Уншиж байна...
 
‘‘Имарт драгон’’ салбар энэ сарын 11-нд нээлтээ хийнэМонголд бурхан шашныг дэлгэрүүлхэд гүйцэтгэж буй Энэтхэгийн нөлөөСҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танаа
Бэлчээрийн мал аж ахуйг анхаарах цаг болжээ

Монголын уламжлалт бэлчээрийн мал аж ахуй дэлхийд ховорхон, амьдрах дархлаагаа баттай олсон чухал аж ахуй билээ. Монголчууд олон зуун жил малаа даган нүүдэллэж, ашиг шимээр нь амьдарч ирсэн. Суурин сууж тариа ногоо тарьж байсангүй,өвөл махыг нь, зун цагт сүү цагаан идээг нь хэрэглээд, ноос арьс ширээр нь дээл хувцас, орон сууцаа дулаалахад ашиглаж, олон мянган жил амьдарч иржээ. Одоотой адил аж үйлдвэрлэл эрхэлж ,гадаад улсаас элдэв тусламж дэмжлэг авч байсангүй. Малчид бор зүрхээрээ энэ ховор аж ахуйг авч ирсэн билээ. Энэ ховорхон аж ахуйг ад үзэхэд гол үүрэг гүйцэтгэж байгаа нөлөөлөл нь 1921 онд Ардын хувьсгал ялснаас хойш эхтэй гэж болно. Тэр үеэс л МАХН, төр хоёр мал малчинд хатуу хандаж ирсэн билээ. Хорин хэдэн онд өөрсдийн хүч зүтгэлээр малаа өсгөсөн хүмүүсийг нударган баян гээд малыг нь хураах, дараа нь хамтрал коммун байгуулна гэж баахан идэж ууж сүйтгэсэн, 1948 онд таван жилийн хөдөлшгүй төлөвлөгөө өгч, цас зуд өвчин эмгэг болон өөрийн хэрэглээнээс болж төлөвлөгөө тасалбал мөнхөлсөн төлөвлөгөөнөөс болж улсад бэлтгэж өгөх мал мах сүү, ноос үс тасарч түүнээс болж шоронд олон хүн орж амьдрал нь сүйрч байсан билээ. Дараа нь нэгдэл үүсч өөрийн гэсэн малыг нь хүчээр хураан авч нэгтгэн, өөрийн эзэмшлийн мал нь ялтай мал болон эргэж элдэв хариуцлага тооцон ,малд өөриймсөг сэтгэлгүй болгож , малчин эздийн өөрийн хэрэглээг хасч байсан.


Ардчилсан хувьсгал ялж нийгэмчилсэн малаа буцаан авч мал руугаа овоо өөриймсөг хандаж, мал өсч ирсэн боловч төр засгаас анхаарахгүй зөнд нь орхисны дээр, энэ олон их, дээд сургуулиуд залуусыг малаас хөндийрүүлж эхэлсэн билээ. Соц нийгмийн үед тэр үеийн ЗХУ-д Цагаан нуур, Ханх, Цагаан арал,Эрээн цавын боомтоор олон жил олон сая мал гаргасан билээ.
Социализмын үед мал өсөхөө байж тогтмол 25 сая малтай гэдэг тоог л зарладаг байсан. Сүүлдээ үнэн хэрэгтээ мал маань 25 саяд хүрэхээ байхаар тоо толгойг нь хэлэхээ байж бодод шилжүүлснээр төдөн толгой бод малтай гэж нуудаг болсон юм.


Одоо чанартайгаасаа чанаргүй нь дэндсэн энэ олон сургууль монголын эдийн засгийг сульдуулж, ард түмний амьдралыг доройтуулж, хүүхэд залуучуудыг малаас хөндийрүүлж дээд боловсролтой нэртэй ажилгүйчүүдийг олшруулж биеийн хүчний хөдөлмөрөөс ангижруулж байна. Нэгдэлжсэн үед нийгэмчилсэн малаа малчид өөрсдөө маллан ,тогтоосон цөөн тоотой малтай үлдэж, хэрэв тэр мал нь өсөөд олон болбол ахин хурааж авч байснаас мал малчин хөндийрч малаа гэсэн өөриймсөг сэтгэлийг үгүй болгосон. Малаас хөндийрнө гэдэг монгол хүмүүний эмгэнэл билээ.
Иймд манай улсад буман хүнд л нэг их дээд сургууль байвал таарна. Одоо манай улсад боловсролын кризис нүүрлээд байна. Баахан “өндөр боловсролтой” ажилгүйчүүд. Манай улс шиг цөөн хүнтэй, олон малтай улсад мал аж ахуйг дагнасан сургалт, үйлдвэрлэлийн баазыг юуны түрүүнд хөгжүүлэх ёстой. Үүнд ялангуяа хөдөөний малчдын хүүхдийг гэрийн боловсрол олгож, мал аж ахуйн мэдлэгийг бүрэн эзэмшүүлэх хэрэгтэй. Улаанбаатарт ХААИС гэдэг ганц том сургууль байснаас аймаг бүрт салбаруудыг байгуулж түүнийгээ программ, удирдлагаар хангаж байвал зохилтой юм. Мал аж ахуйн мэргэжилтэнг төв сууринд малгүй газар бэлтгэж байхын оронд хөдөө мал аж ахуй дээр нь бодит амьдралын гүнд нь сургах хэрэгтэй. Малын эмч, зоо техникч, арьс шир, ноос ноолуур, түүхий эд, сүү цагаан идээний боловсруулалт хийх мэрэгжилтэн, өвс ургамал таних агрономын мэдлэг олох, малын тэжээл, хэрэглэл бэлдэх (ногт чөдөр, эмээл хазаар зэрэг олон төрөл) хийх, уналага эдэлгээнд сургах гээд мал аж ахуйтай холбоотой бүхнийг хотын сургуульд биш хөдөө газар дээр нь биет ажил дээр сургавал жинхэнэ чанартай мэдлэг олгоно.Ингэснээр “Малчны 1000 мэргэжил” эзэмших эхлэл тавигдах болно. Тэр бүхнийг хийхэд том үйлдвэр,том сургууль хэрэггүй, хөдөө сумдад болон баг, өрхөд тохирсон жижиг оврын техникийг бүрэн ашиглаж сургах, цөөн хүүхдийг хамарсан явуулын сургалт хийж, ааруул ээзгий, борц гээд удаан хадгалахад тохиромжтой бүтээгдэхүүнийг хийж сургах ,түүнийгээ хотын зах зээлд гаргаж борлуулж амьдрах боломжтой. Хариулж байгаа малынхаа ашиг шимийг өөрөө бүрэн боловсруулж сурах, (ноос ноолуур, арьс ширээ өөрөө буюу хамтран боловсруулж ашиглах боломж бүрдүүлэх) зэрэг ажлыг зохион байгуулах боломжтой. Сумдад ноос,арьс шир боловсруулах жижиг оврын үйлдвэрүүд байгуулж, сум орныхоо хэрэгцээг хангах эсгий, эсгий гутал хийх, сур аргамж чөдөр ногт гээд малын хэрэглээний эд зүйлийг хийх нь нэгд ажлын байр бий болгох, хоёрт, малчдын хэрэгцээг хангахад хэрэгтэй юм. Ядаж хониныхоо ноосоор эсгий,эсгий гутал хийж сум орныхоо хэрэгцээг хангаад байх боломжтой. Энд иргэдийн санаачилга, төр засгийн дэмжлэг хэрэгтэй.


Ер нь мал маллах ажил мэргэжил биш гэдэг ойлголтыг халж, хамгийн нарийн мэргэжил бол мал маллах ажил юм гэдгийг төрөөс дэвшүүлэх хэрэгтэй. Тэр цагт мал маллах хүмүүс олшрохын дээр, мал хариулж ашиг шимийг нь бүрэн авдаг, малаа өсгөж эрүүл байлгадаг, өөрөөр хэлбэл одоогийн сум, аймаг, улсын аварга сайн малчдад мал аж ахуйн дунд, дээд, мэргэжилтэн гэдэг үнэмлэх диплом, энгэрийн тэмдэг олгох хэрэгтэй. Тэгсэн цагт малчдын идэвх санаачилга сайжирч мал маллах хүсэлтэй хүмүүс олшрох болно. Улсын аварга сайн малчин хүмүүст мал аж ахуйн професор цол, сайн малчин, аварга малчин гавьяат малчин зэрэг цол хэргэмийг шат дараалан олгох хэрэгтэй.


Хөдөөний малчдын хүүхдийг найман настайгаас нь эхэлж сургуульд суулгах юмуу, гэрийн багшаар бичиг үсгийн боловсрол эхлээд олгож, дараа нь шат дараалсан боловсролыг мал аж ахуй дээр бие даалган олгож болно. Сургуулийн танхимд 30-40 хүүхдийн дунд хичээл зааснаас хөдөө гэрт нь 2-3 хүүхдэд ном заахад ойлгоц нь илүү байдаг. Ингэж боловсрол олгоход гарах зардлыг (багшийн хөлс, ном сурах бичгийн зардал, явуулын унаа унш гээд) улсаас гаргаж зохих мэдлэгийн хэмжээгээр мэргэжлийн үнэмлэх олгож мал аж ахуйн иж бүрэн мэргэжилтэн бэлтгэх боломжтой. Өөрөөр хэлбэл малчин-сурагч, малчин-оюутан гэх журмаар сургаж болно. Энэ нь малаас нь холдуулахгүй гэр бүлийн хүмүүс үр хүүхдийнхээ хамт ажиллаж, хүүхдийн малтай харьцах дадал зуршлыг сайжруулахын зэрэгцээ , хөдөлмөрийн бүтээмж өндөр байхаас гадна сургуульд суусан хүүхдээ харна, малаа маллана гэж гэр бүл хоёр хуваагдахгүй сайн талтай. Иймээс мал аж ахуйг тогтвортой байлгахын тулд малчдын өвөлжөө хаваржаанд малын болон,малчны тохилог байр, тэжээлийн бааз бэлтгэх төхөөрөмж зэргийг улсаас тусалж өөрсдийн бололцоонд түшиглэн бий болгож болно. Ингэхдээ ураг саднаараа болон ах дүүсээрээ хамтран ажиллахын дээр хоршоо бүлэг болж ажиллах боломжтой. Одоо боловсролын системд өөрчлөлт орж зургаан настай хүүхдээ сургуулийн нийтийн байранд орхиод хол газар малаа даган нүүдэллэн явна гэдэг монгол хүний сэтгэлгээнд бэрх зүйл. Гадаадын суурин газрын амьдралтай хүмүүст бол зургаан настай хүүхэд сургуульд суух нь бэрхшээл биш байдаг биз. Ер нь бага наснаасаа л мал дагасан хүүхэд л малд хайртай жинхэнэ малчин болдог. Аавтайгаа хамт явдаг байсан жолоочийн хүүхэд сайн жолооч, аав ээж нь багш эмч бол сайн багш эмч болдог шиг удам дагасан мэргэжил л амжилтад хүргэх гол хөшүүрэг билээ. 100 ямаанд 60 ухна гэдэг шиг 3 сая хүнд 100 гаруй их дээд сургууль илүүдэж байна. Сургууль хэт олширсоноос сурлага харахгүй, мөнгө харж сургуульд элсүүлдэг болж, мал аж ахуйгаас хөндийрч төв сууринд биеэ оторлогчдын тоо ихсэн, монголчуудын гол амьжиргаа болсон мал хаягдаж сөнөхөд ойртож байна. Үүнд төр засаг онцлон анхаарах цаг нь болсон байна. Соц нийгмийн үеийн сүүлчээр нэгдлийн мал маллах хүн ховордож байсан. Дунд сургууль төгссөн хүүхдүүдийг илгээлтэээр мал дээр гаргаж малчныг сэлбэж байсан нь бага ч болов зохих үр дүнгээ өгсөн. Ардчилсан нийгэм гарсны дараа мал маллах,малтай болохыг хүссэн хүмүүс олшрон сургуулиас хүртэл гарч мал маллаж эхэлсэн. Гэтэл төр засгаас үүнийг анхаарахгүй зөнд нь хаяснаас байгалийн бэрхшээлийн өмнө хүч мөхөстөж, төр засаг төрөл бүрийн дэмжлэг үзүүлээгүйгээс хүмүүс ахиад малаас хөндийрөх болсон.


Хөдөө төрж өсөөд багаасаа малд ойрхон байсан, зохих дээд боловсролыг нь олсон хүн Хөдөө аж ахуйн яамыг тэргүүлж байвал малчин мал хоёрт ээлтэй шийдвэр гарах магадлалтай юм.
Мал маллах ухааныг гарамгай эзэмшинэ гэдэг шинжлэх ухааны томоохон нээлт, бүтээлч ажил болохоос, цаас шагайж эрдэмтэн болсон одоогийн заримдаг эрдэмтэн нэртнүүд хэнд хэрэгтэй юм бэ? Эрдэмтэн нэр зүүчхээд ямар ч ашиггүй улс оронд нэмэргүй хоосон толгойтнууд өчнөөн л байх юм даа.
Улсын аварга сайн малчин бол мал аж ахуйн ёстой жинхэнэ эрдэмтэн мөн.
Гэтэл манай УИХ, мал малчны эрх ашгийг биш яаж эндээс унац гаргах вэ гэсэн сэтгэлгээгээр ойр дотны хүнээ, малын нас хүйс, зүс ч ялгаж мэдэхгүй хүн тавьж байгаа нь дэндүү хүйтэн сэтгэлээр хандаж байгаагийн илрэл юм.


Сүүлийн жилүүдэд Улаанбаатарын утааг арилгана гэж хэдэн зуун тэрбум төгрөг үр дүнгүй хаяж, далимдуулан завшиж байхын оронд хөдөө орон нутагтаа мал аж ахуй эрхлэн амьдрах хүсэлтэй хүмүүст 15-20 сая төгрөгийн тусламж олгоод хөдөө гаргасан бол хотын хүн амын ачаалал багасах, тэр хэмжээгээр утаа ч багасах боломжтой байсан байх. Манай төр засгийн дээдсүүд дэндүү ойрхон тулга тойрсон бодолтой хүмүүс байдгаас, зөвхөн өөрсдийн амьдардаг Улаанбаатараа л тохижуулж тордохыг бодохоос хөдөө орон нутаг гэж байдгийг мэдэхгүй хүмүүс сүүлийн 30-аад жил улс орноо удирдсан болж бантагнуулж байна. Өөдтэй удирдсан удирдагч алга. Хөдөөг зөнд нь хаяснаас хот руу шавах нь ихэссэн.Тиймээс ард олны жагсаал цуглаан тасрахгүй байгаагаар тэр нь илэрч байна.
Одоо 1000-аас дээш малтай малчид олширч байгаа нь сайн хэрэг. Урьд 20 гаруй мянган толгой малтай Увсын ах дүү малчид байсан гэдэг.Одоо 6000 гаруй малтай өрх нэг байна гэж урьд оны мал тооллогоор мэдэгдэж байсан. Гэхдээ малын олонд биш үүлдэр угсааны сайныг, ашиг шимийн арвиныг харж өсгөх хэрэгтэй. Үүнийг төр дэмжээд улам олон болгох хэрэгтэй. Манай малчдын орлого дээшилж амьдрал улам л сайжирч байна. Одоо хөдөө машин мотоцикль, зурагт хөргөгчгүй айл ховор болж. Монголын мал одоо 70 шахам сая болж байгаа нь хөдөөд амьдрал байна гэдгийг нотлоод байгаа юм. Мөн малчдад ноос, ноолуурын урамшил өгч байгаа нь бас л малчдад дэмжлэг мөн бас малчдын тэтгэврийн насыг наашлуулсан нь малчдын амьдралд ихээхэн нэмэр болох сайн талтай. Малын ашиг шимээс гадна тэтгэврийн орлого нь малчдыг сайхан чинээлэг амьдрахад тустай.


Мал маллах сонирхолтой залуусыг төрөөс дэмжин зээл тусламж олгон хөдөө гаргаж малжуулан малчдын залгамж залуу үеийг бэлдэх хэрэгтэй цаг нь болжээ.
Соц нийгмийн үед малын амьсгалаас бусдыг нь ашиглана гэдэг байсан. Ашиглаж ч байсан.Одоо шинжлэх ухаан хөгжөөд малын бүхий л хаягдал гэсэн бүхнээс эм,үнэртэн гоо сайхны бүтээгдэхүүн,. малын эвэр туурайгаар товч болон бэлэг дурсгалын зүйл хийдэг байсан. Одоо түүнийг сэргээвэл бас л цөөн ч гэсэн ажлын байр бий болж бага ч гэсэн орлого олох эх үүсвэр болно доо.Тэгэхээр мал бол бүх хэрэглээний зүйлийн ширгэшгүй ундарга юм.


Ер нь мал маллаж чадахгүй монгол хүн гэж байхгүй, учир нь цусанд нь малчин удмын ген байгаа учраас. Тийм учир :
Уух ус нь бохирдсон,
Утаа тоосонд уушги зүрхээ хордуулан
Утаанбаатар хотод чихэлдэн
Уур уцаараа барж байснаас ,
Цэлгэр уудам хөдөөдөө
Цэвэр агаараар амьсгалж
Цэгээ цагааны нүнжгэндээ
Цээж бардам ханхалзаж явбал жинхэнэ монгол хүний л амьдрал юм даа. Гэтэл малчин монголчууд маань амиа хорлох гэж байгаа юм шиг ,газар орон нь хавчсан юм шиг ганц Утаанбаатар луу л шаваад байх юм. Энэ бол төр засгийн бодлогыг буруу хэрэглэж байгаа эрхэм дээдсийн мулгуу бодлогын балаг юм.
Урсгал Туул нь бохирдож
Утаа униарт хахалдаж
Хог шарил хоёртойгоо холилдсон газар луу юунд нь дурладаг байна аа. Хөдөө аймаг сум багт хүмүүс амьдраад болоод л байна шүү дээ.

Манай дээдсүүд малын мах бага хэрэглэж, гадаадаас галуу шувууны мах зөөгөөд идчихдэг байж магадгүй болохоор малд муу анхаардаг байж магадгүй юм. Мал бол Монголчуудыг тэжээж ирсэн, тэжээж байгаа, ирээдүйд ч тэжээх амин зуулгын аж ахуй, үндэсний баялаг билээ. Малгүй бол Монгол улс сөнөнө. Хэчнээн уул уурхай ашиглаад нэмэргүй ,уурхайн баялаг бол барагдана. Мал бол өснө. Монголчуудыг монголоор нь авч яваа улс бол энэ малчид л байгаа юм шүү дээ. Малчдадаа анхааруулахад төрж өссөн нутаг усныхаа бэлчээрийг эзэнгүйдүүлэлгүй таруу ч гэсэн нутгаа сахин эзэн суухгүй бол манай дээдсүүд нэг мэдэхэд чинь төрсөн нутаг ус билчээрийг чинь гадныханд лиценз нэрээр нь худалдчихсан байх вий дээ. Ер нь түрүүчээс нь худалдсан тухай сонин хэвлэлээр гарч л байгаа шүү... Тийм учир малчин, мал аж ахуй хоёрыг хөгжүүлэхэд гол анхаарлаа хандуулах ёстой. Тийм төр засагтай л болмоор байна даа монголчууд минь.

 

Л.Банзрагч, зохиолч

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com