Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаанд төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд таван чиглэлээр нийт 228 эрүүл мэндийн байгууллагад хяналт шалгалт хийв.
Шалгалтад хамрагдсан 228 эмнэлгээс эмчилгээний чанарын хяналтын чиглэлээр өндөр эрсдэлтэй зургаа, дунд эрсдэлтэй 110, бага эрсдэлтэй 112 эмнэлэг байгааг илрүүлжээ. Эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын чиглэлээр 128 эмнэлгээс бага эрсдэлтэй 56, дунд эрсдэлтэй 68, өндөр эрсдэлтэй дөрөв, эм био бэлдмэлийн хяналтын чиглэлээр 70 эмнэлгээс бага эрсдэлтэй 45, дунд эрсдэлтэй 19, өндөр эрсдэлтэй зургаа, нийгмийн хамгааллын хяналтын чиглэлээр бага эрсдэлтэй 19, дунд эрсдэлтэй хоёр, харин цацрагийн аюулгүй байдалд эрсдэлийн үнэлгээ хийхэд дунд эрсдэлтэй нэг, бага эрсдэлтэй 12 эмнэлэг үйл ажиллагаагаа явуулж байжээ.
Хүний нөөцийн хангалт 106 эмнэлэгт стандартын шаардлага хангаагүй байна. Түүнчлэн яаралтай тусламж үзүүлж буй байдал 114 эмнэлэгт хангалтгүй, 123 эмнэлэгт эмч нар өвчний түүх, хяналтын картыг, сувилагч бусад мэргэжилтэн анхан шатны бүртгэлийн маягтыг зааврын дагуу цаг хугацаанд нь бүрэн гүйцэд хөтөлж хэвшээгүй, хэрэгжилт хангалтгүй гэсэн дүн гарчээ. Мөн 17 эмнэлэгт өрхийн үйлчлэх хүрээний хүн амын бүртгэл судалгаа, шилжилт хөдөлгөөний шинэчлэл хийгээгүй байна. 13 эмнэлэгт 0-2 сар, 2-12 сартай, 1-3 нас, 3-5 насны хүүхдийг үзлэгт хамруулж дүгнэлт бичдэггүйг тогтоожээ. Эмнэлгүүдэд өвчний түүх, эмнэлгийн анхан шатны маягтыг зааврын дагуу цаг хугацаанд нь бүрэн гүйцэд хөтлөлт буюу бичилт, баримтжуулалт хангалтгүй нь эмч, мэргэжилтэн нар хуулиар хүлээсэн үүрэг, хувь хүний ажлын хариуцлага сул, мөн өвчний түүх, амбулаторийн карт хөтлөх Монгол Улсын стандарт байдаггүйтэй холбоотой. Мөн яаралтай тусламж, үйлчилгээг 114 эмнэлэг үзүүлж буй ч 50 хувийн хангалтгүй ажиллаж байна. Энэ нь эрүүл мэндийн байгууллагын бэлэн байдал, эмч мэргэжилтний мэдлэг ур чадвар, удирдлага зохион байгуулалт дутмаг, амилуулах тусламжийн давтан сургалтыг хийхгүйтэй холбоотой гэж Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас дүгнэлт хийжээ. Шалгалтад хамрагдсан өрхийн эрүүл мэндийн төвийн 50 хувь нь өрхийн үйлчлэх хүрээний хүн амын бүртгэл судалгаа, шилжилт хөдөлгөөний мэдээллийн санг шинэчилдэггүй, 2-12 сартай хүүхдийг сард нэгээс дээш удаа үзэж, улирал тутам дүгнэлт бичдэггүй, үйлчлэх хүрээний хүн амын өвчлөл, нас баралтын шалтгаан нөхцөлийн байдлыг судалж, дүн шинжилгээ тухай бүр хийдэггүй учраас өрхийн эрүүл мэндийн төвийн удирдлага зохион байгуулалт хангалтгүй байгаа юм.
Эмнэлгүүд сонгон шалгаруулалт хийлгүй мэргэшээгүй эмч, ажилтан авсан бөгөөд ёс зүйн зөрчил гаргасан мэргэжилтнүүддээ хариуцлага тооцоогүй зэрэг хүний нөөцийн хэд хэдэн асуудалтай байна. Тухайлбал, “Апрель” ХХК-ийн “Илизаров” эмнэлэг нь тусгай зөвшөөрөлд заагаагүй лаборатори, рентгений чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан. “Ханбатгүн”, “Анардарь”, “Зохиомон”, “Аддиститжаргал”, “Хийлсхаард”, “Ачитны увидас”, “Авецина”, “Сумади”, “Соддэлгэц” эмнэлгүүд нь орон тооны сувилагчгүй ажиллаж байсан. Цаашлаад, Хавдар судлалын үндэсний төв нь хүний нөөцийн хангалтыг сонгон шалгаруулалт хийхгүйгээр хөдөлмөрийн гэрээ байгуулж авч ажиллуулсан 25 тохиолдол, нүүр амны эмч мэргэжилтэй, клиник лабораторийн чиглэлээр мэргэшээгүй хүнийг лабораторийн эрхлэгчээр ажиллуулсан. Халдварт өвчин судлалын үндэсний төв, Цэргийн төв эмнэлгийн ёс зүйн хэсгийн хорооноос эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажил хийгээгүй, нэг ч удаа хуралдаагүй байгаа юм. Үүгээр ч барахгүй, “Өргөө” амаржих газрын ёс зүйн хэсгийн хороо ёс зүйн зөрчил гаргасан эмч мэргэжилтний асуудлыг дотооддоо авч хэлэлцдэггүй байна. Эмнэлгүүдийн бүтэц үйл ажиллагааны стандартад заагдсанаар сувилагч дутагдалтай байгаа нь сувилахуйн тусламж үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй, чанартай хүргэх нөхцөлийг бүрэн хангахгүй, үйлчлүүлэгчдэд эрүүл мэндийн боловсрол олгох, түгээмэл үйлдлийн стандартын хэрэгжилтийг ханган, сувилахуйн тусламжийг чанартай, хүртээмжтэй хүргэхэд сөргөөр нөлөөлж байна.
Эрүүл зүйн нян судлалын шинжилгээтэй хяналтыг 80 эмнэлэгт хийж, нийт 1142 дээж авч, НМХГ-ын нэгдсэн төв лабораторид шинжлүүлсэн. Эрүүл зүйн нян судлалын шинжилгээг эрсдэлтэй хэсэгт сар бүр хийж үнэлгээ дүгнэлт өгдөггүй, үзлэг эмчилгээний өрөөний метр куб агаарт байх нийт нянгийн тоо зөвшөөрөгдөх хэмжээнээс их нянгийн бохирдолтой буюу 9.6 хувьтай илэрчээ. Мөн эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдвар үүсгэгчийн эмэнд тэсвэржилтийн байдалд тархвар судлалын дүн шинжилгээ хийгээгүй, эмчилгээний хоолны илчлэгийн хоногийн хэрэгцээ нь физиологийн норм хэмжээнээс 0.9-6 дахин бага байжээ. Өөрөөр хэлбэл, өвчтөнүүд хоногт авах зохистой шим тэжээлээ хоолноосоо хүртэл авч чадахгүй байгаа юм.
Харин эм биобэлдмэлийн хяналтын чиглэлээр гурван эмнэлэг нь эмийн хадгалалтын дэглэм зөрчиж, үйлдвэрлэгчийн заасан хэмд хадгалах нөхцөл бүрдээгүй ажиллаж байсан юм. Гурван эмнэлгийн яаралтай тусламжийн шүүгээнд хэрэглэх хүчинтэй хугацаа дууссан долоон нэрийн эмийг эмчилгээ, үйлчилгээнд хэрэглэж байсан зөрчил илэрсэн. Нийслэлийн түргэн тусламжийн төвд тендерийн гэрээгээр нийлүүлэгдсэн анхдагч болон хоёрдогч савлагаанд үйлдвэрлэгчийн нэр тодорхойгүй, дагалдах анализ сертификат болон савлагаан дээрх үйлдвэрлэгчийн нэр зөрүүтэй, чанарын баталгаажуулалтгүй үзлэгийн бээлийг нийлүүлсэн “Чоногол трейд” ХХК-д хяналт шалгалт хийн, Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн дагуу торгуулийн арга хэмжээ авч, хоёр сая хоёр зуу орчим мянган төгрөгийн хууль бус орлого нөхөн төлүүлсэн аж.
Цөмийн болон цацрагийн хяналтын чиглэлээр БГД-ийн ЭМТ, “Улаанбаатар сонгдо”, БЗД-ийн ЭМТ, Цэргийн төв эмнэлэг, Багануур дүүргийн ЭМТ, “Ач тус хоспис”, “Уран ломбо”, “Их зайсан” зэрэг найман эмнэлэг рентген аппаратын ашиглалтын бүртгэл хөтөлж жилийн эцсийн тооллогын дүн, дотоод хяналтын тайлан, мэдээг хуульд заасан хугацаанд Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад ирүүлээгүй. ЭХЭМТ, “Мед Траума”, Багануур дүүргийн ЭМТ, ТТАХНЭ, “Ач тус хоспис”, “Уран ломбо” зэрэг зургаан эмнэлэг 42 цацрагтай ажиллагчдыг мэргэжлээс шалтгаалах өвчний эмнэлгийн үзлэгт тогтмол хамруулаагүй. БГД-ийн ЭМТ, СБД-ийн НЭ, ЭХЭМҮТ, БЗД-ийн ЭМТ, Багануур дүүргийн ЭМТ, ТТАХНЭ, ХСҮТ, “Ач тус хоспис”, “Их зайсан” зэрэг есөн эмнэлэг цацрагийн хэмжилтийн багажгүй байна.
Өндөр өртөгтэй тусламж үйлчилгээнд шаардлагатай эмнэлгийн хэрэгслийн нэршил, эрүүл мэндийн даатгалын сангаас төлөх төлбөрийн дээд хязгаарыг эрүүл даатгалын үндэсний зөвлөлийн тогтоолоор баталдаг ба тухайн хэрэгслийн үнийн 75 хувийг эрүүл мэндийн даатгалын сангаас, үлдсэн 25 хувийг иргэн өөрөө хариуцан төлөх зохицуулалттай. 2019 оны нээлттэй тендерээр эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн баталсан тогтоолын төлбөрийн дээд хэмжээнээс зарим төрлийн эмнэлгийн хэрэгслийн үнэ тухайн эмнэлгийн зарласан босго үнийн дээд хязгаараас 16.6-16.7 хувь хэтэрснээс даатгуулагчаас төлөх төлбөрийн хэмжээ нэмэгдсэн байна. Жишээлбэл, нийгмийн халамжийн байгууллагатай ахмадын амралтын хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлж байгаа 14 сувилалыг шалгахад сэргээн засах тусламж үйлчилгээ үзүүлэхээр тусгай зөвшөөрөлтэй Гэгээн манал, Нандин-ухаан, Номуутай, Энхсаран, Багануур, Арга билэг, Өнө-Энх, Самбарай, Сүүж-Уул сувиллууд нь ахмад настанд амралтын бус сувиллын үйлчилгээ үзүүлэн нийгмийн халамжийн сангаас амралтын хөнгөлөлт эдлэн, мөн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хувьсах зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас авч байжээ. Амралт сувиллын газрууд ахмад настаны хөнгөлөлтийг ашиглан давхар санхүүжилт авсан нь Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийг зөрчсөн хэрэг болно. Эрүүл мэндийн тухай болон мэргэжлийн салбар хууль тогтоомжийн хэрэгжилт эмчилгээний чанарын хяналтын чиглэлээр 76 хувь, эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын чиглэлээр 68, эм биобэлдмэлийн хяналтын чиглэлээр 72, цөмийн энергийн тухай хуулийн хэрэгжилт 89, нийгмийн хамгааллын хяналтын чиглэлээр 86 хувийн хэрэгжилттэй байна.
Хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчлийг үндэслэн нийт 51 эмнэлэгт Зөрчлийн хуулийн дагуу холбогдох заалтыг үндэслэн 42 орчим сая төгрөгийн шийтгэвэр, “Улаанбаатар сонгдо”, “Мед траума”, “Ач тус хоспис”, “Алтан хүн”, “АСЭ”, “Төгс тэмүүлэн” ХХК-ийн “Чулуунаа”, “Хасу манал”, “Авецина” эмнэлгүүдийн 14 албан тушаалтанд гурван сая таван зуун мянган төгрөг, гурван иргэнд есөн зуун мянган төгрөгийн торгууль ногдуулж, нийт 46 сая төгрөгийг барагдуулжээ.