“Сайжруулсан түлшинд асуудал байхгүй гэж тэд худлаа ярьж байна”
“Манай гэрийн гурван хүн сайжруулсан түлшинд угаартаж, 30 гаруйхан настай ахыгаа алдчихлаа. Тэр өдөр би өглөө 10.00 цагийн үед гэрт нь очсон юм. Хаалгаар нь ортол ямар ч утаа, угаар, үнэр танар гээд юу ч үнэртээгүй. Гэсэн ч манай гурвын хоёр нь хар өнгийн зүйлээр бөөлжсөн байдалтай орон дээрээ хэвтэж байсан. Намайг ороход хэдийнэ талийгаач өнгөрчихсөн, нүүр нь хар өнгөтэй, дээшээ харсан чигтээ нүүрэн дээрээ бөөлжсөн байдалтай байсан. Манай гэр бүлийн хоёр хүний нэг нь 60 гаруй настай эмэгтэй, нөгөө нь 40 орчим насны залуу байгаа. Тэд “Цэргийн төв эмнэлэг”-т хэвтэн эмчлүүлж байна. Өнөөдрөөс биеийн байдал нь дээрдэж байна” хэмээн сайжруулсан түлшинд угаартсан хохирогчийн ар гэрийн хүн н.М ярилаа. Тэрбээр бидэнд дэлгэрэнгүй ярилцлага өгөхөөс татгалзсан ч тухайн өдөр юу болж өнгөрсөн талаар ярихаас төвөгшөөгөөгүй.
Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороонд оршин суудаг, сайжруулсан түлшинд угаартсан хохирогчид анх удаа уг түлшийг хэрэглэж үзээд ийм харамсалтай байдалд хүрчээ. Тэд өмнө нь нөөцөлсөн байсан түүхий нүүрсээ түлж дуусгаагүй байсан аж. Ингээд тухайн өдрийн өглөө нь үлдсэн түүхий нүүрсээ түлж дуусгаад орой унтахынхаа өмнө буюу 23.00 цагиийн үед улаан шуудайтай савлагаатай сайжруулсан түлшнээс ердөө 15-20 орчим ширхэг буюу гурван кг-ийн майонезийн саваар нэг дүүрэн хийгээд унтсан байна. Түүнээс биш албаны хүмүүсийн яриад байгаа шиг зуух дүүрэн сайжруулсан түлш хийгээгүй гэдгийг хохирогчийн ар гэрийнхэн бухимдан ярив.
Тэрбээр “Бид бараг л насаараа гал түлж амьдарсан. Буруу түлнэ гэж юу байх вэ. Бас их түлсэн гэж ярьсан байна лээ. Зуухандаа ердөө 15-20 ширхгийг хийгээд л хоносон. Үүнийг их гэж хэлэх үү. Тэр түлшнээс нь огт утаа, үнэр гардаггүй юм билээ. Үнэхээр хачирхалтай. Талийгаач гурван настай нэг охинтой. Ээж нь тэднийг орхиод явчихсан. Тэр охин өнчирч хоцорлоо. Ийм байхад ар гэр болсон биднийг хэвлэлд мэдээлэл, ярилцлага өгч болохгүй гэж хориглож байна. Ард түмэн үнэнийг мэдэх ёстой” гэсэн юм. Биднийг ийн “Цэргийн төв эмнэлэг”-ийн Хордлогын яаралтай тусламжийн төвийн тасгийн үүдэнд ярилцаж байх зуур тус эмнэлгийн цэргийн хувцастай ажилтан ирээд эмнэлэг дотор ярилцлага өгөх хориотой гэдгийг сануулж, эрх бүхий ангийн захирагчаас заавал зөвшөөрөл авах ёстой хэмээн эмнэлгээс хөөж гаргахыг завдав.
“Манай эгч гэрт ороод 20 минутад угаартаж ухаан алдсан”
Сайжруулсан түлшинд угаартаж, амь насаа алдсан иргэдийн ар гэрийнхэнтэй уулзахаар өчигдөр 12.30 цагийн үед “Цэргийн төв эмнэлэг”-т ирсэн нь энэ байв. Хордлогын яаралтай тусламжийн тасаг нь тус эмнэлгийн хоёрдугаар давхарт байрлах бөгөөд биднийг очиход үүдэнд нь 10 орчим хүн сууж байлаа. Ингээд тасагт гадны хүн орох хориотой учраас угаартсан иргэдийн биеийн байдлыг асуухаар эрхлэгчийг нь гарч ирэхийг хүссэн ч ангийн захирагч зөвшөөрөл өгсний дараа ярилцлага өгөх боломжтой хэмээн туслахаараа хэлүүлэв. Харин ангийн захирагч нь эмч нарыг битгий хэл хохирогчдын ар гэрийнхнийг ч хэвлэлд яриа өгөхийг хориглосон гэдгийг үүдэнд сууж байсан нэгэн залуу хэлэв. Тэрбээр мөн л уг түлшинд угаартсан хохирогчийн ар гэрийн хүн байсан юм. Түүнтэй хамт зургаа, долоон хүн үүдэнд нь сахиж зогсоо харагдав. Ингээд тэднээс юу болсон талаар товч тодрууллаа.
-Танай гэр бүлийн хэдэн хүн сайжруулсан түлшинд угаартсан бэ?
-Эмнэлэгт хоёр хүн маань хэвтэж байгаа. Өнөөдрөөс л биеийн байдал нь дээрдэж байна. Эгч маань 60 гаруй настай. Дүү маань 30 орчим насных. Хоёр хүүхдээ алдаад сэтгэл санааны хүнд байдалд орсон. Бид хүүхдүүдийнх нь талаар хэлж чадахгүй өнөөдөр л сэтгэлзүйчийн хамтаар хэллээ. Тайвшруулах тариа хийсэн. Бид гурван өдөр сахиж байна.
-Үнэхээр харамсалтай байна. Тухайн өдөр юу болсон талаар ярьсан уу?
-Тэр өдрийн орой манай дүү гэртээ хоёр болон дөрвөн настай эрэгтэй хоёр хүүхдүүдийн хамт гурвуулаа байсан. Гэтэл хүүхдүүд нь гэнэт л уйлаад эхэлсэн гэсэн. Нөхөр нь тэр үед хөдөө ажлаар явсан байсан. Ингээд ээж, аавыгаа дуудсан байгаа юм. Би бол ээжийнх нь дүү нь. Энэ тухай сонсоод хөдөөнөөс сахихаар ирээд байна. Эгч, ах хоёр хамт байшинд ороход гурвуулаа шалан дээр унасан, ухаангүй байсан гэсэн. Ах маань түргэн тусламж дуудахаар буцаад гарсан. Харин эгч хүүхдүүдээ ухаан оруулах гэж оролдсон гэсэн. Бага хүүхдийн ам ангалзаж байхыг хараад тэврээд байшингаас авч гарах гэж яваад өөрөө ухаан нь балартаад түүнээс хойш юу болсныг мэдэхгүй байна гэсэн. Энэ бол хамгийн ихдээ л 20 минутад болсон үйл явдал. Ахыг байшинд ороход уксус шиг үнэр ханхалж байсан гэсэн. Хоёр хүүхэд газар дээрээ амиа алдсан. Ээж, охин хоёр эмнэлэгт ирсэн. Яаралтай тусламж шуурхай, сайн ажилласан тулдаа тэд амьд гарсан.
-Албаны хүмүүс хохирогчдыг түлшээ буруу галласан, зуухныхаа хавхлагыг дутуу хаасан зэргээс болсон гэж тайлбарлаж байна?
-Сайжруулсан түлшийг буруу хэрэглэснээс болсон юм бол ердөө байшин дотор ороод 20-хон минутад угаартаж, хордож, ухаан алдаж унах уу. Энэ бол сайжруулсан түлшнээс 100 хувь болсон асуудал. Өмнө нь зөндөө л гал түлж байсан. Монголчууд хэдэн үеэрээ л галаа түлж ирсэн. Гал түлж чадахгүй монгол хүн гэж байхгүй. Гэтэл буруу түллээ, ихээр нь хийсэн гэх мэтээр иргэд рүү буруугаа чихэж байна. Дүү маань хоёр хүүхдээ алдаж байснаас даараад хоносон нь дээр байсан юм гээд уйлсан. Дааруулахгүй гэсэндээ л тэр түлшийг түлсэн. Мэдсэн бол түлэхгүй байсан юм гэж халаглаж сууна. Дүү маань эхнэрээ сахиж байгаад одоо ажил явдлын асуудлаар гадуур явж байгаа. Энэ бүхэнд үнэхээр гомдолтой байна гэсээр тасаг руу эргэлтийн хоол, цайгаа барьсаар орсон юм.
Дахин нэг 28 настай эмэгтэй угаартаж, амь насаа алдлаа
Ийн ярилцаж зогстол бас нэгэн залуу угаартсан гэсэн оноштой яаралтай тусламжаар ирж байгаа харагдав. Чухам хэдэн хүн угаартсан байдалтай хэвтэж байгаа талаар ар гэрийнхнээс асуухад “Өнөөдөр дөрвөн хүн нас барсан гэж мэдээлээд байгаа нь бас л худлаа. Яг үнэндээ дөрвөөс ч олон хүн байх магадлалтай. Тэд үүнийг нууцалж байгаа юм. Биднийг шарил хадгалах газарт байхад лав нэг хүн угаартаж нас барсан байсан. Угаартсан гэсэн оноштой хүмүүс ар араасаа нэмэгдсээр л байна” гэв. Ингээд эмнэлгийн үүдээр гарч явтал дахин нэг эмэгтэй угаартаж, нас барсан гэх мэдээлэл хэвлэлээр тархав. Энэ талаар тодруулахад, Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороонд оршин суудаг өрхийн гурван хүн угаарын хийнд хорджээ. Тэдний нэг 28 настай, эмэгтэй Ц нас баржээ. Түүнтэй хамт байсан 58 настай, эмэгтэй Б ухаангүй, 30 настай, эрэгтэй О ухаантай, босч явж чадахгүй байдалтай байна. Дуудлага эмнэлгийн байгууллагад 11.40 цагийн үед ирсэн байна. Хэргийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж эхэлжээ.
Иргэд түлшний хийн угаараас болж ар араасаа амь насаа алдсаар байхад албаны хүмүүс нь жил бүрийн энэ цагт нийслэлийн хэмжээнд 20 орчим хүн угаартаж, амь насаа алддаг гэсэн статистик тоо байдаг тул энэ удаагийн асуудлыг сайжруулсан түлшнээс болсон гэж шууд тайлбарлаж болохгүй хэмээн “арьсаа” хамгаалж сууна. Харин нэрээ нууцлахыг хүссэн эмчийн хэлснээр бол жил бүрийн өдийд угаартсан байдалтай хүмүүс ирдэг ч гэсэн энэ жилийнх шиг олноороо ирж, амь насаа алдаж байсан тохиолдол сүүлийн жилүүдэд гараагүй гэсэн юм.
Түүнчлэн албаны хүмүүсийн мэдээлж буйгаар дөрвөн хүн нас барж, 30 гаруй хүн угаартсан гэдэг нь “дарсан” мэдээлэл бололтой юм. Учир нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын өчигдрийн Онцгой комисст танилцуулсан тайланд дурдсанаар, “Хордлогын яаралтай тусламжийн төв” болон ЭХЭМҮТ-д 2019 оны аравдугаар сарын 2-7-нд угаарын хийн хордлогын улмаас 39 том хүн, 43 хүүхэд буюу нийт 82 хүн эмчлүүлсэн гэжээ.
Түүнчлэн уг тайлангийн төгсгөлд нэгэн ноцтой зүйл бичсэн байсныг тоохгүй өнгөрөөж болсонгүй. Тэнд бичсэнээр “10 айл өрхийн түлсэн нүүрсний хоёр уут нүүрс нь ес, аравдугаар сард үйлдвэрлэсэн, савласан он сартай, бусад найман айлын түлш он сар тодорхойгүй байна. Мөн яндангийн хаалтыг шахуу хаасан, үнс ихтэй, ханан пийшэн зай завсартай, тухайн орчинд угаарын хий үнэртэж байсан бөгөөд шалгалт хийсэн байцаагчид хоолой хорсч, нулимс гарч толгой өвдөх шинж тэмдэг илэрч байна гэсэн тайлбар өгч байна” гэжээ.
Эхний өгүүлбэрээс харахад он сар тодорхойгүй түлш түлсэн айлууд байна гэсэн дүгнэлт гарсан гэж ойлгогдож болохоор. Уг нь өнгөрсөн тавдугаар сарын 1-нээс нийслэлд түүхий нүүрс түлэхийг тас хориглож, хяналт тавьж ажиллаж байгаа. Иргэдэд “Тавантолгой” компанийн сайжруулсан түлш түлэхээс өөр ямар ч гарц байхгүй гэсэн үг. Нөгөөтэйгүүр, он сар тодорхойгүй гэж дүгнэсэн нь иргэд уг компанийн сайжруулсан түлшнээс өөр түлш хэрэглэсэн гэж ойлгогдох мэдээлэл өгч байгаа юм. Тэрчлэн яндангийн хаалтыг шахуу хаасан, ханан пийшин зай завсартай байсан гэсэн нь бараг л иргэдийг өөрсдийнхөө буруугаас болж угаартсан гэж хэлсэнтэй утга дүйж байна. Мөн шалгалтаар очсон байцаагчийн хоолой хорссон, нулимс гарсан, толгой өвдсөн гэсэн шинж тэмдгээс нь харвал харин ч сайжруулсан түлшинд асуудал байх магадлал өндөр байна гэж дүгнэж болохоор. Ямартай ч үүссэн нөхцөл байдлаас шалтгаалан иргэдийн зүгээс сайжруулсан түлш түлэхээс айдастай байна.
Ч.Гантулга: Сая гарсан харамсалтай тохиолдлыг шууд сайжруулсан түлштэй холбож тайлбарлаж болохгүй
Ингээд бид албаны хүний байр суурь буюу мэдээллийн тэнцвэрт байдлыг хангах үүднээс иргэдийн амь насанд аюул учруулж байж болзошгүй сайжруулсан түлшийг худалдаанаас татах эсэх асуудлаар Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны даргга Ч.Гантулгаас тодрууллаа.
-Иргэд сайжруулсан түлшинд угаартаж амь насаа алдсан ноцтой хэрэг гарлаа. Энэ талаар тайлбар өгнө үү?
-Түлээ, нүүрс түлж эхэлдэг намар, өвлийн энэ цаг үед жилийн статистик мэдээллээр осолд өртөх, угаартах тохиолдол өмнө нь гарч байсан. Гэхдээ өмнө нь гарч байсан гээд сайжруулсан түлштэй холбоогүй гэж хэлэх гэсэнгүй. Ер нь шинэ бүтээгдэхүүн, шинэ түлш гэдэг хэрэглээний шинэ дадлыг шаардаж байгааг харуулж байна. Мөн манайд олон төрлийн зуух ашиглаж байна. Иргэд сайжруулсан түлшийг зуухандаа ашиглах стандартыг чанд мөрдөх хэрэгтэй байна. Пийшинд бас асуудал байна. Үүний сойлт буюу хавхлагыг хааж, сайжруулсан түлшийг их хэмжээгээр хэрэглэснээр угаартах, хордох нөхцөл байдлыг иргэд өөрсдөө үүсгэж байна. Тиймээс гэр хорооллын айл өрх бүрт нийслэл болон “Тавантолгой” түлштэй хамтран хэрэглээний талаарх шинэ зааварчилгааг тараах ажил эхлүүлэх гэж байна. Сая өнгөрсөн 4-5-ны өдөр гарсан харамсалтай тохиолдлыг шууд сайжруулсан түлштэй холбож тайлбарлаж болохгүй. Учир нь нэг удаадаа гурван кг хийдэг түлшийг иргэд их хэмжээгээр хийсний дээр яндангийн нүхийг хязгаарлаж, соролтыг багасгаж, сойлт буюу хавхлагыг хагас, дутуу хаасан байсан учраас ийм зүйл боллоо гэж газар дээр нь ажилласан хүмүүс дүгнэсэн. Сайжруулсан түлш нь түүхий нүүрс шиг дуугарч, утаа униар гаргадаггүй. Тиймдээ ч хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө багатай гэсэн үг. Эхний 10-15 минутад хүрэн бор утаа гаргаж байгаад гал авалцсаны дараа утаа нь багасдаг. Тиймээс иргэд шинэ түлшийг зөв хэрэглэж сурах хэрэгтэй. Энэ түлш нь хоёр дахин илүү илчлэгтэй, удаан шаталттай.
-Нийслэлийн Онцгой байдлын комисс хуралдсан гэсэн. Түлшнээс дээж авч шинжлэхэд ямар хариу гарсан бэ. Түлшийг худалдаанаас татах уу?
-Нийслэлийн хэмжээнд 24 байрлалаас санамсаргүй түүврийн аргаар дээж авч, шинжилж үзсэн. Ингээд нийслэл болон мэргэжлийн хяналтын лабораторид шинжилж, хариу нь гарсан. Хариугаар, сайжруулсан түлшний чийглэг, хүхэрлэг, дэгдэмхий, үнслэг гэх мэт үзүүлэлтүүд нь улсын MNS:56792019 стандартын шаардлага хангасан бөгөөд ямар нэг зөрчилгүй байна гэсэн шинжилгээний хариу гарсан. Өөрөөр хэлбэл, түлшин дэх бүх агууламж хэмжээндээ байна гэсэн үг. Тиймээс угаартах хүчин зүйл нь сайжруулсан түлш байсан хэдий ч үүний буруу хэрэглээнээс болж ийм асуудал үүсээд байна. Мэргэжлийн хяналтын байцаагчид газар дээр нь ажиллахад яндангаа тагласан байснаас үүдэж утаа огт гадагшлаагүй, гэр, байшин дотор хуримтлагдсан байсан гэсэн. Тиймээс сайжруулсан түлшийг худалдаанаас татахгүй.
-Осол болохоос өмнө шинэ түлшийг яаж хэрэглэх зааварчилгааг өгч болоогүй юм уу?
-Зааварчилгааг хэвлэл мэдээлэл болон “Тавантолгой түлш” компаниас өгсөн. Түүхий нүүрсний хэрэглээг бодвол хоёр дахин бага хэрэглээтэй, илчлэг нь 6100-ээс дээш калортой гэх мэт анхны ойлголтыг өгөх хэрэглээний заавар түлшний уутан дээр ч байгаа. Өнгөрсөн удаагийн цочир хүйтрэлийн үеэр 100-140 мянган айл сайжруулсан түлшийг хэрэглэсэн. Үүнээс 2-3 харамсалтай тохиолдол гарлаа. Тэгэхээр зуухны стандартын горим алдагдсан, иргэдийн буруу хэрэглээнээс болж асуудал үүссэн, үүнээс иргэд хордсон байна гэсэн дүгнэлттэй байна.