Уншиж байна...
 
Монголд бурхан шашныг дэлгэрүүлхэд гүйцэтгэж буй Энэтхэгийн нөлөөСҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана
Иргэн нийгмийн даатгалаас 30 төрлийн тусламж, үйлчилгээ авах эрхтэй

Иргэд албан журмаар болон сайн дураараа нийгмийн даатгалын шимтгэл төлдөг. Энэ оноос шимтгэлийн хувь хэмжээ ч нэмэгдсэн. Гэтэл нийгмийн даатгал төлөөд яг ямар үйлчилгээ авах боломжтой талаарх ойлголт, мэдлэг иргэдэд дутмаг байна. Тэгэхээр иргэд нийгмийн даатгал төлснөөр ямар, ямар үйлчилгээ авах боломжтой талаар та мэдэх үү. Нийгмийн даатгал нь хүний амьдралд учирч болох жам ёсны болон гэнэтийн эрсдэлийн үед тухайн иргэний санхүүгийн эрсдэлийг хуваалцах зорилготой. Нийгмийн даатгалын санг төр, ажил олгогч, даатгуулагч хамтран бүрдүүлж, эргээд уг сангаас даатгуулагчийг өндөр наслах, өвдөх, хөдөлмөрийн чадвараа алдах, ажил орлогогүй болох, гэнэтийн осолд өртөх үед тэтгэвэр, тэтгэмж, төлбөр олгодог. Нийгмийн даатгалын таван төрөл бий. Тэтгэврийн даатгал, тэтгэмжийн даатгал, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгал, ажилгүйдлийн даатгал, эрүүл мэндийн даатгалын сангаас даатгуулагч 30 төрлийн тусламж, үйлчилгээ авах боломжтой байдаг байна. Гэтэл зарим иргэн жирэмсний, тэтгэврийн, хөдөлмөрийн чадвараа алдсаны тэтгэмж гэх мэт тоймтой хэдхэн үйлчилгээг л сайн мэддэг нь харамсалтай. Тиймээс уншигч та бүхэнд илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөхийг зорилоо.

 

Тэтгэврийн даатгалыг хэн тогтоолгох эрхтэй вэ?

Нэгдүгээрт иргэдийн хамгийн сайн мэдэх даатгал бол тэтгэврийн даатгал юм. Уг сангаас даатгуулагч өндөр насны, тахир дутуугийн, тэжээгчээ алдсаны гэсэн гурван төрлийн тэтгэвэр авдаг. Өндөр настны тэтгэврийг одоогийн мөрдөгдөж буй хуулиар 20 жил зургаан сараас дээш хугацаанд шимтгэл төлсөн эрэгтэй 60, эмэгтэй 55 нас хүрсэн даатгуулагч тогтоолгон авах эрхтэй. Мөн олон хүүхэдтэй, хүнд болон хортой нөхцөл, урлагийн, цэргийн, малчны гэх мэтчилэн хөнгөлөлттэй нөхцөлөөр дээр дурдсан наснаас өмнө тэтгэврээ тогтоолгодог хүмүүс ч олон бий. Өндөр настны тэтгэвэр тогтоолгох болзол нөхцөлийг хангасан тохиолдолд тухайн даатгуулагчид сар бүр, насан туршид нь тэтгэвэр олгодог. Одоогийн байдлаар 410 мянга гаруй иргэн сар бүр тэтгэвэр авдаг байна. Тахир дутуугийн тэтгэврийг хөдөлмөрийн чадвараа 50-иас дээш хувиар алдсан даатгуулагчид, тэжээгчээ алдсаны тэтгэврийг нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан даатгуулагч нас барсан тохиолдолд түүний гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүдэд олгодог.

 

Эрүүл мэндийн даатгалаас жилдээ хоёр сая төгрөгийн тусламж авах эрхтэй

Эрүүл мэндийн даатгалын сангаас даатгуулагч жилд хоёр сая төгрөгийн тусламж, үйлчилгээ авах эрхтэй байдаг. Гэр бүлийн гишүүдийн нэгийнх нь авсан зардал энэ хэмжээнээс давсан тохиолдолд өөр нэг гишүүн нь шилжүүлэн тооцуулах боломжтой.

 

Хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмжийг хэрхэн авах вэ?

Хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмж нь тэтгэмжийн даатгалын нэг төрөл. Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг хөдөлмөрийн чадвараа түр алдахаас өмнө гурав ба түүнээс дээш сар нийгмийн даатгалын шимтгэл төлсөн даатгуулагч авах боломжтой. Ажлын тав хоног хүртэлх хугацааны хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг ажил олгогч, түүнээс олон хоногоор өвдөж, эмчлүүлбэл эмнэлгийн хуудсыг үндэслэн нийгмийн даатгалын байгууллага хариуцан тэтгэмж олгоно. Тэтгэмжийн даатгалын сангаас мөн жирэмсний болон амаржсаны тэтгэмж болон даатгуулагч нас барсан тохиолдолд оршуулгын тэтгэмж олгодог.

 

Ажилгүйдлийн даатгалыг хэн ашиглах боломжтой вэ?

Ажилгүйдлийн даатгалын сангаас ажилгүйдлийн тэтгэмж болон мэргэжил олгох давтан сургалтын зардлыг санхүүжүүлдэг. Даатгуулагч 24 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн есөн сард нь тасралтгүй нийгмийн даатгалын шимтгэл төлсөн л бол ажлаас чөлөөлөгдсөн шалтгаан, нөхцөл харгалзахгүй ажилгүйдлийн тэтгэмж олгож байна. Ажилгүйдлийн тэтгэмжийг ажлын 76 хоногоор тооцож олгодог. Даатгуулагч ажилгүй болсноосоо хойш зургаан сарын дотор мэргэжил олгох болон давтан сургалтад хамрагдвал сургалтын зардлыг нь мөн нийгмийн даатгалаас санхүүжүүлэх боломжтой.

 

Нийгмийн даатгал төлөхийн ач холбогдлыг жишээн дээр тайлбарлавал

Энгийн жишээ авъя л даа. Амьдралынхаа турш огт өвддөггүй хүн гэж үгүй. Нийгмийн даатгалд даатгуулсан л бол өвдөх үедээ эмнэлгийн тусламж үйлчилгээг хөнгөлттэй авч, мөн хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж авна. Хүмүүс улсын эмнэлэгт үнэгүй үзүүлчихлээ гэдэг. Гэтэл улсын эмнэлэг үнэгүй үзэж байгаа биш, та эрүүл мэндийн даатгалд төлсөн мөнгөөрөө хөнгөлөлттэй буюу үнэ төлбөргүй үзүүлж, эмчлүүлж байгаа хэрэг юм. Өөрөөр хэлбэл, эрүүл мэндийн даатгалын сангаас тухайн эмнэлэг, эрүүл мэндийн байгууллага руу таны авсан эмчилгээ үйлчилгээний төлбөрийг шилжүүлж байна гэсэн үг. Монгол эмэгтэйчүүд дунджаар 2-3 хүүхэд төрүүлдэг. Энэ тоолондоо жирэмсний болон амаржсаны тэтгэмж авна. Залуучууд ажлаасаа гараад дараагийн ажлаа олох хүртэл орлогогүй байх үедээ ажилгүйдлийн тэтгэмж авна. Эрсдэлтэй ажлын байранд ажилладаг хүмүүс үйлдвэрлэлийн осолд өртлөө гэж бодоход үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж, төлбөр олгодог. Өтөлсөн хойноо хэн нэгний гар харалгүй тэтгэврээрээ хэрэгцээгээ хангах боломжтой гэх мэт хүний амьдралын бүхий л хугацаан дахь нийгмийн эрсдэлийг хуваалцаж байдаг. Нийгмийн даатгалаас үзүүлж буй 30 төрлийн үйлчилгээнээс гадна хүмүүсийг нийгмийн харилцаанд ороход даатгал санхүүгийн батлан даагч нь болж байна. Жишээ нь арилжааны банкнаас зээл авахад, гадаад улс руу зорчихоор виз мэдүүлэхэд эсвэл худалдан авалт тендерт ороход нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байхыг шаарддаг болсон байна шүү дээ. Нэг сонирхолтой судалгаа дурдахад хүн ажил хөдөлмөр эрхэлж байхдаа 20 жилийн турш нийгмийн даатгалын шимтгэлд төлсөн мөнгөө таван жил хүрэхгүй хугацаанд л тэтгэврээрээ буцаагаад авчихдаг. Гэтэл Үндэсний статистикийн хорооны судалгаанаас үзэхэд даатгуулагчийн тэтгэвэр авах дундаж хугацаа 17-25 жил байдаг. Тэгэхээр тэтгэвэр авах үлдсэн хугацаандаа нийгмийн даатгалын сангаас илүү мөнгө авна гэсэн үг шүү дээ. Өөр нэг жишээ, өндөр эрсдэлтэй ажлын байранд ажилладаг байсан залуу ажлын байран дээрээ осолд өртөн амь насаа алдаж, түүний асрамжид байсан бага насны хоёр хүүхэд болон эхнэр нь орлогогүй болсон байгаа юм. Хэдийгээр түүнийг шимтгэл төлсөн хугацаа нь зургаан сар байсан ч хүүхдүүдийг нь 19 нас хүртэл үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас тэжээгчээ алдсаны тэтгэмж сар бүр олгоод явж байна. Энэ мэтчилэн ач холбогдол маш их тул нийгмийн даатгалыг хэн нэгэнд хураалгаж байгаа татвар хураамж биш, ирээдүйдээ хийж буй хөрөнгө оруулалт гэж ойлгон хариуцлагатай хандаасай гэж хүсч байна.

 

Нийгмийн даатгалын шимтгэлийг өндөр хэмжээгээр төлөх нь зөв үү

Даатгуулагч хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоосоо л нийгмийн даатгалын шимтгэл төлөх ёстой. Өндөр байвал алсдаа ашигтай, бага байвал өнөөдөртөө хэрэгтэй гэхчилэн өөрийн дураар өөрчлөөд байх боломжгүй. Зөвхөн сайн дурын даатгуулагч л өөрөө цалин орлого тодорхойлж шимтгэл төлдөг. Даатгуулагчийн шимтгэл өндөр төлөгдөж байгаа тохиолдолд нийгмийн даатгалын сангаас авах тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ нэмэгдэнэ л гэсэн үг.

 

Нийгмийн даатгалыг нөхөн төлөх боломж байдаг уу

Албан журмын даатгуулагчийн тухайд ажил олгогчийн буруугаас шимтгэл төлөлт нь тасарсан болох нь санхүүгийн баримтаар нотлогдсон тохиолдолд нөхөн төлүүлэх боломжтой. Сайн дурын даатгуулагч нийгмийн даатгалын байгууллагатай хийсэн гэрээний хугацаанд шимтгэл нь тасарсан бол нөхөн төлж болно. Мөн шимтгэл төлөлтийг нөхөн тооцох тусгай хууль тодорхой хугацаанд хэрэгжих нь бий. Өмнө нь ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулиар 600 мянга гаруй хүн нийгмийн шилжилтийн үед завсардсан жилүүдээ нөхөн тооцуулсан байдаг. Мөн малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хууль батлагдсан ч хэрэгжиж эхлэх хугацааг нь УИХ-аас 2020 он хүртэл хойшлуулаад байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com