний хүрээнд Азийн орнуудын даатгалын салбарын зохицуулагч байгууллагууд, хувийн хэвшлийнхний хамтран зохион байгуулж байгаа долоо дахь удаагийн төр, хувийн хэвшлийн түншлэлийн уулзалтыг хийлээ. Энэ уулзалтаар хөндсөн сэдэв уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор учирч байгаа эрсдлийг хэрхэн даатгах вэ гэдэг асуудал. Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой асуудал ирээдүйд бус яг энэ цаг үед маш олон төрлийн эрсдэл хүмүүсийн өдөр тутмын амьдралд бий болж байгаа. Энэ эрсдлийг бууруулахын тулд төр, хувийн хэвшил хэрхэн яаж хамтарч ажиллах вэ гэдгийг хэлэлцлээ. Хүртээмжтэй даатгалын асуудлаарх Азийн орнуудын мэдлэг туршлага солилцох сүлжээ (MEFIN)-ний хувьд долоо, найман оронд ийм хөтөлбөр хэрэгжиж байгаа. Энэ хүрээнд Филиппин, Индонез, Вьетнам улсуудад Засгийн газар нь тодорхой хөтөлбөр гаргаад, уур амьсгалтай холбоотой эрсдлийг даатгах ажлыг санаачлаад явж байна. Манай улсын хувьд ч хөдөө аж ахуйн салбарт уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой үүсч байгаа эрсдлийг хэрхэн яаж даатгах, үүнд төрийн байгууллагуудын оролцоо ямар байх, хувийн секторууд, тэр дундаа даатгалын компаниудын оролцоо ямар байхыг хоёр хоногийн турш хэлэлцлээ. Бид Азийн орнуудаасаа туршлага судлах зүйл ч байна. Мөн технологид суурилсан санхүүгийн үйлчилгээнүүд, тэр дундаа даатгалын бүтээгдэхүүн гаргаж байгаа бидний хувьд амжилт олсон зүйлүүд ч бий. Хүмүүсийн амьдралд тохиолдож байгаа олон төрлийн эрсдлийг даатгалын салбар хамгийн бага байлгах, эрсдэл учирсан тохиолдолд хамгийн бага зардлаар даван туулах үйл явцад оролцож ажиллаж байгаа. Эрсдэл учирсан үед ядуу, эмзэг бүлгийнхэнд маш хүнд тусдаг. Энэ асуудлыг нийтээрээ хэрхэн яаж бага зардлаар, бага эрсдэлтэйгээр даван туулах үйл явцыг цаашдаа ч санхүүгийн системд нэвтрүүлнэ. Энэ үйл явц Засгийн газар, төрийн нуруун дээрх ачааллыг ч бас бууруулах, иргэд маань ч санхүүгийн мэдлэгтэйгээр энэ үйл явдалд оролцож, бүтээмжийг нэмэгдүүлэх боломжтой. Даатгалын ийм төрлийн бүтээгдэхүүн харьцангуй бага зардалтай, хүн бүр даатгуулах боломжтойгоор хэрэгжүүлэх нь чухал. Ийм учраас Азийн орнуудад Засгийн газар нь яг энэ даатгалын чиглэлээр тодорхой хөтөлбөрүүдийг гаргасан нь туршлагаас харагдаж байна.
-Уур амьсгалын өөрчлөлтийг өдөр тутмын амьдралдаа мэдэрч байгаа газар тариалан эрхлэгчид, малчид, иргэдээ эрсдлээс хамгаалах нь чухал ч энэ чиглэлийн мэдээлэл багатай байгаа. Бодитой ямар ажлыг энэ салбарт хийж болох вэ?
-Манай хөдөө аж ахуйн хувьд маш онцлогтой салбар, үр өгөөж нь нэмэгдэхийн хэрээр хүртэх боломж нь нийт иргэдэд өргөн байдаг. Гэсэн хэдий ч хур тунадас багатай байх, бэлчээрийн даацтай холбоотой асуудлууд, цөлжилттэй холбоотой эрсдэл учрахад малчид тариаланчид, иргэдийн хувьд хэрхэн яаж даатгалд хамрагдах вэ гээд олон асуудал бий болж байгаа. Мал аж ахуй эрхэлдэг, нүүдлийн соёл иргэншилтэй орон ховор ч Азийн орнуудын хувьд цаг уурын өөрчлөлттэй холбоотойгоор галт уул, үер усны гамшигийн үед эдийн засагт нь маш их хэмжээний хохирол учирдаг. Уур амьсгалын өөрчлөлтийн эрсдэл биднийг ч тойрохгүй. Бид бүхий л талаараа бэлтгэлтэй байх ёстой гэдгийг манай хувийн компаниуд, иргэд ойлгож, санал бодлоо солилцож чадлаа.
-Хүртээмжтэй даатгал, цахим даатгал гэж яриад байсан. Энэ талаар тодруулаач?
-Хүртээмжтэй даатгал, санхүүгийн үйлчилгээ гэдэг бол даатгуулагчид маань орон зай, цаг хугацаа, орлогын нөхцөл байдлаас үл хамааран тухайн даатгалын бүтээгдэхүүнийг авах боломжтой байхыг хэлж байгаа юм. Хүмүүс шаардлагатай үедээ санхүүгийн үйлчилгээг хамгийн бага зардлаар авах үйл явцыг хүртээмжтэй даатгал, санхүү гэж ойлгож болно.
Технологийн дэвшилтэй холбоотойгоор даатгалын бүтээгдэхүүнүүд, улам бүр хялбар болсон. Ялангуяа технологийн дэвшил даатгалын нөхөн төлбөрийг түргэн шуурхай олгох боломж бүрдүүлж байгаа. Энэ бол манай даатгалын компаниудын хувьд ч нэвтрүүлж эхлээд байгаа сайн ажил. Өнөөдөр Монгол Улсын хэмжээнд 15 ердийн даатгалын, нэг амьдралын даатгалын, хоёр давхар даатгалын компани тусгай зөвшөөрөл аваад үйл ажиллагаа явуулж байна. Тэдгээр компаниуд нийтдээ 500 гаруй төрлийн бүтээгдэхүүнээр иргэдэд даатгалын үйлчилгээ үзүүлдэг. Цахим буюу технологид суурилсан даатгалын бүтээгдэхүүнийг компаниуд санал болгох, түүнийг сонирхох иргэдийн тоо ч өсч байна. Сүүлийн гурван жилийн хугацаанд даатгалын нөөц сан 1,7 дахин, даатгалын салбарын нийт хөрөнгө хоёр дахин нэмэгдлээ. Нөөц сан, даатгалын салбарын нийт хөрөнгө нэмэгдэхийн хэрээр даатгалын компаниуд маань эрсдэл даах чадвар нь нэмэгдэж байна. Өөрөөр хэлбэл иргэдэдээ нөхөн төлбөр олгох бололцоо нь илүү сайжирч байна.
Уур амьсгалын эрсдлийн даатгал бол даатгалын цоо шинэ бүтээгдэхүүн гэж ойлгож болно. Үүн дээр төр, Засгийн газрын зүгээс хувийн секторуудын хувьд юу хийх хэрэгтэй юм, Азийн орнуудад энэ төрлийн бүтээгдэхүүнийг хэрхэн яаж хэрэгжүүлж нэвтрүүлж байгаа талаар олон улсын зөвлөгөөнөөр маш амжилттай хэлэлцлээ гэв.
Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн эрсдлийн удирдлагын газрын дарга Д.Баасансүрэн уг хуралд илтгэл тавьсан юм. Тэрбээр ийнхүү ярилаа.
-Хүртээмжтэй даатгалын асуудлаарх Азийн орнуудын мэдлэг туршлага солилцох сүлжээ (MEFIN), СЗХ, ОБЕГ-тай хамтраад уур амьсгалын өөрчлөлтийн эрсдлийг даатгалын тухай хэлэлцлээ. Би энэ хуралд Монгол Улс дахь гамшгийн болон Уур амьсгалын эрсдлийн даатгалын хэрэгцээ шаардлагын талаар илтгэл тавьсан. Жилд дунджаар онцгой байдлын байгууллага 4200 гамшиг, ослын дуудлагаар ажилладаг. Манайд уур амьсгалтай холбоотой эрсдэлд үер, ус, ган зуд, хүчтэй салхи шуурга ордог. Төсвөөс жил болгон зудын тусламж, өвс тэжээлийн нөөц бэлтгэх, хүн малын гоц халдварт өвчин, шүлхийд маш их хэмжээний нөхөн олговор олгодог. Өөрөөр хэлбэл төрөөс гарч байгаа мөнгө ихсэж байгаа гэсэн үг. Үүнийг даатгалаар бууруулах юм байна гэсэн санаагаар илтгэл тавьсан. Зөвхөн даатгал санал болгох төдийгүй хууль эрх зүйн орчныг нь анхааръя гэсэн юм. Манайд уур амьсгалын өөрчлөлтийн эрсдлийг даадаг даатгал байхгүй. Даатгалын бодлогыг барьдаг газар Сангийн яам. Гарсан бодлого шийдвэрийг хэрэгжүүлдэг газар нь Санхүүгийн зохицуулах хороо. Даатгалын бүтээгдэхүүн буюу иргэн Дорж дээр очоод “Манай малын индексжүүлсэн даатгал энэ байна, газар хөдлөлтийн эрсдлээс хамгаалах даатгал энэ байна. Алийг нь авах вэ” гэж хэлдэг нь компаниуд. Эхлээд бид хуулиа боловсруулах ёстой. Жишээлбэл Говь компанид гал түймэр гарч байлаа. Бөмбөгөр шатаж байлаа. Эд даатгуулсан бол нөхөн олговороо даатгалаас авч болох байсан. Иргэд ч адилхан. Жил бүр Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс гарч байгаа санхүүжилтийг даатгалаар хэмнэх боломжтой. Хэлбэрийн хувьд уур амьсгалын эрсдлийн даатгал ямар байх, индексжүүлсэн байх юм уу, энгийн даатгал байх уу гэдэг асуудлууд яригдаж байна.
Хамгийн гол нь хууль эрх зүйн орчноо бүрдүүлчихвэл даатгалын шинэ бүтээгдэхүүн гарах боломжтой. Дэлхий дахинд гамшгийн эрсдлийг бууруулахад анхаарч байна. 2015 оноос хойш гарсан дэлхий дахины томоохон хөтөлбөрүүдийг үзээрэй. Тогтвортой хөгжлийн зорилт 2030, Парисын хэлэлцээр, Сандайн хөтөлбөр бий. Энэ гурван хөтөлбөр бүгд гамшгийн эрсдлийг шилжүүлдэг, санхүүгийн арга механизмаар зардлыг бууруулдаг байя гэдэг. Олон улсын түвшинд үүнийг ярьдаг. Сайн жишээнүүд байна. Сая Филиппин, Вьетнам, Индонезийн төлөөлөгч ярилаа. Энэ улсууд бүгд Уур амьсгалын эрсдлийн даатгалыг тодорхой хуулиар зохицуулдаг юм байна. Эхний ээлжинд төрийн оролцоо нэлээд ихтэй, төрийн өмчит компани манайд бол Үндэсний давхар даатгал гэж байгаа шүү дээ. Ийм компани гарч ирээд уур амьсгалын эрсдлийн даатгалуудаа хариуцдаг юм байна. Тодорхой хугацааны дараа хүмүүсийн ойлголт нэмэгдээд ирэхээр хувьд шилжүүлчихдэг. Ийм байдлаар тариалангийн даатгал, газар хөдлөлтийн даатгал гэж Японд байна. Үерийн даатгал гэж байна. Ийм олон төрлийн эрсдлийн даатгал байна. Манайд бол даатгуул гэхээр “Даатгалын хураамж өндөр байна. Би энүүгээр яах юм бэ” гэдэг. Зуданд мал нь үхчихээр “Миний мал үхчихлээ, орон гэргүй боллоо. Төр хохирол барагдуул” гээд байдаг” хэмээн тайлбарлав. Дэлхий дахинд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр олон эрсдэл хүмүүст учрах болсон.