-Улаанбаатар хот одоо “ХОГОНБААТАР” болсон-
Зохиолч Л.Банзрагч
Монголчууд эрт дээр үеэс л газар нутгаа хайрлан хамгаалж ,мод хугалах, өвс зулгаах, газар ухах, газарт гадас зоож хаях, гадасны нүхийг булахгүй орхих зэргийг ихэд цээрлэдэг байжээ. Өвс ургамал,мод бол амьтай юм гэж хайрлан, хугалах, зулгаах зэргийг амьтны амь тасалсантай адил үздэг байсан.
Ялангуяа түймэр тавихыг цээрлэнэ. Хэрэв түймэр гарсан тохиолдолд унтраах өөрийн өвөрмөц арга ажиллагаатай, түүнийхээ хүчээр гэр орон эд хөрөнгө, амь нас, газар нутгаа гал түймрийн аюулаас авран хамгаалсаар олон мянган жилийг туулж иржээ. Эртний Монгол аймаг Хүннүгийн тэргүүлэгч ноёд түшмэдүүд , цэргийн эрхтний орд өргөөг хамгаалсан түймэр унтраах бэлтгэл гал цохих нойтон эсгий, элс гантай ус, цохиур, хувин сав, хүрз, малтуур, дэгээ, зэргийг их хэмжээгээр бэлдэж, түүнийг хариуцсан байнгын хүнтэй, тэр хүмүүсийг өөр ажилд, цэрэг дайны ажилд дайчилдаггүй байсан тухай түүхэн сурвалжуудад тэмдэглэн үлдээсэн байдаг.
Монголын үе үеийн хаад ноёдын өргөө гэр, эд хөрөнгө, амь нас гэр бүлийг болон харьяа албат ,хот хүрээг түймэрийн аюулаас хамгаалах байнгын хэрэгсэл, хүмүүстэй байсны дээр хаад ноёдын шадар цэргүүд ,хишигтэн, хэвтүүлүүд ээлж солигдохдоо нарийн хүлээлцдэг үе улирсан уламжлалтай байсан.
Гал түймэртэй тэмцэх явдлыг улсын өндөр зэрэглэлийн ажилд (дайнтай адил) тооцож тухайн үед гарч байсан тулгар хуулиудад чухал заалт (зурвас)-ыг оруулж байжээ.
Жишээ нь: Их эзэн Чингисийн “ИХ ЗАСАГ” хуулийн тавдугаар бүлгийн хоёрдугаар зүйлийн З4 дугаар заалтад (зурваст) :
-Бэлчээрийг эвдсэнийг хүндээр шийтгэмүй, өвс ногоо гарсан хойно газрыг нүхэлсэн ба гал алдаж бэлчээр шатаагсадыг нэгэн гэрээр алмуй. (Гэр бүлээр нь цаазлах) зэрэг заалт оруулж байсан бол түүний үндсэн дээр залгамж болон гарч байсан дараагийн “ХАЛХ ЖУРАМ” хэмээх хуулийн есдүгээр зүйлийн нэг дэх заалтад:
-…Хэн хүн түймэр алдваас, хэдэн хүн бөгөөс төдий хөл (мах) аваад, юу түлбээс түүнийг төлөөд ,алданги нь тав бай, алдагч хүн өөрөө унтрааваас хөл алданги үгүй, хэн хүн гэрчилбээс гэрчлэгч хүн нэг хөл идээд, алдангиас үлдсэн дөрвийг түймэр унтраагч бусад улс хуваан ид.
-Улс дунд түймэр шатааваас аль ойр улс зартай заргүй очиж унтраа,
-Зар сонссон байж ноён хүн эс мөрдвөөс нэг морь ав, ямбатан сайд даргаас үхэр ав, энгийн иргэнээс хонь ав, хэн хүн зар тасалбаас энгийн зэргээр баалж бай, ..хүн үхвээс хүн алсны хагас янзаар баалж бай, … гэсэн нь гал унтраахад ард ноёнгүй цөм адил тэгш оролц гэсэн шударга шийдвэр болсон заалт байжээ.
Мөн хуулийн хоёрдугаар зүйлд :
-Нүүсэн нутгаас гарснаас хойш гурав хоногоос нааш буцааж болохгүй, нүүсэн нутгийн галаа , унтраа, эс унтрааваас шүдлэн морь авч бай….гэсэн заалтууд орсноос гадна гал түймэр тавьсан хүнийг мэдээлсэн хүнийг шүдлэн хониор, түймэр тавигчийг барьж ирсэн хүнийг иргэн хониор, гал унтраахад идэвхтэй оролцсон хүнийг төрийн албанаас чөлөөлдөг, гал унтрааж яваад амь алдсан бол ар гэрт нь зургаан есөн бодоор төлбөр өгдөг тухай өгүүлсэн зэрэг баримтууд байдаг байна. Ер нь хээрийн гал түймэр гаргасан хүн өөрөө өөрийгөө илчилж ял зэмээ хүлээж, тавьсан галаа унтраахад идэвхтэй оролцдог уламжлал монголчуудад байсан.
Гарч болзошгүй галын аюулыг зайлуулахын тулд гэр хашаа хороо, хадлан бэлчээр, ой модыг алсуур тойруулан газрын хөрсийг нь эргүүлэн хүрээ хориг татах, гарсан галыг усаар шүрших,цацах, элсээр дарах, нойтон эсгийгээр цохих зэргээр унтраадаг уламжлалтай. Гал унтрааж яваа хүмүүс бие толгойдоо нойтон уут, эсгий нөмөрч өөрөө түлэгдэхээс хамгаалалт хийн гал унтраадаг байсан.
Мөн хээрийн бэлчээрийн түймрийн эсрэг цурам (ирж яваа түймрийн эсрэг угтуулан хязгаарлагдмал гал тавих) тавих, галын цурмыг манан ахин асахаас сэргийлэн хамгаалах арга хэмжээнүүдийг авдаг байсан байна.
Иймэрхүү арга хэмжээнүүдийг аван эх орон , унаган байгаль,ой мод, бэлчээр нутаг, хот суурин, гэр орон, эд хөрөнгө, амь насаа хамгаалан олон зуун жил бүрэн бүтнээр нь хамгаалан авч ирсэн түүхтэй ажгуу.
20 дугаар зууны эхэнд монгол нутгийн 16 орчим хувь нь ой мод байсан бол одоо дөнгөж долоон хувь болон багасчээ.
Энэ зуунд олон мод бэлтгэлийн аж ахуй үйлдвэрийн газрууд байгуулагдаж модон эдлэл хийн, улс орны хэрэгцээг ханган социализмын материал техникийн баазыг байгуулж олон хот суурин бий болсны үр
дүн юм.
Түүнээс гадна Монгол орны байгалийн тогтоц, онгон дагшнаараа байхад Монголын хөгжил гол аюул нь болж байгаа юм.
1912 онд Налайхын нүүрсний уурхайг нээж нүүрс олборлож, өөр ямар ч уурхайг нээж ашиглаагүй байсан.
Тэгвэл одоо олон зуун уурхай нээж баялгийг гадаад дотоодын хэрэгцээнд зориулан зарцуулж байна.
Монголд байгаль хамгаалах тухай ямар ч хууль тогтоомж бараг байгаагүй. 1972 онд “Монголын байгаль хамгаалах нийгэмлэг” гэж байгуулсан нь өнөөгийн Байгаль орчны яамны үндэс юм.
Үүнээс хойш байгалиа хамгаалах тухай их бага хэмжээгээр ярьж орон тооны бус хамгаалагчдыг томилж байсан ч олигтой амжилтад хүрч байсангүй. Байгаль хамгаалах хуулийн заалтыг хэрэгжүүлэхэд заалтыг чангаруулах хэрэгтэй байгаа юм. Жилд олон зуун түймэр гарч ихээхэн газар нутаг шатаж улсад олон зуун сая төгрөгний хохирол гарч байхад тодорхой эзэнгүй ,ял зэм, хохирол тооцохгүй өнгөрч байна.
Монголчуудын амьдрах нутаг бол энэ 1.5 сая ам км газар нутаг юм. Энэ нутгаа шатаагаад, баялгийг дуусгаад, ус гол мөрөн нуур цөөрмийг бохирдуулаад байвал хойч үе маань та бидний үр хойч хаана яаж амьдрах вэ гэдгийг хүн бүр бодох цаг болсон аж.
Гол, горхи, нуур цөөрмийг дэндүү бохирдуулж байна. Манайх тийм ч их усны нөөцтөй улс биш. Ялангуяа 1990 оноос хойш алт олборлож эхэлснээс хойш олон нуур цөөрөм, гол горхи ширгэж устаж байгаа нь дэндүү харамсалтай ажил болж байгаа юм. Өнөөдөр хүмүүс “Алтны төлөө амиа тасартал зүтгэж байгаа бол ирээдүйд усны төлөө утсан чинээ амиа өгөх цаг ирнэ” гэдгийг санах хэрэгтэй.
Энэ замбараагүй алт олборлолтыг зогсоох, цөөн тооны алтны уурхайг улсын хяналтад авч бүх ном журмаар нь олборлох хэрэгтэй.
Уулын чинээ алттай болоод усгүй болбол алтаа уух уу? гэдгийг хүн бүр л санах цаг болжээ.
Гол усыг дэндүү хайр гамгүй хэрэглэж , урсах орчин, сав газрыг хайр найргүй онгичин элс хайргыг нь авснаар голын урсац багасч олон гол ширгэсэн. Байгаль бохирдоно гэдэг ганцхан хүнээс л болж байгаа юм. Хэрэв хүн гэдэг амьтан байхгүй бол энэ сайхан байгаль онгон дагшнаараа хэчнээн сайхан байх нь ойлгомжтой. Энэ бүхэнд ганцхан хүн л буруутай.билээ. Тунгалаг урсч байгаа голд элдэв юм, машин тэргээ угаах,усанд хог хаях,тэр байтугай машинаар хог хаясан газар ч байгаа. Одоо та бүхэн өөрийнхөө оршин сууж байгаа сум, аймгийн төвийг тойроод нэг хараарай. Хаана л бол хаана асгасан ,шуудайтай, хог дүүрэн байгаа. Ядаж хогоо нэг газар төвлөрүүлэхгүй байгаа нь байгаль бохирдох гол эх үүсвэр юм. 1950 оноос өмнө Туул гол ихээхэн усан сантай 4-5 холбоо сал урсах чадвартай том гол байсан. Гэвч ойр орчны модыг дэндүү хайр найргүй хядаж устгаснаас усны нөөц багасч одоо сал урсгах нь байтугай саваа мод урсгах чадалгүй ус нь багасч түүний хэрээр загас жараахай нь үхэж гол гэхэд хэцүү болсныг Улаанбаатарынхан одоо харж байгаа.
Манай төр засаг, хотын удирдлагууд байгаль хамгаалал, түүний ашиг тусын тухай дэндүү хомс бодолтой явж өнөөг хүрчээ.
Улс орны нутаг дэвсгэрийг бүхэлд нь байг гэхэд нийслэл орчмоо гадна дотны хүмүүсийн нүдийг өвчлүүлмээр бохирдуулж байгаагаа нэг хармаар юм.
Ялангуяа Улаанбаатар хот одоо “ХОГОНБААТАР” болсон нь харамсмаар болжээ.
Байгаль хамгаалах тухай олон хууль гарсан боловч бүрэн утгаар нь хэрэгжүүлж байгаа юм бага байна.
Газрын хэвлийг төнхсөн, зүй бус ашигласан, гол нуур цөөрмийг бохирдуулсан асар олон баримтууд бэлхнээ байхад тэр бүрт нь хүрч арга хэмжээ авч хохирлыг төлүүлж чадахгүй байна.
Өнөөгийн байдлаар л гэхэд Хөвсгөл далайг тойрсон асар олон амралт жуулчлалын газруудад гадаад дотоодын аялагч нар ирж амарч цэнгээд явдаг. Гэтэл хэрэглэсэн хоол ундныхаа хаягдал, сав суулгыг замбараагүй хаяж хаана л бол хаана хөглөрсөн хог үлдэж байна. Хөвсгөл далайн байгаль хамгаалагч гэж байдаг юмуу, үгүй юмуу.
Гэтэл Архангайн Тэрхийн цагаан нуурыг тойрсон бас л олон аялал,жуулчлалын баазууд байдаг ч тэндхийн байгаль хамгаалагч нар нь сайн ажилладаг учраас хог хаягдлаа хамаагүй хаяхгүй, хэн хогоо орхисныг дор бүр нь хянаж торгодгоос эмх цэгц сайтай байна.
Алт олборлох ажил байгалийг мөн ч их хэмжээгээр бузарлаж байна. Туул Орхон зэрэг том гол, Хараа ,Ерөө зэрэг голууд одоо “улаан хоормог” гэдэг шиг бохирдож хүн малд хортойгоор нөлөөлж байна. Хот суурин газрын бохир усны цэвэрлэх байгууламжууд бүрэн бус ажилладгаас орчныхоо цэвэр усны нөөцийг их бохирдуулдаг.
Ялангуяа олон түмний шүтэж биширдэг хад, мод орж сувилуулдаг рашаан сувиллын газрууд замбараа муутай хог хаягдлаа ил задгай хаяж орчноо их бохирдуулж байна. Сэлэнгийн “Ээж модны” орчныг дэндүү их бохирдуулсныг Сэтгүүлч Б.Галаарид тэргүүтэй сэтгүүлчид цэвэрлэснээс хойш нэлээд цэгцтэй болсон билээ. Ер нь иймэрхүү олон түмний шүтэж биширдэг газрыг улсын хамгаалалтад авч өөрийгээ санхүүжүүлдэг системд шилжүүлэн, харж хамгаалах шаардлагатай болжээ.
Ой мод, бэлчээр шатаасан хүмүүст хатуу арга хэмжээ авч хохирлыг төлүүлж, хохирлыг бүрэн барагдуулж байх,байгаль хамгаалагчдын тоог олшруулж зохих унаа хөсөг, буу зэвсэг, техник хэрэгсэл, эрх мэдлээр хангах хэрэгтэй. Орчин үеийн дэвшилтэт техник хэрэгсэл ашиглах, байгаль хамгаалагч бүхэнд хариуцсан газраа хянаж байх “дрон”-оор бүрэн хангаж, байгаль хамгаалагчдын харилцаа холбоог сайжруулж хаана ч явсан холбоо барих төхөөрөмжөөр хангах, байгаль хамгаалах мэдлэгийг сайжруулж мэргэжлийн хамгаалагчдаар хангах ,байгаль хамгаалах сайн дурын нөхөрлөлийг олноор байгуулах,
Хариуцсан газраа сайн хамгаалж элдэв түймэр, зүй бус ажиллагаанаас хамгаалж чадсан хамгаалагч, идэвхтэнүүдийг жил бүр шалгаруулан урамшуулж байх зэрэг арга хэмжээнүүдийг авмаар болж.
Түймэр их гардаг Дорнодын уудам талын өвсийг улсаас зориуд анхаарч хүч хөрөнгө хаян, өвсийг хадах нь нэгд, малын тэжээл бэлдэх, хоёрт, түймэр гарахгүй арга хэмжээ болно. Үүнд бүх аймгийг оролцуулан ажиллах хэрэгтэй. Дорнодын талын өвсийг шатааж байхаар хадаж авах нь аль аль талдаа ашигтай.Түймэр гарч болох газарт хамгаалалтын зурвас татаж хамгаалалтыг сайжруулах шаардлагатай юм.
Ой мод, гол нууранд ийм зүй бус үйл ажиллагаа ихэдсэнээс ан амьтан дүрвэж зайлах, загас жараахай үхэх нь олширсныг хотынхон бэлхнээ мэдэж байгаа.
Энэ бусармаг үйл ажиллагаа бол Монголчуудын эх орноо гэх сэтгэл дутсан, бидний ухамсар дэндүү дор, зөвхөн амиа хоохойлсон зангаас болж байгаа юм.
Хүн гэдэг амьтан өсч төрсөн газар шороогоо л хайрлахгүй бол энэ дэлхийд өөр юуг хайрлах юм бэ?