Монгол Улсын гавьяат багш Ядамын Дүгэр
“Улс нийгмийн хөгжил дэвшил сайн багш, сайн эмч, шударга шүүгч гэсэн гурван халим дээр суурилдаг” гэж үг бий. Энэ жил дэлхийн багш нарын баярыг тэмдэглэж эхэлсний 25 жилийн ой, Монголын багш нарын баярыг төр засгийн хэмжээнд албан ёсоор тэмдэглэхээр шийдвэрлэсний 53 жилийн ой тохиож байна. Монголын багш нарын баярыг анх 1966 онд, жил бүрийн хоёрдугаар сарын эхний ням гарагт тэмдэглэж байх шийдвэр гарч байсан юм. Баян-Өлгийд нэг алиа багш тэр үед “Энэ бол миний сүүлээ сайран дээрээ тавьдаг ганц өдөр” гэж хошигнодог байж билээ. Тэр үед багш нарын баяр хааяа цагаан сартай давхацдаг байлаа. Харин одоо Олон улсын ахмадын баяртай давхцах болжээ.
“Оньсыг тайлан эрдмийн үүдийг нээж өгч та, оюун дэлгэм нээлттэй замыг зааж өгч та” гэж манай ард түмэн дуулдаг. Эх орныхоо элгэн дээр эрдмийн үрийг суулгадаг, хөдөөгийн уул талаар соёлын үрийг тарьдаг, хүүхэд багачуудад эрдэм, номын үүдийг нээж өгдөг хүн бол багш. “Шавийн эрдэм багшаас, зулын гэрэл тосноос” (шалтгаалдаг) гэж үг бий. Энэ бол багш хүн өөрийгөө боловсруулж, байнга суралцаж байх ёстойг сануулсан үг. “Багш хүн суралцахаа боливол, тэр хүн багш байхаа больдог” гэж ч хэлдэг.
Энэ жил Дэлхийн багш нарын өдрийг Нэгдсэн Үндэсний Байгууллагын Боловсрол, соёл, шинжлэх ухааны байгууллага ЮНЕСКО-гоос “Залуу багш- Ирээдүйн мэргэжилтэн” гэсэн уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.
Төв аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, аймгийн Засаг даргын Тамгын газар, Боловсрол соёлын төв, мөн энэ хүрээнд ажлаа эхэлж, залуу багш нарын зөвлөгөөн, сургалт семинар, туршлага солилцох уулзалт өдөрлөг зохион байгуулж, олон ч залуу багш нарыг урьж оролцуулан, уулзуулж, бас урамшууллаа. Хорин хэдхэн настай залуу, чухам “хонгор багаараа” байгаа, ариухан, гэгээлэг, бас гэнэн цайлган, бөөн хүсэл тэмүүлэл болсон тэднийг харах, бие биентэйгээ уулзаж, ярьж хөөрөлдөж байгааг үзэх сайхан байлаа.
Би хэдийгээр Увс, Баян-Өлгийн “угшилтай” хүн хэдий ч Төв аймгийн Угтаалцайдам сумын Улсын тэргүүний сургуульд 30 жил ажилласан, хамгийн ид үеэ тэнд өнгөрүүлсэн болохоор Төв аймагт төрсөн нутгаасаа илүү идээшсэн хүн. Аймгийн удирдлага Багш нарын өдрийг тохиолдуулан боловсролын ахмад ажилтнууд, гавьяат багш нараа урьж оролцуулан тэдэнд хүндэтгэл үзүүлж, үг сургаалыг нь залуу багш нарт хүргэдэг сайхан уламжлалтай.
Энэ сайхан үйл ажиллагаанд би ч оролцоод ирлээ. Аймгийн БСУГ-ын дарга У.Даваажав тус аймгийн сургууль, багш, сурагчдын хүрсэн амжилт, цаашдын зорилтын тухай сонирхолтой илтгэл тавилаа. Аймаг орон нутгийнхаа хэмжээнд төдийгүй, улс, бүр олон улсад ч үнэлэгдэх сайн сайхан амжилт гаргажээ, манай багш, сурагчид.
Илтгэлд боловсролын бодлогын цөм бол СУРАЛЦАГЧ-МОНГОЛ ХҮҮХЭД юм. Сургууль, багш нар бид хүүхдийг нийгмийн ирээдүйн өөрчлөлтөд бэлтгэх, өөрөөр хэлбэл, “хөрвөх чадвартай”, мэдээллийг задлан шинжилж, дүгнэлт хийх чадвартай хүн болон өсч хөгжихөд нь туслах... Хүүхэд олж авсан мэдлэгээ амьдрал дээр ашиглаж чадаж байгаа эсэхэд анхаарах, ...хүүхдэд хожим хэрэггүй юмыг заачих вий гэдгээс болгоомжлох, ...багш нарын цагийг хэмнэе, тэдэнд илүү ачаалал үүрүүлэхгүй байя... гэсэн үг санаа орсон нь надад нэлээд содон дуулдсан.
Энэ хичээлийн жилээс сургалтын сайжруулсан хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлж байгаа юм байна. Хөтөлбөрийн үндсэн санаа нь хүүхдийн хөгжилд чиглэх аж. Тодруулбал, хүүхэд танин мэдэхүй, бие бялдрын хувьд яаж хөгжсөн байх ёстой юм бэ, сэтгэл – нийгэмшил – харилцаа – зан хандлагын хувьд яаж төлөвшсөн байх ёстой юм бэ? гэдгийг чухалчилсан хэрэг юм. Өөрөөр хэлбэл, монгол хүүхдийн хөгжил, төлөвшлийн шүтэлцээ буюу бие, оюун, сэтгэл гурвыг сургалтын аль ч шатанд чухалчилна гэсэн үг юм.
Үүнийг сургуулийн өмнөх боловсролын сургалтын хөтөлбөрт тусгахдаа нийгэмшихүйн хөгжил, хөдөлгөөн - эрүүл мэнд, хэл яриа, байгаль - нийгмийн орчин, математикийн энгийн төсөөлөл, хөгжим - дүрслэх урлаг гэсэн зургаан чиглэлээр хүүхдийн хөгжлийг дэмжихэд илүү анхаарах бол ЕБС-иудад суралцагчийн танин мэдэхүй, нийгэмшихүй, бие бялдрын хөгжлөөс гадна монгол өв уламжлал, ёс заншил,
Дэлхийн иргэн байх чадамж, тэдгээрт хамаарах чадваруудыг анхаарах юм байна.
“Багшийн хөгжлийг дэмжих тухай” хууль 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Энэ бол маш чухал асуудал. Энэ бол зөвхөн багшид ч хамааралтай ажил биш. Монголчууд бид дор бүрнээ хөгжиж, суралцаж, уншиж судлах ёстой. Зурагт, элдэв шоу, зугаа, өөрөөр хэлбэл, “цаг нөхцөөх” юм элбэг болсон өнөө үед юу үзэх, юу сонсохоо анхаарах ёстой. Утгагүй, цаг барах юманд хайран сайхан цагаа битгий бараасай гэсэн үг.
Бидний үр хүүхдийн боловсрол, хүмүүжил, төлөвшил зөвхөн багш нараас шалтгаалахгүй. Эцэг эх, эмээ өвөө, ах эгч, гудамжинд зөрөөд өнгөрөх хэнбугай ч, ер нь нийгэм тэр аяараа хүүхдийг ХҮМҮҮЖҮҮЛДЭГ гэдгийг анхаарах ёстой.
Саяхан зурагтаар, Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар хэлэлцүүлэг гарч, эрдэмтэн Д.Баярхүү “Хуулийг хэчнээн боловсронгуй болгоод, түүнийг хэрэгжүүлэх хүмүүс бид нийтээрээ өөрчлөгдөхгүй бол байдал нэг их сайжрахгүй” гэсэн санаа хэлж байсан. Тэр үнэн. Мод тарьсан гэхэд, тэр нь хатчихсан бол, улаан гэрэл асч байхад, зам гарах ч, цагийг нь олж хэлсэн “уучлаарай”, “баяралалаа” үг ч, гэм буруугаа хүлээх ч МАШ ТОМ БАГШ гэдгийг бид ойлгох ёстой. Хүүхэд хүнийг дуурайж хүн болдог... Дээр, “Дэлхийн хүн болгох” гэжээ. Тэгвэл бид юуны өмнө Монголын хүн болгон хойч үеэ хүмүүжүүлж, төлөвшүүлэх ёстой. 2-3 жилийн өмнө Зайсан толгойн хог цэвэрлэсэн хэдэн Франц залуус, юуны учир ингэж байгааг нь асуухад тэд, “Энэ бол бидний л Дэлхий шүү дээ” гэж хариулсан байдаг...
Эцэг эхчүүд хүүхдээ сургууль, багш нарт даатгаад орхидог, тэднээс МАШ САЙН хүн болгож өгөхийг шаарддаг. Тэр зөв. Гэхдээ энд бодууштай юм их бий. Миний хувьд муу багш, муу ном гэж байдаггүй, харин тэдгээрээс хэрэгтэй юмаа авч чадаж байна уу, үгүй юү? гэдгийг бод гэж хэлэх дуртай. Гэхдээ энэ бол багшийг хариуцлагаас хайцаалж, мултлах гэсэн санаа биш шүү.
Амьдралын сайн сайхан нь ч миний багш, муу муухай нь ч миний багш гэж үг бий.
Монголын багш нарын 53 дахь жилийн баярын мэндийг нийт багш нар хийгээд монголчууд та бүхэндээ дэвшүүлье.