Хот төлөвлөгч, архитектор, “Нью Урбанизм” компанийн захирал З.Туяатай ярилцлаа.
-Хот байгуулалтын тухай шинэчилсэн найруулгын төслийг танилцуулж байна. Та энэ хуулиар хамгийн түрүүнд ямар асуудлыг шийдээсэй гэж хүсч байгаа вэ?
-Цоо шинэ хууль биш тодотгол, нэмэлт маягтай болчихоор хүссэн хэмжээндээ өөрчлөлт оруулж чадаагүй. Уг нь би ажлын хэсэгт нь байсан, судалгаанд нь ч орж явсан. Юу хүссэн гэхээр хот гэдэг маш жижиг газарт өндөр нягтралтай байна. Бид захиргааны нэгж талаас нь одоо хүртэл харж чадаагүй. Төсөвт хамгийн их мөнгө төвлөрүүлдэг. Гэтэл эрх зүйн орчин байхгүй, засаглаж байгаа засагт нь ч эрх байхгүй. Манай бүх мөнгөн урсгал засаг захиргааны нэгжээрээ дамждаг. Хотын хилийн цэс ч байхгүй. Түүнийг оруулах гэж зорьсон ч чадсангүй. Манайх Хүн амын нутагшилт, суурьшилтын төлөвлөгөө ярьдаг. Монгол Улсын бүх нөөц газар доорх, дээрх баялаг, үнэт зүйлс, хүн, хүчин зүйл бүх баялгийн нөөцийг яаж хуваарилах асуудлыг шийдэж чадаагүй. Бид маш эмзэг газар нутгийн эко системтэй хүмүүс. Гурван сая хүн ямар хэмжээтэй газар нутаг хэрэглэх вэ? Хадгалж авч үлдэх үнэ цэнтэй газруудаа томьёолчихъё. Газар нутгийн зохион байгуулалтаа хийчхээд, үлдсэн газар нутагтаа эдийн засгаа хөгжүүлэх асуудлаа ярьцгаая гэсэн юм.
-Хадгалж авч үлдэнэ гэхээр яана гэсэн үг вэ?
-Газраа ашиглана, ашиглахгүй гээд хоёр хуваая гэсэн үг. Газар нутгийг экосистем талаас нь харъя. Монгол цэвдэгтэй газраа хадгалж авах ёстой. Ногоон бүсээ хадгалж үлдэх учиртай. Үнэ цэнтэй газраа авч үлдэх ёстой. Үлдсэн газартаа төлөвлөгөө хийгээд тэндээ баялаг бүтээх, дэд бүтэц татах, нутагшуулах, суурьшуулах, хөдөө аж ахуйн газраа бүгдийг уяж авах боломж бидэнд бий.
Хөгжлийн бодлогодоо дандаа эдийн засаг яриад байдаг, системийн талаа ярьдаггүй. Эко системээ давхар хамгаалах нь бидний үүрэг болоод байна. Улс орнууд эко системээ хамгаалж байна. Нутгийнхаа газруудыг яаж зохион байгуулахаа ярьчхаад, алийг нь ашиглах вэ гэдэг тодорхой болсны дараа бүх бодлого нь явна. Үүнийг хийх гэсэн ч чадаагүй. Энэ бичиг баримт маш олон салбарын оролцоотой учраас аль нь авч явах вэ гэдэг асуудал гарч байгаа юм байна гэж бодогдсон. Нутаг дэвсгэрийн хөгжлийн асуудал, эдийн засаг хөрөнгө оруулалтын асуудал нь тусдаа.
Бид уялдаа холбоогоо хангахгүй, баталсан хуулиудаа хэрэгжүүлэхгүй байна. Эдийн засгийн бодлогоо хүн амын нутагшилт, салбарын бодлого тус тусдаа яваад байгаа учраас үнэ цэнтэй бүхэн маань үнэ цэнээ алдах гээд байна. Зөвхөн соёлын өв яриагүй. Эко системийн асуудал бай. Бид энд хэр удаан тогтвортой амьдрах вэ. Манай газрын хөрс бусдаас маш их эмзэг юм билээ. Хот гэдэг өөрийн хил хязгаартай засаг захиргаатай байна гэдэгтэй хамааруулаад, дахиад өөр асуудал гарч ирж байгаа. Өнөөдөр бид захирагчаа, Засаг даргаасаа салгаж чадаагүй байгаадаа л асуудал болоод байна. Өөрөөр хэлбэл, хотжилтыг хаана дэмжих гээд байгаа юм, хөдөө аж ахуйг хаана дэмжих гээд байгаа юм. Хоёр тусдаа явах байтал будилаан болоод байна. Хот гэдэг маш олон хүмүүсийн ашиг сонирхол, зөрчил, эрх бүгдийг нь зохицуулах гээд байгаа орчин.
-Нийслэл болон хотыг манайхан нэг л гэж ойлгодог?
-Хоршоо үг шиг ойлгодог. Дархан хот гэдэг мөртлөө сум гэж явдаг. Хөдөө аж ахуйн бүсэд байгаа зохицуулалт, хотын газар нутагт бөөнөөрөө шавсан нөхцөл дэх зохицуулалт өөр. Өөр орчин, тусдаа зохицуулалттай. Түүнийг нэг аргаар хийх гээд байгаад л хамаг асуудал үүсч байна. Газар нутгийг хамгийн сайн ашиглаж байж, эдийн засаг тогтвортой байна. Уг нь хот гэдэг хамтаараа амьдарч байгаа, хамтдаа бие биенээ хянаж явах орчин. Бусад хүн буруу юм хийвэл надад нөлөөлж байгаа учраас би ч бас шаардлага тавих эрхтэй байх учиртай. Өнөөдөр тийм биш. Хуультай хэрнээ архитекторын гарын үсгээр бүх юм шийдэгдэж байна. Сонгуульгүйгээр сонгогдчихсон нэг хүн байна.
-Хотын ерөнхий архитекторыг сонгодог жишиг байдаг уу?
-Бусад оронд нэг хүнд тэгж эрх өгдөггүй. Нийтийн эрх ашиг хөндөгдөж байгаа асуудлыг яагаад нэг хүн шийдэх ёстой гэж. Манай амьдарч байгаа газар үйлдвэр барих гэж байгаа бол бусад нь хянах ёстой. Хөгжсөн оронд хоёр талыг зэрэг сонсч байгаад шийддэг процесс бий.Би үйлдвэр баримаар байна гэж байгаа хүний эсрэг эрх ашиг нь хөндөгдөж байгаа хүмүүсийг бас хэлэлцүүлэгт оруулдаг. Би ийм ажлын байр бий болгоод, ингэж хөгжүүлэх гээд байна гэхээр нь “Үгүй ээ, чи энд үйлдвэр баривал надад ийм ийм асуудал үүсгэх гээд байна. Миний үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ доройтно” гэдэг. Комисс нь шийдвэр гаргах гээд байгаа хүмүүст зөвлөмж бэлтгэж өгдөг. Хот төлөвлөлтийн алба яг энэ асуудлыг хууль дүрмийн дагуу яаж шийдэх ёстойг комисст зөвлөдөг. Иргэдийн хуралд зөвлөдөг. Хэрвээ бид үнэхээр ардчилсан улс юм бол шийдвэр гаргахдаа ч ардчилсан байх ёстой.
-Хотод үйлдвэрлэл явуулж байгаа хэсгийг иргэд оршин сууж байгаа хэсгээс салгах ёстой биз дээ?
-Угаасаа тусдаа байх ёстой. Онол нь ч тийм. Улаанбаатар хот ч тийм байсан. Өнөөдөр харин түүнийг зохицуулж чадахгүй байна. Уг нь гэр хороолол дотор үйлдвэр байж болохгүй. Түүнийг хянахгүй байгаа юм. Хууль гаргаад түүнийгээ мөрдүүлэхгүй байна. Мөрдүүлэхийн тулд хянах тогтолцоо байх шаардлагатай. Хамтдаа хянахгүй бол бүтэхгүй. Олон нийтийн сонсгол, мэдээлэх самбар гээд маш дэвшилттэй юмнууд гарч ирж байгаа. Түүнийгээ зөв хэрэгжүүлбэл болно.
-Таны хувьд Улаанбаатар хэр зөв төлөвлөгдсөн гэж боддог вэ?
-Мөнгө хязгаартай. Хот өөрийнхөө асуудлаа шийдэх хөрөнгөө босгож чадахгүй байгаа. Мөнгө нь дээрээс орж ирдэг. Түүнийгээ шаардлагатай үед гал унтраах маягаар л ашиглаж байгаа харагддаг. Чадлынхаа хэрээр хийгээд байна. Өнөөдөр нормын дагуу зам тавьж байна уу гэвэл үгүй. Боломжийн хэрээр тавьж байгаа. Уг нь гэр хороолол руу дэд бүтэц тавих асуудлыг гурав, дөрвөн жилийн өмнөөс АХБ-наас дэд төвүүдийг хөгжүүлэх зээл авч, гучаад жилийн хооронд дэд бүтэц тэлж чадаагүй хэсэгт тэлж байна. Яаж бусдыгаа хохироохгүйгээр бүх хүн эндээс ашиг хүртэх юм бэ гэдэг асуудал тулгарч байна. Үнэндээ гэр хороолол руу эхлээд явах байсан уу. Хөдөлгөөний зохицуулалтыг эхлээд хийх байсан уу? Түгжрээд байна гээд ярьдаг болохоос биш яг юунаас болоод байгааг ярихгүй байна. Өмнө нь сургууль, цэцэрлэг адил цагт тарж байна, нэг цагт нэг дор хүмүүс төвлөрч байна гэдэг байсан. Яагаад нэг дор, нэг цагт төвлөрөөд байна гэдэг асуудал. Өнөөдөр автобусны буудлаас хүн нэг км алхаж байна. Өрхийн гишүүдийн хөдөлгөөн маш ихэссэн. Хүүхдээ хөгжүүлэхгүй бол болохгүй. Сургууль, дугуйланд хүргэж өгнө. Хамран сургах тойргийнхоо сургуульд сурахгүй. Өөр сайн сургууль эрж хайж сонгодог. Хуучин шиг ээж нь хүүхдүүдээ хөтлөөд нэг км газар алхахгүй. Энэ олон хүмүүсийг сургууль, цэцэрлэг, ажилд нь тарааж хүргэхийн тулд аав нь машин авахаас өөр аргагүй болоод байна. Тэр хөдөлгөөнийг зохицуулах ёстой юм нь нийтийн тээвэр. Нийтийн тээвэр айлын хаяанд очихгүй байна гэсэн үг. Нийтийн тээврийг хаяанд нь хүргэхийн тулд замын сүлжээ, нэвтрэх хөдөлгөөнийг сайжруулах ёстой.
Хүмүүс яагаад ийм шийдвэр гаргаад байгаа юм бэ, шийдвэрийнх нь онцлогийг судлахгүйгээр асуудлыг механик аргаар шийдэх гээд үзээд байна.
-Төв замд тулгаад том том барилгууд босоод байгаа. Хэзээ нэг өдөр энэ замыг өргөсгөх хэрэг гарна, метро барихаар бол энэ олон барилгуудыг яах юм. Яагаад замд тулгаж барилга барих зөвшөөрөл өгдөг юм бол?
-Газар ашиглалт гэдэг байшингийн суурь тавих улаан шугамаас эхэлдэг. Та эдэлбэр газартаа байшин барихын тулд барилгын улаан шугам чинь энд байна. Үүнийхээ дагуу байшингаа барина. Газрынхаа хэдэн хувьд нь та байшин барих вэ, өндөр нь ямар байх ёстойг хайрцаглачихсан юм шиг мөртлөө хэрэгжүүлж чадахгүй байна. Дүрмийг хэрэгжүүлэх мөрдүүлэх, хүмүүст ойлгуулах мэдээлэх үйл явц байхгүй. Дундын тоглоомын дүрэм байх ёстой. Замын хөдөлгөөний дүрмийг бүх жолооч нар мөрдөөд явдаг. Тийм дүрэм газар ашиглалтад хэрэгтэй.
Бүх нийтэд ойлгомжтой дүрэмтэй бол энэ жолооч дүрмээ зөрчиж байна гэж хүмүүс хэлнэ шүү дээ.
-Хотын дүрэмтэй байх ёстой гэсэн үг үү?
-Маш олон дүрэмтэй байдаг. Э.Бат-Үүл дарга хэдэн жилийн өмнө “Хотын дүрэмтэй болно” гээд ярьж байсан даа. Ямар нэг процедурыг хэн нэгэн таньдаг хүнээсээ лавлах биш хотын сайт руу ороод үздэг дүрэмтэй байх учиртай. Би ажил хайлаа гэхэд “Би хэн дээр очих вэ” гэж хэн нэгнээс асуумааргүй байна шүү дээ. Систем байхгүй. Дүрэм системжүүлж өгдөг.
-Түүх соёлын дурсгалт газруудыг харагдахгүй болтол нь шахаад, өндөр байшин барьчхаж болж байгаа юм болов уу?
-Үнэ цэнийг мэдрүүлэхгүй, хуулиар хамгаалсан заалтуудыг мөрдүүлэхгүй байна. Дээр байгаа хүмүүс өөрсдөө мөрдөхгүй байгаа хуулийг яаж иргэн мөрдөх вэ. Манлайлагчид, улстөрчид үлгэр үзүүлээч. Ногоон гэрлээр зам гарах ёстой. Гэтэл нэг хүн ногоон гэрэл хүлээж тэсэлгүй, гүйгээд гарчихвал араас нь хоёр хүн дагана. Массаараа хөдөлнө. Энэ бол шийдвэр гаргалтын хамгийн энгийн жишээ.
-Дагуул хотуудын тухай ярьж байна, хот дагуултай байх ёстой юу?
-Бий болох ёстой. Өнөөдөр Улаанбаатар хот хахаад, гэр хорооллоор дүүрчихсэн. Монголчууд уулын орой хардаг, өөрийн гэсэн хэв шинжээ алдаж эхэлж байна. Ерөнхий төлөвлөгөөн дээр хоёр юм бий. Хотынхоо төвийг задлаад дэд төвүүдтэй болъё гэдэг нэг санаа. Нөгөө нь дагуул, хаяа хот бас тусгагдсан байгаа. Хөрөнгө оруулалтаа хаанаас эхлэх вэ гэдэг эрэмбээ гаргаагүй, шууд дэд төв рүүгээ мөнгөө хийж эхэлсэн. Хөрөнгө оруулалтыг дагаад заавал төвлөрөл явна. Ажлын байрууд бий болно. Одоо дагуул, хаяа хотын асуудлыг ярьж байгаа. Цаг, хугацаа хөрөнгийн хувьд хязгаартай учраас аливаа хөрөнгө оруулалт эрэмбэтэй байх ёстой. Эхнийх нь Сүхбаатарын талбай тойрсон ганц төв биш гэр хороолол руу дахин төвүүд байгуулъя гэсэн эрэмбэлэл гарчихжээ. Тойрч суугаад ярилцаж байгаад, эрэмбэлсэн бол эхний ээлжинд юу гарах байсан бол гэдэг бас сонин.
-Улаанбаатарт төлөвлөлт хийх боломж байгаа юу?
-Ямар ч төлөвлөлт хийж болно. Түүнийгээ хэрэгжүүлэх процесс нь байхгүй байна. Хэрэгжүүлэхийн тулд дундын дүрэм байх хэрэгтэй болно.
-Дундын дүрмийг хэн гаргах ёстой вэ?
-Ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан анхны санаа нь Газар ашиглалтын үүргийн бүсчлэлийн дүрэмтэй байна гэсэн. Тухайн газрыг ашиглаж байгаа хүн үүрэг хүлээгээд дүрэм мөрдөх юм. Би замаас хэдэн метрт барилгаа барих ёстой вэ. Есөн давхар байх ёстой газар 25 давхар байшин барьж байна. Барилга хоорондын зай, шугам сүлжээний асуудал бий. Яагаад бусад улсад хайрцаглаад гудамж гарсан байдаг юм бэ. Манайд яагаад болж өгдөггүй юм бэ гэдэг хоёрын хооронд ялгаа бий. Түүнийг мөрдүүлэхийн төлөө бүхэл бүтэн аппарат сууж байна. Тэгээд өргөдөл болгон дээр, байшин болгон дээр ажиллаж байна. Ийм шаардлага байхгүй. Дүрмийнхээ дагуу орж ирсэн бол 30 минутын дотор зөвшөөрөл аваад яваг л дээ. Бүх нийтэд мөрдөгдөж эхэлсний дараа хүн дүрмийн дагуу ажиллах хэрэгтэй болно.