Алс баруун хязгаарт Увс аймгийн Өндөрхангай сумын буйдхан хөндийд анх жимс жимсгэний аж ахуйг хөгжүүлэхээр зорьж, хөдөлмөрийнхөө үр шимээр өнөөдөр арвин их ургацаа хурааж байгаа хөдөлмөрч тариаланч Ц.Алтангэрэлтэй ярилцсанаа хүргэж байна.
-Анх хэзээ чацаргана тарьж эхлэв?
-2011 оноос. Манай суманд нэг айл чацаргана тариалсан нь амжилтгүй болсон юм билээ. Тэр айлын хувьд газраа буруу сонгохоос гадна арчилгаан дээрээ алдсан юм болов уу гэж бодогдоод байгаа юм. Ингээд 2011 онд би чацаргана тарьж үзэхээр шийдсэн. Чацарганыг хөнгөн хөрстэй газар тариалах юм бол ургах боломжтой гэдэг. Ингээд ШУА-ын Газарзүйн хүрээлэнгийн хөрс судлалын лабораторид чацаргана тариалахаар сонгосон газрынхаа хөрсний дээжийг өгч бүтэц, үржил шимийг нь тодорхойлуулсан. Бүтцийн хувьд хөнгөн, үржил шимийн хувьд муу. Ялзмагийн хэмжээ нь гурван хувиас дээш байвал боломжийн гэж үздэг юм байна л даа. Манай энэ газар 1.83 хувьтай гарсан. Хөрсний үржил шимийн дутууг бордоогоор нөхөж болдог. Бид химийн бордоо нэг ч удаа хэрэглэж үзээгүй. Дандаа өтөг бууц, шувууны сангас болон дандаа органик гаралтай бордоогоор хөрсөө бордсон. Нутгийнхаа байшинтай айлуудын бүх шувууны сангасыг дуусгасан даа.
-Химийн гаралтай бордоог хэрэглэхгүй байгаагийн шалтгаан нь юу вэ?
-Химийн гаралтай бордоонд олон сөрөг тал бий л дээ. Хөрсөнд үржил шимийг нь бий болгож байдаг бактерүүд бий. Химийн бордоог удаан хугацаанд хэрэглэхээр дээр дурдсан бактерүүдийг устгадаг. Ингэхээр хөрс өөрийн үржил шимээ бий болгох боломжгүй болдог. Ингэхээд хэсэг хугацааны дараа тариалангийн талбай нь үржил шимгүй болж дахин ургац авах боломжгүй болно. Ер нь химийн бордоог өөрийгөө хорлох гэсэн хүн л сонгож хэрэглэдэг байх. Олон жил тогтвортой ургац авъя гэж байгаа бол органик бордоо сонгож хэрэглэх ёстой.
-Анх хэчнээн га газар чацаргана тариалсан бэ. Анх ургах болов уу гэж санаа зовж байсан байх?
-Манайхыг чацаргана тариалж эхлэх үед ашиглаж байгаа техник технологийн хувьд харьцангуй бүдүүн бараг, болхи байлаа шүү дээ. (Инээв) Чацаргана суулгах нүхээ гар аргаар ломбо, жоотуугаар ухдаг. Анх нэг га газарт суулгац суулгасан. Түүнийхээ нүхийг ухах гэж сар гаруй болсон байх. Ингээд суулгацаа суулгаснаас хойш 4-5 дахь жилээсээ л жигдэрч ургац авч эхэлнэ дээ. Жимслээд эхэлчихвэл ч сайхан л даа. Арчилгаа, тордолгоогоо сайн хийвэл жил бүр ургац өгнө. Анх хоёр настай ургац авч ирж суулгаж байсан бол одоо дээд тал нь 9,10 настай болсон байна. Араас нь 6,5,4 гээд л жимсээ өгөөд явж байна.
-Тариалснаас хойш бас ч гэж багагүй хугацааны дараа ургацаа өгдөг байх нь. Тэр хооронд шантрах, эргэлзэх үе байсан уу?
-Байлгүй яах вэ. Суулгац гурван настай үед энд тэнд мэр сэр юм үзэгдэнэ. Тэр үед бас жаахан итгэл төрсөн. Дөрвөн настай болох үед өмнөх жилийнхээсээ илүү ахиц анзаарагдаж байгаа юм. Таван настай болох үед нэг га-гаас 800 килограмм чацаргана хураасан. Зургаан настай болох үедээ найман тонн, түүний дараа жил нь 10 тонн гээд явсан даа. Манай ургац аймгийн дундаж стандарттай ойролцоо байгаа. Асар их хөдөлмөрлөж байж өдий зэрэгт хүрсэн л дээ. Га-гаас нэг юм уу хоёр тонн ургац авч байгаа хүмүүсийг алийг тэр гэх вэ. Хэр хэмжээний ургац авах нь арчилгаа тордолгоо хэр хийж байгаагаас шалтгаалахаас гадна, талбай дээр ажиллаж байгаа хүмүүсийн сэтгэлээс их шалтгаалдаг. Өнгөрсөн жилийн хувьд манай талбай мөндөрт цохиулсан. Нэг аюул нь мөндөр л дөө. Гэхдээ яах вэ нийт 15 тонн ургац авсан даа. Энэ жилийн тухайд жимсний болц оройтож болсон. Учир нь хавар удаан хугацаагаар хүйтэрсэн. Хүйтрэхээр ургамлын нахиа задарч чаддаггүй. Задарсны дараа цэцэглэж чаддаггүй. Эр ургамал нь тоосоо гөвж чадалгүй байсаар болц нь оройтдог. Ном ёсоороо явбал тавдугаар сарын 15 гэхэд тоосоо гөвж, нахиа задарч эхэлдэг. Ингэснээр ургацын болц эрт бүрэн болдог.
-Газар тариалан эрхэлж байгаа иргэдээ сум орон нутгаас нь хэр дэмжиж байна. Увс аймгийн хувьд чацаргана брэндээ дэлхийд гаргах зорилт тавьсан санагдаж байна?
-Өнөөдрийг хүртэл бор зүрхээрээ л явж байгаа. Манайхыг чацаргана тариалж эхэлснээс хойш олон айл өрх чацаргана тариалдаг болсон. Өнгөрсөн жил га-гаас 10 тонн ургац авсан айл ч бий. Сумын хэмжээнд 30 гаруй га газарт чацаргана тариалсан байгаагаас энэ жил ойролцоогоор 15 га орчмоос ургац авна. Чацаргана тариалсан хэмжээгээр манай сум аймагтаа нэгт орж байна. МХАҮТ-ийн Увс салбарын дарга “Танайд чацаргана их тариалсан гэсэн мэдээ ирээд байна. Өөрийн биеэр танилцахаар ирлээ” гээд одоогоос гурван жилийн өмнө ирээд ургац арвин байгаад баяр хүргээд явсан.
-Та чинь нэг ёсондоо сумандаа жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн тоог нэмэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн хүн байна шүү дээ. Одоо чацаргана тариалж байгаа айлууд танаас заавар зөвлөмж авч байна уу?
-“Бурхангүй газрын бумба галзуурна” гэгч болдог шүү дээ. (Инээв). Миний алдаа, оноо сургамж болдог юм. Талбайгаа өдий зэрэгт хүргэхийн тулд алдах, онох үе бишгүй л тохиолдсон. Энэ талбайг тариалаад удаагүй байтал нэг хүн ус оруулаад хөлдөөчихвөл сайн байдаг гэж хэлсэн. Тэр зөвлөгөөг нь дагаад 700 мод үхүүлсэн. (Инээв) Дахиж би ч тэгж хөлдөөхгүй, миний араас чацаргана тариалсан хүмүүс ч сургамж авсан даа. Бусад хүмүүсийг чацаргана тариулахаар яагаад зүтгээд байгаа вэ гэхээр хөдөө орон нутгийнхны орлогын эх үүсвэр нь ганцхан мал аж ахуй байдаг. Мал аж ахуйн гаралтай түүхий эд, мах, малын үнэ сайн байвал амьдрал нь гайгүй байдаг. Харин мал аж ахуйгаас гаралтай бүтээгдэхүүний үнэ унах үед эдийн засгийн чадавх нь доошилдог. Малын түүхий эдийн үнэтэй малчдын амьжиргааны түвшин шууд хамааралтай. Тиймээс орлогын хоёрдогч эх үүсвэрийг хөдөө орон нутагт бий болгох хэрэгтэй байна. Үр тарианы аж ахуй эрхлэх гэхээр манай суманд тохиромжтой газар байхгүй. Тиймээс багахан газраас ахиухан ашиг хүртэх боломжтой салбар нь жимс жимсгэний аж ахуй. Тэгж бодож л сумандаа энэ аж ахуйг бий болгосон. Амьжиргааны түвшин доогуур айл өрхөд үнэгүй болон зээлээр хүртэл суулгац өгсөн. Эхнээсээ энэ жил ургацаа авч эхэлж байна. Чацарганы салбар руу зориг гарган орсоных нь төлөө 50,100, 200, 700 суулгац үнэгүй өгсөн тохиолдол ч бий.
-Танай чацаргана тариалалтын ажлыг дагаад хэд хэдэн өрх айл ажлын байртай болжээ. Сумандаа жижиг дунд үйлдвэрлэл эрхлээд өөрсдийн амьдрал ахуйгаа сайжруулахаас гадна бусдад ажлын байр бий болгоод сайхан амьдрах боломж хэр байна?
-Одоогоор дөрвөн айл өрх цалинжаад ажиллаж байна. Манайх чацарганаа хүйтрэхээр хураадаг. Намар хүмүүс самартай хөөцөлдөөд нэг нэг муна үүрч аваад уул руу алга болоод өгнө. Надад олдохгүй шүү дээ. (Инээв) Ургацаа хураах үеэр 20-30 хүн долоо хоногийн турш хураадаг. Нэг эгнээг хураахад 50 мянган төгрөгөөр үнэлдэг. Тиймээс нэг хүн овоо хэдэн төгрөгтэй болохоос гадна өвлийнхөө хүнсэнд хэрэглэх чацарганатайгаа болчихно оо.
-Чацаргана сайхан ургачихлаа. Хаана нийлүүлж байна вэ?
-Улаанбаатар хотод нийлүүлдэг. “Тэсо” компанид 7-8 тонн нийлүүлдэг. Үйлдвэрүүд хүчин чадлаа бүрэн ашиглахгүй зах зээлээ бүрэн олж чадахгүй байгаа юм шиг санагдаад байгаа юм. Үүнээс болоод авах хэмжээ нь бага байгаа. Ирээдүй уг нь гэрэлтэй харагдаж байгаа. Жаахан цаг хугацааны асуудал байна. Увс хүнс компани Европын холбооны газарзүйн заалтыг авчихсан. Хамгийн чанартай чацарганы бүтээгдэхүүн Увс хүнсийнх гэсэн үг. Харин одоо Увсын чацаргана Европын холбооноос газар зүйн заалт авахаар хөөцөлдөж байгаа. Энэ заалт бүтчихвэл, нэгдүгээрт, хамгийн үнэтэй чацаргана Увсад байх ёстой. Манай нутгийн чацарганыг олон улс орон сонирхож байгаа учраас залуус жимс, жимсгэнийн аж ахуй руу зориглоод ороод ирвэл ирээдүй байна л даа.
-Увс нутгийн хөрсөнд тариалсан чацарганы онцлог шинжүүд нь юу байдаг вэ. Тэр дундаа танай нутгийн чацарганы онцлог чанар нь юу вэ?
-Манай нутгийн хөрснөөс авхуулаад онцлог их. Манай нутаг их нууруудын хотгорт байрлалтай учраас йодоор баялаг шар шаварлаг хөрстэй. Чацаргана тариалсан талбай маань далайн түвшнээс дээш 1620 метр өндөрлөг газар тариалсан. Өндөр газар тариалсан жимс чанартай гэдгийг 1957 онд Оросын эрдэмтэн судлаад тогтоосон. Далайн түвшнээс дээш 360 метрт нэг сортын алим тариад, яг тэр сортын алимаа далайн түвшнээс дээш 1029 метрт тариалаад ургацыг нь хурааж аваад харьцуулсан шинжилгээ хийхэд, өндөрт ургасан жимс нь сайхан өнгөтэй, амттай, үнэртэй байсан. Ашигт бодисын агууламж нь алимны хувьд сахарын агууламжаар нь илэрдэг байна. Ингээд 360 метрт тариалсан алимнаас 1029 метрт тариалсан алимны сахарын агууламж гурав дахин илүү байсан энэ судалгаагаар өндөрт ургасан жимс илүү чанартай гэдгийг баталсан юм. Тийм болоод ч тэр үү аймгаас ирсэн хүмүүс манай чацарганы амт, өнгө, үнэрийг магтдаг. Би “Минийх долоохон, чинийх долоо” гэгчээр юм болох нь ээ гэж цаашлуулдаг. (Инээв) Өндөрт ургасан жимс чанартай байгаагийн гол шалтгаан нь нарны гэрэл. Нарны гэрэлд хүн болон амьтан ургамалд ашигтай туяа ирдэг. Тэр туяаг шингээж авах боломж нь өндөрт ургасан ургамалд илүү байгаа юм. Монголд ургасан жимсийг дэлхийд чанартай гэдэг. Энэ нь газарзүйн байрлалтай холбоотой.
-Танайхыг нутгийнхаа брэнд цай үйлдвэрлэдэг гэж сонссон. Хүмүүс ам сайтай байх юм билээ?
-Чацарганы талбайг дагаад олон баялаг бий болдог л доо. Чацарганы навч, жимс боловсруулсан хальс, үр, тос нь гардаг. Мөн үхрийн нүдний навч, таван салаа, багваахай гээд цайнд орж байгаа ургамлуудаас таван төрөл нь энэ талбайгаас гардаг. Бусад нь манай Ханхөхий нутгийнхны цайндаа хэрэглэж заншсан зэрлэг ургамлуудаас бүрддэг. Тэр дундаа Хөвөн оройт нарийн навчист буюу Оросуудын нэрлэж заншсанаар “Иван чай” гэх ургамал бий. Дээр нь нохойн хошуу, аньс, боролзгоны цэцэг гэх мэт 10 гаруй төрлийн ургамал ордог. Гэхдээ ингэж хийхдээ хамаагүй холиод л хийчихдэггүй. Хоорондын тохироог нь тааруулж хийдэг. Өнгөрсөн жилээс үйлдвэрлэж эхэлсэн цайг маань одоо нутгийнхан маань төдийгүй ойролцоох сум орон нутгийнхан, хотод амьдарч байгаа иргэд мэддэг болж ам сайтай байгаа. Энэ жилийн сумын шилдэг бүтээгдэхүүн шалгаруулах үзэсгэлэн худалдаанаас шилдэг бүтээгдэхүүн шагнал цомыг нь хүртсэн. Бид цайны багцаараа бэлгийн багц бүрдүүлсэн нь борлуулалт сайтай байгаа. Манай цайны гол онцлог нь цайндаа орж байгаа цэцэг навч, ургамал бүрийг нэг бүрчлэн гараар түүж хатаадаг учраас асар их хөдөлмөр шаарддаг. Сэтгэл хичээл зүтгэл шингэсэн болохоор үнэ цэн нь түүнд оршдог байх.
-Энэ салбар луу орохоор бодож, төлөвлөж байгаа залууст хэр их боломж байна. Тухайлбал, чацаргана тариалах үржил шимтэй талбай хэр их байна?
-Залуус энэ салбарт ороод ирэхэд чацарганы талбай нь үл хөдлөх хөрөнгө болчихно. Одоогоор манай суманд энэ чиглэлийн газар олголт зогсчихсон байгаа. Газар олголт хиймээр байна. 2012-2016 онд 70 орчим га газар олгосон. Газраа аваад шууд тариалаад эхлэх нэг нь байхад, газраа аваад дараагийн хөрөнгө санхүү дээр гацсан хүмүүс ч бий. Одоо харьцангуй боломж нээлттэй болсон. Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас чацарганы суулгацыг 5-6 жилийн хугацаатай зээлээр олгодог болсон. Эхний гурван жил төлөлт хийхгүй. Харин ингээд дөрөв дэх жилдээ буюу ургацаа авч эхэлсэн үеэс эргэн төлөлт хийж эхэлнэ. Энэ нь залууст маш том боломж олгож байгаа. Үүнд сум орон нутаг бодлогоор дэмжих хэрэгтэй болоод байна.
-Чацаргана тариалдаг хүний хамгийн аз жаргалтай мөч хэзээ вэ?
-Чацаргана халуун хүйтэнд тэсвэртэй хамгийн баатарлаг жимс. Тийм болохоор чацаргана тариалж байгаа хүн нь ч бас сайн мууд тэсвэр хатуужилтай болж, тариалж байгаа жимснээсээ суралцдаг. Тариаланч хүний хамгийн аз жаргалтай мөч одоо л тохиож байна даа. Чацаргана навчаа гөвөх үед талбай тэр чигтээ улаан болдог. Жинхэнэ кайфыг тэндээс л авдаг даа. Талбай дотроо нуруугаа үүрээд алхаж явахад сайхан санагддаг. Ямар ч байсан сумандаа жимс жимсгэнийн аж ахуйг анх бий болгоод үр хүүхэд, ач зээдээ өвлүүлж үлдээж байна гээд бодоход хааяа бас жаахан өөрөөрөө бахархана даа. (Инээв) Гэхдээ амжилт гэдэг хэзээ ч нэг хүнийх байдаггүй. Надтай хамт миний гэр бүл, үр хүүхэд, найз нөхөд, нутгийн зон олон, уул ус түшиж тулсны хүчинд өдий зэрэгт хүрсэн дээ.