“Эрх чөлөө” хөдөлгөөнөөс зохион байгуулдаг “Эрчтэй өглөө” уулзалтын зочноор Төрийн соёрхолт, нийтлэлч Б.Цэнддоо “Үндэстний ижилсэл” сэдвээр сонирхолтой яриа өрнүүллээ. Уншигч та бүхэнд тоймлон хүргэе.
Монголчууд төрт ёсны түүхээрээ бол яалт ч үгүй гайхалтай, агуу үндэстэн гэдэгтэй маргах юмгүй. Харин иргэншил, хотжилтын хувьд бол маш залуу, нялх үндэстэн. Бодитой утгаараа бол арав хориод жилийн түүхтэй. 1921 он хүртэл уул уулынхаа мухарт хонио хариулаад явж байсан. Эх орон тусгаар байх ёстой гэдэг дээр, шашин дээр санаа нийлдгээс биш бусад үнэт зүйл, хамтран амьдрах урлагт суралцаагүй. Нийтлэг эрх ашиг бий болоогүй ард түмэн юм. Хажуу айлтайгаа таарахаа л боливол нүүгээд явчихдаг, асуудлыг шийддэггүй тэнд нь орхиод нүүдэг үндэстэн байлаа.
Хорьдугаар зуунд хотшуулаад, иргэншлийн замд оруулсан. Гэхдээ социализм гэдэг бол хүн бүрийн мэддэгчлэн лагерь. Социалист лагерийн дэглэм ч гэж ярьдаг байсан. Хуаранд бүгдийг нь оруулаад тодорхой дүрэм, журмын дагуу амьдруулж эхэлсэн. Хуаран захирагчтай. Нүүр гараа угаадаг, хоолоо иддэг цагтай. Ийм албадмал байдлаар биднийг 60-70 жил байлгаж байгаад 90 онд хашааны хаалга онгойсон. Бид өөрсдийнхөө зүй ёсны, жам ёсны иргэншил, хотшил, нийтлэг эрх ашигтай хот болох зам руу гаа орсон. Гэтэл юу болсон гэхээр, социалист лагерийг задлаад, хувь тавилан чинь чинийх, эрх чөлөөтэй гэсэн чинь лагерийн захирагч байхгүй, өглөө төмөр нүдэж хоолонд оруулдаг хүн байхгүй, чулуу буталгаж удирдах хүн байхгүй болчихсон. Цөмөөрөө өршөөлийн зарлигаар суллагдсан хүмүүстэй төстэй масс болоод хувирчихсан юм.
Ингээд бид 90 он гарангуут хүн төрөлхтний жам ёс болох хотших, нийгэмших гэдэг нэгдмэл эрх ашигтай амьдрах урлагт суралцах хэрэгтэй болсон. Үүнээс өмнө тал нутгийн нүүдэлчдийн эрх ашгийг нэгтгэсэн хүн бол Чингис хаан байсан. Чингис хаан гарамгай байлдан дагуулагчаас гадна дайныг бизнес болгосон, дайны менежер байсан хүн.
Тал нутгийн аймгуудыг байлдуулаад ашиг хуваагаад явдаг. Түүхчид, судлаачид хэлдэг. Монголын эзэнт гүрний хамгийн том зовлон бол байлдан эзлэлт зогсчихвол яах вэ гэдэгт байсан гэж. “Тангуд улс өмнө зүгт байгаа гэдгийг өглөө бүхэн надад сануул” гэдэг байсан үг нь их учиртай. Тэнд улсын нөөц дайсан байгаа. Дайсан олдохгүй бол нөхөд минь тийшээ дайрна шүү. Тарахгүй шүү. Тэнд хувааж өгөх зөндөө юм бий. Нөхөд минь урам зоригтой байна шүү хэмээн нэгтгэж байсан бодлого юм. Гэхдээ монголын хаад хуулийн засаглалын өв үлдээгээгүй. Чингис шиг сайн менежер ахиж гарч ирээгүй. Хубилай яагаад урагшаа очоод суучихсан бэ гэхээр хятадын соёлыг хараад нэг зүйл ойлгосон. Ерөөсөө дайн хийхгүйгээр улс үндэстэн сайхан амьдарч болох юм байна гэдгийг ойлгосон. Даанч монголчууд нь өөрсдөө гол дайсан нь болсон.
Түүнээс хойш нийтлэг эрх ашигт нэгдэж чадаагүй. Социализмын үед иргэншин хотожсон боловч тэр нь жам ёсны биш байсан. Харин 1990 онд ардчилал гарч ирэнгүүт бид жам ёсныхоо нийтлэг эрх ашигт нэгдэж эхэлсэн. Хотшиж, иргэншиж, нэгдмэл эрх ашигтай болж эхэлсэн. Гэхдээ аливаа асуудлыг шийдэхдээ нүүдэлчин маягаар шийддэг хэвээрээ байсан Үүнээсээ бага багаар салж байгаа. Дээхнэ үед, манай өвөг дээдэс ярьдаг байсан. Нэг голд насаараа ам муруйгаагүй аж төрсөн гэж хэлдэг. Гэтэл тэр хоёр хүн үнэндээ ажил хэргийн ямар ч харилцаа үүсгэж байгаагүй байх жишээтэй. Хэрэв тийм харилцаа үүссэн бол ямар нэг асуудал гарна. Түүнийгээ шийдэхгүй орхиод нүүдэг байсан. Үүний тусгал өнөөдөр манай улстөр дээр харагддаг. Намын дарга дээрээ очоод “Би дүүгээ дарга болгоё” гэдэг. Дарга нь “Орон тоо байхгүй” гэхээр “Тэгвэл би жигүүр байгуулна” гээд яваад өгдөг. Бидний асуудлыг шийддэг энэ байдал арилахгүй байна.
Тэгтэл суурин амьдралтай хятадууд яадаг вэ гэхээр тэдний тариалангийн газар нийлчихсэн байдаг учраас асуудал гарахад ойлголцоод явдаг. Ус агаар нь нэг, ургацын гаралт нь нэг нэгнээсээ хамааралтай. Газраа ухаад явж болохгүй болохоор нэгнийгээ ойлгож, илүү энхтайвнаар зэрэгцэн орших урлагт суралцсан байдаг. Бидний хувьд түүхэндээ анх удаа үүнд суралцаж байна. Үүнээс өмнө нэг бол сэлэм бариад явдаг, нөгөө бол нүүгээд явдаг л байсан шүү дээ.
Монголчууд их сонин үндэстэн. Өмнө нь ямар нэг зорилго тавиад, түүнд үнэмшүүлж чадвал бэрхшээлийн цаана гарч чаддаг. Өвөл боллоо. Утаа түгжрэл гээд бухимдаж байтал удахгүй Цагаан сар болно. Тэгээд л дараа нь хавар болно шүү дээ гэхээр хүнд хэцүү өвлийг давчихдаг. Асуудлыг шийддэггүй, давдаг онцлогтой. Социализмд үүнийг их өргөн ашигласан. Хүнд хүчир хэцүү байдлуудын урд дандаа зорилго тавьж байсан. Дээхнэ үед, наяад онд коммунизмд орно гэдэг байлаа. Сүүлдээ 2000 онд орно гэдэг болсон. Тэр үед бүх юм сайхан болно. “Хүн бүхэн чадлынхаа хэрээр хөдөлмөрлөж, хэрэгцээнийхээ хэрээр авдаг болно” гэж номлодог байлаа. Гэтэл ардчилсан нийгэмд ороод ирсэн чинь тийм хүрэх зорилго байхгүй болсон. Ардчилал гэдэг юманд ороод жаргаад явна, хэзээ орох вэ гэсэн чинь тийм тоо байдаггүй. Монголчууд гутарсан. Бид коммунизмд тав таван жилээр ойртоод явдаг байсан. Одоо ардчилалд тэгж ойртохгүй юм уу гэж гайхсан. Харин өнөөдөр ардчилал бол процесс. Улам ухаажаад явдаг шат гэдгийг бид ойлгосон. Энэ бол монгол үндэстний боловсролын түвшин нэг шат ахисан үзэгдэл юм.
Монголчуудыг их хувь заяатай ард түмэн гэж боддог. Халхын заяа их гэдэг үг ч бий. 1911 онд манжууд шинэ засгийн бодлого явуулахаар тэрийг нь болиулах гэж байгаад тусгаар тогтночихсон. Дараа нь Оросыг дагаж коммунизм байгуулах гэж байгаад жинхэнээсээ НҮБ-ын гишүүн болоод тусгаар улс болоод туучихсан. Дараа нь коммунизмаа сайжруулах гэж яваад тэр нь ардчилал болчихсон. Бас болоогүй социалист систем нурахтай давхцаж таарсан. Социализм бол засах гэхээр эвдэрдэг систем байсан юм.
Бид танин мэдэхүйн шатаа давах хэрэгтэй байна. Ардчилсны дараа монгол хүн муухай болоогүй. Муухай байснаа л мэдсэн юм. Нэг жалганд муухай зүйл болж байгааг нөгөө жалганыхан мэддэггүй байж. Дараа нь социализмын үед социализм байгуулж байгаа монгол хүний тухай ийм юм бичиж болохгүй гээд сонинд гаргадаггүй байсан. Хүүхдээ зодож алсныг, цэргийн ангийн хүчирхийллийг бичиж болдоггүй байлаа. 1990-ээд онд анх удаа жалгын мухарт авгайгаа зодоод алсныг бүгдээрээ мэдэж, цөмөөрөө жигшсэн. Муухай гэдгээ ингэж мэдэж эхэлсэн.
Нүүдэлчин хүмүүст бурууг өөр хүн рүү чихдэг нэг онцлог бий. Энэ юутай холбоотой вэ гэхээр, тулгарч буй асуудал нь байгалийн давагдашгүй хүчин зүйлтэй холбоотой байсных. Мал руу нь чоно ордог ч юм уу, гэнэтхэн үер усны гамшиг, ган зуд болдог гэх мэтчилэн. Өөрөөс нь хамаардаггүй байсан учраас булаг шанд руу юм хийснээс боллоо гэхчлэн бусдад буруугаа чихдэг болсон. Тариачин хүн бол би шуудуу ухаагүй, би сайн услаагүй гэдэг ч юм уу шалтгааныг өөрөөсөө хайдаг. Асуудлын шалтгааныг өөр юмнаас эрдэг уламжлалтай хорьдугаар зуунд орсон. Энэ уламжлал социализмын үед тод илэрч байсан. Социализм өөрөө алдаагүй. Тэнд гарсан алдааг феодализмын үлдэгдэл, хөрөнгөтний хорлон сүйтгэх ажиллагаанаас л боллоо гээд чихдэг байсан. Өөрөө буруугүй гэж бодох их гоё. Энэ гоё байдлаа өнөөдөр орхих хэрэгтэй байна.
Зүүн Европын орнуудыг бодоход монголчууд социализмын үед шат ахисан. Хэзээ ч хүчирхийллийг, хүний хөрөнгийг хураахыг зөвтгөж болохгүй. Гэхдээ малыг нь хураагаад авсан чинь бөөнөөрөө хот руу ороод ирсэн. Энэ үед хот руу нүүх нүүдлийг хязгаарласан ч, нэгдлийн төвүүд, орчин үеийн боловсролын систем, эрүүлийг хамгаалах тогтолцооны аягүй том сүлжээ бий болсон. Хүн ам нь эрүүлжээд, төрөлт нэмэгдээд, нийгмийн халдварт өвчнөөс бүгдээрээ салаад, бүгд боловсролтой болоод социализмыг нураах хүмүүс бэлтгэгдэж эхэлсэн. Нам засгийн ачийг өчүүхэн ч боддоггүй хүмүүс буюу сэхээтнүүдийн арми бэлтгэгдсэн. “Ц.Элбэгдоржийг Зөвлөлтөд сургууль төгсч ирчхээд нам засгийн ачийг бодохгүй улс төрийн товчоо огцор гэдэг чинь юу гэсэн үг вэ” гэж хэлдэг байлаа шүү дээ.
Өнөөдөр манай улсын байдал сайнгүй байгаа нь үнэн. 1915 онд байсан автономит Монголын нөхцөл байдал орвонгоороо эргэчихсэн юм шиг байна. Тэр үед Монгол улстөрийн хувьд Бээжингээс хараат, эдийн засгийн хувьд Орос бүгдийг мэддэг байлаа. Харин одоо бол улс төрд ОХУ нөлөө ихтэй, эдийн засаг нь Хятадаас илүү хамааралтай болчхож. Гэхдээ энэ хоёр улсын хэн нь ч манайхыг өөртөө нийлүүлэхийг нөгөөх нь тэвчиж чадахгүй. Энэ бол бидний хамгийн гол тусгаар тогтнолын баталгаа юм. Монголчуудыг хятадууд өөртөө уусгах гэж байна гэж ярьдаг. Сэхээтэнтэй улс хэзээ ч уусдаггүй. Аргаа барсан харанхуй, бүдүүлэг ард түмэн л уусдаг. Тэгэхээр би Монгол Улс сөнөж мөхөх гэж байна гэдэг үгэнд дургүй. Бид цаашид улам тодрох болно.
Бид жам ёсны нийгэмших эрхээ харин ч амжилттай туулж байна гэж хардаг. Хүн төрөлхтний хоёр гурван зуун жил зовж хүрсэн зүйлийг хоёр, гурван жилд үзээд танин мэдчихлээ. Том юм амлаад байдаг хүмүүс худлаа юм байна, попуудад итгээд нэмэргүй юм байна, сайн нам гэж байдаггүй юм байна, сайн хүн гаргаад сайжирдаггүй юм байна гэдгийг танин мэдэж эхэлсэн. Социализмын зовлонтой нь нэг сайн хүн гарч ирээд жаргаасан гэж үнэмшүүлсэн. Д.Сүхбаатар, Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал гээд сайн хүмүүс ээлжилж гарч ирээд жаргаасан гэж бодуулсан. Одоо ч гэсэн нэг сайн хүн гаргаж ирье гэдэг. Одоо үнэндээ сайн хүн дууссан. Ямар ч хүн тэнд очсон сайн байхаас өөр аргагүй механизм тогтоохгүй бол тэнд сайн хүн очоод муу болчхоод байна шүү дээ. Өнөөдөр С.Ганбаатарыг бүх хүнд үнэгүй орон сууц өгнө гэхээр, Л.Болд баялгийг ард түмэнд өгнө гэхээр бүгд дооглож байна. Зарим нь учрыг мэдэж байгаа, зарим нь зөн совингоороо худлаа гэдгийг мэддэг болжээ. Богинохон хугацаанд маш их юм танин мэдэж, зайлшгүй сурах ёстой юмаа сураад явж байна. Монголчууд үүн шиг их танин мэдэхүйтэй байсангүй. Энэ бол бидний маш том амжилт.
Бидэнд Чех, Герман улсууд шиг ардчиллын туршлага байгаагүй. Бид намыг МАХН-аар төсөөлдөг байсан. МАХН-аас үлгэр жишээ авч намуудыг байгуулсан. Тэр цэнэг өнөөдөр дуусч байна. МАХН ч дууссан. Хуучин кадрууд нь ч байхгүй болсон. Одоо намуудад итгэх итгэлгүй болсон. Гэхдээ намгүй бол явахгүй юм байна гэдэг нэг танин мэдэхүйн үе шатыг давах хэрэгтэй.
Өнөөдөр олон нийт орвонгоор нь сольё гэдэг бодолтой болсон. Тийм учраас У.Хүрэлсүхийг дэмжээд байгаа юм. Ард түмэнд одоо гоё зам тавьдаг, гүүр барьдаг, мөнгө өгдөг хүн хэрэггүй гэдгийг ойлгосон. Харин болохгүй байгаа тогтолцоог хэмхэлж чадах, бүрэн шинэчлэх хүнийг хүсч байна. Одоо бол бүтээгч биш, нураагч хэрэгтэй гэж харж байна.
Одоо бид Америк шиг монгол мөрөөдөлтэй болох хэрэгтэй. Монгол хүн зорилготой бол юуг ч давж чадна. Гагцхүү тэдний итгэлийг нь олох хэрэгтэй. Монголчуудад байдаг хамгийн гоё зүйл бол ирээдүйдээ итгэлтэй байдал, агуу эрмэлзэл юм. Бид хятадаас илүү байх ёстой үндэстэн, ОХУ-аас хараат бус байж чадна гэдэг өөртөө, ирээдүйдээ итгэлтэй байдал бидний хамгийн том үнэт зүйл юм. Хөх толбо гэх мэт өвчин болоод байгаа хэсгээс нь салж, бүтээх эрмэлзэл болгох хэрэгтэй. Бид өнөөдөр бодсон шигээ төгс биш гэдгээ мэдлээ. Нүд нээгдлээ. Зарим үндэстэн үүнийг зуун жил явж байж ойлгосон байдаг.
Үндэстний нийтлэг гэдгийг хэл соёл гэх мэт зүйлээр хэмждэг байсан. Өнөөдөр хүн төрөлхтний нийтлэгүүд гарч ирж байна. Дэлхийн бүх хүн компьютертэй, ухаалаг утастай, англи хэлтэй, хүн төрөлхтөнтэй харилцах чадвартай байх гээд орж ирж байна. Үүнтэй хөл нийлэхийн тулд нийтлэг эрх ашигтай болж, нийтээрээ хотын соёлд суралцах, нийлж амьдарч байгаагийн утга учрыг олох ёстой. Монголчууд бидний нийлсэн чадавх харагдах цаг дөхөж байгаа байх.
Өнөөдөр хорвоо ертөнц ажил хэрэгч хандлага руу явж байна. Гэхдээ даяарших тусам бидний монголоороо байх хүсэл улам бадарна. Дэлхий ертөнцтэй адил байгаагаа мэдэх тусам ялгарах хүсэл улам төрнө. Бид монголоо алдахгүй. Дэлхийтэй ойр болох тусам төрөлх чанараа өөрөөсөө нэхнэ. 2025 онд бид бүх нийтээрээ монгол бичигтэй болно гэхээс илүү сэхээтэн залуус өөрсдөө хүслээрээ сураад эхлэх болов уу гэж боддог. Бид дэлхий нийтээс ялгарч, үндэстнээрээ бахархахын тулд хорь гучин жилийн дараа бүгд монгол бичгээрээ бичдэг болчих байх. Үүнийг албадлага маягаар хийхийг дэмждэггүй.
Би Чой хамбатай уулзах бүртээ хэлдэг. Монголчуудын төрөх, гэрлэх, үхэх гурван чухал үйлийг нэг мөр нийтлэг ёс заншилтай болгоод өгөөч гэдэг. Гэр бүл болж буй залууст очоод гэр бүлийнх нь ээлтэй бурхныг бүтээгээд өгдөг ч юм уу.
Өнөөгийн залуусыг хараад байхад нэг хэсэг нь том шилэн байшингуудын цаана байдаг, бусдыг шоолдог. Дунд байгаа хэсэг нь шилэн байшинд очиж чадна гэдэгтээ итгэлтэй, очих хүсэлтэй хүмүүс. Гурав дахь хэсэг нь цүнх барихгүй бол, түмпэн нүдэхгүй бол өөр аргаар шилэн байшинд очиж чадахгүй гэж боддог залуус байна. Тэгэхээр өнөөдөр сэхээтэн залуучууд хүрээгээ тэлж, зах зээлийн жамаар яваа, ганцаардсан залуучуудыг сэрээж нийлмээр байна.
Дантегийн “Там” зохиолд тамын хамгийн муухай хэсэгт учрыг мэдэж байсан хэрнээ хэлээгүй хүмүүс байдаг. Аливаа нийгэмд муу муухай зүйл бий болоход, нийгмийг харанхуйгаар нь барих хүсэлтэй хүмүүс гарч ирвэл хамгийн түрүүнд сэхээтнүүдийг устгадаг. Тэгэхээр сэхээтэн залууст өөрсдийнхөө доор байгаа залуусыг сэрээх, харилцах, нийгэмшүүлэх үүрэг бидэнд бий.