Монголчууд бидний дунд “Халтар царайт” киногоороо танигдсан Венесуэль улс өнөөдрийн байдлаар үгээгүй ядуу гудамжин дахь муур нохойгоо барьж идэхдээ тулаад буй. Ажилгүйдэл, ядуурал хамгийн их нүүрлэсэн улсаар тус улс гурав дахь жилдээ дараалан тодроод байгаа юм. Тэгвэл газрын тосны асар их нөөцтэй энэ улсын дампуурлын гол шалтгаан нь юу байсан талаар Венесуэлийн нийгэм, улс төрийн томоохон төлөөлөгч Профессор Александра Панзарелли өчигдөр МУИС-ийн номын санд илтгэл тавьсан юм. Эрх мэдэл нэг хүний гарт хэт төвлөрч, экспортын голлох бүтээгдэхүүний үнэ унасан нь Венесуэлийн улс төр, эдийн засгийг тогтворгүйжүүлэх гол шалтгаан болсныг профессор Александра Панзарелли “Венесуэлийн ардчилал яагаад нурав?” сэдэвт лекцийнхээ үеэр онцлов.
1959 онд Венесуэльд ардчилал бий болж, 1970-аад он хүртэл тус улс олон улсад нээлттэй, хүн бүр тэгш эрхтэй улс байсан. Гэвч төрийн эрх барьж байсан хоёр хүчний үйл ажиллагаа суларч, эрх мэдэл нэг хүний гарт төвлөрснөөр ардчилал мөхөж эхэлсэн гэж Венесуэлийн нийгэм улс төр, хүний эрхийн профессор хэллээ. Тэрбээр “1999 онд Үндсэн хуулиа шинээр баталснаар, Венесуэлийн Ерөнхийлөгч асан Уго Чавес бүх эрх мэдлийг гартаа авч, улсыг ганцаараа удирдах болсон. Нэг хүний гарт эрх мэдэл хэт төвлөрснөөр гүйцэтгэх засаглалын үйл ажиллагаа доголдож ардчилал нурах хамгийн том шалтгаан болсон. Уго Чавес одоогийн Ерөнхийлөгч Николас Мадурог өөрийнхөө залгамж халаа болгосон нь нэг ёсондоо тоталитар дэглэмийг тогтоосон. Нөгөөтэйгүүр дэлхийн зах зээлд газрын тосны үнэ буурснаар манай эдийн засагт хүндрэл учирч ард иргэд улсаасаа дүрвэж эхэлсэн. Одоо Венесуэль улс нь улс төр, эдийн засгийн хүнд нөхцөлд байгаа. Экс Ерөнхийлөгч Уго Чавесын үед газрын тосны экспортоос орж ирэх хөрөнгө харьцангуй их байсан учир хялбар аргаар засаглалаа явуулж байсан. Харин Николас Мадуро эдийн засгийн хүнд нөхцөлд байгаа улсыг удирдаж байна. Улс төр, сөрөг хүчний баривчилгаа газар авч, цэргийн хүчээр дарангуйлж байгаа учир манай улсад хүний эрх ихээр зөрчигдөж байна” хэмээв. Венесуэль улсын гадаад өрийн дийлэнх нь ОХУ болон БНХАУ-д эргэн төлөх өр эзэлдгээс гадна тус улсын газрын тос олборлодог ихэнх талбай дээрх хоёр улсын мэдэлд байдаг. Энэ нь Венесуэль улсын тусгаар тогтнолд эрсдэл учруулж байгааг профессор Александра Панзарелли онцолж байсан юм.
Ингээд түүний илтгэлийн хэсгээс хүргэе. Тэрээр хэлэхдээ “1970-аад оны үед манай улсын бүх төлөөлөл нийгэмд оролцсон хүн бүр тэгш эрхтэй байсан. Олон улсад нээлттэй Италиас болон Америкаас олон иргэд манай улсад ирж суурьшин амьдарч байсан. Венесуэль улсад 1959 оноос ардчилсан засаглалтай болсон. Ингээд тогтвортой ардчилсан улс байсан болохоор бусад улс орон манай улсаас жишээ татах явдал их байсан. Энэ үеэс хойш улс төрийн томоохон хоёр нам бий болсон. Харамсалтай нь хэсэг хугацааны дараа дээрх хоёр нам дотроосоо ялзарч улс төрийн үйл ажиллагаа явуулах чадамжгүй болсон. Энэ үеэс ардчилсан нийгмийн үйл явц доголдож эхэлсэн. Үүнтэй холбоотой ядуурал газар авсан. 1988 онд дээрх хоёр намын нэгний төлөөлөл Карлос Андресс Перс ерөнхийлөгчөөр сонгогдсон. Тэрээр 1970-аад оны үеийн Венесуэлийг эргүүлэн авч ирнэ гэж амласан юм. Энэ амлалтынхаа ачаар тэрээр сонгуульд ялсан. Тэрээр ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараа Засгийн газраа удирдаж эхлэх үедээ эдгээр асуудлуудыг тийм ч хурдан шийдэх боломжгүй юм байна. Бодлогын түвшинд өөрчлөлт хийхгүй бол миний амлалт тийм амархан биеллээ олохгүй юм байна гэдгийг ойлгосон. Тухайн үед ядуурал маш өндөр байсан учраас Каракас хотын ойр орчим үймээн самуун ихээр гарч эхэлсэн. Бид энэ үеэс ардчиллын төгсгөл ирсэн гэж үздэг. Тэр үед хэний ч таньж мэддэггүй Уго Чавес гэх хүн гарч ирсэн. Энэ хүн гудамжин дахь үймээн самуунд чухал үүрэг гүйцэтгэж явсан. Тиймээс төрийн эргэлт хийх оролдлого хийсэн. Тухайн үед нэг ёсондоо хүчээр төрийн эрхийг гартаа авахаар оролдсон боловч чадаагүй. Ингээд Уго Чавес шоронд ял эдэлж байгаад хэсэг хугацааны дараа сонгуульд өрсөлдөх боломж түүнд бий болсон. Ингээд Уго Чавес төрийн эрхэнд гарснаар манай улсын мөхөх эхлэл тавигдсан. Тэрээр сонгуульд нэр дэвших үедээ Венесуэлийн Үндсэн хуульд өөрчлөлт оруулна, шинэ Үндсэн хууль батална, түүхийн явцад улс төрийн амьдралд бага оролцоотой байсан нийгмийн бүлгийг улс төрд оролцуулна гэсэн хоёр зүйлийг амласан юм. Тэрээр эдгээр амлалтаа биелүүлсэн. 1999 онд парламентаар хэлэлцүүлж шинэ Үндсэн хууль баталсан. Энэ хуулийг баталснаар үндэсний цөөнхүүд парламентад суудалтай болж, эмэгтэй сайд нар Засгийн газрын бүрэлдэхүүнд орж эхэлсэн. Нөгөөтэйгүүр Африк, Карибын гаралтай иргэд албан байгууллагад ажил хөдөлмөр эрхлэх эрхтэй болсон. Өмнө нь ийм боломжууд хаалттай байсан. Эдгээр амлалтаа биелүүлснээр Уго Чавесийн нэр хүнд ихээр өссөн. Венесуэлийн ард түмний хувьд маш олон жил ийм өөрчлөлтийг хүлээж байсан. Түүнийг нь тэр хийж чадсан. Харамсалтай нь Үндсэн хуулийг шинээр баталсны сул тал гарч ирсэн. Тэр нь Ерөнхийлөгчийн эрх мэдлийг асар их нэмсэн. Ингэснээр Конгресс өмнө нь хоёр танхимтай байсан бол нэг танхимтай болж ерөнхийлөгчид асар их эрх мэдлийг атгуулсан. Ер нь авторитар дэглэм тогтсон гэж хэлж болно. Тухайн үед манай улсын үндсэн зах зээлээ бүрдүүлдэг гол зүйл нь газрын тос байсан. Тэр үед газрын тосны үнэ өндөр байсан. Ингээд Уго Чавес газрын тосноос олсон их хэмжээний мөнгөөр улс төр, нийгмийн бүлгийг өөрийн талд оруулж эхэлсэн. Өөрөөр хэлбэл мөнгөөр бүх зүйлийг өөрийн болгодог популист лидер болсон. Үүний сацуу Уго Чавес манай түүхийг шинээр бичилцсэн. Боливар гэж манай улсад маш их нэр хүндтэй үндэсний баатар байдаг. Тэр хүнийг тахин шүтүүлж, өөрөө тэр хүнтэй адилхан болж эхэлсэн. Ингээд түүний цогцсыг булшнаас нь гаргаж нүүрний ерөнхий төрхийг нь жаахан өөрчилсөн. Нэг ёсондоо түүнийг нүүр царайны хувьд ч дуурайж эхэлсэн. Манай улсыг байгуулсан хүмүүс баруунаас гаралтай байдаг. Харин түүний бүтээсэн Боливарын хувьд хүн тус бүрээс нэг нэг зүйлийг нь авч бүрдүүлсэн хүн байсан. Уго Чавес өөрөө эрлийз хүрлийз хүн байсан учраас тийм дүр төрхийг бий болгож эхэлсэн. Энэ мэтчилэн манай улсын түүхийг шинээр бичсэн. Харамсалтай Уго Чавес хурдацтай хавдраар өвдөж, богино хугацаанд бие нь муудаж эхэлсэн. Ард түмнээс хэсэг хугацаанд өвчтэй гэдгээ нуусан. Кубэд очиж хэдэн сар эмчилүүлж ирснийхээ дараа өвдсөн гэдгээ зарласан. Тэрээр дахин сонгуульд өрсөлдөж, ялалт байгуулсан боловч бие нь бага багаа муудсаар таалал төгссөн. Нас барахаасаа өмнө өөрийн үе залгамжлагч хэмээн Николас Мадурог сонгосон. Ингээд Николас Мадуро сөрөг хүчинтэй өрсөлдсөн. Энэ сонгуулийн үйл явц нэлээд ээдрээтэй. Тэрээр өрсөлдөгчөө нэг хувийн саналаар ялсан түүхтэй. Ингэснээр сонгуулийн үйл явц, үр дүн маргаан дагуулаад зогсохгүй, үүний үр дүнд хоёр хуваагдсан байсан манай улсын иргэдийг улам туйлшруулсан.
Хэдийгээр Уго Чавес ард түмэндээ нэр хүндтэй улс төрч байсан боловч хүний эрх, хэвлэлийн эрх чөлөөг нухчин дарсан. Нөгөөтэйгүүр улсынхаа эдийн засаг, ардчиллыг үгүй хийсэн хүн юм. Тэгэхдээ л ард түмэн түүнд маш их хайртай. Түүний үед засаглалын гурван үндсэн тулгуур үгүй болсон. Гүйцэтгэх засаглалд ямар ч эрх мэдэл байхгүй Уго Чавесын дураар үйл ажиллагаа нь явдаг болж либерал ардчилал гэх зүйл үгүй болсон. Нэг жишээ дурдвал, нэгэн шүүгч эмэгтэй нэг хүнийг гэм буруугүй хэмээн сулласан. Түүнийг суллахад нь Уго Чавес дургүй байсан. Ингээд өнөөх шүүгч эмэгтэйг “Энэ хүн бол хахууль авсан. Ажлаа хийж чадахгүй байгаа учир түүнийг хорих хэрэгтэй” гэж оройн нэвтрүүлгээр хэлсэн. Ингээд маргааш нь өнөөх шүүгч эмэгтэйг шоронд хийсэн. Тэр эмэгтэй маш их зовсон. Энэ мэтчилэн хүний эрхийг асар их зөрчдөг байсан. Түүнийг амьтантай харьцуулах юм бол наймаалж шиг. Бүх л салбарыг өөрийн эрхшээлд оруулсан. Хэвлэл мэдээлэл, эдийн засаг, зах зээл гэх мэт бүх зүйлийг сорчихсон мэт. Ялангуяа хувийн хэвлэл мэдээллийн сувгуудыг өөрийн эзэмшилд авсан. Тухайлбал та бүхний санй мэдэх “Халтар царайт” олон ангит киног гаргасан телевизийн суваг Уго Чавесыг ихээр шүүмжилдэг телевизийн суваг байсан бол 2007 онд тухайн сувгийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг нь олгохгүйгээр хаасан. Тэгэхээр өөрийнх нь эсрэг дуугардаг ямар л хэвлэл мэдээллийн байгууллага байна түүний үйл ажиллагааг зогсоодог хүн байсан.
Түүнийг ОХУ ерөнхийлөгч В.Путинтэй харьцуулахад өөрийнх нь үзэл санаанд нийцэхгүй байгаа сөрөг хүчний иргэдийг захиргааны болон бусад хэргээр шүүж хорьдог байсан. Миний хэлэх гээд байгаа гол санаа бол асар их эрх мэдлийг гартаа авснаар түүгээрээ далайлган улс төрийн сөрөг хүчнийхнийг нухчин дарсан. Түүний хувьд улам төрийн маш олон нам сольсон. Нэг намаас гарч ирсэн гэж хэлэхэд хэцүү. Мөн бусад улс төрийн хүчнээс нэр дэвшиж байгаа хүмүүстэй хэл амаа ололцоход хэцүү хүн байсан. Тэрээр эрх мэдлээ ашиглан ардчиллыг нухчин дараад зогсохгүй газар, банкууд, аж ахуйн нэгжүүдийг тэр дундаа хөдөө аж ахуйн салбаруудын өмч хөрөнгийг хурааж улсын өмч хөрөнгө болгож өөрийн эрх мэдлээ зузаатгасан. Ингээд хэсэг хугацааны дараа энэ хүний гарт манай улс үндсэндээ тэр чигтээ орсон байсан. Засгийн газар тэр чигтээ хээл хахуульд автсан. Тухайн үед сөрөг хүчин өөрсдийн чадлаар эсэргүүцэл илэрхийлж байсан. Тухайн үеийн эрх мэдэлтнүүдийн Швейцарын банкин дахь дансанд маш их мөнгө хуримтлагдаад байна гэдгийг мэдээлж байсан боловч тэр мэдээллүүд нь иргэдэд хангалттай хэмжээнд хүрэх тал дээр тэдний чадал хүрээгүй. Эдгээр мэдээллийг түгээхийг оролдож байсан иргэдийн зарим нь шоронд хоригдож, зарим нь эх нутгаасаа дүрвэж улс төрийн орогнол хүсэх явдал их гарсан. Харамсалтай нь ард түмэн үүнийг ойлгоогүй. Тэд Уго Чавесыг тахин шүтчихсэн байсан. Уго Чавес ч өөртөө хүмүүсийг татсан хүн байлаа. Иргэд түүнийг бурхан шиг тахин шүтсэнээр улс орных нь эдийн засаг, хүний эрх, эрх чөлөө юу болоод байгааг ойлгох сөхөөгүй байсан. Үндсэндээ хээл хахуульд автсан элитүүд л засгийн эрхэнд байлаа. Дээр идэж уугаад байгаа эрх мэдэлтнүүд улс орны нэгээхэн хэсэгт эзэн суучихсан. Тиймээс өөрийнхөө эрх мэдэл, хураасан хөрөнгөө алдахыг хүсэхгүй байгаагаас үүдэн манай улс маш хүнд нөхцөл байдалд орсон. Тиймээс цаашид хүмүүс ардчиллын үнэт зүйлсийн жаахан хэлтэрхийг ч болов хамгаалж байх ёстой гэсэн сургамж авсан.
Венесуэль улсын өнөөгийн нөхцөл байдал үнэхээр аймшигтай байгаа. Хэдэн сарын өмнө би нутагтаа очсон. Манай улсыг уй гашуу, ядуурлын цөл гэж нэрлэхээр байсан. 2019 оны эцэс гэхэд нийт 5.4 сая хүн улсаасаа дүрвэх байх гэсэн тооцоо байна. Өдөрт доод тал нь 2000 -аас дээш хүн Колумбын хэлээр дүрвэн гарч байгаа гэсэн мэдээлэл бий. Одоогоор манай улсын дүрвэгсдийг хүлээж авч байгаа улс орнууд маш их өлссөн, эрүүл мэндийн хувьд сульдсан, ядарсан тийм хүмүүс л ирж байгаа талаар мэдээлж байгаа.
Улс төрийн нөхцөл байдлын хувьд хоёр улс төрийн эвсэл байна. Нэг нь засгийн газрын нөгөөх нь сөрөг хүчин. Аль аль нь энэ нөхцөл байдлаас хэрхэн гарах вэ гэдэг шийдэл гарцыг мэдэхгүй байна. Зарим хүмүүс засгийн газрын эвсэлтэй яриа хэлэлцээр хийж дахин сонгууль явуулах талаар ярьж байгаа бол нөгөө хэсэг нь гадны дагуул орон болох нь дээр гэж үзэж байгаа. Мадурагийн засгийн газар дотроо тайван бус байгаа. Гурван өөр фракц дотор бий. Нэг хэсэг нь Мадурог дэмжиж байгаа бол нөгөө хэсэг нь түүний эсрэг байр суурьтай шинэ залуус бий. Гуравдугаарт, өмнө нь засгийн газрын сайдаар ажиллаж байсан хэсэг бүлэг. Энэ байдал цааш үргэлжилсээр байвал Мадуро сөрөг хүчнээ нухчин дарна. ОХУ, БНХАУ-тай сайн түншлэл тогтоочихсон, цэргийн хүч, газрын тосыг гартаа атгачихсан байгаа учраас түүний засгийн газраа аваад үлдэх үндсэн тулгуур болоод байна. Тиймээс энэ хямрал үргэлжилдгээрээ үргэлжилнэ. Гадаад өрийн хэмжээ нэмэгдэж, сөрөг хүчнийхнийг хорихыг нь хорьж, дүрвэх нь дүрвэнэ. Дараагийн нэг хувилбар нь Норвегийн засгийн газраас эвслийн хоёр хүчинтэй ямар гарц гаргалгаа байх талаар ярилцаж байгаа. Гэсэн хэдий ч хаалттай хаалганы цаана явж байна.
Эцэст нь манай улсад популизм дарангуйлал болон хувирсан. Засгийн газрыг гартаа авсан эвсэл ард түмний дунд 12 хувийн нэр хүндтэй байна. Мадурогийн нэр хүнд гурван хувьтай байгаа. Үнэндээ Уго Чавес ерөнхийлөгч шиг ард иргэдийн сэтгэл зүрхийг татах, чиглүүлэх чадвар Мадурод байхгүй. Түүнийг тэр хийж, бүтээж чадахгүй байна. Тэр мөн адил популизм хийхийг оролдож байсан нь түүнийг эсрэгээр нь муухай харагдуулж түүнийг хэлмэгдүүлэгч хэмээн цоллож байна” гэв.