Манай Засгийн газар Арбитрт ялагдаж, өрөнд орж, төлж байсан туршлага арвинтай. Хамгийн сүүлд гэхэд, “Жаст”-ын Ш.Батхүүгийн гэгддэг Өмнөд Африкийн “Стандарт” банкны нэхэмжлэлтэй 51 сая ам.долларын өрийг 40 саяар тохиролцож төлсөн. Үүнээс өмнө Дорнодын ураныг ухах гэж байсан “Хан Ресурс”-ийг элдвээр гоочилсоор шахаж гаргасныхаа шанд 100 сая долларын өрөнд орсон. Түүнийг нь татвар төлөгчдийн мөнгөөр зөв харж инээгээд, буруу харж уйлаад төлж байлаа. Учир мэдэх хүмүүсийн ярьж буйгаар, тухайн үеийн ерөнхий сайд С.Баяр ОХУ-д айлчлахдаа хамтдаа “Дорнод уран” байгуулаад үзүүлээд өгье гэсэн байна. Ингээд МХЕГ “Хан Ресурс”-ийг нөхөн сэргээлт хийгээгүй гэдэг бичиг үйлдэж, улмаар манайд хэдэн зуун саяын хөрөнгө оруулалт хийсэн “Хан Ресурс”-ийнхан Арбитрт хандахаас өөр аргагүй болсон юм. Тодруулбал, одоогоос яг арван жилийн өмнө буюу 2009 оны долдугаар сарын 10-ны өдөр “Хан ресурс” компанийн лицензийг цуцалсан байдаг.
Харин өнөөдөр “Хан Ресурс”-ийн түүхийг давтах гэж байна уу гэх хардлага төрөх боллоо. Учир нь, “Сентеррагоулд” компанийн эзэмшдэг “Гацуурт”-ын алтны ордын дөрвөн лицензийг хүчингүй болгох тухай мэдээлэл цацагдаж эхлээд байна. Шалтгаан нь, Хүннүгийн ноёд язгууртнуудын булш, бунхан, соёлын үнэт өв соёл хадгалж буй Ноён уулыг ухаж, сүйтгэх гэж байна гэх. Иймээс бид хэргийн үнэн мөнийг тодруулахаар, нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцахаар Сэлэнгэ аймгийн Мандал сумыг зорьсон юм.
“Ноён уулын булш бунхныг ухах гэж байна” гэхээр олны дунд “Алтан овоо”, “Шилийн богд” шиг тодорхой нэг уулыг ухах гэж байна” гэсэн бодол эрхгүй төрж байсан биз. Гэтэл үнэндээ, Ноён уул нь, Төв аймгийн Борнуур, Батсүмбэр сумаас эхлээд Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутгийг дамжин байрладаг, Сүжигт, Зурамт, Хужирт, Гацуурт, Билүүт, Зуунмод, Булагтай гэх мэт хорь гаруй амтай салбар уулс юм. Харин, “Гацуурт”-ын аманд байрлах “Гацуурт”-ын алтны үндсэн орд нь нутгийн иргэдийн шүтдэг Ноён уулаас 10 километрийн зайд, иргэний хөдөлгөөнийхний хамгаалахаар тэмцэж буй Хүннүгийн олдвор олдсон Төв аймгийн Борнуур сумын нутаг дахь Ноён уулын амнаас 14 км зайд оршдог. Мөн түүнчлэн, “Ноён уулаа аваръя” иргэний хөдөлгөөнийхний ярьж буй “Ноён уулын дурсгал” гэх 300 шахам Хүннүгийн язгууртны булш Ноён уулын Сүжигт, Зурамт, Хужирт гэсэн гурван амд байдаг гэж албан ёсоор үздэг байна.
Түүх сөхөж үзвэл, “Гацуурт”-ын шороон ордыг 1991 онд илрүүлж, 1992-2000 онд “Гацуурт” ХХК олборлолт хийсэн байна. Харин үндсэн ордыг анх 1997 онд Сентерра гоулд гэх компанийн геологичид нээсэн бөгөөд “Гацуурт”-ын Б.Чинбат “Сентеррагоулд” компанид дөрвөн лицензээ худалджээ. “Сентеррагоулд” компанийн зүгээс “Гацуурт”-ын ордын лицензийг авснаас хойш өнөөдрийг хүртэл нэг ч удаа олборлолт явуулаагүй талаар тус компанийн байгаль орчин, усны инженер С.Нарангэрэл онцолсон юм. Тэр хэлэхдээ, “Гацууртын орд газар биднийг анх хүлээж авахад 146 га талбай нөхөн сэргээлт хийгдээгүй, “Гацуурт” голын гольдрол нь өөрчлөгдсөн байсан. Манай компанийн зүгээс голын голдиролыг сэргээж, усан далангуудыг сэтэлж цэвэршүүлж, техникийн нөхөн сэргээлт хийж голын хөндийг унаган төрхөнд нь оруулсан. Үүнээс гадна бид “Гацуурт”-ын орд газарт археологи, палентологи, түүх угсаатан зүй гээд бүх төрлийн нарийвчилсан судалгааг мэргэжлийн байгууллагуудаар хийлгэсэн. Түүнийгээ нэгтгэж БОАЖЯ болон нутгийн удирдлагуудад хүргүүлсэн. Энэхүү тайлан хүн бүхэнд нээлттэй” гэв. Тайлангаас харвал, “Сентеррагоулд Монголия” компани нь ШУА-ийн Түүх-Археологийн хүрээлэнтэй хамтран 2016 онд Гацууртын уурхайн тусгай зөвшөөрөл бүхий талбай, түүний орчмын бүс, зам трассын дагуу археологийн хайгуул явуулжээ. Улмаар дээрх бүсээс 18 дурсгалыг малтан судалж, авран хамгаалсан байна. Иймээс Түүх, археологийн хүрээлэнгээс “Гацууртын ордыг ашиглахад татгалзах зүйлгүй” гэж мэдэгджээ.
Түүнчлэн 2008, 2016 онуудад Гацууртын алтны үндсэн ордын Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээг БОАЖЯ хоёр ч удаа хийж, баталж байжээ. Дээр дурдсанчлан, Гацууртын орд газарт одоогоор ямар нэг үйл ажиллагаа явагдаагүй. Гэсэн хэдий ч “Сентеррагоулд Монголия” компани нийгмийн хариуцлагын хүрээнд, бүс нутгийн байгаль орчны төлөв байдал, өмнөх шороон ордын олборлолтын үйл ажиллагаатай холбоотойгоор үүссэн бохирдлын хэмжээг судлах, цаашид Гацууртын хүрээлэн буй орчны нэгдсэн мэдээллийн сантай болох үүднээс Байгаль орчны хяналт шинжилгээний ажлуудыг 2010 оноос хойш БОМС болон олон улсын ISO 14001 стандартын дагуу тасралтгүй хийсээр байгаа аж. Түүнчлэн, Уул уурхайн яамнаас өгсөн чиглэлийн дагуу уурхайн олборлолт явуулах талбайд ус, хөрс, цэвдэг, хүнцлийн бүх төрлийн судалгааг нэмэлтээр явуулсан байна.
Энэ мэтээр “Сентеррагоулд” компани өнгөрсөн хугацаанд Гацууртын орд газарт 100 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалт хийчхээд байгаа гэнэ. Чухамдаа, “Гацуурт”-ын орд бол манай улсад нөөц нь тогтоогдсон, олборлоход бэлэн болсон ганц алтны орд гэхэд болно. Үндсэн ордын нөөцийг ойролцоогоор 50 тонн хэмээн үзэж буй. Засгийн газраас өнөөдөр Ноён уулыг хамгаалалтдаа авч, Дархан цаазат газар болгоно гэж мэдэгдэж байгаа. Гэвч үнэн хэрэгтээ, 2016 онд УИХ-ын тогтоолоор Ноён уул орчмын газар нутгийг байгалийн нөөц газрын ангиллаар тусгай хамгаалалтад авчээ. Хамгийн гол Гацууртын ордыг 2015 онд Стратегийн ордын жагсаалтад бүртгэж, 2016 онд төрийн эзэмшлийн хувь хэмжээг 34 хувиар тогтоочихсон юм байна.
Тэгэхээр, нэгэнт шороон ордыг нь олборлочихсон, гадаадын хөрөнгө оруулалтаар дэд бүтцийг нь шийдчихсэн, байгаль орчны бүх судалгааг нь хийчихсэн бэлэн орд газрын лицензийг цуцална гэдэг бол “аманд орсон шар тосыг хэлээрээ түлхэхтэй” адил хэрэг юм. Харин үүний цаана манай эрхэм түшээд хэн хэнээсээ өрсөх гэсэн, хэн хэндээ өгчхөж чадахгүй ашиг сонирхлын зөрчил яваад байх шиг. Арван жилийн өмнө Ерөнхий сайд С.Баяр “Хан ресурс”-ийг хөөж гаргасан. Өрөнд орсон. Түүнээс хойш өнөөг хүртэл Дорнодын ураныг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудал нам жим. Тэгвэл өнөөдөр “Сентеррагоулд Монголия”-ын лицензийг цуцалбал “Хан Ресурс”-ийн түүхийг давтахгүй гэх газар алга.
Хэрэв “Сентеррагоулд Монголия”-ын лицензийг цуцалж, “Гацуурт”-аас гаргах юм бол хувиараа алт олборлогчид тэнд жинхэнэ утгаараа найрлана. Тэр цагт бид хэнээс “байгаль орчны нөхөн сэргээлт”, “нийгмийн хариуцлага” нэхэх юм бэ?