Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн хүрээнд Ардчилсан намын дэргэдэх ардчилсан ахмадын холбооны дэд дарга О.Цоодол гуайтай ярилцлаа.
-Ардчилсан хувьсгал ялснаас хойш 30 жил өнгөрчээ. Энэ хугацаанд гарсан нийгэм, эдийн засагт өөрчлөлтүүдийг та эргэн дурсана уу?
-Гучин жилийн өмнө ямар улс байсан юм гэхлээр нэг намын дэглэмтэй, Монголын бүх асуудлыг тэр үеийн Зөвлөлт холбоот улсын Москва хотод шийддэг байв. Манай улс өөрсдийнхөө зовлон жаргалаа шийдэж чаддаггүй байсан. Коммунизм гэх зүйл рүү харанхуй амьдарч байсан юм. Харин 1989 оны арван хоёрдугаар сарын 10-ны өдөр олон улсын хүний эрхийн өдрөөр анх Монголд ардчилсан холбооны залуучууд үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөнийхөө төлөө болон, монгол түмэн асуудлаа өөрсдөө бие дааж шийддэг болохын тулд үгээ хэлж, дугарч эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл 30 жил болжээ. Социализмын үед бидэнд гадаадын бусад орон руу явах эрх байхгүй, зөвхөн социалист системийн орнуудад цөөн тоогоор явдаг байсан. Үүгээр ч барахгүй, аймаг, хот хоёрын хооронд явах гэж зөвшөөрөл авдаг байлаа.
Нэгдлийн мал, нийтийн өмч гээд өөрсдөө хөгжих бололцоогүй, боогдмол хаагдмал байхад тэр үеийн залуучууд ардчилал, хүний эрх, эрх чөлөө гэж байх ёстой, зайлшгүй зүйл гэдгийг ойлгосон. Ингээд залуучуудын соёлын төв өргөөний үүдэнд анхны цугларалтыг хийснээс хойш Монгол оронд ихээхэн өөрчлөлт бий болсон юм. Тухайлбал, шинэ үндсэн хууль гарч олон намын тогтолцоотой болсон. Ингэснээр намууд эх орноо хөгжүүлэхийн тулд өөр хоорондоо бодлогын хувьд өрсөлдөж, засгийн эрх барихын төлөө явах гол үйл явц гарч ирсэн. Тухайн үеийн улс төрийн товчоо 1990 оны гурван сарын 9-нд бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч байв. Энэ өдрөөс хоёр хоногийн өмнө буюу гурван сарын 7-нд нь томоохон өлсгөлөн, цуглаан жагсаал хийж ийнхүү огцорсон байдаг. Улс төрийн хувьд ардчилал, эрх чөлөөг олж авах том тэмцэл болж, анхны ардчилсан сонгууль зарлагдаж байсан цаг үе шүү дээ.
-Ардчиллын үнэ цэнэ юунд хадгалагдаж байна гэж та боддог вэ. Энэ талаар өөрийн бодлоо хуваалцаач?
-Ардчиллын үнэ цэнийг хамгаалахын тулд маш их золиос гаргасан. 30 жил гэдэг хүний амьдралын хугацаатай зүйрлэвэл чамлахааргүй урт хугацаа. Үг хэлэх, хэвлэн нийтлэх, жагсч цуглах энэ бүхнийг ардчилал л авчирч өгсөн. 1990 оны үед төрж байсан хүүхэд одоо 30 нас хүрч байна. Тэр хүүхэд өнөөдрийн нийгмийг, Улаанбаатарыг анхнаасаа ийм л өнгө төрхтэй байсан гэж ойлгодог. Залуучууд маань энэ бүх эрх чөлөө анх төрөхөд л байсан юм шиг мэдэрдэг. Үгүй шүү дээ. Хагас өлсгөлөнгийн байдалтай, бүх зүйл нэг хэв загвартай, ажлаа даргынхаа үгээр хийхгүй бол ажлаас нь халах, сахилгын шийтгэл оногдуулах, шоронд хүртэл ордог боогдмол байсан үе.
Тэр үед ЗХУ-д үйлдвэрлэгдсэн 45-ын гутал хамгийн сайн гутал, бор, цагаан ултай гутал, бакал гээд хэдхэн төрлийн гутал л өмсдөг байсан. Дэлгүүрийн лангуун дээр өргөст хэмх, давс хоёроос өөр зүйл байхгүй болчхож билээ. Гэтэл ардчилал зах зээлийн харилцаанд шилжсэнээр, түүнчлэн улсын өмчийг худалдааны зориулалтаар хувьд шилжүүлснээр одоогийн энэ нийгэм бий болсон.
-Хувьсгалын дараах Монгол, хувьчлалын дараах Улаанбаатар бидэнд юуг авчирсан бэ?
-Өнөөдөр дэлгүүрийн бараа нь лангуун дээрээ багтахгүй, машин нь хотдоо багтахгүй байна. Машинтай болно гэдэг нь хувь хүн өөрийн гэсэн өмчтэй болохыг зөвшөөрсөнөөс үүдэж бий болсон зүйл. Сүүлийн үеийн загвартай машин үйлдвэрлэгдээд борлуулагдаж эхлэхэд манай зах зээлд шууд орж ирж байгаа нь хүмүүсийн хэрэглээ социализмын харанхуй үеэс өөр түвшинд очсоныг харуулж байна. Мөн барууны болон бусад өндөр хөгжсөн орны технологиор байшин барилгуудыг сүндэрлүүлж байна. Хувийн хэвшлүүд энэ бүгдийг хийж гүйцэтгэж байгаа. Ингэж эдийн засгийн хувьд либералчилж, эдийн засгийн эрх чөлөөг олгож өгснөөр бид тансаг сайхан харшид ажиллаж амьдрах боломжтой болсон. Гар утас, интернет, компьютерын орчин мөн адил. Өнөөдөр бид ардчиллын буяныг хүртэж, Монгол хүн дэлхийн өнцөг булан бүрт гадаад пасспортоо барин аялж, амьдарч, сурч байгаа гоё биш гэж үү. Социализмын үед гадаад хэл гэж орос хэлнээс өөр хэл байхгүй. Англи хэлийг хөрөнгөтөн орны хэл гээд хориглодог байсан. Гэтэл одоо олон төрлийн хэлний сургууль бий болжээ. Энэ их өргөн боломж нээгдэх гарцыг 90 оны ардчилсан хувьсгал авчирсан юм. Түүнчлэн олимпын аварга, тив дэлхийн аваргууд, оюуны спортын манлай тамирчид манай орноос төрсөн. Манайхан түрүүлж, дэлхийд гайхагдаж байна. Өнөөдрийн хүүхдүүд маань ардчиллаас олон зүйлийг олж авчээ. Гэтэл ардчиллын буяныг хүртсэн хүмүүс яагаад өнөөдөр ардчиллыг үзэн ядаад байгааг бодох хэрэгтэй.
Ардчилал гэдэг маань өөрөө цаг үргэлж хөгжиж байдаг үйл явц юм. Байнга арчилж, тордож байх ёстой. Харин энэ үйл явцыг хэрэгжүүлэхэд АН гол үүрэг гүйцэтгэж байгаа юм. Ардчиллын төлөө баттай зогсч байгаа манаач бол Ардчилсан нам. Зарим улс төрчид, улс төрийн хүчин ардчиллын үнэт зүйлийн эсрэг, хуучин социализмыг сангалзсан үйлдлүүд хийж, ардчиллаас болж бүх муу муухай үүссэн юм шиг ярина. Ардчиллыг Монголд байгаа энэ бүх хүмүүс бүгдээрээ хамтраад явах ёстой болохоос үүнийг булшлахыг, үгүй хийхийг зарим улс төрийн хүчнүүд хийж байна.
-Өнөөдрийн ардчилал гол үүргээ биелүүлж чадсан уу?
-Социализмын үед лоозон болгоод, ЗХУ-ын комунист намаас манайд малыг 50 саяд хүргэх үүрэг даалгавар өгөөд байхад 25 саяаас дээш гарч байгаагүй. Гэтэл малыг малчдад нь өөрсдөд нь өгөхөөр малаа 60 сая хүртэл өсгөж чадаж байна. Өөрийн юманд өөриймсөг хандахаар ингэж сайн өсч байгаа хэрэг. Гэтэл бид маш өндөр үнэтэй мах идэж байдаг. Төрийн бодлого нь үүнийгээ зохицуулж чадахгүй байгаатай холбоотой. Өнөөдрийн эрх баригчид хоорондоо зодолдож, сандал ширээгээ булаацалдаж байна.
Хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт аж ахуй эрхлэгчдийн өмч хөрөнгө нь хүртэл сайжирсан. Харин бид үндэсний аюулгүй байдлаа сайтар хамгаалж байх ёстой. Хүнсний аюулгүй байдал, хар тамхи, мансууруулах бодисын жишээ хаа сайгүй байна. Энэ бол аюулын харанга шүү.
Төрийн буруу бодлого, буруу ажиллагааны үр дүнд уул уурхай, байгалийн баялгийг зохисгүй ашиглаж, хэдхэн тооны гэр бүл үр шимийг нь хүртэж байгаагийн эсрэг ихээхэн тэмцэж, ард түмэн дуу хоолойгоо хүргэж байна. Газрын доорх баялгийг зөв голдиролд нь оруулж, хойч үедээ байгаль дэлхийгээ унаган төрхөөр нь үлдээж, зөв зохистой ашиглах асуудлыг хурцаар тавьж, шүүмжилсээр байна. Ардчилал гол үүргээ биелүүлсэн нь харагдаж байна шүү дээ. Гэтэл энэ салбарыг зарим популист улс төрчид өөрт ашигтайгаар нэр хүндээ өсгөх гэж худал “дуу хоолойгоо хүргэж” байна. Үүнийг олон түмэнд ил хэлж, тэднээс саналыг нь сонсч зөв бодлого хэрэгжүүлэх нь зүйтэй.
-Та ахмадууддаа хандан юу хэлэх вэ?
-Ахмадын баяр гэх дэлхий нийтийн баярыг Монголчууд бид тэмдэглэж байна. Энэ чинь эрх чөлөө. Монголын мянга мянган ахмадууддаа болон ардчилсан намын ахмад гишүүддээ ахмадын баярын мэнд хүргэе. Манай холбооны зүгээс энэ сард ахмадууддаа зориулсан олон арга хэмжээ зохион байгуулж байна. Олон улсын тавцанд ахмадын баяр гэдэг нь тэдний эрх ашгийг хамгаалах, ахмад үеэ санан дурсч хүндэтгэл үзүүлэх тэмдэглэлт баярын өдөр. Ардчиллын төлөө зүрх сэтгэлээ өгсөн ахмад буурлууддаа ахмадын баярын мэндийг хүргэж байна.
-Ярилцлага өгсөн танд баярлалаа.