Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Монголын хууль хар тамхитай тэмцэж чадахгүй

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүрсэн тухай экс Ерөнхийлөгч нэгэнтээ мэдэгдэж байсан. Улмаар хар тамхитай тэмцэх үндэсний хөтөлбөр боловсруулж, шат дараатай арга хэмжээ авч эхэлсэн байдаг. Гэвч жилээс жилд гэмт хэргийн гаралт өссөөр. Өнгөрөгч долоо хоногт ЦЕГ-аас “Хар тамхигүй орчин, ажлын байр” аян зарлахад хүрчээ. Хар тамхитай тэмцэх газрын дарга Ж.Эрдэнэболдын хэлж буйгаар, 2019 оны эхний есөн сарын байдлаар мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэлтэй холбоотой гэмт хэргийн гаралт өнгөрсөн жилийнхээс 32 хувиар, холбогдогч нарын тоо 21 хувиар өссөн гэж байна. Хар тамхи буюу цагаан тахал нь үндэстэн дамнасан, дэлхий нийтэд тулгамдаж буй томоохон асуудлуудын нэг. Хар тамхины хор хөнөөл, үр дагаврын талаар өдөр бүр ярьсаар, бичсээр, тэмцсээр байтал улам цэцэглэсээр байгаагийн шалтгаан нь юу юм бол.

 

Хар тамхи сурталчилсан хүнд хариуцлага тооцох хуулийн заалт алга

Энэ талаар хуульзүй, дотоод хэргийн дэд сайд асан Б.Энхбаяр ярихдаа, “Юун түрүүнд, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлага байна. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх тухай хууль 2006 онд батлагдсан. Энэ хууль өнөөгийн нөхцөл байдалд шаардлага хангахгүй болсон байна. Тиймээс шинэчлэн найруулах ажил хийгдэж эхэлсэн” гэжээ. Түүний хэлснийг нотлох мэт нэгэн үйлдэл өнгөрөгч долоо хоногт цахим орчинд тархаж, олны анхаарлыг татсаар байна. Тодруулбал, “Comedy lab” клубын комедиан Д.Амартүвшин “Өвс татахыг зөвшөөрөөч” гэх агуулга бүхий байр суурийг твиттер хуудаснаа жиргэсэн юм. Энэ тохиолдолд Хар тамхитай тэмцэх газар түүний биед нэгжлэг хийж, мэдүүлэг, шээсний шинжилгээ аваад явуулсан гэх. Чухамдаа, шинэ үеийнхэнд үлгэр дуурайл үзүүлэх ёстой олны танил эрхмүүд энэ мэтээр амин хувиа хичээсэн үйлдэл гаргаж буйд хуульзүйн хариуцлага тооцдог болмоор байна. Хар тамхитай тэмцэх үндэсний хөтөлбөр, эрүүгийн хуулийн 20 дугаар бүлэгт яг ийм тохиолдолд ямар арга хэмжээ авах тухай хуулийн заалт алга. Харин Д.Амартүвшингийн хувьд энэхүү үйлдлээ бахархал мэт үзэж, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд халдлаа гэх утгатай сэтгэгдэл оруулжээ. Энэ бол ардчилсан нийгмийн үнэт зүйл болсон чиний эрх чөлөө бусдын эрх чөлөөгөөр хязгаарлагддаг хувь хүний эрх чөлөөний үзлээс тусдаа асуудал юм.
Яг үүнтэй адил нэгэн асуудал өнгөрөгч хавар хөндөгдсөн. МҮОНРТ-ээр Хар тамхины загалмайлсан эцэг “Пабло Эскабор” уран сайхны киног нэвтрүүлж байгааг зогсоох шийдвэрийг Хар тамхитай тэмцэх газрын дарга Ж.Эрдэнэболд гаргасан юм. Олон нийт ч энэ шийдвэрт таатай хандаж, дэмжиж байсан. Гэвч, МҮОНРТ-ийн захирал Л.Нинжжамц “Манай телевиз Пабло Эскобарыг дуустал нь гаргана. Манай байгууллагын нийтлэлийн бодлогод хэн ч халдах ёсгүй” хэмээн мэдэгдсэн байдаг.
Дээрх хоёр үйлдэл олон нийтэд, ялангуяа өсвөр үеийнхэнд хар тамхи хэрэглэж үзэх сэдэл төрүүлж, тэднийг өөгшүүлсээр байхад хариуцлага тооцдог хуулийн заалт алга байна.

 

Урлаг соёлынхонд хариуцлага тооцдог хууль сахиулагч алга

Хар тамхины хэрэглээг залуусын дунд өргөн тархахад томоохон нөлөө үзүүлсэн хүмүүс бол урлаг соёлын одод. Тэд үйлдэл дээрээ баригдаж, хэргээ хүлээдэг ч зохих ёсоор, хуулийн дагуу шийтгэл хүлээлгэдэг жишиг манайд үгүйлэгдэж байна. Тэдний ихэнх нь хэдхэн сар хоригдож, тэнсэн харгалзах ялаар шийтгүүлээд өнгөрч байжээ. Он гарсаар хар тамхины хэрэгт холбогдсон дуучин Д.Мөнхтулга буюу Дон Диор нэг жилийн тэнсэн харгалзах ялаар, никель Ганбаа 30 хоногийн баривчлах ялаар, Ice top хамтлагийн дуучин С.Чулуунбаяр нэг жилийн хорих ялаар шийтгүүлжээ. Түүнчлэн хэдхэн хоногийн өмнө автомашиндаа хар тамхи хэрэглэж байгаад үйлдэл дээрээ баригдсан дуучин Б.Амархүүг сарын хугацаатай хорих шийдвэр гараад байна. Өнгөц харахад хар тамхийг амьдралын боломжтой баян хүмүүс хэрэглэдэг мэт боловч тэднийг даган дуурайж хэчнээн залуус хар тамхинд уруу татагдсаныг мэдэх аргагүй юм. Ямартаа ч, хар тамхи зөвхөн баячуудын хэрэглээ гэх ойлголт ард хоцорсон байна. Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар, энэ жил хар тамхины хэрэгт холбогдсон нийт хүний жар гаруй хувийг тодорхой эрхэлсэн ажилгүй хүмүүс эзэлж байжээ.
Түүнчлэн, хар тамхины хэрэг өнөөдөр захиалагч, зөөвөрлөгч, хүлээн авагч, борлуулагч, хэрэглэгч гэсэн “гинжин урвалд” орсон сүлжээ болоод байна. Хамгийн гол нь үүнд хяналт тавьж, хууль сахиулах үүрэгтэй хууль хяналтын ажилтнууд тэдний эгнээнд нэгдэж, бүр ч нарийн зохион байгуулалттай болжээ. Прокурор Х.Тамир, ТЕГ-ын мөрдөн байцаах хэлтэст ажиллаж байсан Б.Амарбаясгалан нарын таван хүн хар тамхины хэрэгт холбогдож байсан нь үүний тод жишээ гэлтэй. Цагдаа, тагнуулын гүйцэтгэх ажлын арга барилыг мэдэх хүмүүс хар тамхины худалдааны сүлжээг удирдаж байгаа энэ тохиолдолд уг гэмт хэргийн хүрээ хумигдах бус бүр ч зах замбараагүй болох нь дамжиггүй.

 

Хар тамхины хэрэгт анхаарал хандуулах төрийн түшээд алга

Хар тамхийг даган эрүүгийн нөхцөлийг хүндрүүлдэг олон ноцтой үр дагавар бий болдог. Нийгмийн хар толбо болсон биеэ үнэлэлт, садар самуунаас эхлээд хүний наймаа, эд эрхтний худалдаа, зэвсэгийн наймаа гээд дэлхий нийтээр тэмцээд дийлдэггүй аюул манай улсыг тойрохгүй нь лав. Хүн амд ногдох амиа хорлолт, хорт хавдарын болон зам тээврийн ослоор нас баралтын тоогоор дэлхийд толгой цохиж яваа бараан үзүүлэлт дээр хар тамхины хэрэгт холбогдогсдын тоогоор дэлхийд тэргүүн эгнээнд бичигдэж эхлэх вий. Орон сууцны тагт, хашаандаа хар тамхи тарих хэмжээнд хүрсэн замбараагүйтэл түүнд хөтлөх нотолгоо болох биз. Нэгэнт хар тамхины хэрэглээ хорт хавдар мэт тархвал нийгмийн “өвчлөлөө” дийлэлгүй сүйрлийн ирмэгт очиж болзошгүйг хар тамхины хэргийн тоон мэдээллүүд хангалттай өгүүлж буй. Тэгэхээр ҮАБЗ яг одооноос “фокус”-аа тааруулж бүтэц бодлогын оновчтой хөтөлбөр гаргах тулгамдуу шаардлага бий. Түүнээс биш хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх үндэсний хороо гэх сүржин нэртэй, даржин үйл ажиллагаатай хол явахгүй. Саяхан шинээр байгуулагдсан гэх яамдын төлөөлөл, хил, гаалийн ажилтнууд, хар тамхитай тэмцэх газрын 11 мөрдөн байцаагч, эрүүгийн 22 ажилтантай бүтэц жулдаж байна. Энэ хүчээр хар тамхины 10 гаруй хүнтэй бүлэглэлүүд, 20-30 гишүүнтэй сүлжээнүүдтэй тэмцэж байгаа гэхээр хэтэрхий чамлалттай. ЭМЯ, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв хар тамхины чиглэлээр хамтарч ажилладаг боловч голдуу гэмт хэрэгт холбогдсон иргэдийг шинжилгээнд хамруулах, донтсон иргэдийг эмчлэхэд анхаардаг. Донтсон иргэдийг эмчлэх нь эрүүл мэндийг хамгаалах хүрээнд хийгдэж буй ажил болохоос нийгмийг эмчлэхэд чиглэсэн ажил биш гэдгийг хэлүүлэх юун. Хамгийн гол нь гуравхан сая монголчуудыг сүйрүүлэхэд ойрхон байгаа аймшгийг таслан зогсоохын төлөө анхаарал хандуулах сэтгэлтэй, зүтгэлтэй эрхэм түшээд бидэнд үгүйлэгдэж байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com