Яг жилийн өмнө жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас хөнгөлөлттэй зээл авсан гишүүдийн нэрс ил болж, нийгэмд шуугиан тарьж байлаа. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулахын төлөө кноп дарсан гишүүдэд урамшуулал болгож энэхүү зээлийг өгсөн гэдэг. Энэ хэрэгт одоогийн УИХ-ын 51 гишүүний нэр холбогддог ч өнөөдөр тэд бүгд “цагаадсан”. Тэднийг “цагаатгах” процессыг шат дараатай ярьж өгье.
Нийслэлийн прокурорын газраас 2018 оны аравдугаар сарын 29-ний өдөр хэрэг бүртгэлийн хэрэг нээж, харьяаллын дагуу Авлигатай тэмцэх газар луу явуулсан байдаг. Улмаар АТГ-аас жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх санд өргөн хүрээтэй шалгалт хийхээр болсон. Ингэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлсэн юм. Мөрдөн шалгах ажиллагаанд зээл авахаар хүсэлт гаргасан 1544 иргэн, аж ахуйн нэгж хамрагдсан бөгөөд ХХААХҮ-ийн сайдын хоёр удаагийн тушаалаар зээл авсан 216 иргэн, аж ахуйн нэгжийн төслийн үйл ажиллагааг хамарсан тухай албаны эх сурвалж мэдээлдэг.
Энэ талаар Авлигатай тэмцэх газрын Мөрдөн байцаах албаны дарга, ахлах комиссар Ц.Энхбаяр өнгөрөгч дөрөвдүгээр сард ярихдаа, “Зээл авсан иргэн, хуулийн этгээд бүрийг буруутан, гэмт хэрэгтэн гэж үзэж болохгүй. Зээлийг зохих журмын дагуу авсан, ЖДҮХС-гийн шалгуур шаардлагыг хангаж, зохих журмын дагуу шалгарсан, үйл ажиллагаа нь хэвийн хэрэгжиж байгаа төслүүд бий. Тухайлбал, ажлын байр бий болгож, ноос, ноолуур, оёдол, газар тариалан, хүлэмж, зоорь барих зэрэг чиглэлээр хүсэлт гаргасан, түүнийхээ дагуу үйл ажиллагаагаа явуулж байгаа төслүүд байна. Төслийн үйл ажиллагаа нь зориулалт, зохих журмын дагуу явагдаж байгаа гэдгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтын хэмжээнд тогтоосон.Одоогоор 70 гаруй төслийг хэрэгжүүлэгч иргэн, хуулийн этгээдийн үйлдэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн тусгаарлан шалгаж, үүнээс гэмт хэргийн шинжгүй гэж үзсэн 50 гаруй хэргийг хаах санал гаргаж, прокурорын байгууллагад хүргүүлээд байна” гэсэн юм. Түүний дурдсан прокурорт хаалгах хүсэлтэй хүргүүлсэн хавтаст хэрэгт:
•УИХ-ын гишүүн С.Чинзоригийн дэмжсэн албан бичигтэй иргэн Л.Оюун-Эрдэнэ
•УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн дэмжсэн “Баруун зүүн эх сувилал” ХХК
•УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын дэмжсэн “Марал буян групп” ХХК
•УИХ-ын гишүүн С.Бямбацогтын дэмжсэн “Цант Алтай” ХХК
•УИХ-ын гишүүн М.Билэгтийн дэмжсэн “Өндөр бадрах” ХХК
•УИХ-ын гишүүн Д.Хаянхярваагийн дэмжсэн “Дархан эрдэнэ мах комбинат” ХХК
•УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаагийн дэмжсэн “Ширээт онон” ХХК
•УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын дэмжсэн “Хантай хайрхан” ХХК
•УИХ-ын гишүүн М.Энхболдын дэмжсэн ”Нүүдэлчин агро ферм” ХХК
•УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн дэмжсэн “Солар хаус” ХХК
•УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийн дэмжсэн “Бүрэн луу” ХХК
•УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилын дэмжсэн “Кэй өү эм эм жи эл” ХХК
•УИХ-ын гишүүн Б.Тэрбишдагвын дэмжсэн “Арвайн хүрд” ХХК
•УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын дэмжсэн “Саруул хангайн чөлөөт бүс” ХХК
•УИХ-ын гишүүн Н.Энхболдын дэмжсэн “Өлзий дэн” ХХК
•Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Саулегийн дэмжсэн “Ричнес инвестмент” ХХК
•Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга асан Ц.Ням-Осорын хамаарал бүхий “Хос эрхэс” ХХК
•УЕП-ын орлогч асан Б.Амгаланбаатарын хамаарал бүхий “Цаст согоот” ХХК зэрэг иргэн, хуулийн этгээдүүд хамаарч байлаа. АТГ-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад эдгээр гишүүд “Тойрогтоо жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх, зээл авахад нь дэмжлэг үзүүлсэн, тойргийн сонгогч, зээлдэгч нь авсан санхүүжилтээ зориулалтын дагуу зарцуулж буй эсэхийг шалгаж, тэдгээрийг дэмжсэн УИХ-ын гишүүдтэй хамааралгүй болох нь тогтоогдсон” гэж үзсэн билээ.
Үүнээс гурван сарын өмнө буюу энэ оны нэгдүгээр сарын 9-нд Улсын Ерөнхий Прокуророос УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Л.Энхболд, Г.Солтан, Б.Ундармаа нарын гишүүдийг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэн шалгах хүсэлтийг УИХ-ын даргад хүргүүлсэн. Гэвч мөн л чуулганаар хэлэлцээд эдгээр дөрвөн гишүүнд бүрэн эрхтэйгээ үлдэх боломж олгосон байдаг. Өнөөдрийг хүртэл нэр бүхий таван гишүүнд үүсгэсэн эрүүгийн хэрэг гацаанд орсон байдалтай байна. Гацаанд орсон нь бас учиртай. Юу гэвэл, ЖДҮ-чин гишүүд зээл авахаасаа өмнө олон хуульд, ялангуяа төсөл шалгаруулах журамд нэмэлт өөрчлөлт оруулж өөрсдөдөө ашигтай байдал үүсгэсэн байна. Үүний уршгаар авлига, албан тушаалын хэрэгт холбогдоод хэрэг хийсэн нь нотлогдсон ч нэлээдгүй хүмүүс ял завшсан гэдэг. Хууль журам, ном дүрмийнхээ дагуу бол ЖДҮ хулгайлсан УИХ-ын гишүүд Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйл буюу эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэдэг заалтыг зөрчсөн. Иймээс ЖДҮ-чин гишүүд нийтийн албанд томилогдох эрхээ таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасуулж, арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсвэл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгүүлэх ёстой байсан.
Гэвч, АТГ-аас хуурай гарч, прокурорыг гацаанд оруулсан, ам дүүрэн “шударга ёс” ярьдаг УИХ-ын гишүүд маань ард түмний өмнө хэн нэг буруутанг гэсгээж, түүнд бүх булхайгаа чихэхийг илүүд үзсэн. Энэ хүн нь муу нэртэй, луу данстай ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг болж таарсан юм. Түүнээс 54 аж ахуйн нэгжийн хохирол болох 30 орчим тэрбум төгрөгийг нэхэмжлэх ёстой гэдэг үндэслэлийг “Онч шийдэл” төрийн бус байгууллагын хуульчид үзсэн. Иймээс хуульчид энэ оны нэгдүгээр сард Захиргааны хэргийн анхан шатны болон давж заалдах шүүхэд хэд хэдэн үндэслэлээр хандсан. Тодруулбал, ЖДҮХС-аас зээл авахын тулд төсөл сонгон шалгаруулалт явуулах талаар баталсан журамд хоёр өөрчлөлт оруулсан нь ЖДҮ-чдийн боломжийг хаасан хэмээн мэдэгдэж байсан юм. Ингэхдээ, хуульчдын зүгээс ЖДҮХС-аас зээл олгох харилцааг зохицуулсан журамд 2018 оны нэгдүгээр сарын 3-ны өдрийн А01 дугаар тушаалаар оруулсан өөрчлөлт бүх хулгайн эхлэл байж гэж үзээд Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд хүчингүй болгуулах. Хоёрдугаарт, нэр бүхий албан тушаалтны өөрийн болон хамаарал бүхий этгээддээ зээл авч өгсөн тушаалыг хүчингүй болгуулж, эргүүлж төлүүлэх зорилго тавьж Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд нийтийн эрх ашгийг хамгаалах зорилгоор нэхэмжлэл гаргажээ. Дээрх хэргийг Улсын дээд шүүх өнгөрөгч лхавга гарагт хэлэлцсэн.
Гэвч энэхүү хуралд хуульчид ялагдсан байна. Энэ талаар хуульч Ж.Эрхэмбаатар ярихдаа, “Улс төржилтөөс үүдэн аж ахуй нэгжүүд ЖДҮХС-аас санхүүжилт авч чадаагүй байгаа. Бидний зорилго юу байсан бэ гэхээр эдгээр эрх ашиг нь зөрчигдсөн жинхэнэ жижиг дунд үйлдвэрлэгчдэд туслах. Жишээ татахад, 2018 оны хоёрдугаар сарын 29-ний өдрийн А29 дүгээр тушаал зээл авах эрх нь нээлттэй байсан тушаал гаргасныг хүчингүй болгосон 54 аж ахуй нэгж өөрт учирсан хохирлоо нэхэмжлэх ёстой. Нэхэмжлэхийн тулд хууль зүйн үндэслэл хэрэгтэй. Зарим аж ахуй нэгжүүд зээл олгоно гэсэн тушаал гарсны дагуу банк, санхүүгийн байгууллагаас өндөр үнэтэй зээл аваад бизнесээ эхлүүлсэн. Ингээд бизнесээ эхлүүлээд явж байтал гаргасан тушаалыг нь хүчингүй болгочихоор тэд хохиролтой үлдэнэ. Дээрх хохирлыг хэн нэгэн буруутай этгээдээс шаардах ёстой. Давж заалдах шатны шүүхээс дээрх хэрэг хууль бус байжээ гэдэг шийдвэр гарсан байсан. Өөрөөр хэлбэл хууль зүйн үндэслэл бий болчихсон байсан юм.
Гэтэл Улсын дээд шүүхээс дээрх хэргийг өнөөдөр хүчингүй болголоо. Ингэснээр хохирсон аж ахуй нэгжүүд хууль бус шийдвэрүүдээс үүдэлтэй өөрт учирсан хохирлоо шаардах боломжгүй боллоо. Жишээ нь 54 аж ахуй нэгжийн тохиолдолд ойролцоогоор 30 орчим тэрбум төгрөгийн хохирол учирсан гэсэн тойм тоо бий. Энэ хохирлоо төрөөс нэхэмжлэх, төр эргээд хууль бус шийдвэр гаргасан албан тушаалтан буюу тухайн үеийн сайдын үүрэг гүйцэтгэж байсан Б.Батзоригийн хувийн хөрөнгөнөөс нь шаардаж гаргуулах буюу санхүүгийн хариуцлага хүлээлгэх бололцоо нь нээгдэх байсан юм” гэлээ.
Ийнхүү ард түмний боломжийг хулгайлж, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас бага хүүтэй зээл авч, мөнгө угаасан эрхэм гишүүдийн хэрэг түүх болон үлдэж байна.