Өнгөрсөн хугацаанд бид ямар ямар түүхэн дурсгалуудаа алдсан бол. Монголын хамгийн анхны чулуун тоосгон барилгатай дөрөвдүгээр сургуулийг нураагаад суурин дээр нь Багшийн хөгжлийн ордон барьсан. Гадаад харилцааны яамны зүүн хойд талд Хүүхдийн номын санг, нисэхийн болон үйлдвэр комбинатын цагаан хаалга нэртэй хоёр ч дурсгал байсныг буулгасан.
Монгол Улсын Засгийн газраас Байгалийн түүхийн музейн барилгыг нурааж, Чингис хааны музей байгуулах шийдвэрийг энэ оны долдугаар сарын 3-ны өдөр гаргасан. Мөн Улсын драмын эрдмийн театр, Төв номын сан, Дуурь бүжгийн эрдмийн театрын барилгыг шинээр барих тухай хэлэлцсээр байгаа юм. Харин үүнийг эсэргүүцэж буй иргэд “Соёлын өвөө хамгаалцгаая” сэдвээр мэдээлэл хийлээ.
Улаанбаатар иргэдийн форумын удирдах зөвлөлийн гишүүн Б.Цацрал:
“Тус барилгуудын талаар мэргэжлийн хяналтаас нураагаад шинэчлэн барих тухай утгатай зүйл байхгүй. Төр засгийнхан дүгнэлт гэж иргэдийг төөрөгдүүлж байна. Шаардлагатай гэвэл гадны мэргэжилтнүүдийн дүгнэлт гаргуулж, экспертүүдийн үгийг сонсч байж хэрхэн хадгалж хамгаалах тухай асуудлыг ярих ёстой. Хот гэдэг иргэдийн оролцоо, дурсамжаар бүтсэн газар байдаг тул эдгээр дурсгалт өв соёлыг шууд нураахыг эсэргүүцэж байна. Байгалийн түүхийн музейн нурах дүгнэлт үндэслэлтэй байх ёстой. Нураах амархан ч дахиж барина гэдэг амаргүй” гэв.
Монгол туургатан төв холбооны удирдах зөвлөлийн гишүүн Э.Одбаяр:
“Байгалийн түүхийн музейн хүчитгэлийг хийх боломжтой болохыг мэргэжлийн хүмүүс нь санал дүгнэлтээрээ хэлсэн. Хамгийн гол нь тус музейг арчилж тордоогүй зургаан жил зөнд нь хаясны үр дүнд гадна шавар фасад нь хууларсан байдалтай харагдаж байгаа юм. Барилгуудыг нураалгахгүй байх талаар бид шүүхэд нэхэмжлэл гаргаж, БСШУСЯ-д шаардлага хүргүүлсэн. Олон улсын соёлын өвийн байгууллагуудад албан ёсоор хандана. Байгалийн түүхийн музейг хүчитгэх бүрэн боломжтой. Гэтэл газрыг нь суллаж авах зорилгоор түүхэн гурван газрыг золиослож байна. Дотор нь ажиллаж байгаа хүмүүсийн нөхцөл байдлыг ойлгож байна. Үнэхээр шинээр барих төсөв мөнгө нь байгаа бол хотын өөр байршилд шинээр орчин үеийн барилга барих хэрэгтэй. Байгаа зүйлээ үгүй хийгээд дахиж шинээр барина гэдэг нь утгагүй юм.
Түүхэн соёлын өвийг дараах хоёр тохиолдолд нураадаг байна:
1. Дайн байлдааны үед ор үндэсгүй устсан тохиолдолд зураг баримтад тулгуурлан бүтээнэ.
2. Террорист үйл ажиллагааны явцад устаж үгүй болсон тохиолдолд нураадаг.
Иймд одоо байгаа барилгаа устгах юм бол энэ нь өөрөө террорист үйл ажиллагаа болж буй хэрэг” гэв.
Засгийн газрын шийдвэрийн дагуу музейн барилгыг буулгах, барилгажилтын хашаа барихад шаардагдах зардлыг тооцож, БСШУСЯ-аас Байгалийн түүхийн музейн барилгыг буулгах 400 сая төгрөгийн төсөвтэй тендерийг наймдугаар сарын 29-нд зарлаж, санхүүжилтийн эх үүсвэрийг Засгийн газрын нөөц сангаас гаргах юм.
Харин Улаабаатар иргэний форумаас гадны экспертүүдийг урьж дээрх дөрвөн барилгуудын хадгалалт, хамгаалалтын талаар судалгаа хийж байгаа юм.
Энэ барилгууд төв талбай орчмын өнөөгийн дүр төрхийг бий болгосон
Архитектур бол тухайн улс орны хөгжлийн түүхийг мод, чулуу тоосгоор бүтээж, хойч үед нь мянга мянган жилээр өвлүүлэн үлдээх урлагийн гайхамшигт бүтээл юм. Иймээс соёлт улс орон түүхэн дурсгалуудаа хайрлан хамгаалж, шаардлагатай үед нь сэргээн засварлан тордож, үүгээрээ олон орны жуулчдыг баясгаж бахархуулдаг. Харин Юнеско байгууллага нь тив дэлхийн архитектурын дурсгалуудаа бүртгэж, сайжруулан шинэчлэх ажлыг дэмжин ажилладаг. Тухайлбал, Азийн орнуудын архитекторуудын бүсийн зөвлөлөөс эрхлэн 2011 онд “Азийн архитектурын үнэт өв”-ийн бүртгэл явуулжээ. Монголын архитектурын эвлэл үүнд 50-аас дээш жил болсон есөн бүтээлийг бүртгүүлсэн юм.
“Түүхээ мэдэхгүй хүн ойд төөрсөн сармагчин лугаа адил” гэдэг үг бий. Нийслэл хотод манай улсын барилга, хот байгуулалтын түүхийн гэрч болсон цөөн хэдэн барилга бий. Тэр цөөн барилгын нэг Улсын Драмын эрдмийн театрын барилга зүй ёсоор орно. Анх 1961 онд “Залуучуудын ордон” нэртэйгээр ашиглалтад орж байсан Драмын театрын барилгыг уран барилгын эртний өв уламжлалыг хадгалж, хийц зургийг тусгайлан монгол архитектур төлөвлөж бүтээсэн анхны соёл урлагийн барилга юм. Түүнчлэн гадна баганууд дахь 100 гаруй чихээ хулмайсан азарганы толгойн дүрслэл нь үндэсний хэв шинжийг харуулсан томоохон оюуны бүтээл болсон. Мөн театрын лоож, тааз болон тайзны нүүрний хүрээ, жаазны хээ угалз, баримлуудыг монголчууд өөрсдөө урласан юм. Энэхүү хийцийн далд билэгдэл нь дэлхийн тэн хагасыг мориороо туулан эзэгнэсэн Чингис хааны найман шарга морийг билэгдсэн аж. Манай орноос өөр газар ийм хийц загвар байхгүй. Энэ утгаараа Драмын театр, Гадаад харилцааны яам, Амарбаясгалант хийд зэрэг газруудыг “Азийн үнэт өв”-д бүртгүүлсэн юм. Өөрөөр хэлбэл, драмын театрын барилга бол монголын төдийгүй азийн үнэт өв юм. Түүх соёлын дурсгалт газруудаа хайрлан хамгаалахгүй, хайнга хандаж байгаа нь бид түүхээ мэдэхгүй төөрсөн “сармагчин” болсныг харуулна.
Улсын драмын театрын барилга бол монголын төдийгүй азийн үнэт өв
Салбарын аливаа асуудлыг мэргэжлийн байгууллага, мэргэжилтнүүдийнхээ саналаар шийдэж, архитектурын дурсгалыг муудсан, хуучирсан гэж нураах биш, гадна нүүр, давхрыг өөрчлөлгүй үлдээн засч ашигладаг дэлхийн жишгээр ажиллах хэрэгтэй. Музейн барилгын асуудлын талаар Улаанбаатар хотын музейн эрдэм шинжилгээний ажилтан Г.Очбаяраас тодруулахад:
“Хот доторх хуучин барилгаар иргэдийнхээ дурсамжийг авч үлдэх ёстой. Эдгээр түүхэн дурсгалт газруудыг сэргээн засварлах, хамгаалж үлдэх маш олон арга бий. Гадны оронд нүүрэн фасадыг нь авч үлддэг туршлага бий. Хэрвээ түүхэн барилгуудыг буулгаад дахин барьдаг байсан бол дэлхийн олон орнууд Пирамид, алдарт цамхгуудаа буулгаад дахин барих байсан. Гэтэл ингэж буулгах нь тухайн барилгын түүхийн үнэ цэнийг алдагдуулдаг. Одоо байгаа төрхөөр нь дахин барих нь хэцүү. Тухайн үеийн архитектурын хэв маяг, аргачлалаар дахин барих боломжгүй. Ялангуяа манай улсад үүнийг хийж чадахуйц хэмжээнд сайн техник технологи байхгүй, салбарын мэргэжилтэн, боловсон хүчин цөөн үед музейг нураах нь буруу” гэв.
Өнөөдрийн Улаанбаатар хот нь 1921 оноос өмнөх Богдын хүрээ, 1920-1990 он хүртэлх Социалист хүрээ гэсэн хоёр хотын суурин дээр оршиж байна. Өөрөөр хэлбэл, 90 оноос хойших бидний амьдарч байгаа өнөөгийн шинэ хот бол хуучин дэд бүтэц, хэв маягтай. 1946-1951 онд Улаанбаатар хотод энх цагийн бүтээн байгуулалтаар баригдсан барилгууд хотын төв талбай орчмын өнөөгийн дүр төрхийг бий болгосон юм. Энэ үед баригдсан барилгуудын ихэнх нь неоклассизмын үеийн загвартай бөгөөд хотын гоёмсог барилгууд хэвээр үлдээжээ. Эртний грек, антизмын үеийн барилгууд европт 18 дугаар зуунд дахин дэлгэрснийг “Неоклассизмын үе” гэдэг. Тухайн үеийн монголын удирдагчдын хүсэл сонирхол, ЗХУ-ын нөлөө зэрэг нь эдгээр барилгыг барих шалтгаан болжээ. Орчин үеийн анхны нийтийн номын сан, кино театр, дуурийн театр баригдсанаар нийтийн соёл боловсролын хөгжилд томоохон дэвшил авчирсан юм. Тухайлбал, Байгалийн түүхийн музейн барилга нь тухайн орчин цагийн үндэснийхээ өвөрмөц архитектурын хэв шинжийг тусгаж чадсан бөгөөд нийслэл хотын хөгжилд үзэмж нэмсэн Монголын барилгачдын бахархал болсон юм. Анх 1924 онд “Үндэсний музей” гэх нэрээр байгуулагдаж 1930 онд одоогийн барилгад нүүн ирж, 1956-1991 онд “Улсын төв музей”, 1992 оноос “Байгалийн түүхийн музей” болсон. Байгалийн түүхийн музейд газар зүй, геологи, ашигт малтмал, ургамал амьтны аймаг палеонтологийн олдвор, хүн судлалтай холбоотой үзмэрүүд тавигдсан байсан юм. Харин үүдэнд байх хоёр чулуун арслан нь Богдын шар ордны шөргөөгөн хашааны үүдэнд байсан ба 1954 онд газар зүйн эрдэмтэн О.Намнандоржийн санаачилгаар Улсын төв музей байхад нь байрлуулжээ. Байгалийн түүхийн музейн бусад музейнүүдээс ялгарах онцлог нь байгаль дээрээс цуглуулсан цуглуулгаа лабораторийн түвшинд боловсруулж үзмэр болгодог. Байгалийн түүх нь дэлхийн үүслээс эхлээд ургамал, амьтад, хүний гарал үүслийг хамарсан асар урт хугацааны түүхэн процессыг хамардаг билээ. Мөн Төв номын сан нь Монголын Улсын үндэсний хэмжээний номын сангийн зориулалтаар барьсан анхны барилга бөгөөд барилгын ажилд 1946-1947 онд 200 орчим олзлогдсон япон цэргийг дайчлан оролцуулсан юм.
Улаанбаатар хотын бага тойрууд неоклассизм загвартай нийт 12 барилга байдаг. Үүний нэг Улаанбаатар хотын музей. Орчин үеийн хотын түүхэн дүр төрхийг бүтээсэн анхны барилгуудын нэг. Мөн энэ барилгыг Монгол Улсын анхны архитектур Б.Чимид хийсэн. Олон улсад бол анхны болон алдартай бүтээлүүдийг хадгалж үлдээдэг. Гэтэл Улаанбаатар хотод маань түүх соёлын дурсгалт барилгууд маш цөөхөн байхад Ерөнхий сайд нураах тухай ярьсаар байна.
Ийнхүү олон улс өв соёлдоо анхаарлаа хандуулж байхад манай улс сүүлийн жилүүдэд сэргээн засварлах ямар ч ажил хийгээгүй хэрнээ “60 жил болсон, наслах хугацаа дууссан” гэх “хилс хэрэгт” хэлмэгдүүлж байгаа юм. Ирээдүй хойч үедээ үзүүлэх, өвлүүлэн үлдээх соёлоо үгүй хийж байгаа нь харамсмаар. Энэ мэт эхнээсээ түүхийн дурсгалт барилга байгууламжууд үгүй болсоор байна.