Санхүү, эдийн засгийн их сургуулийн багш, доктор Г.Батхуяг бүтээгдэхүүний инновацыг хэмжих загвар гаргасан хүн. Инновац ярьдаг хүний нэрийн хуудас нь лав инновацлаг юм билээ. Утсаа ашиглан QR код уншуулангуут мэдээлэл нь гар утсанд орж ирэх аж. “Цаас үрэхгүй” гэж тэр онцолсон. Түүнтэй ярилцлаа.
-Инновац гэхээр хүмүүс өөрөөсөө их хол, өндөр түвшний ойлголт гэж хүлээж авах хандлагатай байдаг. Та хүмүүст урам зориг өгөх энгийн инновацын шийдлийг хэлж болох уу?
-Бид аялал жуулчлал хөгжүүлнэ гээд байгаа. Янз бүрийн орноос жуулчид ирдэг. Орчуулагчид, хөтөч дагаж явдаг. Харин хэсэг залуус утасны аппликейшн хийсэн байна лээ. Тэндээс орос, англи, герман хэлтэй орчуулагчийн тусламж авах боломжтой. Орчуулагч гэртээ, эсвэл ажил дээрээ ч байж болно. Хэрэгцээтэй үедээ нөгөө апп руугаа ороод юмаа ярьчихдаг. Орчуулагч, хөтчийг бүтэн цаг, өдрөөр авч явахад зардал их гарна. Харин яг хэрэгцээтэй үедээ ямар ч хэлээр тусламж авах боломжтой гэдгээрээ хөөрхөн бизнес.
-СУИС-ийн багш судлаачдын гаргасан инновацын бүтээгдэхүүнүүд өвөрмөц байдаг. Мөнх хааны үед монголчууд хурган чих гэдэг жижигхэн шавар бишгүүр хөгжим хэрэглэж байжээ. Тэд өөрийн керамикийн лабораторидоо энэ бишгүүр хөгжмийг бүтээж сурагчдад зааж байна. Хүннүгийн үеийн ширмэл ширдэгний хээ гэхэд орчин үед үнэхээр моодны харагддаг. Иймэрхүү маягаар хуучнаа ухаж гаргаад байвал дэлхийд шинэлэг байж чадах уу?
-Ямар ч байж болно. Инновацыг бүтээх олон арга бий. Үндсэн арга нь шинжлэх ухаан, технологийн судалгаан дээр ихэнх инновац явж байдаг. Бусад нь бүтээлч сэтгэлгээ. Нөгөө нэг хэлбэр нь хуучин байсан зүйлсийг шинэчлэх сайжруулах аргууд бий. Тэр бол инновацын нэг хэлбэр л гэсэн үг. Түүнээс биш шинэчлэгдсэн цоо шинэ юм болчхож байгаа биш.
-Төрийн зүгээс инновацыг яаж дэмжих боломжтой вэ?
-УИХ-ын намрын чуулганаар Инновацын тухай хуулийг шинэчлэн найруулах юм байна. Том дэмжлэгүүд хууль ёсны болох юм байна. Дэлхийн улс орнуудад инновацыг чухалчилж анхаардаг. Одоо хамгийн их ажиллаж байгаа загвар нь инновацын эко систем буюу инновацыг цогцоор нь хөгжүүлэх. Зөвхөн нэг удаа мөнгө өгөөд орхидог биш. Нэг талд нь инновац бүтээдэг хүмүүс, нөгөө талд нь инновацыг хэрэглэдэг, дамжуулдаг хүмүүс, санхүүжүүлэгчид нь байх ёстой гэх мэтээр инновацад оролцдог бүх талуудыг нэгтгэсэн бодлого хэрэгтэй. Бүх оролцогч талуудыг нэгтгэж цогцоор нь шийдэхгүй бол түр зуурын арга хэмжээ болоод байна. Манай хуучны болон одоогийн хандлага зөвхөн нийлүүлэлтдээ анхаардаг. Өөрөөр хэлбэл шинэ юм бүтээх, гаргах гэдэгтээ ач холбогдол өгдөг. Түүнийгээ яаж борлуулах арга замаа орхигдуулдаг. Хамгийн гол нь эрэлт байхгүй бол тэр загвар чинь урт хугацаанд явахгүй, уначихдаг. Хоёр, гурван удаа Засгийн газраас мөнгө авна. Тэгээд нэг өдөр эдийн засаг муудахад зогсоно. Сайн, муу зөндөө инновац бий. Түүнийг зах зээл шалгадаг. Хүн бүр нэг шинэ юм хийчихлээ, миний бүтээл чухал, мөнгө өгчихвөл хиймээр байна гэдэг. Зах зээлд гарч байж хэнд юу хэрэгцээтэй байна шүүгддэг. Ийм боломжийг нь олгох хэрэгтэй.
-Утаа, жорлон, агаар хөрсний бохирдол гээд нийгмийн асуудлууд байна. Үүнийг шийдэх инновацыг яаж дэмжих вэ?
-Нийгмийн асуудлыг шийдэж байгаа бүх инновацыг дэмжих бодлого барих учиртай. Засгийн газар өөрөө гүйцэтгэгч хийж болохгүй. Том төслүүдийг санаачилж болно. Инновацлагаар шийдэх гээд байгаа гол зарчим нь илүү шинэлэг, боловсронгуй, хямд, үр ашигтай байх. Хуучин аргаараа биш технологи ашиглаад яаж шийдэж болох вэ гэдэг. Төр зохицуулалт хийдэг. Илүү өндөр технологитой, боловсронгуй, урт хугацаанд ажиллаж болохоор шийдлүүдийг сонирхож байна гэсэн утгаар захиалгаа өгвөл хүмүүс бодоод, сэтгээд явчихна.
-Эрдэмтэд нь шинэ юм хийгээд байдаг, тэр нь бизнес эрхлэгчдийнх нь сонирхлыг татдаггүй, мэддэггүй гээд яригддаг?
-Наад инновац чинь бодит амьдралаас ургаж гараагүй, лабораториос гарч ирж байгаа юм. Тийм байж болохгүй. Бодит амьдралын асуудал инновац хоёр чинь уялдаатай байхыг л цогцоор нь эко систем байгуулж, хөгжүүлэх гээд байгаа юм. Тэгэхгүй бол тусдаа лабораторид хүмүүс нэг юм хийчхээд, энэ аймаар чухал, үүнийг үйлдвэрлэмээр байна гэнэ. Үйлдвэрлэснийхээ дараа үүнийг сурталчлахгүй бол хүмүүс мэдэхгүй, авахгүй байна гэдэг. Хүмүүс өөрт нь хэрэггүй болохоор авахгүй байгаа ч юм билүү. Хэрэв ашигтай бол бизнесийнхэн дор нь авна. Бодит зах зээлээр баталгаажиж гарч ирж байгаа инновац жинхэнэ үр ашигтай болно. Шинэ нээлтүүд гээд хүмүүс ер бусын өвөрмөц зүйлс сэтгэдэг шүү дээ. Инновац болгон сайн гэсэн үг биш. Хэрэглэгч миний асуудлыг шийдэж чадаж байна уу, ажлыг маань хөнгөвчилж байна уу, хямд төсөр байна уу гэж харна. Тийм байвал хүмүүс зүгээр л хошуурна.
-Инновац гэж юу вэ гэсэн тодорхойлолтыг та энгийнээр тодорхойлооч?
-Ерөнхийдөө л асуудлыг шинэлэг байдлаар шийднэ гэсэн үг. Зах зээл рүү орж байж инновац болдог гэсэн бас нэг санаа байдаг. Түүнээс биш хэн нэгний бодож олсон гоё санаа бол зүгээр санаа л гэсэн үг. Шинэ санаа хүмүүст хүрч, хүмүүс мөнгө төлж, асуудлыг шийдэж байж инновац болно.
Инновац гэдэг шинэ юм гаргах биш, тэгвэл нээлт болно. Сая сая нээлт патентууд хураалттай, хэн ч ашиглахгүй үлдэх нь бий. Хамгийн гол нь түүнийг зах зээлд гаргаж, борлуулж, хүнд хэрэгцээтэй, нийгэмд үр ашигтай болгох нь чухал. Манайхан инновацыг хөгжүүлэх гэж их ярьдаг. Цаашдаа илүү чанартай, үнэ цэнтэй инновацыг хөгжүүлэх чиглэлд дараагийн алхмаа хийхгүй бол болохгүй. Хүн болгон нэг юм хийгээд түүнийгээ зармаар байна гээд байх биш. Тэр бүтээл ач холбогдолтой байх ёстой. Тодорхой хүмүүсийн асуудлыг шийдэж байх ёстой. Шинэ нээлтийг инновац болгодог гол механизм нь энтрепрёнершип. Энэ нь нээлтүүдийг зах зээлд авчирч оруулдаг хүмүүс байдаг.