Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
үнэт зүйлээ нулимж үл болно

Хүн гэдэг амьтан бусадтайгаа юугаараа адилхан, юугаараа ялгаатай вэ? Биологийн талаас нь авч үзвэл идэж ууна, өснө үржинэ, өтөлнө, хөгширнө, үхнэ. Угтаа бүгд ямар ч ялгаагүй. Гэхдээ хүн бүхэн өөр. Юугаараа? Үнэт зүйлээрээ. Үнэт зүйл гэдэг нь “май” гээд гаргаад үзүүлчхэж болохгүй тийм хийсвэр хэрнээ эрхэм ойлголт учраас л хэмжээлшгүй үнэ цэнтэй. Энэ хорвоод үнэ өртгөөр тооцож болохгүй зүйлс гэж бий. Түүнийг ерөнхийд нь үнэт зүйлс гээд ойлгочход буруудахгүй болов уу. Хувь хүмүүсээс бүрдэх үндэстэн бүр үнэт зүйлтэй. Түүгээрээ ижилсч бас ондоошин хүн төрөлхтний түүхийг бүтээдэг. Дэлхий даяар хэзээ ч энх тайван тогтож байгаагүйн учир нь эдгээр үндэстнүүдийн үнэт зүйлс хэт өөр байж хоорондоо дайтдагтай холбоотой. 

Нэг үндэстний хувьд хүмүүсийнх нь үнэт зүйлс хэт ялгаатай байх нь үнэт зүйлийн төөрөгдөлд орж сүүлдээ үнэт зүйлээ үл тооход хүргэнэ. Өөрөөр хэлбэл үндэстэн хагаран бутрахад хүргэнэ. Монголын хувьд ийм байдалд хэдий хүрээгүй ч шинж тэмдгүүд хурц тод илэрсээр байгаа билээ. Үнэт зүйлсийн төөрөгдөлд орсон нийгэм хагарал, талцал, хэрүүл бужигнаанаар дүүрэн. Үүнээс үлдэх үр дагавар нь ирээдүйдээ итгэлгүй, гутранги, хувиа хичээж, амиа аргацаасан, алдар нэр, эрх мэдэл, мөнгөний төлөө юугаа ч өгөхөөс буцахгүй “хүн сүрэг” үүснэ. Олон нийтийн ийм буруу хандлага гол нь халдвартай. Тэд ирээдүй үедээ энэ хандлагыг “хүлээлгэн өгч” өвлүүлнэ. Энэ л бидний эмгэнэл.

Өнөөдөр манай нийгмийн үнэт зүйлс бүгд байраа сольж урвуугаа харсан нь бодит үнэн. Шударга ёсны оронд хулгай луйвар тухалж, ур чадварын оронд арга заль сууж, авьяас билгийн оронд хоосон үг, хийрхүү зан байрыг нь эзэлжээ. “Тиймээс тэнэгүүдийг ухаантнуудаас ялгах аргагүй болжээ. Тэд ухаантай үг цээжилдэг болчхож” гэдэг үг гарсан биз ээ. Өөрөөр хэлбэл үнэний байрыг худал эзэлж, сайхны орон зайг муухай эзэгнэчхээд байна. Үүний хамгийн том аюул нь улс үндэстэн тухайлбал олон нийтийн олонх хэсэг үнэнг худлаас, муухайг сайхнаас ялгах ухааны мэлмий нь сохорно. Сэтгэлийн гэгээг бузрын хир тоос дарахад билгийн нүд сохордог гэдэг үг бий. Аливаа хоёр туйлт мөн чанарын буюу юу зөв, буруу болохыг ялгаж таньж мэдэхээ байхыг үнэт зүйлийн төөрөгдөл гэнэ. Бодит үнэн цорын ганц түүнийг мушгин гуйвуулсан худлыг хэчнээнийг ч зохиож болно. Тиймээс хүн төрөлхтний төдийгөөс өдий хүртэлх хүсэл эрмэлзлэл нь үнэнийг олох, үнэнд дөхсөөр ирсэн билээ. Худлын төөрөгдөлд орохгүйн тулд хууль цааз гэгчийг зохиож түүнийгээ дагаж мөрдсөөр ирсэн. Хууль цаазаас гадна өвгөдийнхөө бүтээсэн түүх, ёс заншил, итгэл бишрэлийг дагадаг, дагахыг хүсэхгүй бол хүндэтгэж үзэх, хүндэтгэж үзэхгүй бол нулимахгүй байх, ядаж л “дуугүй байх” ёс суртахуун хүнд хэрэгтэй. Ийм ёс суртахуун өөрөө хүний үнэт зүйл байдаг гэдгийг ч хэлэх нь зүйтэй байх. Улс үндэстний туулж ирсэн үүх түүх, бүтээсэн өв уламжлал, дагаж ирсэн соёл иргэншил бүгд тухайн үндэстний хувьд үнэт зүйлс нь болдог. Нийгэм хамтынх. Хүний амьдрал ч бүгд бие биеэс хамааралтай хамтынх. Өөр өөр хувийн үзэл бодолтой түмнийг зөвхөн хамтынх болгодог нийтлэг нь үнэт зүйлс юм. Үндэстний үнэт зүйлээ эргэж харах, шинэчлэх, сэргээх, дархлаатай болгох, нийтээр танин мэдүүлэхэд төр засаг чухал үүрэгтэй. Нэгэн жишээг дурдъя. 2017 оны гуравдугаар сарын 13-нд Японы мэргэжлийн сумогийн Харү башёд зайлах мэхээр давсан монгол бөхийг сүмо үзэгчид “Монгол руугаа буц” гэж хашхирсан явдлыг Японы парламентаар авч хэлэлцжээ. Сайд, парламентын гишүүд сүмо үзэгчдээс өөр байр суурьтай байгаагаа илэрхийлсэн. Нийгэмд арьс өнгө, яс үндэс, гарал үүслээр гадуурхах, ялгаварлах байдал гарах ёсгүй. Сүмо үзэгчдэд хүндлэл гэдэг зүйл алга. Сүмо бөхийн өнөөгийн хөгжилд монголчууд томоохон үүрэг гүйцэтгэж яваа тул бөхдөө хайртай бол монголчуудыг хүндэтгэх ёстой гэсэн байна. Тиймээс Монгол бөхчүүдийг хайрлаж, хүндэтгэх ёстой гэдэгтээ ихэнх япончууд санал нэгдсэн байна. Энэ жишээнээс харахад нийгмийн сэтгэлгээний нэгдмэл, бүхэллэг байдлыг хадгалахын тулд Японы төр засаг ердөө бөх үзэгчдийн хэлсэн үгийг шүүн хэлэлцэж нийгмийн харилцаан дахь буруу зөвийг ялгаж, баримтлах чигийг нь гаргаж өгч байна. Энэ мэт эргэлзээ, төөрөгдөл ихсэхийн хэрээр зөвийгөө буруугаас ялгаж чадахаа больж, чухам юуг зөв гэж үзэх нь тодорхойгүй, баримтлах чиг нь будилаантай болоод байна.

Тухайлбал монголчуудын хувьд мушгин гуйвуулж, арчиж болохгүй их түүх, нүүдэлчин уламжлал, сэтгэлгээний онцлог, өв соёл, бэлгэдэл зэрэг олон үнэт зүйлс нэгтгэдэг. Ийм нийтлэгүүд алдагдаж бүдгэрч, эргэлзээ төөрөгдөлд орж улмаар үнэт зүйлсээ алдаж эхэлбэл улс үндэстэн мөхнө. Америкийн уугуул индианчуудыг мөхөж буй түүхийг их гүрний бодлого гэдэг ч үнэндээ тэдгээр уугуул иргэд үнэт зүйлсээ алдсанд, алдуулсанд хамаг учир оршино. Учир нь хүн гэдэг зөвхөн хоол идэж, хувцас өмсч, өглөө сэрж шөнө унтсаар нэг насаа дуусгадаг махбод биш. Хүнд ахуйгаас гадна асар том оюун санааны хэрэгцээ оршиж тэрхүү хэрэгцээгээ хангаж тэр үндсэн дээрээ туурга тусгаар оршин тогтнодог. Тийм биш бол дэлхийн долоон тэрбум хүн өнөөдөр нэг хэлээр харилцаж, нэг л ижил зүйлийг хүсч мөрөөдөж, улс орон бүхэнд төр засаг, бэлгэдэл тэр ч байтугай хил хязгаар ч хэрэггүй байх биз. Улс үндэстний хувьд үнэт зүйл маш том эрх ашиг. Тиймээс ямар ч тохиолдолд улс үндэстнээсээ давах ёсон байхгүй. Харин өнөөдөр манай улсад хувийн эрх ашиг нийтийн болоод улс орны эрх ашгаас давах тохиолдлууд олон.

Мөн үнэт зүйлийг үнэгүйдүүлэх хандлагууд гарсаар байгаагийн жишээ нь “Нэг бурууг нөгөө буруугаар зөвтгөх”, “Нэг алдааг нөгөө алдаагаар өршөөх” гэх мэт гаж үзэгдлүүд юм. Энэ бол өмнө өгүүлсэн ёс суртахууны хэм хэмжээ, нийгмийн болон гоо зүйн үнэт зүйлс тэр чигээрээ алдагдаж байгаагийн тод жишээ юм. Энэ хандлага урвуугаараа тогтвол улс үндэстэн оюун санааны хувьд мөхнө. Энэхүү мөхлийг ойртуулагч, дуудагч, хорт санаагаа түгээн тараагчид нь өөрийн гэсэн хувь хүний болоод үндэстний үнэт зүйлийг уландаа гишгэгч, үл мэдэгчдийн бүлэг юм. Өөрөөр хэлбэл гадны гар хөл бологчид болон тэнэгээ мэдэхгүй тэнэгүүд юм. Тэнэгээ мэдэхгүй хэрнээ өөрийгөө их мэдэгч гэж бодогдсод улс орны хувьд дотоодын “дайсан” гэхэд хилстэхгүй. Тэдгээр дайснууд нэгдүгээрт мэдэж байгаа хэрнээ хортойгоор үйлдэх эсвэл мэдэхгүй хэрнээ мэдэж байгаадаа хэт итгэж бас л хортой үйлдлээ хийдэг.

Тухайлбал “улс орноо зарж идэж байгаа хүнийг барьж хорьж чадахгүй байж хулгай хийсэн хүнийг хорих гэлээ”. Баян хүний гэрт хулгай орвол “ахиухныг авахгүй яав даа, тэр хулгайчийг шийтгэх хэрэггүй” гэх мэт хандлагууд нийгэмд зонхилж түүнийг түмэн олноор дэмжүүлэхийг уриалан дууддаг. Энэ бол нэг талаасаа манай улсад тэгш байдал, шударга ёс алдагдаж “өшөө авах” сэтгэлгээ хөгжиж буй үзэгдэл. Нийтийн бах тавыг хангагч цөөнх ч өөрсдөө ийм ялгаатай байдлыг үүсгэж буйгаараа мөн буруутай. Харин эдгээр хэсэг бүлгүүдийг нийтэд нь нэг үндэстэн гээд харвал тун ч аюултай байдал үзэгдэнэ. Хамгийн сүүлийн жишээг дурдвал Ч.Лодойсамбуу гэгч залуу төрийн далбааг хэвлэл мэдээллийн хэрэгслээр урж буцаан оёсон явдал. Хамгийн гол нь түүнээс болж олон нийт хоёр талцан олон нийтийн сүлжээгээр хэрэлдлээ. Тухайн үйлдлийг зөвтгөж буй хүмүүсийн тайлбар нь “улс орноо урж идэж байгааг чинь л хатуухан хэлж өглөө”. Төрийн далбаа урагч этгээдийн тайлбар “Хятадад бөөнөөр нь үйлдвэрлээд хаа сайгүй хогийн саванд та нар өөрсдөө хийдэг хоёр метр хүрэхгүй даавуу шүү дээ. Улс орноо зарж идэж байгаагийн хажууд энэ юу юм!” гэх зөвтгөлүүд. Хэлбэр талаасаа харвал хоёр метр ч хүрэхгүй өнгийн даавуу нь үнэн. Хэн ч түүнийг яаж ч болно. Гэхдээ болохгүй. Учир нь улс үндэстний үнэт зүйлсийг түүгээр төлөөлүүлээд Үндсэн хуулиндаа заачихсан юм. Үүнийг ойлгоход тийм ч хэцүү биш.

Харин улс орноо зарж идэж байгаа этгээдүүд бий юу, бий. Энэ бас л үнэн. Түүний дэргэд төрийн далбаа урах бага хэрэг үү? Бодит үр дагаврын хувьд тийм байж магадгүй. Нэг гэмт хэргийг, нөгөө гэмт хэрэгтэй харьцуулах нь тэнэглэл. Нэг бурууг, нөгөө буруугаар хэмжих нь бүр том тэнэглэл. Гэмт хэрэг бүхэн тус тусдаа хуультай, заалттай. Түүнийг илрүүлж шийтгэх нь бүр тусдаа асуудал. Ийм тэнэглэлүүд газар авбал төр засаг, хууль цааз, төр ч байгаад хэрэггүй. Бүхнийг ширэнгийн хуулиар зохицуулах болно. Ширэнгийн хууль ч байгалийн хуульд захирагддагийг санах хэрэгтэй.

Сүүлийн үед барьцах, хариугаа авах, тавлах, доромжлох, хүний муу үзэх, хүний зовлонгоор жаргал хийх гэх мэт монгол хүний мөн чанарт байгаагүй, байх ч ёсгүй үзэгдлүүд газар авсаар байна. Улс үндэстнийг эрхэм дээд үнэт зүйлс нь л зөвхөн нэгтгэдэг. Түүнийгээ оновчтой тодорхой байлгахын тулд тодорхой бэлгэдэл, зан үйлээрээ зангиддаг. Түүний жишээ нь төрийн далбаа, сүлд, дуулал, тодорхой ёс заншлууд, баяр наадмууд гэх мэт. Эдгээрийн утга учир нь шударга, эрх чөлөөтэй, эв нэгдэлтэй, хүмүүнлэг нийгэмд амар тайван хамтаараа амьдрах л зорилго.

Бид юуны төлөө Монгол Улс гэж өөрсдийгөө нэрлэж, хил дээрээ цэрэг зогсоож, зүрхэндээ гараа аван төрийн дууллаа дуулж, Наадам, Цагаан сар тэмдэглэж огшиж омогшиж, дээл өмсөн гангарч, дэлхийн тавцанд илгээсэн шилдгүүдээ дэмжиж уухайлдаг юм бэ? Монгол үндэстний нэг гэдгээ санах гэж, үнэт зүйлээ тээж дамжуулах гэж л үе үе дархлаагаа сэргээж байгаа нь л тэр шүү дээ. Байсан юмаа мартах нь гээсэн юмаа хайхаас бүр ч хэцүү.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com