Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Ж.Энхбат: Улаанбаатар хотын нийтийн тээвэр 2020 онд “тэг” зогсолт хийнэ

Авто тээврийн мэргэшсэн инженер Ж.Энхбаттай Улаанбаатар хотын нийтийн тээвэрт тулгамдаад байгаа асуудлын талаар ярилцлаа.

-Улаанбаатар хотын нийтийн тээвэр гэж асуудалтай салбар бий. Энэ салбар хэзээ сайжрах вэ?

-Нийтийн тээвэрт тулгамдсан асуудал маш их бий. Нэгдүгээрт парк шинэчлэлтийн асуудал байна. Одоо нийтийн тээвэрт явж байгаа 900 гаруй автобус 2020 онд бүрэн зогсоно. Учир нь Монгол Улсад мөрддөг стандартаар эдгээр автобус насжилтаараа үйлчилгээнээс хасагдана. Үйлдвэрлэснээс хойш 12 жилийн хугацаанд нийтийн тээврийн үйлчилгээнд явах ёстой. Улаанбаатар хотыг дэлхийн хэмжээний том хот болсон гээд л хотын дарга нар яриад байдаг. Гэтэл нийтийн тээврийн парк шинэчлэлт, энэ салбарын хөгжил, хэвийн үйл ажиллагааны талаар анхаарал хандуулахгүй байгаа юм. Жил бүр л улсын болон Улаанбаатар хотын төсвийг хэлэлцдэг ч нийтийн тээврийн парк шинэчлэлт, үйл ажиллагааг нь сайжруулах талаар мөнгө төлөвлөхгүй байна. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Ардчилсан намын бүлгээс нийтийн тээврийг сайжруулах, парк шинэчлэлд анхаарах асуудал оруулж ирсэн ч тоодоггүй. Тэгээд дарга нар нь нийтийн тээврийн үйлчилгээ сайн байна л гэж ярьдаг. Хоёрдугаарт, нийтийн тээврийн үйлчилгээний зохион байгуулалт үнэхээр байхгүй. Үүнд их олон зүйл орно. Жишээ нь, өглөө ажил цуглах, орой ажил тарах үед нийтийн тээвэрт явж буй автобус бүрэн хэмжээнд гарахгүй байгаа. Үүний шалтгааныг авто замын түгжрэл гэж тайлбарладаг. Ингээд графикийн дагуу үйлчилгээнд явах автобусны 30 хувь нь ажилд гардаггүй. Нийтийн тээврийн эхлэх цаг орой учраас ээлжийн ажилтай, ажилдаа эрт явдаг хүмүүс хувийн машин унахаас өөр гарц алга. Орой ажлаа тараад харих гэхээр автобус зогсчихдог. Ийм учраас иргэд хувийн машинаар явахаас өөр арга байхгүй. Нийтийн тээврийн үйлчилгээ хангалттай сайн, саадгүй байдаг бол хүмүүс тэр бүр машин унаад байхгүй шүү дээ.

-Та яриандаа зохион байгуулалтын асуудлыг хөндлөө. Яаж зохион байгуулалтаа сайжруулах ёстой юм бэ?

-Улаанбаатар хот, нийтийн тээврийн удирдлагууд цагийн зохион байгуулалтад онцгой анхаарах шаардлага байгаа юм. Өдөр нь ачаалал ихтэй гол гол замд үйлчилгээнд явж буй автобусны тоог арай багасгах ёстой. Тэгээд нэг чиглэлд, нэг замд есөн чиглэлийн 13 автобус явж байна гэдэг нь муу зохион байгуулалт. Үүнээс шалтгаалж өдрийн цагаар зорчигчийн урсгал бага үед томоохон замд автобусны цуваа үүсч, түгжрэлийн нэг үндэс болж байгаа юм. Хамгийн гол нь нэн яаралтай цагийн зохион байгуулалт хийх нь зөв гэж харж байна. Хот хоорондын болон Улаанбаатар хотын нийтийн тээврийн автобус газар тэнгэр шиг ялгаатай. Хот хоорондын нийтийн тээврийн компаниуд улсаас нэг ч төгрөгийн нөхөн олговор, татаас авдаггүй. Тэгсэн ч үйлчилгээний стандарт, дүрэм журмыг нь хангаад явдаг. Харин Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд явдаг нөхдүүд улсаас нөхөн олговор, татаас авдаг ч тэгж чаддаггүй. Хотын иргэд гэхээр яагаад өнгө үзэмжгүй, өвөл хүйтэн хөлдүү, зун агааржуулалтын системгүй бүгчим автобусаар үйлчлүүлэх ёстой гэж. Үүнийг яагаад зохицуулж болдоггүй юм. Хот хоорондын автобусны үйлчилгээний талаар даарлаа, бүгчимдлээ гэдэг гомдол гарахгүй болсон. 2012 оноос хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлдэг аж ахуйн нэгжүүдтэй гэрээ хийсэн. Тэгэхдээ үйлчилгээнд явж байгаа автобусанд халаалт, сэрүүцүүлгийн нэмэлт төхөөрөмж тавиулдаг болгосон. Тэгвэл Нийслэлийн тээврийнхэн зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлж байгаа 22 компанийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж дээрх шаардлагыг тавьж болохгүй гэж. Гол нь санаачилга дутаад байна. Иймд энэ өвөл байдал өөрчлөгдөхгүй. Хотын иргэд нөгөө л мөсөн зоорь шиг автобусаар үйлчлүүлэх нь.

-Улаанбаатар хотын нийтийн тээвэрт явж буй автобусны нөхөн олговорт жилд хэдэн төгрөг өгч байна. Парк шинэчлэлтээ тэд яагаад хийхгүй байгаа юм бэ?

-Жил бүр нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй автобусны цаг, рейсийг нь үнэлж нөхөн олговор өгдөг. Тухайлбал, 2012 онд 50 тэрбум төгрөг өгдөг байсан. Ингээд 2016 оноос огцом нэмэгдэж энэ жил гэхэд Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлж буй аж ахуйн нэгжид 114 тэрбум төгрөгийн нөхөн олговор олгож байна. Тэгэхээр нийтийн тээврийн үйлчилгээнд бараг үнэгүй явчих ашиг орлогыг нь нийслэлийн төсвөөс өгч байгаа юм. Төр хүлээсэн үүргийнхээ дагуу нөхөн олговрыг нь цаг тухайд нь өгөөд байхад нийтийн тээврийн компаниуд үүргээ биелүүлэхгүй байгаа юм. Үүнээс гадна аж ахуйн нэгжүүд рейс тутмын алданги гэдэг асуудал ярьдаг. Энэ бол худал зүйл. Нийтийн тээврийн компаниуд өөрсдийн дотоод зохион байгуулалтаа сайжруулахгүй байгаатай холбоотой. Засгийн газрын тогтоолоор 2009 онд нийтийн тээврийн 14 компанид 400 автобусаар парк шинэчлэлт хийж өгсөн. Улсаас хөнгөлөлттэй нөхцөлөөр автобус авч өгсөн байхад эргэн төлөлт ерөөсөө хийгээгүй. Нийтийн тээврийн компаниуд өнөөдөр алдагдалтай байна гээд бойкот хийдэг. Тэгвэл автобус хөнгөлөлттэй авчхаад яагаад мөнгийг төлөхгүй, хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа юм. Үүний цаана нийтийн тээврийн компаниудын дотоодын зохион байгуулалт муу, улс төрийн шантааж гэсэн асуудал бий.

-Тэгэхээр үүргээ биелүүлэхгүй байгаа нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг компаниудын гэрээг цуцлаад оронд нь хүлээсэн үүргээ биелүүлэх чадвартай компаниуд шинээр оруулж болдоггүй юм уу?

-Харин тийм. Нийтийн тээврийн компаниудад хариуцлагын тогтолцоо гэсэн зүйл алга болсон. Жолооч нь зам тээврийн осол гаргаж л байдаг. Гэтэл тэр компанид нөхөн олговрыг нь төр бүрэн өгч л байдаг. Сүүлийн үед автобус шатлаа, мөргөлдлөө, тормос нь ажиллаагүй гэсэн осол их гарч байгаа. Гэтэл тийм компанид хариуцлага тооцож гэрээг нь цуцалсан зүйл байхгүй. Хариуцлагыг нь өндөржүүлэх шаардлага тулгараад байгаа юм. Нийтийн тээвэр гэдэг бол зорчигчдын аюулгүй, ая тухтай байдлыг бүрэн хангах ёстой. Нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй автобусыг улирал бүр техникийн үзлэгт хамруулах хэрэгтэй. Тэгээд шаардлага хангахгүйг нь үйлчилгээнээс хасаад явах ёстой. Эвдрэл гэмтэл, зөрчлөө арилгасан тохиолдолд шалгаж үзээд үйлчилгээнд гаргаж болно. Тухайн автобусны үйлчилгээнд гарсан тоогоор нь нөхөн олговрын мөнгийг нь өгөх ёстой. Гэтэл өнөөдөр зөрчил гаргасан ч тухайн компанид нөхөн олговрыг нь бүрэн өгч байна. Энэ нь нийтийн тээвэрт хариуцлагын тогтолцоо байхгүйн илрэл.

-Та дээр дурдсан. Цагийн зохион байгуулалтын талаар. Иргэд ч бас автобусны эхлэх, буух цагийг сунгах хэрэгтэй байна гэдэг. Энэ асуудлыг яагаад шийдэж болдоггүй юм бол?

-Хотын удирдлагууд нэг ч байсан иргэний саналыг хүлээн авч ажилдаа тусгах ёстой л доо. Автобусны үйлчилгээг өглөө 06-24 цаг хүртэл явуулдаг болгож болно. Жолоочийн ажил амралтын дэглэмийн дагуу хоёр ээлжинд нь оруул л даа. Дунд болон эцсийн цэгт Авто тээврийн хяналтынхан яагаад ажиллахгүй байна. Өглөө ажилд гарсан жолооч өдөржингөө ажиллаад зам тээврийн осол гаргаж байгаа. Хөдөлмөрийн тухай хууль, авто тээврийн зоргчигч тээвэрлэх дүрэм бий. Гэтэл хяналт тавих ёстой газар нь ажлаа хийхгүй байгаа учраас нэг жолооч өдөржингөө л шугаманд явдаг. Нэг жолооч өдөрт найман цаг ажиллах ёстой. Тэгээд нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг компаниуд жолооч олдохгүй байна гэдэг зовлон тоочдог. Жолооч олдоно. Хамгийн гол нь төр хяналтаа тавихгүй байгаатай холбоотой. Аж ахуйн нэгжийн дотоод хяналт, зохион байгуулалт муу байгаа юм.

-Улаанбаатар хотын хэмжээнд өдөрт хэдэн автобус үйлчилгээнд гарвал нийтийн тээвэрийн асуудал саадгүй байх тооцоо байдаг вэ?

-Өнөөдөр стандартын шаардлага хангасан 900 автобус үйлчилгээнд өдөр бүр явбал хангалттай. Үүнийг 1000 болгох юм бол авто замын ачаалал дийлэхгүй. Хамгийн гол нь үйлчилгээнд эрт гарч орой буух, өдрийн цагаар автобусны тоог цөөлөх юм бол илүү үр дүнтэй.

-Та парк шинэчлэлт хийхгүй бол ирэх онд Улаанбаатар хотод нийтийн тээврийн автобус явахгүй болох тухай ярьсан. Парк шинэчлэхэд хэдэн төгрөг зарцуулах тооцоо судалгаа байна. Компаниуд өөрсдөө автобусаа шинэчлэх боломж бий юү?

-Нэг шинэ автобус 200 сая төгрөгийн үнэтэй. Гэхдээ техникийн нөхцөл, ямар маркийн, хаана үйлдвэрлэсэн гэдгээс шалтгаалж өөр өөр үнэтэй. Жишээ нь хоёр хаалгатай автобус Солонгосын үйлдвэрлэгчээс хөнгөлөлттэй нөхцөлөөр зээлээр авч болно. Мөн Хятадад үйлдвэрлэсэн нийтийн тээврийн зориулалттай автобус бий. Өнөөдөр үйлчилгээнд явж л байна. Мөн “Цахилгаан тээвэр” компани дотооддоо автобус угсарч байгаа. Тэгэхээр хаанаас яаж авахаа л шийдэх ёстой. Ер нь төр нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг компаниудын толгойг илж ирснээс болж паркаа шинэчлэхгүй 0 зогсолт хийхэд хүрээд байгаа юм. Үүнд төр, хувийн хэвшил хоёулаа хариуцлага үүрэх ёстой. Өнөөдөр нийтийн тээврийн компаниуд хэт их бэлэнчилж байна. Бүх зүйлд төр тэгэх, ингэх ёстой гэдэг. Төр дахиад автобус авч өгөх хэрэгтэй болж байх шиг. Ер нь зах зээлийнхээ зарчмаар явах ёстой. бүгд өрсөлдөөнд л амьдарч байгаа шүү дээ. Одоо нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлж байгаа 20 компанийг тахин шүтэх алба байхгүй. Өөр компаниуд нийтийн тээврийн салбарт орж ирэх боломж бий.

-Нийтийн тээврийн нэг салбар нь такси үйлчилгээ. Энэ салбарыг хэрхэн дүгнэж байна вэ?

-Улаанбаатар хотын такси үйлчилгээ бүрэн зогссон. Жил бүр л такси үйлчилгээг сайжруулна симпортой болгоно, стандарт батална, зохион байгуулалттай болгоно гээд хотын төсөвт 700 сая төгрөг төлөвлөсөн. Гэтэл энэ жил зөвхөн таксины зогсоол л хийсэн байна лээ. Иргэд таксины зогсоол хүсээгүй. Албан ёсны стандарт хангасан, тоолууртай, аюулгүй байдал хангасан үйлчилгээ л хүсч байгаа. Тэгвэл төр авто замын тэмдэг тэмдэглэгээ хийхэд их хэмжээний төсөв зарж байгаа юм. Өнөөдөр нийтийн тээврийн мэргэжлийн байгууллага нь өөрийн ажлаа хийхгүй байна. Үүнээс болоод Монгол Улсын хүн амын талаас илүү хувь нь амьдарч буй хотод стандарт хангасан такси үйлчилгээний нэг, хоёр компаниас өөр алга. Нийтийн тээвэр нь зогсох хэмжээнд хүрчихлээ. Төр засаг аялал жуулчлал хөгжүүлнэ л гэж яриад байдаг. Гэтэл нисэх буудлаас хотын төвд орж ирж буй жуулчдаас такси үйлчилгээ үзүүлсэн жолооч нар дураараа 30, 40 мянган төгрөг гээд нэхдэг. Хяналт байхгүй учраас л такси үйлчилгээ бүрэн зогсох хэмжээнд хүрсэн шүү дээ.

-Хүн бүр л өнөөдөр халтуур хийж байна гэдэг. Энэ нь такси үйлчилгээ хөгжихөд саад болж байгаа нэг шалтгаан мөн байх даа. Хувиараа таксинд явдаг хүмүүсийг зохицуулах боломж бий юү?

-Боломж бий. Тээврийн газар такси үйлчилгээ үзүүлдэг иргэдийг бүртгэлжүүлээд стандартыг нь хангуулах ёстой. Иргэдтэй гэрээ хийж ажиллуулж болно. Тэдний орлого ч тодорхой болж төр засгийн үйлчилгээнд хамрагдана. Авто тээврийн тухай хуульд иргэнтэй захиалагч тал гэрээ хийх бүрэн нээлттэй. Нөгөө л миний яриад байгаа төрийн зохион байгуулалт, мэргэжлийн байгууллагын ажлын чанар гарч ирж байгаа юм. Төрийн байгууллага нь хүртэл буруу нэртэй байна. Тухайлбал, Улаанбаатар хотын Нийтийн тээврийн газар гэж нэрлэх шаардлага байхгүй. Харин Улаанбаатар хотын Тээврийн газар гэж нэрлэх нь оновчтой. Тэгээд энэ газар авто засварын, угаалгын, сэлбэг зардаг зэрэг газруудад ангилал тогтоох хэрэгтэй. Тэгвэл албан ёсны баталгаатай, ангилал тогтоосон газраар л хүмүүс үйлчлүүлнэ. Тээврийн газрын ажил үүргийн нэг онцлог нь энэ. Гэтэл нийтийн тээврийн үйлчилгээнд явж хэдэн автобустай ноцолдох ажил хийж байна. Улаанбаатар хотын тээврийн салбар энэ байгуулагаас болж нуран уналаа. Өнөөдөр өрх бүр авто машинтай. Гэтэл аль засварын газарт машинаа үзүүлж засуулах нь баталгаатай вэ гэдгээ мэдэхгүй. Аль таарсан засварын газарт очоод хүссэн, хэлсэн мөнгийг нь өгөөд үйлчилгээ авдаг. Үүнээс болоод эд хөрөнгөөрөө хохирч байгаа нь олон шүү дээ.

-Тэгэхээр зохион байгуулалт хийхгүй байгаа нь ашиг сонирхлын зөрчил эсвэл мэргэжлийн ур чадварын дутмагаас шалтгаалж байна уу?

-Мэргэжлийн газарт дээд боловсролгүй, мэргэжлийн бус хэн нэгний сонгуульд ажилласан хүмүүсийг томилж байгаатай холбоотой. Үүнээс гадна Засаг даргын гарын хүн байх ёстой гэдэг үзэл бий. Товчхон хэлэхэд төрийн тогтворгүй байдлаас шалтгаалж дарга нар нь байнга солигддог. Дарга солигдох болгонд өөрийн багийн хүмүүсээ авч ирдэг зуршилтай болчихсон шүү дээ. Үүнээс үүдээд тээврийн байгууллага мэргэжлийнх бус зөвхөн улс төрийн албан хаагчдыг ажлын байраар хангагч байгууллага болчихсон. Иймд мэргэжлийн чиг үүргээ биелүүлж ажиллаж чадахгүй байна гэж хардаг. Мэргэжлийн байгууллагад халаа сэлгээ хийхгүй байх, үндсэн чиг үүргийг нь хангуулж ажиллуулах ёстой.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com