Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Ж.Үнэнбат: шударга ёсыг хүсдэг шинэ үеийн залуустаа би найддаг

Монголын банкны холбооны Гүйцэтгэх захирал Ж.Үнэнбаттай ярилцлаа.

-Өнөөдрийн бидэнд байгаа хамгийн эрхэм үнэт зүйл гэвэл та юуг нэрлэх вэ?

-Бидэнд өнөөдөр эрх чөлөө, хувь хүний сонголт гэж асар чухал үнэт зүйл байна.

-Тэгвэл эрх чөлөө гэж таныхаар юу юуг багтаадаг ойлголт вэ?

-Хүмүүст олон төрлийн сонголтууд ирсэн. Би сургуулиа төгсөөд, төрийн албанд ажиллаж байлаа. Дараа нь хувийн секторт ажилласан. Миний ажил мэргэжлийн хувьд зах зээл бол тэр чигээрээ эрх чөлөөний талбар шүү дээ. Хүн өөрийнхөө сонголтоор, шинийг санаачилж, хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлж болно гэсэн үг. Хүн мэдлэг, авьяас ур чадвараа бүрэн дайчилж ажиллах боломж бол ажиллах, амьдрах эрх чөлөө юм. Хэрвээ хэн нэгний заасан замаар явахаас өөр аргагүй байдалд байгаа бол тэр эрх чөлөө биш шүү дээ.

-Та хоёр нийгмийн шилжилтээс шалтгаалж сонголтоо өөрчилж байсан уу. Танд шинээр сонгох ямар боломжууд гарсан бэ?

-Хуучин нийгмээс шинэ нийгэмд шилжих тэр үед олон хүн ганзагын наймаа гээд явсан. Харин би тэгж явж чадаагүй. Би төрийн байгууллагад ажиллаж байгаад 1990 онд банкны тооцоолох төвд очоод ажиллаж байсан үе. Улсын банкны ерөнхий хороо гэдэг байгууллага Монголбанк болоход би тэндээ үлдсэн. Энэ л миний сонголт байлаа. Түүнээс хойш төрд ажилласан. Тэр үед чинь төрийн байгууллагынхны цалин ч бага, хамт ажиллаж байсан хүмүүс маань хувийн бизнес хөөгөөд ашиг орлого нь өсөөд ер нь бүх юм орвонгоороо өөрчлөгдөж байсан үе. Би наймааны замыг сонгоогүй нь өөрөө сонголт шүү дээ.

-Ашиг орлого нь өсөөд амжилттай яваа хүмүүсийг хараад бизнес рүү ордог байж гэж танд бодогдоогүй юу?

-Би ерөөсөө тэгж бодоогүй. Ер нь сонголтоо нэгэнт хийсэн бол эргэж буцахаасаа илүү өөрийгөө дараагийн шатандаа яаж бэлдэж хөгжүүлэх вэ гэдэгтээ л анхаарсан нь дээр. Ажлынхаа эзэн болж чадвал амжилт өөрөөс нь шалтгаална л гэж боддог.

-Хувь хүн сонголтоо хийхэд алсын хараа чухал. Та ажиллахаар үлдсэн төрөө, өөрийнхөө карьерийг юу гэж харсан бэ?

-Яг үнэндээ надад Монголбанкинд ажиллаад ерөнхийлөгч нь болъё гэсэн алсын хараа байгаагүй. Би залуу ч байсан эзэмшсэн мэргэжилдээ үнэнч байж, өмнөх ажлаа үнэн сэтгэлээсээ маш сайн хийе л гэж бодсон. Нэгэнт хүмүүст үйлчилдэг ажил юм чинь хүмүүстэй эв эетэй харилцаж, тэдний хэрэгцээ шаардлагад нийцэж ажлаа явуулъя л гэж боддог байсан.

-Та ажлаа сайн хийх хэрэгтэй гэж дахин дахин хэллээ. Хүн ажлаа сайн хийхийн зорилго, шалтгаан нь юу юм бэ? Яагаад ээлжээ өнгөрөөгөөд ч юм уу дундаж хийж болохгүй гэж?

-Танд мэдлэг, чадвар, авьяас байгаа бол залуу дээрээ гаргах хэрэгтэй шүү дээ. Насны хэрээр тэр зүйлс өөрчлөгдөж, хоцрогдож, ир нь мохдог юм бол хэзээ хэрэглэнэ гэж нөөж сууна гэж. Хэрэгтэй цагт нь сурсан мэдсэнээ гаргах гэх юм уу даа. Түүнээс гадна хамгийн гол нь аливаа ажил мэргэжилд ёс зүй гэж байдаг. Түүнд л амьдралынхаа турш хүн суралцаж эзэмшихийн төлөө явах нь зөв. Ёс зүй өөрөө хүний хийсэн сонголтыг зөв, чигч явах ёстой замаар нь явуулдаг. Тэр нь байхгүй бол хэчнээн авьяастай, чадвартай байлаа ч буруу замаар будаа тээх магадлал өндөр.

 -Банкир хүн ямар ёс зүйтэй байх ёстой вэ? 

-Шударга ёсыг хэрэгжүүлэх гэж ойлгож болно. Банкир хүний хувьд аливаа байдалд үнэнч хандах ёстой. Бид ч гэсэн танай мэргэжлийнхэнтэй ижил эгэл хүний л төлөө ажиллах зарчимтай. Банкны хувьд эгэл хүн гэдэг нь харилцагчид. Хүмүүс банкинд хувь хүний нууцтай холбоотой бүхий л мэдээллээ өгдөг учраас ёс зүйтэй байх ёстой. Хүн итгэлээ банкинд өгдөг гэсэн үг. Тэгэхээр бид хүний мөнгийг гэхээсээ илүү хүний итгэлийг хамгаалах ёстой болно. Энэ бол банкны ажилтны хамгийн том шалгуур нь болдог.

-Тухайн мэргэжилд байх ёстой шинж чанар хувь хүнд байх нь давуу тал болдог. Таны мэргэжилд байх ёстой ямар шинж чанар байгаа вэ?

-Банкир хүний хувьд бусдын итгэлийг даах чанар байдаг. Итгэл даах чанар гэдэг бол хувь хүний ноён нуруутай холбоотой байх. Ер нь банкир хүн аль болохоор консерватив байх ёстой. Консерватив гэдэг нь аливаа эрсдэлээс зайлсхийж чаддаг байх ёстой гэсэн утгатай. Мэдээж хэрэг бизнес эрсдэлийг үүрдэг. Гэхдээ бид хүмүүсийн мөнгийг хадгалж байгаа учраас найдвартай байхаас аргагүй. Товчоор хэлбэл болгоомжтой байх гэх юм уу.

-Банкны ажилтанд бусдын итгэлийг даахгүй байх боломжууд байдаг уу? Энд хяналт шалгалтын системийг хэлээгүй, хувь хүний болон мэргэжлийн ёс зүй нь л түүнийг хааж байдаг тийм боломжуудыг хэлж байна л даа.

-Олон хүн сайнтай муутай, уулын мод урттай богинотой гэдэг. Банкны хувьд тэр эрсдэлийг хаах механизмууд өөрт нь байдаг. Гэхдээ хүний хувьд тийм боломж байдаг гэж хэлж болно. Тиймээс цэвэр ажил мэргэжлийн ёс зүй, хувь хүний ёс суртахуун гэдэг дээр л тэр очиж тээглэх нь тодорхой.

-Таныг төрд ажиллаж байх 10 жилийн хугацаанд зах зээлийн нийгэмд шилжсэн. Энэ шилжилтийг дотроос нь та хийлцсэн үү?

-Бид ижил зүйлс өмсч зүүж, идэж уудаг байлаа. Гэтэл зах зээлийн систем рүү шилжлээ. Тэгэнгүүт үнийг чөлөөлөх тухай асуудал яригдсан. Үүний тулд эрэлт нийлүүлэлт яригдана. Энэ үед үнийг зөв тогтоох гэх юм уу тийм маягийн юм явагдсан. Монголд байгаа бараа бүтээгдэхүүн дээр Эрээнээс бараа бүтээгдэхүүн орж ирээд зах зээл дээр үнэ бүрдээд ирсэн. Энэ үйл явц маш сонирхолтой байсан. Тэр үед өмч хувьчлал явагдсан. Энэ бол тухайн үед явагдсан маш чухал түүхэн гэж болохоор үйл явдал болж байлаа. Миний үед төрд ажиллах хүнээ маш сайн шигшиж сонгон шалгаруулж ажиллуулдаг байсан. Тэр жишгийг хадгалахыг эхний ээлжинд хүссэн. Учир нь чадвартай хүмүүс бизнес хөөж төрийг орхиж явах нь элбэг байв. Тиймээс би Монгол банкны ерөнхийлөгч болонгуутаа СЭЗДС, МУИС-ийн Эдийн засгийн сургуулиудаас хамгийн өндөр оноотой хүүхдүүдийг банкиндаа авч ажиллуулж байсан.

-Танаас дунд сургуулийн хүүхдүүд асуух нэг асуулт асууя. Та яаж Монголбанкны ерөнхийлөгч болсон бэ?

-Өөрийгөө дэвшүүлж барьсан ч юмгүй, болъё гэсэн зорилго ч тавиагүй, тэр үед тийм л нөхцөл байдал бүрдсэн. Санал ирсэн. Би хүлээж авсан. Саяхан Банкны холбооны шугамаар Солонгосын Банкны холбооныхонтой уулзлаа. Гэтэл нэг ерөнхийлөгч надаас таныг “Монголбанкны ерөнхийлөгч байсан гэж сонслоо. Та ийм залуугаараа яаж болсон юм бэ?” гэж асуусан. Хариуд нь би хошигноод “Тохиолдлоор болсон юм аа” гэсэн чинь итгэхгүй их гайхаад байх шиг байна лээ. (инээв) Одоо бол харин тийм тохиолдол хаагдсан юм шиг, бүгд нам бүлэглэл, танил тал, сүлжээ, мөнгөөр шийдэгддэг болсон байх аа.

-Та банкны ерөнхийлөгч хүртлээ карьерын замаар өгссөн хүн. Банкинд хамгийн доод тушаалын ямар ажил хийж байсан бэ?

-Монголбанкинд теллер гэж байх биш. (инээв) Банкны ерөнхий хорооны автоматжуулалтын газар гэж байсан юм. Тэндээс л эдийн засагчаас ажлын гараагаа эхэлсэн. Ингээд Монголбанк байгуулагдахад Мэдээлэл судалгааны газарт эдийн засагчаар орсон. Дараа нь ахлах эдийн засагч болсон. Тэр хооронд Америкт сургуульд хоёр жилийн хугацаатай явсан. Ирээд Мөнгөний бодлогын газрын захирал болсон гэх мэтчилэнгээр ажилласан даа.

-Та их сургуулиа эдийн засагчаар төгссөн юм уу?

-Би уг нь статистикч хүн л дээ. Энэ мэргэжлээрээ Москвад төгссөн. Ирээд хөдөө аж ахуйн байгууллагад хоёр жил бас ажилласан.

-Төв талбай дээр жагсаал цуглаан болж, өлсгөлөн зарлаж байгаад нэг л өдөр Улс төрийн товчоо огцрохоор болсон. Та талбай дээр очсон уу, хэрхэн оролцсон бэ?

-Мэдээж оролцсон. Оролцсон гэдэг нь төв талбай дээр очсоноо л хэлж байна. Бусдаар цагаан хоолой барьж гүйгээд өлсгөлөн зарлаагүй. (инээв) Бүгдээрээ очсон учраас би ч гэсэн очсон, жагссан.

-Та хэдэн настай байсан бэ, хэнтэй очсоноо санаж байна уу?

-1990 он гэдэг чинь би 28 настай байсан байх. Тэгэхэд Хөдөлмөрийн төвд ажиллаж байсан. Тэгээд ажил дээр энэ тухай л ярина шүү дээ, хоорондоо.Тэгээд ажлынхаа залуучуудтай очсон санагдаж байна. Их хүйтэн өдрүүд байсан учраас их даарснаа санаж байна. (инээв) Ямар ч байсан нийгэм нурах гэж байгааг мэдэж байлаа. Бусдаар яг тийм нийгмийг бүтээнэ гэдгээ мэдэж байсан хүн нь цөөн байсан байх. Манайхаас өмнө олон улс орнуудад социалист систем задрах үйл явц өрнөсөн. Бараа бүтээгдэхүүн ховордоод ирсэн. Гэхдээ зах зээлээ бүрэн төгс ойлгож байсан гэвэл бас худлаа болно л доо.

-Та өмч хувьчлалыг шударга явагдсан гэж боддог уу?

-Бүгд хувийн өмч гэх юмгүй байлаа. Цэнхэр, ягаан тасалбар гээд тараасан. Үүнээс өөр арга байгаагүй болов уу гэж одоо хүртэл боддог. Тухайн үедээ л хамгийн боломжит аргаар явагдсан. Харин тухайн үедээ мэдээлэлд хамгийн ойрхон байсан хүмүүс нь нугалаа үүсгэсэн асуудал байсан байх. Өөрөөр хэлбэл мэдээлэлтэй хүмүүс нь өөртөө давуу талыг үүсгэснийг үгүйсгэхгүй. Эхлээд зах зээлийн тухай хичээл зааж байгаад бүгдээрээ ойлгосон дараа нь өмч хувьчлал явуулах байсан мэтээр ярьдаг хүмүүс бий. За яах вэ тэгье гэж бодъё. Эдийн засаг чинь биднийг хүлээхгүй шүү дээ. Цаг хугацаа ч биднийг хүлээхгүй. Нийгэм солигдсон ч бидний идэж уух, өмсөх зүүх хэрэгцээ зогсохгүй. Жишээ нь, валютын сангийн анхны оруулж ирсэн хөрөнгийг уг нь төсөвтөө зарцуулах ёстой ч яаралтай импортдоо зарцуулж байсан. Тухайлбал автоусны дугуй авах гэдэг ч юм уу.

-Та эдийн засагч хүн. Өмч хувьчлал явагдаж байхад өмч хувьчлалын тухай ойлголт, мэдлэг танд байсан уу?

-Механизмыг нь бол ойлгож байгаа юм л даа. Компани байлаа гэхэд активуудаас нь өр төлбөрийг нь хасаад үлдсэн хэсгээр нь хувьцаа болгоод явах юм байна гэх мэт төсөөлөл бол байсан. Харин хүмүүс мөнгөгүй байсан учраас тасалбарыг үнэгүй тараасан. Гэтэл хувьцаа гэдгийг хүмүүс сайн мэдэхгүй байсан учраас будилсан тал их бий. Хувьцааг нь тарааж байхад тухайн байгууллагын дарга нар нь хэвээр ажилласан учраас давуу тал үүснэ шүү дээ. Энэ тал дээр хяналт тавих механизм нь бүрдээгүй байсан.

-Өмч хувьчлалаар манай гэр бүл улаан булангийн таван ширхэг сандал, хаа ч юм мэдэхгүй зах хязгаар нутгийн танихгүй хоёр өөр малчин айлаас авах хоёр тэмээтэй “болсон”. Та өмч хувьчлалаар юутай болсон бэ?

-Сонирхолтой асуулт байна. Манай гэр бүл олуулаа байлаа. Аав, ээж авсан л гэсэн. Тэгээд яасныг мэдэхгүй.

-Тэр цэнхэр, ягаан тасалбарууд хаачсан бэ?

-Мэдэхгүй. (инээв) Би ч залуу байсан болохоор яасныг нь сайн мэдээгүй аав, ээж л зарцуулсан байх. Ихэнх гэр бүлд иймэрхүү юм болсон байх шүү.

-Та картын бараанд дугаарлаж байсан уу?

-Үзэлгүй яах вэ. Тухайн үед бүх юм чөлөөлөгдсөн учраас түүнийг тэгш зохицуулахын тулд картаар бараа бүтээгдэхүүн олгодог байсан. Би аав ээжид талх, элсэн чихэр ч билүү оочерлож авчирч өгч байсан. Тухайн үедээ хүнд хэцүү юм шиг санагдаж байсан ч монголчууд бид өлсөөгүй. Энэ цаг үеийг энх тайвнаар туулан өнгөрүүлсэн нь өнөөдөр эргээд бодоход хамгийн сайхан дурсамж, хамгийн том үнэт зүйл байна.

-Ардчилал, эрх чөлөө бидэнд юуг авчирч, бид юуг гээсэн бэ?

-Ардчиллын зам бидэнд өнөөдрийг авчирсан. Хүн сайн хөдөлмөрлөвөл сайхан амьдарч болох боломжийг авчирчээ. Хувь хүн бүхэн өмч хөрөнгөтэй байх боломжийг авчирсан. Ер нь сайн сайхан бүхний боломжийн үүд хаалгыг нээж өгсөн. Мэдээж хүн бүхэн зөв шударга явдаггүй. Гэхдээ алиных нь хаалгыг татах вэ гэдэг сонголтыг өгсөн. Буруугийн хаалгыг татвал буцахдаа шороо тээнэ гэдэг бил үү, тийм л болно. Өмнө нь хүний нээж өгсөн ганцхан хаалгаар л орж гарах эрхтэй байсан шүү дээ. Хүн бүр өөрийнхөө хаалгыг нээгээд дэлхий рүү гарах гарцыг ардчилал авчирсан гэх зэрэг олон боломжууд бидэнд ирсэн. Хүн өөрөө өөрийгөө мэдэх шиг том эрх чөлөө гэж байна уу. Тийм л эрх чөлөө бидэнд ирсэн. Гээсэн зүйл гэвэл ардчилалдаа биш хүндээ байгаа байх. Учир нь өнөөдөр хүмүүс ардчиллыг паарыг цаанаас нь халааж, усыг цаанаас нь түгээдгийг мартаад паар халж, ус урсч л байдаг шигээр анзаарахаа больсонд нь хамаг учир байна. Анзаарахаа, итгэхээ, хайрлахаа больсон гэх юм уу даа. Харин паар халахаа байж, ус тасарчихаар энэ чинь юу болов гэж шүүмжилж эхэлдэг шиг. Ардчилал бол ард түмнийх. Аль нэг хүн юм уу байгууллагынх биш. Одоо эрх чөлөөтэй юм чинь бүгд тэгш, өөрсдөө учраа олцгоо гээд хаячхаж болохгүй. Ялангуяа энэ боловсролын болон эдийн засгийн байдлаар тайлбарлагдана. Харин түүний оронд тэгш шударга байх боломжийг дахин дахин эрэлхийлэх. Одоо цаг үед хүмүүсийн амьдралд хэт их ялгаа зааг гарч байгаа бол боловсролын системээр л дамжуулж үүнийг засах шаардлагатай.

-Баян, ядуугийн ялгаа их болж байна гэлээ. Үүнийг хэрхэн засах ёстой вэ?

-Дундаж давхаргаа л дундаж давхарга шиг байлгах хэрэгтэй. Энэ давхарга хүрээгээ тэлээд байвал нийгэм тогтвортой байна. Дундаж давхарга маань өнөөдөр хаанаа байна гэдэг нь тодорхойгүй байна. Зөвхөн цалингаасаа цалингийн хооронд болгох биш тодорхой хэмжээний хуримтлалтай, боловсролтой байж нийгмийг тогтворжуулна. Харин миний хувьд дараагийн үеийн залуустаа найдлага тавьдаг хүн шүү. Найдлагатай нь ч харагддаг. Тэд биднээс өөр сэтгэж байна. Илүү шударга байдлыг эрхэмлэдэг шинэ үеийнхэн бидэнд байна.

-Таныг Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж байх үед нийгэм болоод эдийн засгийн нөхцөл байдал тийм ч амар байгаагүй. Тантай холбосон, тан руу чиглэсэн олон асуудлууд яригдаж бичигддэг байлаа. Тэр үед нөхцөл байдал ямар байсан бэ?

-Мэдээж хэрэг амар байгаагүй. Намайг очих үед банкны систем үнэн хэрэгтээ дампуурчихсан байсан. Тэр үед хамгийн том гэгдэж байсан Ардын банк, Даатгал банк, ХОТШ банк ерөөсөө мөнгө байхгүй дампуурсан байдалтай байсан.

-Мөнгө нь хаачсан гэсэн үг вэ?

-Мөнгөө зээлэндээ гаргаад дуусгачихсан. Гэтэл зээл нь төлөгдөх нөхцөлгүй. Тэр үед тийм л үе байсан. Тухайн үеийн банкир өнөөдрийнх шиг та зээлээ эргэн төлж чадах уу, таны барьцаа хөрөнгө хаана байна гэх юм байхгүй шүү дээ. Яагаад гэвэл өмч хувьчлагдаагүй байсан. Хүн төсөл бичээд ирэхээр барьцаагүй зээл олгодог, тийм л үе байсан. Тэгээд банкны системийг цэгцлэх шаардлагатай байна гэж үзээд олон улсын байгууллагуудтай хамтарч ажилласан. Төлбөрийн чадваргүй болсон банкуудаа татан буулгаад заримд нь бүтцийн өөрчлөлт хийсэн. Түүний дараа ХААН банкийг татан буулгах санал ирсэн. Одоо татан буулгаж гүйцлээ. Харин яаж ийгээд ажиллуулах хэрэгтэй гэдэг талаас нь хандсан. Зөвлөх аваагүй, гадаадаас банкир авчирч ажиллуулах аргаар сэргээсэн.

-Та Монголбанкны ерөнхийлөгч байхдаа ямар өөрчлөлт, ямар шинэчлэлийг хийсэн гэж өнөөдөр нүүр бардам хэлж чадах вэ?

-Гол нь банкны бизнес гэдэг чинь хариуцлагатай, сахилга баттай юм байна, муу ажиллавал дампуурдаг юм байна. Банкийг муу удирдвал болохгүй юм байна гэдэг хандлагыг энэ салбарт суулгаж ойлгуулсан. Юу хийсэн бэ гээд нэг бүрчлэн тайлбарлахад хэцүү л дээ. Юмыг зөв гольдролд нь оруулна гэдэг амар биш. Мэргэжлийн байлгах, зарчмынхаа дагуу үйл ажиллагаагаа явуулдаг болгохыг хичээсэн гэж хэлж болно. Түүнээс болж олон хүний дайсан болж шүүмжлүүлсэн байх.

-Монголбанк өөрөө ямар байдалтай байсан бэ?

-Монголбанк тухайн үед өндөр инфляцтай байсан. Дээр нь банкны систем нь дампуурсан байсныг засах гэж хичээсэн л гэсэн үг. Түүнийг засна гэдэг маань ганцхан миний хийсэн ажил биш шүү дээ. Бид багаараа орчин үеийн банкны хоёр шатлалтай тогтолцоог жинхэнэ ёсоор нь явуулахад хүчин зүтгэсэн гэж ойлгож болно.

-Тэгээд та банк дампууруулдаг Ж.Үнэнбат нэртэй болсон уу?

-Тийм шүү. (инээв) Тэгэхээр нь бид банк дампууруулаагүй харин дампуурсныг нь татан буулгаж байна л гэдэг байсан. Тухайн үедээ яаж ч тайлбарлаад хүмүүс ойлгодоггүй юм билээ.

-Өнөөдөр Монгол Улс маш их гадаад өртэй байна. Төр засгийн удирдлагууд гадаадад айчлахаараа дахин зээл авч өр тавьдаг. Энэ зөв үү?

-Аливаа хүн, аливаа айл өрх, компани, улс орон хамгийн гол нь төлж чадах хэмжээндээ л зээл авах ёстой. Төлж чадах хэмжээ гэдэгт тооцоо судалгаа чухал. Үүнд мэргэжлийн үүднээсээ олон ойлголтууд багтдаг гэдгийг хүмүүс мэдэж байгаа. Төлж чадахаасаа хэтрүүлж тооцоо судалгаагүй зээл авч байгаа нь яг үнэндээ улсаа хорлож байгаа хэрэг. Мэдээж хэрэг зээл бүтээгээд л, юм хийгээд тухайн үедээ гоё харагдаж болно. Харин хөрөнгө оруулалтын өгөөжөөс эхлээд бүгдийг тооцоод гаргачихсан байх ёстой. Монголчууд ихэнхдээ эхлээд зээлээ авчхаад дараа нь хаашаа, яах вэ гэдгээ шийддэг хүмүүс.

-2022 онд бид бондуудын өрийг төлж эхлэх учраас төсөв хүндэрнэ гээд байгаа. Эдийн засаг хүндрэх болов уу танд ямар зураглал байна?

-Авах нь буруу биш. Харин төлөхөө одоо биш авахаасаа өмнө шийдэх ёстой. Зарцуулалт нь, үр өгөөж нь зөв байх ёстой. Эдгээр бондуудаас гадна 2020 онд Хятадтай байгуулсан бараг хоёр тэрбум долларын квотыг манай улс бас төлөх ёстой. Түүнийг сунгадаг ч юм уу яадаг юм дахиад нэг хэлцэлд орох байх. Энэ бол ерөөсөө бодлого гаргаж буй хүмүүсийн давлагаа яваад байгаа нэг жишээ. Үүнийг зогсоож намжаахад хэцүү боллоо. Үүнд нь санаа зовсон, хэлсэн хүмүүсийг хүлээн зөвшөөрөхгүй “Тэр Валютын сангийн чинь босгоод тусалчихсан улс орон хаана байна” гэж ярьдаг. Ийм улсууд хариуцлагагүй байхыг хүсээд байна гэсэн үг.

-Өнөөдөр хүн бүх боломжоо дайчилбал хүссэнээрээ сайхан амьдарч болох нийгэм мөн үү?

-Хүн юуг, хэрхэн харахаас их юм шалтгаална. Зарим хүнд тийм биш санагдаж байгаа ч дунджаар бол байгаа гэж хэлнэ. Ер нь суурь хөрс буюу боломж нээлттэй нийгэм. Хүн түүнийгээ хэрхэн ашиглах сонголтоос олон зүйл хамаарна. Ардчилал байгаа нь үнэн. Харин түүнийг гуйвуулах хүсэлтэй хүмүүс их байдаг.

-Монголд банкны хүү гэж аймшигтай дарамт байна. Яагаад ийм байгааг та энгийн үгээр тайлбарлаж өгөөч?

-Банк 17 хувьтай зээлүүлж байна. Харин 13-14 хувьтай хадгалуулдаг. Тэгэхээр хүү өндөр байна. Банкны үндсэн бизнес бол хадгаламж аваад түүнийгээ зээлүүлэх юм.

-Тэгвэл ийм биш байх боломж байхгүй гэж үү?

-Тийм биш байя гэвэл төрөөс банкинд мөнгө өгөөд түүнийгээ цааш нь иргэдэдээ бага хувьтай зээлүүлэх арга юм. Найман хувийн зээл чинь энэ л шүү дээ. Ийм бодлогод урт хугацааны ирээдүй байхгүй, зах зээлийн зарчимд нийцсэн бүхэн тогтвортой, ирээдүйтэй. Жишээ нь, өнөөдөр иргэдэдээ ийм бодлого барья гэхээр төр нь өөрөө өчнөөн санхүүгийн асуудалтай, дааж давахад хэцүү өртэй. Мөнгөний бодит хомсдол бидэнд байгаа учраас ийм байдалтай байна. Мөнгөө нэмэгдүүлэхийн тулд дотоодын үйлдвэрлэлээ, импорт, экспортоо нэмэгдүүлэх гээд их ажил байна. Хэрвээ бүгдээрээ боломжийн мөнгөтэй болчихвол хадгалуулж хуримтлуулна. Хадгаламжтай болоод ирэхээрээ хүн зээл авахгүй. Ингэхээр зээлийн хүү буурна. Гэтэл манайд хуримтлалын хэмжээ бага байна. Хүмүүс Монголын хүү өндөр байна гээд Японтой харьцуулдаг. Япон бүгдийг үйлдвэрлэж байна. Тиймээс хүмүүс нь зээл авахаас зайлсхийж байна.

-Гэтэл тийм мөнгөнөөс хөрөнгө оруулалт байдлаар татъя гэхээр бид өөрсдөө айлгаад хөөчихдөг юм биш үү?

-Тийм. Монголын эрсдэлээс гадаадын хөрөнгө оруулагч нар айдаг нь үнэн.

-Өмнөх эхлүүлсэн ажлыг нь дараагийн засаг нь нураагаад нэмж зээл авдаг. Үүнээс яаж гарах вэ?

-Үүнээс гарах арга зам бол богино хугацааны өрийг өрөөр дарах бодлого биш л дээ. Нэгдүгээрт, нэмж өр тавихгүй байх. Өмнөх зээлийнхээ үр өгөөжийг хүртэх. Манай улс уул уурхайгаасаа орлого олж байна. Тэр хэмжээгээрээ зарцуулахгүй байж, хуримтлалаа үүсгэх ёстой. Ирээдүйд төлөх төлөлтөө бодож жаахан санхүүгийн хариуцлагатай байх нь чухал. Уул уурхайнхаа баялгийн тодорхой хувийг нь өөр хэлбэрт шилжүүлээд хуримтлуулах, хадгалах ёстой энгийн үгээр хэлбэл. Энэ бол бидний үр хүүхдэд хүртэх баялаг. Дараагийн үе бол үүнийг биднээс ухаантай зарцуулна гэдэгт итгэж байна.

-Ардчилсан нийгэмд шилжээд 30 жилийг давлаа. Бид цоо шинэ бүхнийг хийж үзлээ, сургамж ч авлаа. Одоо харин цаашид юунд анхаарлаа хандуулах ёстой гэж та бодож байна?

-Одоо бид нийгэм даяараа боловсролдоо л анхаармаар байна. Боловсролтой иргэн л нийгмийг боловсруулж чадна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com