“Амгалан” амаржих газрын эмч нарын хариуцлагагүйгээс болж хохирсон иргэн хэвлэлийн бага хурал хийв. Тэрбээр “Амгалан” амаржих газар хагалгаанд орсныхоо дараа энэ оны долдугаар сарын 9-нд тодорхой оношгүйгээр түгжирсэн байна гэх шалтгаанаар II эмнэлэгт хүргэгджээ.
Иргэн З.Жавцанпагма “Би 26 настай. Одоогоос яг жилийн өмнө 2018 оны зургадугаар сарын 26-нд анх гурван сартай жирэмсэн харьяа дүүргийнхээ Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороонд жирэмсний хяналтад хамрагдан шаардлагатай бүх шинжилгээнүүдээ өгч байхад эход үзүүлээд өндгөвчний уйланхайтай гэсэн оношийн дагуу “Амгалан” амаржих төвд үзүүлсэн. Анх н.Удвал эмч үзээд өндгөвчний маш том уйланхайтай учир яаралтай хагалгаанд орох хэрэгтэй гэсэн. Ийнхүү 2018 оны долдугаар сарын 4-нд эмч нарын зөвлөгөөнд орсон. Тэр үед намайг астамтай, уушгиа эмчлүүлэх хэрэгтэй гэсэн. Дахин шилжилгээ өгч, хагалгаанд орох боломжтой гэж дүгнээд 2018 оны долдугаар сарын 19-нд орсон. Жирэмсэн үед уйланхайтай байж болохгүй учраас зайлшгүй дурангийн хагалгаа хийнэ гэсэн ч дуран эвдэрсэн болохоор хэвлийн хагалгааг шууд нээлттэй хийсэн. Намайг бүтэн унтуулсан. Хагалгааны дараа 4-5 цагийн дараа сэрэхэд бие маш их өвдөлттэй, дээшээ бөөлжиж, түгжрэлийн анхан шатны шинж тэмдэг илэрсэн. Үүнээс хойш 22 хоногийн турш түгжирч, ямар нэгэн оношгүй, эмч нар оношилж чадахгүй байсан. Өвдөх болгондоо өвчин намдаах эм хийсэн. Энд үед би зургаан сартай жирэмсэн байсан. Гэтэл ургаа төрүүлэх боломжгүй болж, н.Ганболд эмч надад эм тавьж өөрөөр минь төрүүлсэн. Ургаа гаргасны дараа ч бие сайжрахгүй, бүр өвчин намдаах эмэнд ч дарагдахгүй болчихсон. Тэгээд 2018 оны долдугаар сарын 8-нд намайг н.Даваацэцэг, н.Ганболд эмч нар улсын II эмнэлгийн үүдэнд авчирч хаясан. II эмнэлэгт би ямар ч өвчний оношгүй, түгжирсэн гэх шалтгаанаар хагалгаанд орсон. Миний бөөрийг уйланхай гэж андуурч хагалгаа хийсэн. Тэгэхдээ дотор нь маарл үлдээсэн байсан. Үүнээс болж дотор эрхтнүүд наалдаж, идээлсэн. Ингээд нэг бөөр маань ямар ч ажиллагаагүй болж, хагалгаагаар авах шаардлагатай болсон. II эмнэлэгт хэвтсэнээс 10 хоногийн дараа миний бие сайжирсан. Тус эмнэлгийн эмч нар “Хэрэв цаг алдсан бол амиа ч алдах эрсдэлтэй байсан” гэж хэлсэн. Харин “Амгалан” амаржих төвийн эмч нар надтай холбоо бариагүй, уучлал гуйсан ч удаагүй. Дарга нарт нь тоот бичиг явуулсан ч хариу өгөөгүй. Хэрвээ намайг зөв оношилсон бол өнөөдөр би есөн сартай охинтой, эрүүл саруул байх байсан” гэсэн юм.
Хуурай ах Т.Хонгор “Энэхүү хэвлэлийн бага хурлыг аргагүйн эрхэнд хийж байна. Дүүгийн минь амьдрал оронгоороо эргэсэн. Амгалан амаржих газрын эмч нар дүүд маань 15 сая төгрөг санал болгосон ч аваагүй. Бид дүүгийнхээ эрүүл мэндийг ахин олж авахыг хүсч, донор нэхэмжилж байна. Шүүх хурал энэ сарын 21-нд болно. Хэдийгээр шүүх хурал болоогүй ч гэсэн хуулиараа хөөн хэлэлцэх хугацаа дууссан учир санаа зовж байна” гэв.
Анх Амгалан амаржих төвд үзүүлэхэд бие маань эрүүл, ураг маань зүгээр байсан. Одоогоор нийт дөрвөн удаа хагалгаанд ороод байна. Шүүх хурал хараахан болоогүй байгаа бөгөөд энэхүү хэргийн тухай Эрүүл мэндийн яам болон “Амгалан” амаржих төвд албан тоот хүргүүлнэ гэсэн юм.