Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос зохион байгуулдаг “Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн форум 2019” хоёр дахь жилдээ “Тогтвортой хөгжлийг хангахад ЖДҮ эрхлэгчдийн оролцоо” сэдвийн хүрээнд болов.
Энэ оны зургадугаар сарын 6-ны өдөр Жижиг дунд үйлдвэрлэгчдийн тухай хууль 12 жилийн дараа шинэчлэн батлагдсан. Шинэ хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан шинээр байгуулагдах жижиг дунд үйлдвэрлэлийн агентлаг, дагалдан гарах журмууд болон цаашид баримтлах бодлого, хийх ажлын талаар баялаг бүтээгчид болон жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдээс санал авах, тухайн саналыг хэлэлцэх, оруулах зорилготой тус форумыг зохион байгуулж байна.
Жижиг дунд үйлдвэрлэлийн салбар бусад салбараасаа илүүтэй олон асуудлуудыг шийдвэрлэх шаардлагатай. Эдгээр асуудлуудаас хамгийн чухал нь санхүүжилт буюу зээл олгох үйл явц юм. Зээлийг сонгон шалгаруулахад албан хаагчдын мэргэжлийн бус, ур чадваргүй болон холбоо хамаарал, танилын хүрээгээ ашиглах, авлига авах, хуулийн хэрэгжилтийг биелүүлэхгүй байх зэрэг ард түмэнтэйгээ ашиг сонирхлын зөрчилдөөнтэй байгаа нь гол асуудал билээ. Үүнээс гадна үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн борлуулалтыг өсгөхөд импорт, экспортын гарцыг нэмэгдүүлэх төдийгүй дотоодын зах зээлийн хамгаалалтыг бий болгох хэрэгтэй. Түүнчлэн экспортын бараа, барааны төрлийг нэмэгдүүлэхийн тулд зөвлөх үйлчилгээ, сав баглаа боодол, хадгалалтын чанарын асуудал яригдана. Мөн ажиллах хүчний хомсдол буюу хүний нөөцийн асуудлууд энэ салбарын хөгжил удаашрахад хүргэж байна.
Нөгөөтэйгүүр “Малчин хүн баялаг бүтээгч мөн үү, биш үү эсвэл амиа аргацаасан натурал аж ахуй юм уу” гэсэн сэдвийг хөндөж байв. Малчид “Бид юу гэдэг нь тодорхойгүй байна. Өнөөдөр мах, сүү, арьс шир гээд олон зүйлийг үйлдвэрлэж байхад биднийг үйлдвэрлэгч гэж хардаггүй. Нүүдлийн мал аж ахуйн соёл, уламжлал бүгдийг авч явж байхад бид эзэнгүй байна. Биднийг бодлогоор авч яваад чиглүүлэх хүн алга” гэв. Хөдөө нутагт залуу малчин ховордож залуучууд нь бүгд хот бараадаж дээд боловсрол эзэмших хүсэлтэй, эмэгтэйчүүд нь мал маллаж амьдрах дургүй болсон цаг үе болжээ. Төрийн бодлогогүй, хэрэгжилт, хяналтгүй удаан явсны үр дүнд нүүдэлчин монгол гэж бахархах өв уламжлал маань ийм эмгэнэлт дүр зурагт хүрчээ.
Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын тушаалаар “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам”-ны “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан” нэртэйгээр үүсгэн байгуулагдсан. Тэгээд Засгийн газрын тусгай сангийн хуулиар зохицуулагддаг бие даасан сан. Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд шаардлагатай санхүүгийн эх үүсвэрийг төвлөрүүлэн хөнгөлөлттэй нөхцөл бүхий зээл олгож, тэднийг дэмжих замаар эдийн засагт жижиг, дунд үйлдвэрийн эзлэх байр суурийг бэхжүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх, үйл ажиллагааг нь өргөжүүлэх, зах зээлийн эрэлтэд нийцсэн сургалт зохион байгуулах үүрэгтэй.
Аливаа улс орны эдийн засгийн гол тоглолт хувийн хэвшил, төр хоёрын дунд өрнөдөг. Харин манай улсад төр, хувийн хэвшлийн компаниуд нь хэдхэн гэр бүл, төрөл садны гарт байгаа нь хэдийнэ олон нийтийн бухимдал дагуулсан. Жинхэнэ үйлдвэрлэгч нарт очих ёстой мөнгө нь улстөрч, сайд дарга нар, эрх бүхий албан тушаалтны түрийвчинд ордог байсан өнгөрсөн жил илэрсэн. Тухайлбал, УИХ дахь МАН-ын бүлгийн 50 гишүүн ЖДҮ-ийн хэрэгт холбогдсон билээ. Тэд мэдээлэлд ойр, эрх мэдэл албан тушаалаа ашиглаж ард түмний боломжийг хулгайлсан хэрэгтээ өнөөг хүртэл ямар нэг хариуцлага хүлээгээгүй байгаа юм. Энэ хэргийн үнэн мөнийг олох ёстой гэж уг форумд оролцогчдын зүгээс санал гаргаж байв. ЖДҮ-дийн хэрэг олон нийтэд ил болсноос хойш, сая дөнгөж иргэд жижиг, дунд бизнесийг дэмжих, үйлдвэрлэл хөгжүүлэх сангийн тухай ойлголттой болсон. Өөрөөр хэлбэл, ард иргэд мэдээлэлгүйн улмаас албан тушаалтнуудад боломжоо булаалгуулж байсан юм. Улмаар АТГ-аас шилэн данс, зээлийн эргэн төлөлтийг хүн нэг бүрчлэн нарийн харуулах шийдвэр гаргасан. ЖДҮ-чин албан тушаалтнууд санг нь цөлмөөгүй бол өнөөдөр Монгол Улсад ядуурал зургаан хувьтай байх байсан тооцоог Баялаг бүтээгчдийн холбооноос хийсэн байна. Харамсалтай нь үйлдвэрлэгчид энэ боломжоо хулгайд алдсан учраас ядуурал 10.1 хувь хүртэл өссөн хэмээж байгаа юм. ЖДҮ-ийн зээл “жинхэнэ” эзнээ олохгүй төөрч явсны гор энэ. ЖДҮ-ийн салбарыг хөгжүүлэхэд тулгарч буй нэг бэрхшээл нь иргэдийн худалдан авах чадвар бага байгаатай холбоотой. Өөрөөр хэлбэл, ажилгүйдэл, ядуурал их байгаа учраас үйлдвэрлэгчид хаалгаа барих нэг шалтгаан болж байна. Эдгээр нийгмийн ужиг болсон эдийн засгийн асуудлуудыг залруулах, бууруулах гарц бидэнд байна. Энэ бол ЖДҮ-г жинхэнэ утгаар нь хөгжүүлэх явдал.
Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн хөрөнгийн хэмжээ улсын төсвийн 10-аас доошгүй хувь байх ба одоогийн хөрөнгийн хэмжээнээс хоёр дахин нэмэгдүүлэх боломжтой. 2019 онд ЖДҮ-ийн нийт төсөв гэхэд л 47 тэрбум төгрөг ба 450 жижиг, дунд үйлдвэрлэгч зээл хүртэж, шинээр 726 ажлын байрыг бий болгожээ. Энэ тоог жил ирэх тусам нэмэгдүүлэх, зорьсон бизнес эрхлэгчид нь хүрч ажиллах нь чухал. Гэтэл Засгийн газраас жижиг дунд үйлдвэрлэгчдийг дэмжих хөрөнгө мөнгийг танаж багасгасаар ирсэн. Ганц жишээ дурдахад өмнө нь Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх санд жилд 90 гаруй тэрбум төгрөг зарцуулахаар төсөвт тусгаж ирсэн байдаг. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, Монгол брэндийг бий болгож байж л дотоодын зах зээлээ алдахгүй аварч үлдэнэ. Хэрэв үгүй бол Хятад, Солонгос, Америк зэрэг үйлдвэрлэгч улсуудын хурууны үзүүрээр хөдөлсөн хэвээр үлдэх нь.
ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл аваад, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж яваа хэсэг байхад олон удаа төслөө шалгаруулалтад өгсөн ч, нааштай хариу авч чадаагүй хүмүүс олон бий. Сангийн шалгуурыг даваагүй ч, ББСБ-аас зээл аваад 3-7 хувийн хүү төлж байгаа жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид байна. Банк, ломбард, ББСБ-ээс зээл аваад үндсэн зээлээ төлсөн ч хүү дээр нь “өвдөг шороодох” иргэдээ босгож чиглүүлэх цаг ирсэн. Гэтэл өнөөдөр жинхэнэ ажил хэрэгч ЖДҮ-чид чуулж зовлон, жаргалаа ярьж байхад хулгайч ЖДҮ-чид нь хариуцлагаас мултрах аргаа сүвэгчилсээр байна.