Хичээл сургууль эхэлсэнтэй зэрэгцэж цаг агаар сэрүүссэн энэ үед хүүхдийн ханиад, шуухинаа ихэсдэг. Ханиаднаас урьдчилан сэргийлэх, дархлаа дэмжих талаар зөвлөгөө авахаар Эх, Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний төвийн Хүүхдийн тусламж үйлчилгээний зохицуулагч О.Солонготой ярилцлаа.
-Одоогоор ЭХЭМҮТ-д ханиад томууны улмаас үйлчлүүлж буй хүн хэр байна вэ?
- Өнгөрөгч долоо хоногийн мэдээгээр амбулаториор үйлчлүүлэгчдийн 3,7 хувь нь томуу, томуу төст өвчин эзэлж байна. Энэ дундаа риновирус, иж томуугийн вирус, бокавирус илэрсэн байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад хэвийн хэмжээнд байгаа.
-Томуу, томуу төст өвчин тусах шалтгаан юу байдаг вэ?
- Томуу, томуу төст өвчин гэдэг нь амьсгалын замаар буюу агаар дуслын замаар халдварладаг юм. Агаарт 200 гаруй вирус дэгдэж байгаа. Нэгэнт нян бактер, вирусын халдвар авсан хүмүүс ахуйн хавьтлын болон амьсгалын замаар бусдад тараадаг. Томуу өөрийн шинж чанараасаа хамаараад сэрүүн нөхцөлд тэсвэртэй. Тиймээс хүйтний улиралд идэвхэждэг юм.
-Хэрхэн сэргийлэх вэ?
-Хамгийн чухал арга бол дархлаажуулалт юм. Ер нь агаар дусал, ахуйн замаар халдварладаг учир ариун цэвэр маш сайн сахих хэрэгтэй. Гэр орондоо тогтмол чийгтэй цэвэрлэгээ хийж, агаарын солилцоо явуулах нь чухал. Жишээ нь хүмүүс ханиаж найтаахдаа гарын алгаараа ам, хамраа дардаг шүү дээ. Түүний дараагаар гараа угаахгүйгээр хаалга, автобусны бариул гэх мэт зүйлүүдийг барьдаг. Тэр бариулнаас өөр нэг хүн барина. Түүний дараа магадгүй зарим хүмүүс гараа угаахгүйгээр хоол ундаа идэж, өөр бусад зүйлүүдийг хийдэг. Иймэрхүү жижигхэн зүйлээс л халдвар авч байдаг. Нүдэнд үзэгдэж гарт баригдахгүй учир хүмүүс үүнийг анзаардаггүй, ариун цэврийн асуудал дээр зарим хүмүүс хайнга ханддаг. Дөнгөж нус гоожоод, найтаагаад эхэлж байгаа үед амны хаалт хэрэглэдэггүй. Энэ бол анхны авах арга хэмжээ, бас соёл юм. Хүн нэг удаа ханиалгахад 40 мянган бактер хоёроос, гурван метрт цацагдаж байдаг. Тэгэхээр тухайн орчинд байгаа хүн агаар дуслын замаар халдварлах боломж өндөр гэсэн үг юм. Хүүхэд амархан халдвар авдаг. Ялангуяа хоёр хүртэлх насны хүүхдүүдийн дунд томуугийн хүндрэлийн эрсдэл хамгийн өндөр. Вакцинжуулалтыг зургаан сараас доош насны хүүхдэд зөвшөөрдөггүй тул тэднийг хамгаалах хамгийн сайн арга бол бүх өрхийн гишүүд болон асран халамжлагчдыг вакцинжуулах юм.
-Дөнгөж ханиад эхлэх үед гэрийн аргаар эмчлэх ямар арга байна вэ?
- Ямар нэгэн шинж тэмдэг илэрсэн үед заавал амны хаалт зүүж, гараа сайтар угаах хэрэгтэй. Мөн халуун, бүлээн хоол идэж, шингэн зүйл сайн уух нь чухал. Жишээ нь венавирус 37-38 хэмд өөрөө устах чадвартай байдаг. Тиймээс халуун бүлээн зүйл ууж хэрэглэснээр зарим төрлийн вирусыг устгах боломжтой гэсэн үг. Дархлаагаа дэмжин, хувцсаа тохируулан өмсч, хэвтрийн дэглэм барин бусдад халдвар тараахгүйн тулд шаардлагагүй бол гадуур гарах хэрэггүй. Дур мэдэн хүчтэй эм хэрэглэлгүйгээр эмчид үзүүлж, ямар вирусээр халдварласнаа тогтоон, тохирох эмийг эмчийн заавраар хэрэглэвэл хурдан хугацаанд эдгэх боломжтой.
- Хүүхдийн дархлаа сул үед өвчин тусах магадлал өндөр байдаг. Тэгвэл гэрийн нөхцөлд дархлаа дэмжих ямар аргууд байна вэ?
-Дархлааны эсүүд бол хүүхэд нойр, хоолондоо сайн, орчин цэвэр, дулаан байхад л сайн байдаг. Хүүхдэд тохирсон олон төрлийн витаминлаг хоол хүнс хэрэглэх шаардлагатай. 0-6 сартай хүүхэд эхийн сүүнээс дархлаагаа авдаг. Тиймээс эхний саруудад хөхөөр хооллох хэрэгтэй. Хөхөөр хооллосон хүүхдийн өвчин тусах магадлал бага байдаг. Харин хоолонд орсон хүүхдэд зохих хэмжээний илчлэгтэй хоолыг зохих тунгаар, тогтмол цагт өгч сурах хэрэгтэй. Мэдээж хүүхдийг дулаан байлгана. Мөн хүүхдийн нойр сайн байх нь чухал юм. Орой хүүхэд эрт унтаж байж өснө. Тогтмол цагт эрт унтаж хэвшвэл хүүхдийн дархлаанд ч сайнаар нөлөөлдөг.
-Хүүхдүүд ханиад хүрээд удаагүй хатгаа болдог тохиолдол их гардаг. Энэ юунаас шалтгаалж байна вэ?
-Бага насны хүүхдийн амьсгалын замын онцлог юм. Хамар нь жижигхэн, цагаан мөгөөрсөн хоолой богино байдаг. Тиймээс нянд өртөхөд амархан мөн гаднаас орж ирж байгаа хүйтэн агаарыг шууд дамжуулдаг. Энэ нь амьсгалын замын эрхтэн гүйцэд хөгжөөгүй байдагтай холбоотой юм. Тиймээс амархан хатгаа болдог. Гэхдээ энэ нь хүүхдийн дархлаанаас хамаарна. Хүүхэд болгон амархан хатгаа болно гэж байхгүй. Мөн хоолойн гуурсанцрын үрэвсэл гэж байдаг. Тэгэхээр заавал мэргэжлийн эмчид үзүүлж, чагнуулаад хатгаа юу, аль замын үрэвсэл вэ гэдгийг тодруулах шаардлагатай. Хүүхэд байнга идэвхтэй хөдөлгөөн хийдэг бөгөөд үүнээс үүдэн амархан хөлөрдөг. Хувцсыг нь сольж өгдөггүй. Ингэснээр халуун хүйтэн харшлах тохиолдол их гардаг. Тиймээс эцэг, эхийн анхаарал, халамж чухал юм.
-Томуугийн вакциныг хэдий үед хийвэл үр дүнтэй байдаг вэ
-Томуугийн дэгдэлтийн ид оргил үе эхлэхээс өмнө хийх хэрэгтэй. Ид хүйтэнд их бага хэмжээгээр дэгдсэн үед хийгээд нэмэргүй. Аравдугаар сард хийж эхэлсэн нь зүгээр байдаг. Мэдээж вакцин хийлгэлээ гээд зуун хувь хамгаалахгүй. Вакцин дотроо ямар омгоос хамаарах вэ гэдгээс шалтгаалаад өөр өөр. Жишээ нь Н1И1 вирусын Б хэв шинжээс хамгаалдаг вакцин хийлгэлээ гэхэд түүнээсээ л тодорхой хэмжээгээр хамгаална. Түүнээс биш агаарт дэгдэж байгаа 200 гаруй вирус буюу бүх төрлийн томуугаас хамгаална гэсэн үг биш юм. ХӨСҮТ-ээс хийгдсэн судалгааны үндсэн дээр хамгийн тархалттай байх вирусын эсрэг вакцин хийдэг. Тиймээс вакцинаа хийлгэж тодорхой хэмжээнд хамгаалах нь зөв юм. Одоогоор ХӨСҮТ дээр арай хийгдэж эхлээгүй, харин хувийн эмнэлгүүдэд хийгдэж байгаа.
-Ямар тохиолдолд хүүхдэд антибиотик хэрэглэж болох вэ?
-Эхлээд эмчид хандах хэрэгтэй. Уушгины хатгалгаагаар хүндэрсэн тохиолдолд эсвэл нянгийн гаралтай халдвар үүссэн тохиолдолд антибиотик эмчилгээг эмчийн заавраар хийж эхэлнэ.
-Вирусын болон харшлын гаралтай ханиад юугаараа ялгаатай байдаг вэ?
-Ханиад шуухинаа, томуу гэдэг нь хоёр өөр ойлголт юм. Ямар төрлийн вирусээр халдварлагдаж, ямар шинж тэмдгээр илэрч байна вэ гэдгээсээ хамаараад шинж тэмдгүүд нь өөр байдаг. Жишээ нь аденовирусаар халдварлавал нус гоожиж, хоолой өвдөнө, суулгана гэх мэт шинж тэмдэг илэрнэ. Бас нүд нуухтаад эхэлдэг. Тэгэхээр хүмүүс нүдний ханиад гэж андуурдаг. Харшлаад байна гэж ярьдаг. Мөн риновирусаар халдварлавал хамар, залгиурт сууж өгдөг болохоор хамар залгиур үрэвсдэг. Хамраас шингэн нус гарч, найтаах шинж тэмдэг илэрдэг. Түүнийг зарим хүмүүс “Харшил хөдөллөө” гэж ярьдаг. Вирус амьсгалын замын хаана очиж суусан байгаагаас хамааран шинж тэмдэг өөр өөр байна. Түүнийг харшилтай андуурах тохиолдол элбэг байдаг.
Э.Болор