Монгол Улсад 30 жилийн өмнө социалист нийгмийг халж ардчилсан нийгмийг бий болгохын төлөө олон мянган залуус тэмцэж явсан. Тэр залуусын тухай мэдээллийг дэлхий нийтэд анх удаа түгээсэн Финлянд улсын иргэн, бие даасан сэтгүүлч Х.Ирьятай ярилцсанаа хүргэе.
-Юуны өмнө Монголд ямар хувь тохиолоор ирсэн талаараа ярьж өгөөч?
-Би Унгарт монгол хэлний ангид таван жил суралцаад 1984 онд төгссөн. Тухайн үед амьдралын нөхцөл байдлаас болоод цаашид энэ мэргэжлээрээ үргэлжлүүлэн суралцах уу эсвэл орхих уу гэсэн эргэлзээнд хүрсэн. Ингээд 1985 онд анх удаа Монголд ирээд энэ мэргэжлээрээ үргэлжлүүлэн суралцах нь зүйтэй гэсэн шийдэлд хүрч байлаа.
Манай Засгийн газар БНМАУ хоорондын соёлын гэрээний дагуу жилдээ хамгийн урт нь хоёр сарын виз олгодог байсан. Тэр визийг даруулахаар судлаач, профессор гэх мэт маш олон хүн хүсэлт гаргадаг. Эхний ээлжинд өөрийн улсын Боловсролын яаманд өргөдөл өгдөг байлаа. Би ч мөн ялгаагүй өгсөн. Тухайн үед өргөдөл өгсөн профессор, судлаачдыг хараад “Надад ямар ч боломж байхгүй юм байна даа” гэж бодсон. Виз хүсэх өргөдөл дээр “Ямар хугацаагаар очихыг хүсч байна вэ” гэсэн хэсэг байв. Түүн дээр нь “Аль болох удаан хугацаагаар” гэж хариулсан. Тэгсэн мөртлөө ядахдаа долоо хоногийн виз авчихвал мөн ч гоё доо гэж бодсон. БНМАУ-ын Гадаад харилцааны яамнаас миний хүсэлтэд хариу өгөхдөө таван сарын виз олгосон байсан. Манайхан “Яагаад чамд ийм виз олгочихов” гэж их гайхсан. Ингэж л Монгол Улстай хувь заяагаа холбосон доо. Эхний ээлжинд таван сар Монголд амьдраад, дахин таван сараар, дараа нь зургаан сар, нэг жилээр сунгасан. 1990 оны зургадугаар сарын дунд үе хүртэл МУИС-д суралцсан.
-Таны хувьд монгол хэлний ангийн оюутан байтал, сэтгүүлчийн ажил мэргэжил рүү яагаад хөл тавих болсон юм бэ?
-Би нутагтаа их сургуульд суралцахын хажуугаар сонин, сэтгүүлийн газар цагийн ажил хийдэг байсан. Тэндээс анхан шатны мэдлэгтэй болсон. Ингээд сонины газрын эрхлэгч надад бага багаар мэдээ, нийтлэл хэрхэн бичих талаар зааж сургасан. Манай гэр бүлийнхэн өглөөний цайгаа уухдаа улс төрийн сэдвээр ярилцдаг байсан нь намайг улс төр нийгэм, цаг үеийн байдалд соргог хандаж, дэлхийд мэдээлэх хүртэл хөтөлсөн болов уу. Дээр нь бага наснаасаа ардчилсан нийгмийг дэмждэг байсан маань ч энэ ажлыг сайн дураараа хийж эхлэхэд нөлөөлсөн.
-Яг л нийгмийн ороо бусгаа шилжилтийн цаг үед манай улсад суралцаж байжээ. Ингэхдээ ардчилсан хувьсгалын талаарх мэдээллийг дэлхий нийтэд хүргэж байсан тухайгаа яриач?
-1989 оны арванхоёрдугаар сард Ардчилсан хувьсгал эхэлсэн.Тухайн үед надад Nikon гэрэл зургийн аппарат байв. Тэр үед зургийн аппарат тун ховор. Ингээд өөрийнхөө сонирхлоор нийгэм цаг үеийн зураг дарж явахдаа ардчилсан хувьсгалын төлөө тэмцэж явсан хэсэг залуусыг анзаарсан. МУИС-д нууцаар П.Улаанхүү, Б.Баабар, С.Зориг, Р.Гончигдорж гэх мэт олон хүнтэй уулзаж ардчиллын талаар ярилцдаг байлаа. Ингээд Монгол Улсад өрнөсөн ардчиллын талаарх мэдээллийг миний бие Ротерс агентлагт дамжуулдаг байсан. Тухайн үед барууны орны сэтгүүлч Монголд хэд хоногоор хааяа нэг ирдэг, байнга байдаггүй. Миний хувьд байнга байдаг болохоор болсон үйл явдлын мэдээг дор бүр нь шуурхай мэдээлсэн. Ардчилсан хувьсгалын үеэр маш олон фото зураг авсан даа.
-Ингэж мэдээлэх нь гадаадын оюутны хувьд эрсдэлтэй алхам биш үү?
-Тухайн үед хүнд үе олон байсан. Нийгэм цаг төрийн байдал хаашаа эргэх нь тодорхойгүй. Гэсэн ч ардчилсан нийгмийн төлөө тэмцэж байгаа залуусын үйл хэргийг дэмжиж ажиллахдаа хэнээс ч, юунаас ч айгаагүй. Тэд ч “Ямар нэгэн зүйл болбол чи бидэнтэй хамт бай. Цаг төр буруу эргэвэл чи мэдээг нь дэлхий даяар явуулаарай” гэж хэлсэн. Ардчилсан хувьсгалын төлөө тэмцэж явсан залуус үр дүн нь юу болохыг үнэхээр хэлж мэдэхгүй байсан. Тухайн үед Хятадын Тяньаньмэний талбайд 1989 оны зургадугаар сарын 4-нд ардчиллын төлөө тэмцсэн хэдэн зуун хүний амь насыг хохироосон ноцтой асуудал гарсан. Энэ түүх Монгол Улсад давтагдах эсэхийг хэн ч хэлж мэдэхгүй байв.
Би нууцаар Хөвсгөл хүртэл явсан. Сүүлдээ баригдаад загнуулсан. Тухайн үед гадаадын оюутан хотоос 45 километроос цааш зөвшөөрөлгүй явж болдоггүй. Дандаа тусгай зөвшөөрөлтэй, багшийн хамт явах ёстой байв. Тухайн үед С.Зориг МУИС-д багшилж байсан хэдий боловч түүнтэй хамт Хөвсгөл явах зөвшөөрөл хүсэхэд өгөөгүй. Тийм учраас намайг онгоцонд нууцаар суулгаад явсан. Тухайн үеийн түүхийн гэрч болох фото зураг, плакат гэх мэт олон зүйл бий. Тэндээс “Энд хүмүүсийг баривчилсан байна. Хүмүүс ардчилсан нийгмийг шаардаж өлсгөлөн зарлаж, төв талбайд нь хоёр мянга гаруй хүн цугласан байна гэх мэтчилэн мэдээ явуулсан. Тухайн үед БНМАУ-ын төрийн удирдлагын түвшний хүн АНУ-д айлчилсан байгаа юм. Ингээд “Танай улсын хойд хэсэг Хөвсгөлд юу болж байна” гэж асуухад нөгөө хүн нь мэдээ ч үгүй байсан. Утсаар Монгол руу холбогдоод юу болсон талаар тодруулаад хариу өгсөн гэдэг. (Инээв) Тэгэхээр дэлхийд БНМАУ-ын цаг үе, нийгмийн талаар мэдээлэхийн гол ач холбогдол нь хүчирхийлэлгүй тайван замаар ардчилсан улс болох эсэхэд дэлхий нийтийн анхаарлыг хандуулж давхар хяналт тавиулах нь зүйтэй гэж би бодсон.
-Тухайн үед одоогийнх шиг интернэт, Facebook гэх мэт цахим хөгжил байгаагүй шүү дээ. Мэдээллээ хэрхэн явуулдаг байсан юм бэ?
-Тийм л дээ. Улаанбаатар зочид буудал, Төв шуудан хоёрт л телекс машин байдаг байлаа. Би нууцаар Улаанбаатар зочид буудлаас явуулна. Тэнд ганц хоёр настай эмэгтэй ажилладаг. Тэд англи хэл мэддэггүй учраас би мэдээллээ англиар бичиж явуулдаг байв. Эхэндээ мэдээллээ явуулчхаад цаад газар нь хүлээж авсан эсэхийг мэдэх ямар ч боломжгүй байлаа. Аз болоход надад таранзист радио байсан юм. Гэхдээ шөнийн 12 цаг өнгөртөл сонсох боломжгүй. Тухайн үед Монголд одоогийн Хойд Солонгос шиг гадаадын программуудад долгионоор саад учруулдаг байсан. Өөрөөр хэлбэл англи хэл дээрх BBC гэх мэт сувгуудыг сонсох боломжгүй. Шөнийн 12 цаг өнгөрөөгөөд 1-2 цагийн үед гадаадын мэдээ явж эхэлдэг. Магадгүй шөнө хүмүүс унтаж байна гээд долгиониор саатуулах ажлаа түр зогсоосон байх. Оюутны байранд шөнө радио шууд сонсох боломж бас байхгүй. Тиймээс хасах 30 хэдэн градусын хүйтэнд тагтан дээрээ гарч сүлжээ хайлгасаар байгаад BBC-гийн мэдээг олж сонсдог байв. Гэтэл “Монгол Улсад 25 мянган хүн Сүхбаатарын талбайд цугларч ардчиллыг шаардаж байна” гээд л мэдээ явсан. Тэр үед л миний мэдээлэл дэлхий нийтийн чихэнд хүрч байна гэж бодсон. Их ховор тохиолдолд мэдээгээ дамжуулахын тулд утсаар ярьсан. Хэдхэн минут нь долоон долларын үнэтэй. Оюутан байсан учраас тийм их мөнгө олдохгүй. Ротерс агентлагийн салбар Бээжинд байсан. Тэд заримдаа галт тэргээр явж байгаа хүмүүст мөнгө төлөөд, Улаанбаатар хотод, МУИС-ийн оюутан охинд дамжуулаад өгөөч гээд мэдээ дайгаад явуулдаг байсан. Би эхлээд Москва руу холбогддог. Тэндээс Бээжин рүү. Хааяа хааяа ерөөсөө холбогдохоо больчихдог. Учир нь миний мөнгө дуусчихсан. Тэгээд л Ротерс агентлагийн Япон дахь салбар руу холбогдоод “Миний мөнгө дууссан. Надад мөнгө явуулаарай гэж хэлээрэй” гэдэг байлаа.
-Танд ямар нэгэн байдлаар дарамт шахалт үзүүлэх зүйл гарч байсан уу?
-Эхэн үед хэн, хаанаас гадагшаа мэдээлэл явуулаад байгааг мэдэхгүй байсан. Дараа нь намайг гадарлаж хаагуур явсан, хэнтэй уулзсаныг маань тагнуулын газрын ажилтан асуусан. Тухайлбал, Хөвсгөлд очсоны дараа тус аймгийн дарга Гадаад харилцааны яаманд гомдол гаргасан. Ингээд намайг хариуцсан хүмүүст хэлж ойлгуулсан. Уг нь Хөвсгөл явахдаа хууль журмын дагуу С.Зориг багшийн хамт явах хүсэлтээ цагдаагийн газар өгсөн боловч ямар ч хариу ирээгүй. Эцэст нь хариу ирээгүй юм чинь явцгаая гээд явсан. Ингээд яагаад явснаа тайлбарлахдаа “Та нар маш удаан хариу өгсөн тул, явахаас өөр арга байгаагүй гэж хэлсэн.(Инээв) Нэг удаа Засгийн газрын ордноос намайг дуудаж “Чи нэг талыг барьсан мэдээ явуулж байна” гэж гурван цаг загнасан. Би ч нэг талыг баримталсан мэдээ явуулаагүй гэдгээ хэлсэн. Явуулсан мэдээг маань уншиж үзээд Засгийн газар, сөрөг хүчин, иргэдийн сэтгэгдэл байгааг хүлээн зөвшөөрсөн. Тэгэхдээ л худлаа зүйл байхгүй ч бид дургүй байна гэсэн. Энэ мэтчилэн дарамт их байсан.
-Ардчилсан хувьсгалыг хийхийн төлөө тэмцэж байсан тухайн үеийн Монгол Улс болоод өнөөдрийн Монголын ялгааг юу гэж харж байна?
-Нэг талаас тухайн үеийн нийгэм замбараатай байсан. Энэ талаар настай хүмүүс мартаагүй ярьдаг. Гэхдээ юуг мартсан бэ. Ариун цэврийн цаас ч дэлгүүрт байгаагүй. Түүний үүргийг тэр үеийн “Үнэн” сонины цаас гүйцэтгэдэг байсан. Тэр ч бүү хэл яаж сонины цаасыг “00”-ийн цаас болгох вэ гэсэн шог яриа хүртэл явдаг байсан. Толгой угаах шампунь байхгүй. Талхан дээр түрхэх масло хааяа нэг ирдэг. Тэр үед Их дэлгүүрийн өмнө дараалалд зогссон иргэдийн төгсгөл нь харагддаггүй байсан. Тэр үеийн оочер зүгээр ч дараалал байгаагүй. Хоорондоо хүмүүс наалдаад зогсчихсон. Үндсэндээ бараа асар их хомсдолтой байсан. Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хувийн бизнес эрхлэх, хүмүүстэй чөлөөтэй уулзах ч эрхгүй нийгэм байсан. Дандаа тагнуулна. Надтай уулзсан охид, залуусыг их айлгасан. Намайг гуравдагч орны охин гэж дууддаг байсан. Тиймээс миний найз нөхдөд “Тэр хүнтэй дахиж уулзвал чамайг ажлаас нь хална” гэх жишээний. Тухайн үед МАХН-ын Залуучуудын хорооны төлөөлөгч залуутай гэмгүй сайн найз байлаа. Тухайн үед манай ээжийн бие муу. Ямартай ч ээж дээрээ очмоор санагдаад найзаасаа сарынх нь цалинг зээлсэн. Тэгээд ирэхдээ чамд юу авчирч өгөх вэ гэтэл “Боломж нь болбол жинсэн өмд, куртик авчраарай гэсэн. Түүнийг нь ч би авчирч өгсөн. Ингээд найз маань жинсэн хувцсаараа гангараад МАХН-ын Залуучуудын хуралд оролцсон. Гэтэл барууны орны хувцас өмссөн хэргээр Залуучуудын холбооны гишүүнээс нь хөөсөн. Тэгээд надтай уулзаж болохгүй талаар анхааруулсан. Ийм л эрх чөлөөгүй нийгэмд амьдарч байсан шүү дээ. Ганц энэ залуугаар ч биш өчнөөн олон найзуудыг маань надаас харилцаагаа таслахыг сануулж, анхааруулж байсан.
-Тэгэхээр зарим найзууд нь танаас хөндийрсөн байх даа. Хэн нэгнээс болоод өөртөө асуудал хүсэх хүн байхгүй л болов уу?
-Магадгүй тэгсэн. Гэхдээ үерхэлдээ үнэнч үлдээд одоо болтол үерхэж байгаа найзууд бий. Тэр үед хүмүүсийг дэндүү хянадаг байсан. Бүх юмыг хянадаг, анхааруулдаг, хориглодог нийгэм байсныг одоогийн залуус мэдэхгүй байна. Одоо тэр үе шиг байх юм бол хүмүүс нэг ч хонохгүй бослого гаргана. Тухайн үед залууст чөлөөт цагаа өнгөрүүлэх газар байгаагүй. Улаанбаатар зочид буудал, Баянгол ресторанд баар байсан. Улаанбаатар зочид буудалд монголчуудыг оруулдаггүй. “Танайд найзуудтайгаа ороод сууж болохгүй юм бол би танайхаар үйлчлүүлэхгүй” гээд уурлаж байсан удаа бий. Бидэнд уулзаад ярилцах газар олддоггүй учраас харанхуй замаар явсаар байгаад Зайсан хүртэл алхаж яваад эргээд алхаад л ирдэг байлаа.
-Та гэрэл зургуудаараа үзэсгэлэн гаргаж байв уу. Цуглуулгуудаа яах бодолтой байна?
-Тэгж чадаагүй л байна. Төв музей болон Улсын архивт гэрэл зургаасаа оруулахыг хүсч байна. Гэхдээ өөрийнхөө нэрээр. Дорнод аймагт миний дарсан хоёр ч зураг бий. Гэхдээ ямар ч нэр усгүй. Хамгийн наад зах нь зураг авсан хүний нэрийг тавьдаг баймаар байна. Миний бодлоор бүх аймгийн музейд Ардчилсан хувьсгалтай холбоотой зураг байх ёстой гэж бодоод байгаа. Надад хувьдаа музей байгуулж зургаа дэлгэх санхүүгийн боломж байхгүй л дээ. Би хэнд хандаж түүхийн бодит гэрч болсон гэрэл зураг, архивын бүтээлүүдээ үлдээхээ мэдэхгүй л байна. Би нутгийнхаа музейд хадгалуулаад 100 жилийн дараа монголчууд очиж үзэх ёстой юм болов уу. Өнөөдрийн мэдээ дараагийн түүхийг бүтээж байдаг. Магадгүй тэр үеийг биеэрээ туулж мэдрээгүй хүмүүс тухайн үеийн нийгмийг дэндүү сайхан байснаар төсөөлдөг байхыг үгүйсгэхгүй. Гэтэл тэр үеийн нийгэм цаг үеийн бодит байдал үнэн төрхөөрөө гэрэл зурагт л үлддэг.
-Оюутан насаа Монголын шилжилтийн цаг үед өнгөрүүлжээ. Залуу хүн болсон хойно хайрлаж дурлах үе байсан байх даа?
-Миний залуу нас сонирхолтой өнгөрсөн. Над шиг барууны орны эмэгтэйтэй танилцаж, үерхэнэ гэдэг залуусын хувьд аюултай байсан. Тэр үед би сургуулийнхаа нэг залууг “Ямар царайлаг юм бэ” гээд хардаг боллоо. Тэр ч намайг хараад хоорондоо үг ярилгүй олон сар болсон. Нэг удаа гудамжинд зөрөх үед нь би түүн рүү нүдээ ирмэсэн. Тэр намайг гайхсан харцаар ширтээд юу ч хэлэлгүй зөрсөн. Тэгээд би Ирья “Чи юу хийчихэв ээ” гээд түгшсэн. Дахиад хоёр хоногийн дараа бид таарсан. Би тэр үед юу ч хийгээгүй. Гэтэл тэр над руу нүдээ ирмэсэн.(Инээв) Энэ мэтчилэн нүдээрээ ирмэлцээд л хэдэн сарын турш явсан. Хоорондоо юу ч яриагүй. Ингээд их сургуулийн шинэ жилийн албан ёсны үдэшлэг дээр “Тантай бүжиглэж болох уу” гээд өнөөх залуу маань ирсэн. Ингэж дурлалт залуутайгаа танилцсан түүхтэй. Хэдийгээр хэзээ ч бүтэхгүй ч гэсэн ийм нэгэн сайхан хайрын түүх бий. Нэг талаас инээдтэй. Нэг талаас өрөвдмөөр түүх л дээ. Тэр намайг их сургуулиа төгсөхөөс өмнө төгсч хөдөө орон нутагт ажиллахаар явсан. За бараг л кино болохор түүх дээ. (Инээв) Тэр үед залуус бидэнд очих газар байхгүй. Заримдаа найзуудынхаа гэрийг эзгүйчилнэ ээ. Бөөнөөрөө кино үзэж, бүжиглэж, хоол хийж идээд л өнгөрүүлдэг байжээ. Хэдийгээр бидний залуу нас өнөөдрийн залуусынх шиг чөлөөтэй нийгэмд өнгөрөөгүй ч гэлээ залуучууд л бол залуучууд шүү дээ. Одоо эргээд уулзаад ярилцаж суухад сайхан л байдаг. Хуучин социалист нийгмийн үеийн БНМАУ-д хэдэн сайн тал байсан хэдий ч та нарын төсөөлж байгаа шиг сайхан нийгэм байгаагүй шүү. Тэр хэцүү цаг үед залуус амьдарч үзээгүй болохоор ямар нийгэм туулсныг зүүдэндээ ч төсөөлөхгүй байна. Тиймээс өнгөрсөн цаг үеэсээ сургамж авч ардчилсан нийгмээ хайрлаж, үнэ цэнийг нь хамгаалж яваарай.