Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Төв Азийн зүрхэнд зүг чиг болж дүрэлзсэн ардчиллын галаа бөхөөх учиргүй

“Солонгосоос авчирсан эмэгтэй хүний пальтогоо зарахаар өдөр бүр Нарантуул захыг зорьдог ч зарахаасаа зарагдахгүй өдрүүд олон байлаа. Солонгос явахын тулд би хүнээс 7000 ам.доллар зээлсэн юм. Гэвч ийм байдалтай нэг жил орчим амьдарч, нэг мэдэхнээ пальтогоо нөмөрч унтдаг, ерөөс амьдрал, пальто хоёр салшгүй холбоотой болж орхилоо” хэмээн одоогоос 20 гаруй жилийн тэртээх амьдралаа “Ланд Бридж” компанийн захирал Д.Энхтүвшин хөгжилтэй нь аргагүй дурсан ярилаа. Тэр бол картын барааны үеэс “Аж үйлдвэрийн 4.0 хувьсгал”, социализмаас ардчилсан нийгэм хүртэл хөлөө олохоор тэмцэж буй монголчуудын нэг. Ардчилсан Үндсэн хууль баталж асан 1992 онд тэрбээр Арвайхээрт дунд сургуулиа төгсөж, зах зээлийн шуурганд хөл алдалгүй явсан нэгэн. Их сургуульд элсэж чадаагүй тул худалдааны техникум, дэлгүүрийн худалдагч, ганзагын наймаа, Нарантуул зах, Солонгост хар ажил эрхэлсэн гээд түүний амьдралд байр сууриа олж авах гэсэн тэмцэл Монголын нялх ардчиллын он жилүүдэд өрнөж байлаа. 

Одоогоос 20-иод жилийн өмнө Солонгос улсаас ирээд англи хэлс сурсныхаа ачаар “Туушин” компанид гадаад худалдааны ажилтнаар ажиллаж эхэлсэн нь Д.Энхтүвшинг ложистикийн салбартай холбосон түүхтэй. Тэр 1998-2008 онд эл салбарт туслах мэргэжилтнээс мэргэжилтэн, импортын, борлуулалтын хэлтсийн дарга болон дэд захирал гээд ажлыг багаас нь эхэлж, бодлогын түвшинд хүрч ажиллажээ. Улмаар 2008 онд найзтайгаа хамтран “Ланд Бридж” ХХК-ийг байгуулж, өдгөө 100 гаруй хүнийг ажлын байраар хангаж, үндэсний хэмжээний компани болтлоо өргөжжээ.

Д.Энхтүвшин бол ардчилсан нийгэмд шилжсэн өнгөрсөн 30 жилд өөрийн хувь заяагаа өөрөө сонгох боломжийг жинхэнэ утгаар нь ашиглаж чадсан гайхалтай хүмүүсийн төлөөлөл. Тэр өөрийн уйгагүй хөдөлмөр, хичээл зүтгэл, оюуны хүчээр нийгэмд, амьдралд баялаг бүтээж буй нэгэн билээ. Гэхдээ түүн шиг оргүй хоосноос энэ бүхнийг бий болгосон хүмүүс энэ нийгэмд тийм ч олон байхгүй. Өнөөдөр буй амьдралдаа сэтгэл хангалуун, орлого нь амьдралд хүрэлцэхүйц тийм гайхамшигтай ард түмэнтэй улс бүрдчихээгүй л байна. Хэдийгээр бид ардчилсан хувьсгал өрнөсний дараа нэг гараанаас гарсан ч гэлээ эдийн засгийн эрх чөлөө гэдэг зүйлээс “уяатай” хөгжиж, бусад хөгжингүй орны хөгжил дэвшилд тэмүүлж байгаа нь үнэн. Тиймээс л ардчиллын үнэ цэн, цаашдын хөгжлийн гарц, шийдлийн тухай ярина гэвэл эдийн засгийн эрх чөлөөний асуудлыг хөндөхөөс өөр аргагүй болж байгаа юм.

Ардчиллаар олж авсан бидний хамгийн суурь эрх чөлөө бол эдийн засгийн эрх чөлөө. Энэ эрх чөлөөгүйгээр боловсрол, эрүүл мэнд, шүүх засаглал гээд ерөөс бүх салбарын талаар яриад ч хэрэггүй. Өнөөдөр эдийн засгийн эрх чөлөө бидэнд үгүйсэн бол хөрөнгө оруулалт гэдэг үгийг хэн ч мэдэхгүй, бизнесийн салбар, цаашлаад Монгол улсын олон тулгуурт хөгжлийн зам харгуй хаагдмал байх байлаа. Уншигч Таньд ч зориулан би үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрхээ ийн эдлээд суух боломж үгүй байх байлаа.

Шүүмжилж болно, гэхдээ дарангуйллыг бүү санагалз

Энэ бол маш утга учиртай үг. Шүүмжлэх эрхийг ардчилал бидэнд өгсөн атал дарангуйллыг санагалзаад суух нь хэр зохимжтой вэ? Их Британид төвтэй “Economist Intelligence Unit” тинк танкаас гаргадаг Ардчиллын индексээр 2008 оны санхүүгийн хямралаас хойш ардчилалд хамгийн таагүй жил нь 2017 он байжээ. “Freedom House”-ийн судалгаагаар 2006 онд дэлхийн нийт хүн амын 46 хувь нь улс төрийн эрх чөлөөтэй, эдийн засгийн эрх чөлөөг дээдэлсэн, иргэний нийгэмд амьдарч байсан бол 2018 онд энэ тоо 39 хувь болж буурсан нь анхаарал татна.

Нэг жилийн өмнө дэлхийн алдарт “Time” сэтгүүлийн хуудаснаас НАТО-гийн 16 дахь Холбоотны дээд командлагч Жэймс Ставридис гэх эрхмийн бичсэн “Ардчилал төгс биш ч хэзээд оршин тогтноно” хэмээх нийтлэлийг олж уншсан юм. Тэрээр зарим улс оронд яагаад нэг хүний засаглал ноёрхох болсон тухай эргэцүүллээ хуваалцсан байв. “Азид Хятад, Оросын удирдагчид, Филиппиний Родриго Дутерто болон Латин Америкт Венесуэл, Боливи, Никарагуа, харин Атлантын нөгөө эрэгт Турк, Унгар, Польш зэрэг улсад гарч ирсэн ерөнхийлөгч нар магадгүй ардчиллын “өрсөлдөгчид” байх. Эрх мэдлийг төвлөрүүлж, хэвлэл мэдээллийг хянаж, шүүхэд хөндлөнгөөс нөлөөлж, эсрэг үзэлтнүүдийг нухчин дардаг арга барилууд нь олон нийтэд ардчиллын төгсгөл ирсэн мэт ойлголт төрүүлдэг биз. Дэлхий нийтэд тулгамдаж буй цагаачлал, технологийн дэвшил, үндэстэн дамнасан терроризм, эдийн засгийн хямрал, сорилтуудад улс орнууд төгс шийдэл олж чадахгүй байгаа учраас ард түмэн хүчтэй удирдагчдыг хүсэж байна” хэмээн нэг хүний дарангуйллын талаар дүгнэсэн байдаг.

 

Гэтэл нэг хүний засаглалыг хүсэмжилсэн дээрх шалтгааны аль нь ч Монголд алга. Тэгвэл манайхан юуны учир хүчтэй гар, мундаг удирдагч хүсээд байна вэ? Үүнийг олж тогтоосон социологийн болон улс төрийн үндэстэй судалгаа би лав одоог хүртэл олж хараагүй. Харин “76-уулаа идэж байснаас нэг хүн идсэн нь дээр” гэх хэн, хэзээ гаргасан нь мэдэгдэхгүй “абсурд” санаа бодол нийгэмд халдварлаад буйг бодхул нэг талаар олон түмэн хууль тогтоогчдод буюу парламентдаа итгэх итгэл буурч байгааг илтгэх мэт. Хөшигний цаадах шалтгааныг харвал авлига, хүн бүрд тэгш, шударга үйлчлэх ёстой хуульт ёс гажуудсантай холбоотой гэж ойлгож болохоор.

Ерөнхий сайд асан Р.Амаржаргал “Мэдээж нийгэм урагшлахын хэрээр миний орлого өсдөг. Гэхдээ бусад хүмүүсийн орлого минийхээс гойд илүү өсчихдөг. Үүний гол шалтгаан юу вэ? Угтаа би өдөр шөнөгүй хөлсөө асгаруулаад л зүтгээд байдаг. Гэтэл нөгөө нэг нөхөр сүйдтэй хөдөлмөрлөж байгаа нь харагдахгүй атлаа орлого нь эрс нэмэгдчихсэн, хагартлаа баяжчихсан байдаг. Ингээд цаад шалтгааныг ажиглахад эрх мэдэлтэй хүмүүстэй ойр, тэдний гар хөл болж, авлига авч, өгдөг, бялдууч, зусарч зантай “амьтан” байдаг. Энэ бол эрх мэдэлд хүрч, банкин дахь хадгаламжаа арвижуулах, үл хөдлөх хөрөнгөө нэмэгдүүлэх хамгийн адгийн арга. Тиймээс л ийм арга ашигласан нь баяжаад байна гэсэн ойлголт нийгэмд үүсч, энэ замаар явах хүмүүс нэмэгдсээр байна” гэлээ.

Өнөөдөр барууны хэвлэлүүд, судлаачдын тодорхойлж байгаа шиг олон нийт өнгөрсөн нийгмээ санагалзах “Зөвлөлт маягийн шарталт”-аа тайлж чадахгүй байгаа нь төрийн оролцоог улам данхайлгаж, тэр хэрээр ардчиллын суурь зарчмууд хумигдах нэг үндэс болж буйг судлаачид учирлаж байгаа юм. Энэ бол нэг талаас ардчиллын талаарх сонгогчдын боловсрол, уламжлал соёлтой холбоотой. Бас хамгийн аюултай нь хоёр төрийн нүүр үзсэн хэмээн сайрхах ахмад үеийнхний “Зөвлөлт маягийн шарталт” коммунист нийгмийн талаар ямар ч төсөөлөлгүй залуу үедээ халдварлаж байгаа нь тун аюултай гэдгийг нийгмийн оюун санааны түүчээлэгчид учирлах нь бий.

Тэгш бус байдал итгэл үнэмшлийн дайсан

Уг нь бид 1992 онд Үндсэн хуулиараа иргэн бүрт тэгш шударга нийгэм цогцлоох эрх олгож, энэ замналд эргэлт буцалтгүй орсон гэж итгэж байлаа. Харин 30 жилийн хугацаанд үүссэн өнөөгийн нийгмийг дүгнэн харахад тэрхүү итгэл, нийгмийн баялгаас тэгш шударга хүртэх боломжоо бид авлигад булаалгасан дүр зурагтай сууж байх юм. Тиймээс ч 1990 оноос хойш эдийн засаг хэдэн зуу дахин тэлсэн ч бараг гурван хүн тутмын нэг нь амьжиргааны доод түвшинд, дундаж давхарга нь эмзэг хэвээрээ байгаа биз. Нийт хадгаламжийн 90 гаруй хувийг хадгаламж эзэмшигчдийн нэг ч хүрэхгүй хувь эзэмшиж байгааг олон жил ярьсан. Гэсэн ч үүнийг шийдээгүй, ахиц дэвшил гаргаж чадахгүй байгаа нь өнөөх л авлигатай салшгүй холбоотой. Авлигын гэмт хэрэг нь эдийн засгийн харилцааг гажуудуулж, цусны эргэлтийг өөрчлөх замаар ядуурлыг улам гааруулдаг. Тиймээс цар хүрээний хувьд авлига ба ядуурлын хамаарал асар өргөн бас асар хортой.

Хэрэв Үндсэн хуулиар олж авсан өмчлөх эрх, эдийн засгийн эрх чөлөөгөө эдлэх, хамгаалах, баталгаажуулахыг хүсвэл авлигыг нухчин дарахаас өөр ямар ч арга, сонголт үгүй. “Улаанбаатар анализ” тинк танкын ТУЗ-ийн дарга О.Эрдэнэ-Өрнөх “Популистуудад саналаа худалдсанаар сүүлийн жилүүдийн сонгуулийн үр дүн, цаашлаад парламент, засаглал ямар байгаагаас тодорхой харж болох. Улс төрийн гол хоёр хүчин сонгуулийн өдөр ойролцоо саналтай явдаг ч эцсийн үр дүнг “ходоодны” санал шийдчихдэг. Хариуд нь бид өнөөдөр “60 тэрбум”, “ЖДҮ”-чид гэсэн эрх баригчдаа өдөр шөнөгүй зүхэж сууна. Улс төрийн эрхээ эдлэх хамгийн торгон мөч болох саналаа өгөх эрх юм. Үнэндээ ардчиллын хамгийн эмзэг цэг шүү дээ” хэмээн учирлав.

Явцуу эрх ашигтаа хөтлөгдсөн эрх мэдэлтнүүд чухам эрх мэдэл, эдийн засгийн эрх чөлөөнд хуулийн бус аргаар хүрэхийн тулд л иргэдийн саналыг худалдаж авдаг байх нь. Тиймээс л ард иргэдээ ядуу, харанхуй байлгах сонирхолтой байдаг аж. Үүний тулд бүхэл бүтэн систем бий болгож, төрийн араа шүдийг өөрсдийнхөө зоргоор ажиллуулдаг байх нь. Тиймээс л иргэд, олон нийт, хэвлэл мэдээлэл бид нийлж Үндсэн хуулиар олж авсан үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, өмчтэй байх, эдийн засгийн хийгээд улс төрийн эрх чөлөөгөө хамгаалах талаар үргэлж ярьж байх ёстой. “Глоб Интернейшнл” ТББ-ын тэргүүн Х.Наранжаргал “Ардчилсан нийгэмд эдийн засгийн эрх чөлөөг хангахад, хэрэв хангагдахгүй бол учир шалтгааныг олж илрүүлэхэд хэвлэл мэдээллийн хэрэгслийн үүрэг их нөлөөтэй” гэлээ.

Нийгмийн баялгийг сорогч төр

Профессор Дарон Ажэмолу, Жэймс.А Робинсон нар 2012 онд бичсэн “Улс үндэстний уналт доройтлын шалтгаан” бүтээлдээ хэтэрхий данхайсан, хэсэг бүлэг хүмүүст үйлчилдэг төрийн институт урт насгүй, яваандаа улс орноо мөхөлд хүргэдэг гэдгийг олон жишээгээр баталсан нь бий. Үүнээс сэргийлэхийн тулд нийгмийн баялаг бүтээх болоод хуваарилах, засаглах үйл хэргийг олон нийтийн оролцоонд тулгуурлан явуулсан улс орнууд мандан бадардаг бөгөөд ийм төртэй орнууд ихэвчлэн ардчилсан улсад л байдаг гэсэн онолыг авторууд дэвшүүлсэн билээ.

Хүн төрөлхтөний түүхийн сүүлийн 300-400 жилийн хөгжил, улс орнуудын мөхөл доройтлыг судалсан энэхүү номд бичсэн хамгийн сонирхолтой жишээ нь Зимбабве улсынх байв. 1980 онд цагаан арьстнуудаас төрийн эрх мэдлийг сонгуулиар авч чадсан Роберт Мугабе улс орноо өөд нь татах нь бүүхэл харин ч өмнө нь цагаан арьст олигархуудад үйлчилдэг байсан эдийн засгийн бүтцүүдийг авч үлдэн, дарангуйллын арга хэлбэрээр удирдаж эхэлсэн гэдэг. Тус улсын эдийн засаг элэгээрээ хэвтэж, сүйрч байгааг олон улсад таниулсан хамгийн хөгийн үйл явдал бол 2000 онд төрийн өмчийн оролцоотой “Зимбабвэ Банк Санхүүгийн Корпораци”-аас зохион байгуулсан хонжворт сугалааны 100 мянган зимбабве долларын азтанаар Ерөнхийлөгч Роберт Мугабе өөрийгөө тодруулсан явдал байв. Тухайн үеийн ханшаар 100 мянган зимбабве доллар нь тус улсын нэг хүнд ногдох орлогоос тав дахин их мөнгө байсан гэдэг. Улмаар 2009 оны эхээр НҮБ-ын Хүмүүнлэгийн хэргийг зохицуулах алба ажилгүйдлийн түвшин 94 хувьд хүрснийг зарлажээ. Үлдсэн зургаан хувь нь зөвхөн Р.Мугабегийн төлөө ажиллагсад байсан аж. Зах зээлд хөндлөнгөөс оролцох төрийн зохицуулалт хэт данхайж, аажмаар тогтворгүй байдлыг даамжруулсан аж.

Зимбабвегийн тэртээ 40 жилийн өмнөх түүхийн жижигхэн хөрс өнөөдөр Монголд маань соёолж байгаа юм биш биз гэх болгоомж­лол эрхгүй төрнө. Учир нь, төрийн дэмжлэг үгүйлсэн хэсэг нийгмийн аль ч салбарт байна. Улмаар төр дотоодын худалдан авалтыг дэмжих зохицуулалт хүртэл гарга­сан. Төр хамгийн том бизнес эрхлэгч, орлогын гол эх үүсвэр болж хувирсан учраас эдийн засгийн эд эсүүд анхаарлаа төрд хандуулж, эрх баригчдын төлөө ажиллаад байгаа нь нууц биш. Гэхдээ энэ чигтээ үргэлжилсээр байвал эдийн засгийн бүтцүүд ажиллагаагүй болж эхэлдэгийг профессор Дарон Ажэмолу , Жэймс.А нар батал­чихаад байгаа юм. “Өнөөдөр улс орнууд уруудан доройтож байгаа­гийн шалтгаан нь зүй бус эдийн засгийн институцууд ард иргэдийг хуримтлал үүсгэх, хөрөнгө оруулах болон шинийг санаачлахад шаард­лага­тай урамшууллыг бий болгодоггүйд байна. Аргентин, Колумби, Египет гэх мэт олон орны жишээнээс үзэхэд улс төрчид өөрсдөд нь аюул учруулах эдийн засгийн хараат бус ажиллагааны аливаа хэлбэрийг хаан боогдуулж, нөөц баялгийг дангаар мөлжих сонирхолтой байдгаас эдийн засаг зогсонги байдалд ордог” гэж тэд дүгнэсэн юм.

Гэтэл манай эрх баригчид төрийн механизмыг санхүүгээ сайж­руулах, нийгмийн баялагаас мөлжих хэрэгсэл болгохыг санаархаж буй. Үүний хамгийн тод илрэл нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд орсон 6.2 дугаар заалт юм. Байгалийн баялагийг “Төрийн нийтийн өмч” хэмээн нэрийдэж, “Стратегийн ордуудын үр өгөөжийн дийлэнхийг ард түмэнд хүртээнэ” гэсэн нь үнэн хэрэгтээ байгалийн баялагийг өөрсдийн дур зоргоор ашиглах эрх зүйн үндэслэлээ Үндсэн хуульд тусгах гэсэн оролдлого. Эл санаархлыг нь хэрэгжүүлэх арга хэрэгсэл нь төрийн өмчит компаниуд юм. Анзаараад харвал төрийн өмчит компанийн удирдлага засаг солигдох бүрт өөрчлөгдөж, сүүлдээ эрх баригч намын хүчний харьцаа шилжихэд ч дагаж “намирдаг” боллоо. Томоохон уул уурхайн төслүүддээ өөрчлөлт оруул­чихвал л Монгол Улс хөгжиж, ард түмний амьдрал сайжирчих юм шиг үлгэр ярьж, итгүүлсээр байна.

Дэлхий нийт хүртээмжтэй өсөлт ярьж байна

Ардчиллыг хүртээмжтэй өсөлттэй уялдуулан харж байгаа нэг сэжим нь эдийн засгийн өсөлт ард иргэдэд наалдахгүй, улмаар орлогын энэхүү зөрүүтэй байдал нь нийгмийн тэгш бус байдлыг бий болгож, яваандаа тогтворгүй байдалд хүргэх эрсдэл юм. Саяхан Монгобанкнаас “Төлбөрийн тэнцэл ба гадаад өр” хэмээх хэлэл­цүүлэг зохион байгуулсан. Энэ үеэр яригдсан нэг чухал сэдэв бол төлбөрийн тэнцлийн урсгал дансаар дамжин Монголд бүтээсэн баялагийн 20 гаруй хувь гадагшаа урсдаг аж. Тодруулбал, ДНБ-ий 22 хувьтай тэнцэх хэмжээний валют гадаадын компаниудын ногдол ашиг, зээлийн хүүгийн орлого, зөвлөх үйлчилгээний төлбөрт урс­даг талаар Монголбанкны Судал­гаа, статистикийн газрын дарга Б.Батдаваа тайлбарласан. Нүүрс, зэс, алтаа зарж олсон таван ам.доллар бүрийн нэгийг гадагшаа урсгадаг гэсэн үг. Дээрээс нь байгалийн баялагт эзэн суусан хүмүүсийн халаас руу нөгөө хэсэг баялаг нь ороод байхаар олон түмэн эдийн засгийн өсөлтөөс хүртэхгүй байх нь ойлгомжтой.

Эдийн засагч Н.Туяа “Хүртээмжтэй өсөлт гэдэг нь дэлхий өсөж хөгжиж л байгаа бол үр шим нь хүн бүрт наалдах ёстой гэсэн концепц. ДНБ өсөж буй ч амьжиргаа хоёр туйлд дөхөж байгаа нь нэг хэсэг хүмүүсийн боломж, амьжиргааг нөгөө хэсэг нь булааж авчээ гэсэн үг” гэв. Өөрөөр хэлбэл, энэ хоёр туйлыг ойртуулж, дундаж давхаргаа дэмжих бодлого үгүйлэгдэж байна. Судлаачдын хэлж буйгаар төсөв бол баялагийн дахин хуваарилалт хийх хамгийн том арга хэрэгсэл. Үүнийг татварын бодлогоор дамжуулж хийдэг. Тухайл­бал, хүн амын орлогын албан татварт шатлал тогтоох, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын боломжийг гэр бүл дундаа ашиглах боломж бүрдүүлэх нь байж болох хувилбар. Тэртээ тэргүй нийгмийн нэг эд эс болдогийн хувьд гэр бүл аливаа эрсдэлийг хамтдаа л туулдаг. Тиймээс боломжоо ч гэсэн хамтдаа эдлэх нь шударга. Мөн төсвийн мөнгийг эргэж зарцуулахдаа эмнэлэг, боловсролын үйлчилгээг сайж­руу­лах, ажлын байр нэмэг­дүүлэх замаар ядуурлыг бууруулах бодлого хэрэгжүүлэх нь үр дүнтэй гэж Н.Туяа ярилаа.

Технологийн хувьсгал ардчиллын “найз”

Жил гаруйн өмнө Ikon.mn сайт УИХ-ын 48 гишүүн ЖДҮ-ийн сангаас давуу байдлаа ашиглан зээл авсан талаар дэлгэж тавьсан. Энэ бол эрх баригчид баялаг бүтээгчид, иргэдийн боломжийг яаж хумсалдагийг илчилсэн үйл явдал байлаа. Харин үүнийг техник технологийн тусламжтай хийсэн юм. УБЕГ-ын хуулийн этгээдийн мэдээллийн санг нээлттэй болгос­ноор 200 гаруй мэдээлэлд дүн шинжилгээ хийж, ЖДҮ-чид гэх зүсээ хувилгасан авлигачдын үнэн төрхийг олон нийт мэдсэн. Энэ бол техник технологи ардчиллын ил тод, хяналттай байх зарчмыг дэмжиж буй нэг жишээ. “Аж үйлдвэрийн 4.0” хувьсгал, их өгөгдөл, блокчейн технологи зэрэг нь иргэдийн мэдээлэл авах эрхийг улам бүр хангах маш том боломж. Ийн мэдээлэл ил тод болсноор иргэд, нийгмийн эд эсүүд зөв мэдээлэлд үндэслэн зөв шийдвэр гаргана. Ингэснээр техник технологийн хөгжил нь нийгэм, эдийн засгийн амьдралыг зөв тийш залах юм. Цахим шилжилт нь ардчилалд тулгарч буй гол сорилт болох тэгш бус байдал, авлига зэргийг шийдэхэд чухал нөлөө үзүүлэх арга хэрэгсэл. Үүнийг дэмжихийн тулд Шилэн дансны хууль хэрэгжүүлж эхэлсэн ч өдгөө төрийн зарим байгууллага 2016 оноос хойш мэдээллээ шинэчлээгүй тохиолдол их байна. Харин илүү том зургаар нь харвал ардчиллыг зөвхөн техник технологи бус боловсролын сал­бараар дамжуулан шинэчлэх ёстой.

Эдийн засагчдын үздэгээр эрүүл мэнд, боловсрол бол аливаа нийгмийн “араг яс”. Ийм тулгуур сайтай улс орон өрсөлдөх чадвар сайтай байна. Тухайн иргэний оюуны, авъяас чадвар, бие бялдар, зүрх сэтгэлийн байж болох бүхий л потенциалыг бий болгох тогтолцоог боловсролоор дамжуулж нийгэмд түгээх ёстой. Дэлхийн өрсөлдөх чадвар сайтай улс орнууд болох Изреаль, Швед, Япон, Их Британи гээд бүгд л нийгмийн “араг яс”-даа асар их хөрөнгө оруулалт хийж, цаг хугацаа зарцуулдаг. Бид ч гэсэн одооноос байгалийн баялагаас орж ирсэн орлогыг эдгээр салбартаа хуваарилж, багш, эмч нарын цалин хангамжийг сайжруулах замаар өрсөлдөх чадварыг нь нэмэгдүүлж, чанаргүй боловсролын чөтгөрийн тойргоос гарах хэрэгтэй. Түүнээс биш цалин багатай, чанар муутай багш нарын бэлтгэсэн боловсон хүчин дипломтой ажилгүйчүүд, ажил хийж мэддэггүй армийг тэлэхээс цаашгүйг өнгөрсөн 30 жилд харлаа.

Хүний амьдралаар тооцвол тэртээ 30 жилийн өмнө нярай байсан ардчилал өдгөө эрийн цээнд хүрчээ. Гэхдээ дэлхийн жишигтэй харьцуулбал нялх хэвээрээ л байна. Бидэнд шийдэх асуудал, тулгарах саад бэрхшээл мундахгүй олон. Ардчилал бол хүн хувь заяагаа өөрөө сонгох, бүтээх том боломж. Дэлхий дээр тийм ч олон хүн ийм боломж эдлээд байдаггүй. Харин бидний цөөхөн хэдэн монголчуудад ийм боломж тэртээ 1992 онд ирсэн билээ.

...Нийтлэлийн эхэнд дурдсан Д.Энхтүвшин бол энэ боломжоо эдэлж чадсан төлөөллийн нэг. Түүнээс манай улсад авто замаас бусад төрлийн тээврийн хөгжил та бүхний үйл ажиллагаанд хэр зэрэг саад болдогийг асуухад “Нэгэнт би төмөр зам барих зэрэг том том ажлууд хийж чадахгүй тул түүнд санаа зовоод, төр засгаас ямар нэг зүйл нэхээд суух хэрэггүй. Оронд нь, өөрт байгаа нөөц бололцоогоо ашиглан чадах зүйлээ хийх нь илүү дээр гэж үздэг” гэсэн юм. “Зөвлөлт маягийн шарталт”-аа тайлж, хувь тавиландаа эзэн суусан олон олон Д.Энхтүвшинтэй болж, хүн бүрт эдийн засгийн эрх чөлөөг нь олгож, хийж бүтээх хүслээр цэнэглэхийн тулд Төв Азийн өндөрлөгт нахиалсан ардчиллын үрээ бид байнга усалж, зүг чиг болж дүрэлзсэн ардчиллын галаа бөхөөх учиргүй. Эс бөгөөс төлөвшиж амжаагүй ардчилал маань дэлхий дахинд сэвэлзэж буй нэг хүний засаглалын салхинд хийсчиж мэдэх эмзэг байгааг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй юм.

Орчин үед аливаа улс орны өрсөлдөх чадварыг газар зүйн байр­лал, далайд гарцтай гарцгүй гэж ярихаас илүү засаглалын оновч­той байдал, баялагийн дахин хуваарилалт, техник технологийн шийдлийг хэр зэрэг хурдан нэвт­рүүлж, ашиглаж буйгаар хэмждэг болсон. Бид байгалийн баялагаа тойроод хэрэлддэг биш, техник технологийн хөгжлөөс айж хоцор­дог биш, ерөнхийлөгчийн засаг­лал сонгох уу, парламентын засаг­лалтайгаа үлдэх үү гэж эргэлзэж суух ямар ч хэрэггүй юм. Энэ бүхэн 3.2 сая монголчуудын сул тал бус харин ардчиллаа улам төгс болгох давуу тал байх ёстой.

Энэхүү нийтлэлийг бичихэд үнэтэй санал зөвлөгөө өгсөн Ерөнхий сайд асан Р.Амаржаргал, “Глоб интернэйшнл” ТББ-ын тэргүүн Х.Наранжаргал, “Ланд Бридж” компанийн ерөнхий захирал Д.Энхтүвшин, Эдийн засагч Н.Туяа, “Улаанбаатар анализ” тинк танкын ТУЗ-ийн дарга О.Эрдэнэ-Өрнөх, “Ардчилсан залуучуудын холбоо”-ны Дэд ерөнхийлөгч Ц.Жадамбаа нарт талархлаа илэрхийлье.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com