Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
САЙЖРУУЛСАН ТҮЛШ ХҮНИЙ АМЬ НАСАНД АЮУЛТАЙ БАЙСНЫГ НУУЖ БАЙЖЭЭ

Тавантолгой компанийн сайжруулсан шахмал түлшнээс болж өнөөдрийн байдлаар зургаан хүний амь нас эрсдэж мөн хамгийн сүүлийн мэдээллээр 126 хүн угаартаж хордсон байдалтай байна. (Гэр хорооллын иргэдийн төлөөлөл нэгдэж тэмцэл зарласан. Тэд 14 хүн нас барсан гэж мэдээлээд байна.) Мөн өчигдөр 20 цагийн үед zarig.mn сайт “Дөнгөж сая БЗД-ийн 27-р хороонд оршин суух айлын пийшин дэлбэрчээ. Пийшин нь тухайн айлын үүдний өрөөнд байдаг ба дэлбэрэх үед азаар хүн байгаагүй байна. Дэлбэрсний улмаас байшингийн хаалга эвдэрч, үүдний хэсэг сууриасаа гарч, тухайн өрөө дахин ашиглах боломжгүй болсныг гэрийн эзэн хэллээ. Яг одоо тухайн айлд хорооны удирдлагууд ирсэн бөгөөд цагдаа, онцгой байдалд дуудлага өгөөд байна” хэмээн мэдээллээ. Хэдэн хүний амь нас эрсдэж, хэдэн хүн угаарын хийнд хордсон нь чухал биш. Ямартаа ч шахмал түлш олон хүний амь насыг авч одоод байгаа нь үнэн. Цаашид дахин амь нас хохирохгүй гэсэн баталгаа алга байна.
Гэтэл 2019 оны хоёрдугаар сарын 15-ний өдрийн Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газрын “Хэмжилтийн дүнгийн хуудас” ил болов.

Уг хэмжилтийн дүнгээс харвал (мг/м3) -д СО буюу угаарын хий Багануурын түүхий нүүрснийх 5201 байгаа бол Тавантолгойн сайжруулсан шахмал түлшнийх 6715 байна. Мөн SO2 буюу хүхэрлэг хий нь Багануурын нүүрс 512 байхад шахмал түлшнийх 995 байна. Хамгийн гол нь сайжруулсан түлшний чанарыг тогтоосон энэ гурван тоо улаан өнгөөр тэмдэглэгдсэн нь стандартаас хэтэрсэн буюу хүний эрүүл мэнд, амь насанд аюултай гэсэн утгатай юм. (зураг дээрх үзүүлэлтүүдийг сайтар харьцуулан харна уу)

Химийн технологич У.Ууганбаяр:
Сайжруулсан түлш гэчхээд түүхий нүүрснээсээ хэд дахин муу чанартай байна

-Шинжилгээний хариунаас харах юм бол энгийн үед түлдэг Багануурын нүүрснээс чанарыг нь дордуулчихсан шахмал түлш хийсэн болж таарч байна. Энэ шахмал түлшний хувьд илчлэг нь өссөн, чийглэг нь багассан тэгсэн мөртлөө хамгийн аюултай нь хүхэр, үнслэг нь ихэссэн байна. Дэгдэмхий нь багассан буюу биднийхээр утаа 40 хувиар багассан байна. Тэр холигч бодисыг нь би судалсан. Нэгдүгээрт, хамгийн гол нь окситууд буюу хүн амьсгалдаг тэр хийнүүд нь ихэссэнд хамаг аюул нуугдаж байгаа юм. Өөрөөр хэлбэл Багануурын нүүрснээс нүүрсхүчлийн дутуу исэл буюу угаарын хий маш өндөртэй түлш болжээ. Нам температурт шатдаггүй буюу хүчил төрөгчийн дэмжлэггүй асдаггүй нэлээд сайн асааж байж шатах түлш хийсэн гэсэн үг. Шатаж байх үедээ бидний түлш байсан нүүрснээс СО нь харьцангуй өндөр харагдаж байна. Барьцалдуулагч материалд нь цардуул ашигласан гэж би ойлгосон. Хамгийн гол нь шахмал түлшний үзүүлэлт яагаад ингээд доошлов гэдэг өөрөө асуудал. Хоёрдугаарт, зуухандаа тохируулж хийгээгүй түлш. Олон янзын зууханд түлэх боломжгүй. Уг нь бол аливаа нүүрсийг зуухны горимд нь тааруулж сонгох ёстой. Гэтэл энэ түлшийг шууд хийгээд авчраад шахсан. Бүх төрлийн зууханд тохирохоор судалгаа, туршилт огт хийгээгүй гэдэг нь харагдаж байна. Түлшиндээ зориулж иргэд дахин зуух авна гэж юу байх вэ дээ. Энгийнээр хэлбэл хүчилтөрөгчийн дэмжлэггүйгээр бүрэн шатах боломжгүй түлш. Өндөр илчлэгтэй нүүрс учраас шатах гэсээр хортой угаарын хий гаргадаг юм байна. Мөн дээр нь аюулгүй ажиллагааны зааварчилгаа гэж юм огт алга. Мөн маш их үнстэй. Үнс ихтэй байх тусмаа үнс энд тэндхийн нүх сүвийг бөглөчихдөг. Янданг ч гэсэн үнс бөглөх магадлал өндөр шүү. Тийм учраас өнөөдрийн Монголын нөхцөлд тохирохгүй түлш гэж үзэж байна. Заавал үзүүлэлтүүдийг нь дордуулж ийм юм хийх хэрэг байсан юм уу? Нүүрснээс чанарын бүр дордсон. Угаарын хий үнэр, амт байхгүй учраас хүн мэдэхгүй угаартдаг аюултай. Энэ чигээр нь хэрэглээд байвал маш аюултай. Битүү саванд байгаа хүмүүс угаартана.

Хамгийн гол үзүүлэлт нь утаанаас гарч байгаа азотын оксид, хүхрийн оксид, Багануурын түүхий нүүрснээс хоёр дахин өндөр байгаа. Сайжруулсан түлш гэчхээд түүхий нүүрснээсээ хэд дахин муу чанартай. TSP нь Багануурын нүүрс 384 байхад сайжруулсан түлшнийх 457 байх жишээтэй. Энэ нь Монгол Улсын MNS 5043:2016 стандартаас хэтэрсэн буюу аюултай гэсэн үг. Нүүрсийг угаачхаар илчлэг нь нэмэгддэг учраас ичлэг өндөр байх нь мэдээж. Харин үнслэг нь мөн түүхий нүүрснээс хоёр дахин нэмэгдсэн байгаа нь маш муу чанарыг илэрхийлнэ. Шатахад маш СО ялгарч л байгаа бол цаашдаа ч хүмүүс хордоно гэсэн үг. Багануурын түүхий нүүрснийх шаталтын үеийн СО нь 5000, шахмал түлшнийх 6715 байх жишээтэй. Энэ яагаад ч болохгүй асуудал.

Эрчим хүчний инженер Б.Бадрал:
Технологи нь таараагүй, буруу орцтой энэ түлшээ иргэдэд шахсаар байвал цаашид хохирол гарах аюултай

-Одоогийн “Тавантолгой” ХХК-ийн үйлдвэрлэж байгаа түлш бол нарийн шинжилгээ туршилтаар ороогүй түлш. Нүүрсээр шахмал түлш хийхэд нэлээд том тооцоо судалгаатай олон удаагийн туршилтуудыг удаа дараа хийх ёстой. Энэ хүмүүс гавьяа байгуулах, түргэн хугацаанд асуудлыг шийдчих гээд учир дутагдалтай хандлаа. Утааны тавин хувийг ч болтугай бууруулъя гэсэн бодлого дээр хэн ч зөрж, эсэргүүцэх юм байхгүй. Түүхий нүүрс байж байгаад шахмал түлш болж байгаа учир энгийнээр бодсон ч утаагүй, үнсгүй гээд аль ч талаараа дээгүүр байх ёстой биз дээ. Гэтэл одоо өчнөөн хүмүүс амь насаа алдсан асуудал үүсгэчихлээ. Тиймээс одоо энэ асуудлыг хамтын хүчээр л шийдэх учиртай.

Тавантолгойн орд газрын нүүрс бол коксжих төрлийн нүүрс. Маш өндөр илчлэгтэй ийм нүүрсийг дэлхий даяараа олон зуун жилийн турш ган үйлдвэрлэх, цементийн үйлдвэр зэрэг маш өндөр температур шаардлагатай үйлдвэрүүдэд хэрэглэж ирсэн. Гэтэл энэ коксжих нүүрсээрээ завсрын бүтээгдэхүүн хийгээд 600 гаруй км-ээс нааш нь ачиж зөөж авчирсан. Коксжих нүүрс шахмал түлш хийхэд тохиромжгүй эд. Эрдэмтэд, шинжээчид, мэргэжлийн хүмүүсийн практикаар бол хамгийн тохиромжтой нь хүрэн нүүрс юм. Гэтэл манайхан дэлхийн практикаас гажаад хар алт шиг нүүрсээрээ шахмал түлш хийж байгаа нь зарчмын хувьд буруу. Нүүрсийг бутлаад янз бүрийн хольц нэмчихээр нүүрс биш цоо шинэ бүтээгдэхүүн болж байна. Энэ нь нүүрсний химийн бүтцийг нь эвдэж байна гэсэн үг. Барьцалдуулагчид нь цардуул хэрэглэж байна гэдэг нь хамгийн хямдхан түүхий эд л дээ. Дэлхий даяар хэчнээн янзын барьцуулагдаж байна вэ. Хэрэглэгчид шахмал түлшээс үнс их гарч байна гэж байна. Технологийн хувьд шахмал түлшнээс тийм их үнс гарах ёсгүй. Энэ бол барьцалдуулагч таараагүй байгаа жишээ. Хоёрдугаарт, асаахад ерөөсөө ноцохгүй байна гэдэг. Энэ бол нүүрснээс гадна орцуудын харьцаа буруу байна гэсэн үг. Тэгэхээр хурдасгагч бодисгүй түлш юм байна. Энэ бодисыг манайд хийдэг эсэхийг мэдэхгүй. Хүний амь настай холбоотой ийм төслийг маш олон туршилтын үндсэн дээр хийх ёстой. Тавантолгой шахмал түлшний үйлдвэрийг анхнаасаа ТЭЗҮ дээр үндэслэж барих ёстой. Хамгийн гол нь химийн найрлага, технологийн процесс нь яг стандартын дагуу юу гэдгийг бид шаардах эрхтэй. Байгаа бол түүнийгээ ард иргэдэд үзүүл. Дараагийн ноцтой асуудал бол нэг бүтээн байгуулалт хийх гэж нөгөөхийг нь сүйтгэж байна. Жишээ нь 600 км-ын цаанаас хүнд даацын машинаар шахмал түлшээ зөөх гэж Дундговиор дайраад Өмнөговь хүртэл тавьсан замаа там болголоо. Эвдэж сүйтгэсний улмаас өчнөөн хүний амь насын авч одлоо. Тэр замыг эвдэж сүйтгэсэн хохирлыг хэн тооцож, хэн барагдуулах вэ. Утааг бууруулах ажилд улстөржихгүйгээр бүгд анхаарал тавих нь зөв. Хамгийн гол нь үүнийгээ шинжлэх ухаанч байдлаар хийж судалгаа шинжилгээгээр батлах ёстой. Технологи нь таараагүй, буруу орцтой энэ түлшээ иргэдэд шахсаар байвал цаашид хохирол гарах аюултай.

Судлаач, Харвардын Их Сургуулийн магистр Б.Дөлгөөн:
Ард иргэдэд бурууг үүрүүлж болохгүй

-Сайжруулсан түлшний хэрэглээнд ч, мөн энэ түлшинд ч дутагдал байгаа гэж боддог. Өнөөдөр эх баригчид хүмүүс угаартаж байгааг “ажиллагааны горим” буюу хүмүүс хэрхэн хэрэглэж байгаатай холбоод, “сайжруулсан түлш” гэдэгт огт бурууг өгөхгүй байна. Тэгвэл энэ бол зөвхөн зоосны нэг тал юм. Үнэндээ уг түлшинд ямар нэг хүнд “хортой” гэх бодис байхгүй байгаа гэдэгт итгэлтэй байгаа ч, яаж шатахаас хамаарч угаарын хий үүсч байгаа. Хамгийн сайн түлшийг ч гэсэн дутуу шатаавал угаарын хий үүснэ, хамгийн мууг ч дутуу шатаавал угаарын хий мөн үүснэ. Энд яагаад дутуу шатаж байгаа вэ гэвэл тухайн нүүрсийг шатааж байгаа зуух, шатаж байгаа нүүрс хоёрын асуудал болж ирнэ. Тэгэхээр ганц хэрэглэгчдэд бурууг үүрүүлж болохгүй.

Байгальд бохир нүүрс гэж байхгүй. Түүхий гэдэг нэрийн дор нүүрсийг “бохир” эсвэл “цэвэр” гэж ангилаад байна. Энэ нь буруу ойлголт. Ямар ч муу гэсэн ангилалд оруулдаг байсан, нүүрсийг бүрэн шатаах буюу “бохирдол” болох нарийн ширхэгт тоосонцор гаргахгүйгээр шатаах боломж бий. Тиймээс бид дан ганц нүүрс эсвэл дан ганц зууханд ач холбогдол өгөхийн оронд шаталтыг харах ёстой. Шаталт хэр явагдах вэ гэдэг нь ямар зууханд, ямар нүүрс шатаж байна вэ гэдгээс шууд хамааралтай зүйл юм.

Сайжруулсан түлш гэж нэрлээд байгаа энэ түлшний хувьд “нүүрсний” агуулгын хувьд лабораторид шинжлүүлсэн болохоос биш энэ шаталт хэр явагдаж байна, угаарын хий хэр гарч байна, гэрийн дотор хүмүүсийн дотор муухай оргиж байна уу гээд зориулалтын тоног төхөөрөмжөөр ямар нэг хэмжилт хийж туршиж үзээгүй нь туйлын харамсалтай. Ингэж туршилт хийлгүйгээр шууд олон нийтийн түүхий нүүрсний хэрэглээг хориод, энэ нүүрсийг хүчээр шахсан. Одоо тэгээд алтан амь эрсэдсэн асуудал үүсч байна.

Энэ нүүрсний хамгийн том асуудал юу вэ гэвэл “агаарын бохирдлыг 50-70 хувь бууруулна” гэж амласан амлалт. Миний мэдэж байгаагаар лав өнөөдөр Монголд хэн ч энэ шахмал түлш хэдэн хувь бууруулах вэ гэдгийг мэдэхгүй байгаа. Худлаа гэж байгаа бол энэхүү хэлсэн үг, хийсэн амлалтынхаа цаад суурь болсон баталгаагаа харуул. Нэг ёсондоо үнэхээр бууруулж байгаа бол тэр бууруулсан гэдэг судалгааныхаа материал, тестийн тоо, дата-г ил нээлттэй болго. Шахмал түлшний агуулгыг харуулсан лабораторийн дата хэрэггүй шүү. Харин Бэлхэд байдаг Дулаан техник, үйлдвэрлэлийн экологийн хүрээлэнгийн харьяа “Зуух туршилтын лаборатори”-д хийсэн бодит датагаа өг л дөө. Тэгвэл энэ амлалтын хэр бодит тоог мэргэжилтнүүд хэлж чадна.

2019 онд HBO сувгаар гарсан “Чернобыл” цуврал кинонд “Бодит үнэнийг нууснаас гарч буй төлөөс юу вэ?” гэж асуудаг. Өнөөдөр энэ бүх суртал ухуулга, худал амлалтын төлөөсийг ард иргэд алтан амиараа өгч байна гэж би үзэж байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 1 сэтгэгдэл
Ажлын хэсэг202.55.188.98
Энэ хүмүүс яаралтай холбогдоно уу. Шахмал түлшний стандартыг шинэчлэх Ажлын хэсэгт урьж байна. 90901988
2022/02/08
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com