Жил бүрийн аравдугаар сарын 1-нд тохиодог ахмадын баяраар албан байгууллага, аж ахуйн нэгжүүд ажиллаж байгаад гавьяаны амралтдаа гарсан ахмадуудаа цуглуулан нэг зоог бариад, жижигхэн гарын бэлэг өгөөд л тараадаг. Хэдэн ахмад нь баярлаад л нэг цугларсных ажиллаж байсан үеийнхээ тухай өөр зуураа баахан хууч хөөрөөд л тардаг, ийм л нэг жишигтэй.
Харин МҮОНРТ-ийн Ахмадын хороо энэ жилээс “Ахмадууд ажлын байрандаа” гэсэн санаачилга гарган үндэсний телевизийн хоёрдугаар суваг буюу мэдээллийн албаны ахмадуудыг цуглуулан аравдугаар сарын 1-ний мэдээллийн хөтөлбөрийг залуучуудтайгаа хамтран бэлтгүүлсэн байна. Энэ өдөр нэгэн үе үндэсний телевизийн мэдээ, мэдээллийн ММ агентлагт ажиллаж байсан ахмадууд цуглан оператор нь зургаа авч, сэтгүүлчид нь сурвалжилга бэлтгэн, найруулагч, эвлүүлэгчид нь зураг дүрсээ эвлүүлж найруулан, тухайн үеийн гаргагч редактор нь “Цагийн хүрд”-ийнхээ хөтөлбөр дарааллыг гаргаж ажиллалаа.
Энэ өдөр Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн оператор О.Бат-Эрдэнэ, оператор Л.Умбанямба, Ц.Туяа, найруулагч Т.Цэрмаа, редактор Х.Өлзийбаяр, Ц.Сүхбаатар, эвлүүлэгч Уранчимэг, Бумдай, Д.Туул, Ц.Долгор нар өөр өөрийн ажлын байрандаа суун яг 20-иод жилийн өмнөх шигээ ажиллалаа.
Хоёрдугаар сувгийн буюу бидний хэлж заншсанаар телевизийн хуучин төвийн гурван давхарт энэ өдөр тэртээ цагийнх шиг “Хөөе текстээ өг”, “монтажаа хийлгэ”, “Зочны ярилцлага авах оператор студид ороорой, камераа бэтгэ”, “редактор нь үсээ янзлуул” гэсэн дуу шаагьж, ахмадууд “нааш цааш гүйлдэж” өнгөрлөө.
Ахмад сэтгүүлч Ж.Нэргүй “Би 1980-1990 онд МҮОНРТ-д ажиллаж байсан. Тухайн үед тус телевизийн бодлогын редакц, гадаад дотоод мэдээний ерөнхий редакц болон программын хэлтэст ажиллаж байсан. Ингээд 1990 оноос байнгын ажиллагаатай парламент УБХ байгуулагдахад хэвлэл мэдээллийн төлөөлөгчөөр томилогдон парламентын хэвлэлийн албанд тасралтгүй 26 жил ажилласан. Телевизэд ажиллаж байхдаа суртлын редакцад найрамдал хамтын ажиллагааны чиглэлийн болон улс ард аж ахуйн олон салбарт хууль зүй, эрүүл мэнд болон хөдөлмөрчдийн боловсролын чиглэлээр нэвтрүүлгүүд хийж байсан. Мөн “Цагийн хүрд” нэвтрүүлэгт сурвалжлагч, редактор ахлах редактороор ажиллаж байлаа. Энэ хугацаанд олон уран бүтээлчидтэй хамтран ажиллаж байлаа. Хамт ажиллаж байсан хүмүүстэйгээ уулзаж, хийж байсан ажлаа хийж, хойч үеийн залуустайгаа нэг өдөр ч гэсэн хамтран ажиллахад сайхан байна” гэж ярилаа.
Оператор О.Бат-Эрдэнэ “би чинь УБХ байгуулагдахад л парламентад оператораар ажиллаж эхэлсэн. УБХ, УИХ-ын хуралдаан орой болтол үргэлжилнэ. Тэр үед ямар Төрийн ордноос шууд дамжуулна, дүрсээ шиднэ гэж байх биш тармагц нь л мэдээ, дүрсээ өгөх гээд санд мэнд наашаа зүтгэдэгсэн. Шуурхай, сайн редакторуудтай хамт ажиллах урамтай. Дүрс эвлүүлж байхад л текст бэлэн болчихсон байдаг сан. Хийж байсан ажлаа олон жилийн дараа хийх, камерын ард зогсох сайхан байна шүү” гэсэн бол 1997-2005 онд ахлах редактор байсан Х.Өлзийбаяр “Мэдээллийн агентлагийн ажил ид оволзож Цагийн хүрд, мэдээний хөтөлбөрөө бэлтгэх гээд яг л ийм байдаг сан. Үдээс өмнө ажин түжин, үдээс хойш болоод ирэхээр л хөөе, цагийн хүрдийн дараалал, текст, дүрс энэ тэр гээд л дуу нь чангараад ирдэг сэн. Манай телевизийнхэн сайхан ажил санаачилжээ. Олон жил хийж байсан ажлаа эргээд хийхэд залуу нас сэргэх шиг болдог юм байна” гэсэн бол эвлүүлэгч Б.Уранчимэг “Онцгой бөгөөд сонин үйл явдал өнөөдөр тохиож байна. Жил бүрийн өдийд ахмадуудаа хүндэтгэн хүлээж авдаг байгууллагуудад үлгэр жишээ болохуйц сайхан ажил санаачилсан телевизийнхэндээ баярлалаа. “Та баярынхаа өдрөөр ирж ажиллаач ээ” гэсэн санал тавих үед маш их догдолсон. Гэрийнхэндээ “Манай телевизийн ахмадууд маргааш “Цагийн хүрд”-ээ хийнэ” гэж хэлэхэд маш их гайхсан. Амьдралынхаа 30 жилийг өнгөрүүлсэн хамт олонтойгоо дахин нэг өдрийг хамтдаа ажиллаж өнгөрүүлнэ гэдэг сайхан байлаа.20, 30 жилийн өмнө яг л ийм байдагсан. н.Цэрмаа найруулагч гаргагч редактор Ц.Сүхбаатар, Х.Өлзийбаяр нараас дарааллаа, сурвалжлагч нараас текстээ, опператоруудаас дүрс нэхээд л яг ингэж ажил буцалж байдаг, Яг л тэр санаанд ороод сайхан байна” гэлээ.
Найруулагч Т.Цэрмаа “Би МҮОНРТ-д нэг мэдэхэд л 36 жил ажиллачихсан байх юм. Мэдээллийн агентлаг гэдэг телевизийн хамгийн их ачаалалтай, ажил буцалж байдаг газар. Тэтгэвэртээ гараад бас хэдэн жил болчихсон чинь өнөөдөр яг л хуучин шигээ, хуучин хамт олонтойгоо хамтран ажилласан чинь сайхан байна. 36 жилийн турш би гэдэг хүн энэ пультны ард догдлоод суудаг байсан, тэр үе давтагдана гэдэг сайхан байна. Өнөөдөр техник технологи их өөрчлөгдөж, улам боловсронгуй болж. Бид чинь шинэ үе, шинэ цагийн залуучуудаасаа суралцаж байна шүү дээ. Мэдээний найруулагч, эвлүүлэгчийн ажил хамгийн их хурд шаарддаг ажил” гэсэн юм.
Үнэхээр Үндэсний телевизийн ММ агентлаг нэгэн үед хоёрхон Hi камертай байгаад 1996 онд таван Бетакам камертай болж шугаман монтажаар “Цагийн хүрд” хөтөлбөр, 18.00, 23.00 цагийн мэдээ бэлтгэдэг 30 гаруйхан хүнтэй ажиллаж байсан бол 17 цагийн хөтөлбөр бэлтгэдэг телевизийн хоёрдугаар суваг болчихсон байна. 16 оператор ээлж чөлөөгүй зурганд гарч байж энэ бүхнийг амжуулж байгааг харахад хөгжил дэвшил гэдэг л ёстой энэ.
МҮОНРТ-ийн ахмадын хорооны дарга Ц.Сүхбаатар “Өнөөдрийн байдлаар МҮОНРТ-д 365 ахмад бүртгэлтэй байна. Эдгээр хүмүүс 52 жилийн турш хөгжсөн телевиз, 85 жил хөгжсөн радиог хөгжих дэвших шат бүрт өөр өөрийн хувь нэмрийг оруулж, ачааны хүндийг үүрч явсан. Бид жил бүр ахмадуудаа хүлээж авч хүндэтгэл үзүүлэх нэрээр өнгөрдөг бус ахмадууд энэ өдрөө бүтээлч байдлаар өнгөрүүлж, залуучуудтайгаа санал бодлоо солилцох, тэдэнд хэрэгтэй зүйл дээр нь туслах, залуусаасаа суралцаж байх нь зүйтэй юм гээд бид энэ ажлыг санаачилж, эхлүүлж байна. Өнөөдрийн “Цагийн хүрд” нэвтрүүлгийг хамтран бэлтгэж байхад ахмадууд бидэнд санал санаачилга их байхаас гадна залуучуудаасаа суралцах зүйл олон байсныг дурдах хэрэгтэй. Телевиз гэдэг хамтын бүтээл, олон хүний хөдөлмөр шингэж байж нэг хөтөлбөр, нэг нэвтрүүлэг бэлэн болдог. Ахмадууд баярын өдрөө бүтээлч байдлаар өнгөрүүлж өөр өөрийн ажиллаж, хөдөлмөрлөж байсан салбартаа ажиллах боломжийг нь ажиллаж байсан байгууллагууд нь бүрдүүлж өгдөг байгаасай гэж уриалж байгаа юм. Ингэж гэмээнэ нийгэмдээ тустайгаас гадна ахмад залуу үеийн харилцаа холбоог бэхжүүлж, хөгжүүлэхэд тустай. Ахмадуудад хамт олонтойгоо уулзах юмсан. Ажиллаж байсан ширээн дээрээ нэг суух юмсан. Дахин ажлаа хийж үзэх юмсан. Ямар болоо бол доо гэсэн бодол хүн бүрт байдаг. Тийм болохоор аравдугаар сарын 1-нд ахмадууд ажлаа хийх өдөр хэмээн хүлээдэг, хамт олонтойгоо уулздаг, шинэ залуу үетэйгээ уулзаж тэдэнд сургамж зөвлөгөө өгдөг ийм өдөр байгаасай хэмээн энэ уриалгыг гаргасан. Энэ уриалгыг Монголын ахмадын холбоо дэмжиж хүлээж авлаа. Ирэх жилийн энэ өдөр ийм бүтээлч өдөр болж бүх байгууллага аж ахуйн нэгж ахмадуудаа ажлын байранд нь авч ирж, хийж байсан ажлыг нь хийлгэж залуучуудтай нь уулзуулан ахмад залуу үеийн холбоог бэхжүүлдэг ийм уламжлал тогтоосой гэж хүсч байна” гэлээ.
Ийнхүү ахмадын баярын энэ өдөр МҮОНРТ-ийн мэдээллийн сувагт ахмад залуучууд хамтран ажиллаж “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөрөө хамтран бэлтгэж үзэгч олондоо хүргэлээ. Энэ өдөр ахмадууд хамт ажиллаж байсан үеийнхээ сайхан сайхан дурсамжийг хөөрөлдөж, залуучууддаа зөвлөж, бас тэднээсээ суралцан шинэ үеийн техник аппаратын ард сууж зогсч, бичиж туурвиж яг л хуучин ажиллаж байсан шигээ яарч тэвдэж, бие биенээсээ шаардаж нэгэн их ажлын ард гарсандаа баяртай байлаа.