Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд сонгуульд бэлэн үү гэсэн нэхэл хатуутай асуултыг сэтгүүлчдэд хаягласан уулзалт “Blue Sky” зочид буудлын хурлын танхимд боллоо. “Сонгуулийн тухай хууль ба хэвлэл мэдээлэл” сэдэвт дугуй ширээний уулзалтаар удахгүй өргөн баригдах Сонгуулийн тухай хуульд орж байгаа хэвлэл, сурталчилгаатай холбоотой заалтуудыг онцлон ярилцлаа. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар хууль зөрчсөн гомдлыг хүлээж аваад дүгнэлт гарган, Харилцаа холбооны зохицуулах хороонд өгөхөд тус хороо телевиз, радио, сайтуудыг зургаа хүртэл сарын хугацаатайгаар тусгай зөвшөөрлийг нь цуцлах эрхтэй байгаа нь хэвлэлийнхнийг эмзэглүүлэв.
Глоб интернэшнл төвийн тэргүүн Х.Наранжаргал
“Манайд 1998 онд батлагдсан Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль бий. Хүмүүс дөрвөн зүйлтэй гэж голдог. Гэхдээ голох бус гол зарчмуудыг нь хийж өгсөн юм. Түүнд нэгдүгээрт “Ямар ч төрлийн цензур байж болохгүй” гэсэн. Засгийн газрын байгууллага өөрөөр хэлбэл ШӨХТГ дүгнэлт гаргаад түүнд нь үндэслэж, Харилцаа холбооны зохицуулах хороо шийдвэр гаргахаар төрийн цензурыг өөгшүүлдэг. Цагдаа Зөрчлийн хуультай холбоотойгоор оролцож байна гэж ойлгосон. Харилцаа холбооны зохицуулах хорооны даргыг Ерөнхий сайд томилдог. Аливаа хяналтад олон нийтийн оролцоо байх ёстой. НҮБ-д ирэх жил Хүний эрхийн төлөв байдлын тайлан өгөхөөр иргэний нийгмийн байгууллагууд бэлтгэж байгаа. Түүнд Сонгуулийн хуулийн олон улсын хэм хэмжээнд нийцээгүй заалтуудыг оруулсан. Өөр нэг асуудал бий. Мэдээ хамгийн хараат бус байх ёстой. Сонгуулийн тухай бодит мэдээлэл оруул гэхээр үндэсний телевизээр зүгээр реклам явуулчхаж байсан. Мэдээгээр нэр дэвшигчийн реклам явуулахаар мэддэг хүн харвал инээдтэй. Сонгуулийн хууль хараат бус сэтгүүл зүйг үйл ажиллагаа явуулах боломжгүй болгож байгаа юм. Сонгуулийн хараат бус мэдээлэл гэхээр намуудын сонгуулийн мөрийн хөтөлбөрийн тухай харьцуулсан анализ гэх мэтийг хэлж байгаа юм. Энэ мэт хэвлэл мэдээллийн хэрэгслийн хийх ёстой зүйлүүдийг хаачихсан. Яагаад гэвэл үүнээс хэтрүүлбэл хаагдчихна гэсэн айдас байдаг. Энэ талаар ерөөсөө дуугардаггүй. Дээрээс нь сонгуулийн үеэр ихэнх хэвлэл мэдээлллийн хэрэгсэл мөнгөө л боддог.Сонгогчдыг бодит мэдээллээр хангах үүргээ умартдаг. Гэтэл сонгуульд хэвлэл мэдээллийн хэрэгслийн үүрэг өндөр байхын хэрээр сонгогчдын өмнө хүлээх хариуцлага нь өндөр байх ёстой. Шударга, тэнцвэртэй гэдэг зөвхөн нэр дэвшигчдэд тэнцвэртэй цаг өгөх тухай асуудал биш. Ямар өнгө аясаар мэдээлж байгаа нь чухал. Одоо бол та нар мөнгөө аваад төлбөртэй сурталчилгаагаа тэнцвэртэй хийгээрэй гэсэн төлбөртэй сурталчилгааг л дэмжсэн хуулийн заалтын тухай ярьж байгаа болохоос биш сонгуулийн үеэр хараат бус мэдээлэл түгээхэд анхнаасаа анхаараагүй гэдгийг олон удаа хэлж байна” гэсэн юм.
“2020 оны сонгуульд сэтгүүлчид, хэвлэл мэдээллийнхэн бэлэн үү?” сэдвээр илтгэл тавьсан хуульч, судлаач Л.Галбаатарт энэ асуултыг эргүүлээд тавилаа.
-Бэлэн байх шаардлагатай байна гэж л хэлье. Мэргэжлийн ёс зүйг сайтар баримтлаад, дагаж мөрдвөл сонгуулийн үеэр иргэддээ бодит мэдээлэл хүргэж, сонгууль шударга болоход хувь нэмрээ оруулж чадах юм. Бүх асуудлын шийдэл нь мэргэжлийн ёс зүй болж таарч байна. Бусад улс оронд сонгуулийн үеэр болсон асуудлын тухай гарын авлага уншиж байхад хамгийн эцсийн шийдэл нь сэтгүүлчийн ёс зүй, мэргэшсэн байдал юм билээ. Сэтгүүлч мэдээллийг нягтлан шалгах үүрэгтэй гэсэн ёс зүйн дүрэм байдаг. Гэтэл мэдээллийг нягтлан шалгаагүйтэй холбоотой олон үр дагавар гардаг учраас мэдээллээ боломжит түвшиндээ нягтлан шалгахад иргэдийн сонгох эрхийг хамгаална. Мэргэжлийн байж чадна. Цахим орчинд сонгууль тойрсон олон үйл явц өрнөж байгаа учраас аюулгүй байдлаа яаж хангах вэ, хэрхэн цахим орчны дарамтанд автахгүй байх вэ гэдэгт өөрийгөө бэлтгэх ёстой. Бэлтгэл нь тасралтгүй үйл явц юм. Цахим орчинд өөрийгөө аюулгүй байлгаж чаддаг, мэдээ мэдээллээ бодитоор түгээж чаддаг байх учиртай. Одоогоор зарим сэтгүүлч бэлэн биш байна гэж ажиглагддаг. Тодорхой байгууллагад харьяалагддаг хэрнээ хувийн фэйсбүүк хаягаараа мэдээлэл түгээхэд иргэн төөрөлддөг. Энэ сэтгүүлч хувийн бодлоо түгээгээд байгаа юм уу, сэтгүүлчийнхээ хувьд олсон мэдээллээ хүргээд байгаа юм уу? Хэдийгээр та хувь хүнийхээ хувьд үзэл бодлоо илэрхийлсэн ч олон нийт сэтгүүлч гэдэг үүднээс чинь хүлээж авдаг.
Одоо мөрдөгдөж байгаа Сонгуулийн тухай хуулиар ч удахгүй батлагдах Сонгуулийн тухай хуулийн төсөлд ч цагийн хязгаарлалтаар асуудлыг шийдэх гэж оролдож байна. Хугацаа тавьж та бүх нэр дэвшигчид тэнцвэртэй хандана, төлбөртэй нийтлэлийг төлбөртэй гэсэн тэмдэглэгээтэй гаргана. Энэ заалт радио, телевиз, цахим хуудаст ч хамаарч байгаа. Гэхдээ 2016 оны Сонгуулийн тайланг харахад сонгуулийн сүүлийн хоёр өдөрт арав гаруй телевиз, радио хугацаагаа илт хэтрүүлсэн зөрчил гаргасан. Сүүлийн хоёр өдөр санал өгөхөд маш чухал үе байдаг. Хяналтыг Харилцаа холбооны зохицуулах хороо тавьдаг. Үүргээ мэдэж байгаа ч тэнцвэртэй байж чадахгүй байгаа нь редакци хараат бус байж чадахгүй, хөндлөнгийн нөлөөнд байна гэж хардах үндэслэлтэй болгож байгаа юм” гэлээ.
Нээлттэй нийгэм форумын Засаглалын хөтөлбөрийн менежер Д.Энхцэцэгтэй энэ сэдвээр ярилцлаа.
-Сонгуулийн үеэр хэвлэл мэдээллийн байгууллага хэрхэн ажиллах талаар ярилцахдаа төлбөртэй мэдээлэл, цагийн хуваарьт түлхүү анхаарал хандуулаад байна л даа. Харин сонгогчид бодит мэдээлэл өгөх асуудал хэзээ нь яригдах юм бэ?
-Сонгогчдод зориулсан мэдээлэл нь шинэ яригдаж байгаа хуулиар төлбөртэй мэдээлэл 60 миунт байсныг одоо 120 болгож байгаа юм байна. Сонгогчдод зориулсан мэдээллийг мэдээний хөтөлбөрөөр явуул гэхээр өмнө нь таван минут өгч байсныгаа 10 минут болгож байгаа юм байна. Гэхдээ өмнө нь ч төрийн бус байгууллагууд зөндөө ярьж байсан. Энэ бол хангалттай цаг биш гээд. Хоёр асуудал гардаг. Мэдээний цагийн дундуур таван минутын боломж олгохоор зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл далд сурталчилгаанд ашиглачихдаг. Өөрөөр хэлбэл нэр дэвшигчээс мөнгийг нь аваад тухайн хүнийг сурталчлахад зориулдаг. Нэг хэсэг нь сонгуулийн мөрийн хөтөлбөр харьцуулах гэх мэт сонгогчдод хэрэгтэй мэдээлэлд зарцуулдаг. Энэхүү мэдээллийн хэрэгслүүд нь таван минут хаанаа ч хүрэхгүй байна гэдэг. Ийм асуудал үүсдэг. Энэ хоёр асуудлыг яаж уялдуулж зохицуулах вэ. Нэгдүгээрт энэ цагийг далд сурталчилгаанд ашиглуулахгүй байх бүх зохицуулалтыг нарийвчлан хуульд тусгах ёстой. Хэрвээ ингээд тодорхой болгочихвол сонгогчдод зориулсан бодит мэдээлэлд илүү их цаг зарцуулах юм. Төлбөртэй мэдээллийг төлбөртэй гэж бичье гэх мэтээр хуулинд тодорхой заалтууд бий. Гэтэл олонх хэвлэл мэдээллийн хэрэгслүүд сонгуулийн үеийг мөнгө босгох цаг хугацаа гэж хардаг. Хуулийн хүрээнд олгогдсон цагийг төлбөртэй мэдээлэлд зарцуулах сонирхолтой байдаг. Мэдээний дундуур далд сурталчилгаа оруулах гэх мэтээр ёс зүйн хувьд асуудалтай үйл ажиллагаа явуулдаг. Үүнтэй холбоотой хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулах байгууллагын үүрэг оролцооны тухай энэ хэлэлцүүлгийн үеэр яригдлаа. Заавал мэдээллийн хэрэгслийг хааж боох асуудлыг ярихаасаа өмнө угаасаа сонгуулийн үеэр хэвлэл мэдээлэл яаж ажиллах ёстой юм гэдэг ёс зүй, кодыг тодорхой болгочхоод, тэр хүрээндээ хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагааг хумьж, хянах тухай яриач ээ гэсэн санал гарч байгааг би хувьдаа зөв гэж үзэж байна.
-Яригдаж байгаа Сонгуулийн тухай хуульд өмнөхөөсөө илүү боломжтой заалтууд тусгагдсан гэж үзэж байна уу?
-Үгүй, үгүй. Минутын хувьд л жаахан нэмэгдсэн болохоос биш агуулгын сүртэй ялгаа харагдахгүй байна. Ялангуяа хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын байгууллагын үүрэг оролцоог нэмэгдүүлэх асуудлыг дутуу авч үзсэн юм байна. СЕХ өмнө нь гомдол хүлээж авдаг байсан бол одоо өөр хоёр төрийн байгууллагад хувааж өгчээ. Тэр дунд нь давхцах, ойлгомжгүй, асуудлууд гарч байгаа юм байна. Дээр нь Зөрчлийн хуультай холбоотойгоор Цагдаагийн байгууллага орж ирж байна. Сонгуулиас өмнө мэдээлэл сайн өгөхгүй бол сонгогчид болоод нэр дэвшигчдийг будилуулах, ойлгомжгүй байдал үүсгэх магадлалтай заалтууд явж байна гэж энэ хэлэлцүүлгээс ойлголоо. Үүнийг тодорхой болгох шаардлагатай. Гол нь хуулийн төсөл нь эцэслэгдээгүй байгаа болохоор, хүлээн зөвшөөрөгдсөн нэр хүндтэй хүмүүс нь сууж шийдвэр гаргаж байгаа, ёс зүйн код нь тодорхой болсон хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын байгууллагаа сонгуулийн үеэр ажиллах үйл явцад оруулж ирэх хэрэгтэй.
-Хуурамч мэдээллийг ялгаж таних асуудал байдаг гээд ШӨХТГ-ийн төлөөлөл ярьж байна. ШӨХТГ, Харилцаа холбооны зохицуулах хороо, цагдаа гээд хариуцлага тооцож, шийдвэр гаргаж байгаа байгууллагууд Хэвлэл мэдээллийн зөвлөлтэй хамтарч ажиллаж, мэргэжлийн туслалцаа авч болдоггүй юм уу?
-Яг хуурамч мэдээлэл гэж юу вэ гэдэг тодорхойлолт, эрх зүйн орчны зохицуулалт Монголд хангалтгүй байгаа. СЕХ-ноос бэлтгээд байгаа хуулийн төсөл дээр ч байхгүй шүү дээ. Ерөнхийдөө хуурамч мэдээлэл тараахыг хориглоно гэж байгаа юм. Хуурамч мэдээлэл тараасан бол ийм хариуцлага хүлээлгэнэ гээд оруулчихсан. Хуурамч мэдээллийн талаар олон улсын байгууллагуудын гаргасан тайлангууд бий. Санаатай тараасан бол ингэж үзнэ. Санаандгүй тараасан бол яах вэ гээд тодорхой туршлагуудыг харгалзаж хэрэгжүүлэх шаардлагатай. Өнөөдрийн хэлэлцүүлгээс харвал үүнийг Харилцаа холбооны зохицуулах хороо, ШӨХТГ хоорондоо журмаар зохицуулах байдлаар Сонгуулийн тухай хуулийг хийх гэж байна гэж ойлгосон. Энэ байгууллагууд магадгүй энэ журмуудаа гаргахдаа хэлэлцүүлэг хийх байх. Хуурамч мэдээлэл гэж юуг харах вэ, үүнийг мэдээлэх гэж байгаа хүмүүс ямар үндэслэлээр гомдлоо гаргах, сонгогчид хуурамч мэдээллийг яаж таних вэ гэдэг хоёр талын асуудлыг ярих ёстой.
-Сонгуулийн үеэр элдэв бичлэг тарах бололтой. Үүнийг зохицуулах боломжууд байгаа юу?
-Хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй холбоотой Сонгуулийн тухай хуульд орж байгаа өөрчлөлт гүтгэн доромжлох, худал мэдээлэл тараах, хуурамч мэдээлэл тараах гэсэн зохицуулалт байгаа шүү дээ. Энэ хүрээнд бүх асуудал цаашаа задраад явна л даа. Одоохондоо Сонгуулийн тухай хуульд нарийвчилсан зохицуулалт орж ирэхгүй юм байна. Бид хариуцсан төрийн байгууллагууд нь ямар журмууд гаргахыг анхааралтай ажиглаж байгаад, гарч болзошгүй нарийн ширийн асуудлууд тэр журмуудад яаж тусах нь вэ гэдгийг бүгдээрээ тал талаас нь хэлэлцэж, зөв суулгаж өгмөөр байна.
-Гүтгэн доромжлох гэдгийг шүүх тодорхойлох юм уу, цагдаа ямар оролцоотой юм бэ?
-Зөрчлийн хуулийн хүрээнд цагдаад гомдол гаргаад,цагдаа одоо Зөрчлийн хуулийн хүрээнд хийж байгаа ажлаа хийгээд явах юм байна гэж ойлголоо. Цагдаад гомдолтой бол цаашаа шүүх рүү явах тухай ярьж байна гэв.