“Шинжлэх ухааны ажилтны анхдугаар их хурал”ын үеэр Төр “Хандлагаа өөрчилье” гэсэн бол зарим эрдэмтэд хандлагаа өөрчилж чадах эсэхэд нь эргэлзэж, шүүмжлэлтэй хандаж байсан юм. “Чихэн дээр сарнай ургуулаад мартчих вий” гэж болгоомжилсон үг ч их хурлын танхимд сонсогдсон. Эдгээр эрдэмтдийн төлөөлөл болсон, Эгэл бөөм, цөмийн физикийн салбарын эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор Б.Хүрэлбаатартай хурлын үеэр товч ярилцсанаа хүргэж байна.
-Та өөрийгөө танилцуулна уу? Төр шинжлэх ухаанд хандах хандлагаа өөрчлөхийн тулд юу хийх хэрэгтэй гэж та үзэж байна вэ?
-Би баруун Европт олон жил ажилласан. Хөгжсөн улсууд экспертийн системээр ажилладаг. Эксперт юу хийхийг заадаг. Дарга нар бол менежерүүд. Экспертүүдийн үгийг биелүүлдэг системтэй. Ах нь 2016 оноос Монголд ажиллаж байна. Эрүүл мэндийн шалтгаанаар гэрээгээ цуцлаад, Монголдоо ирсэн. Би БНХАУ-ын нийслэл Бээжин хот дахь Их Энергийн институт дээр төвлөрдөг олон Улсын БЭСIII мега төсөл дээр Монголын талыг хариуцсан эрдэмтэн хүн байгаа юм. 2017 онд Төрөөс шинжлэх ухаан технологийн салбарт барих бодлого гаргасан. Түүнд гадаад харилцааг хөхиүлэн дэмжих хэрэгтэй гэсэн заалт орсон юм. Гэтэл яг амьдрал дээр тэр заалт хэрэгждэггүй. Бүх юмаар хязгаарласан байдаг. Шинжлэх ухааныг хөгжүүлэх Монгол арга гэж байхгүй. Дэлхийд яаж хөгжсөн бид түүнийг л дагана. Би олон улсын байгууллагуудад ажилласан, эксперт хийсэн. Шинжлэх ухааны салбар хэцүү л дээ. Дэд эрдэмтэн хамгаалах, доктор болох, их сургуульд ажиллах, олон улсын институтэд ажиллах гэдэг огт өөр.
Би цөмийн физикч хүн. Цөмийн ба эгэл бөөмийн физикч гэдэг нь дэлхийн мэдлэгийг урагшлуулдаг, анхдагч технологиудыг тэнд л бий болгодог. Дэлхийн хөгжилд хувь нэмрээ оруулдаг хамгийн ноён оргилд нь байдаг, нарийн менежменттэй газарт ажиллаж байсан. 2016 онд Монголд орж ирэхэд уур хүрэхээс өөр юм байгаагүй. Бүх юм нь худлаа, хоорондоо зохицохгүй. Нэг л сайхан чихэн дээр сарнай ургуулж, сайхан ярьсан улсууд. Хийж байгаа юм юу ч байхгүй. С.Баяр сайдын үеэс авхуулаад гадаадад ажиллаж байгаа хүмүүсээ авчиръя, нөхцөлийг нь хангая гээд ярьсан. Манай салбарт над шиг хүн баруунд эксперт хийж байсан гэдэг монгол хүний оюун ухаан дэлхийн ямар ч салбарт өндөр түвшинд хүрч чадахыг харуулж байгаа. Цөмийн ба эгэл бөөмийн эрдэмтэд улс төртэй ойрхон байдаг. Яагаад гэвэл хоёр систем улс хоорондын хүчний харьцааг өөрчилдөг улсууд байхгүй юу. Орос, Хятад, Америк гээд нэг туйлт бодлого байсан. Сүүлд хоёр туйлт бодлого боллоо. Хүчний харьцаа, зэвсэг техник бүх юм шинжлэх ухаанд суурилдаг. Шинжлэх ухаан дундаа цөмийн ба эгэл бөөмийн физикт суурилдаг. Түүний ололт амжилтыг ашиглаж байж улс хүчтэй болдог.
Мөнгө бол хоёр дахь асуудал. Ямар судалгаа хийх вэ, судалгаагаа яаж ашиглах вэ гэдэг нэг номерын асуудал. Тэр нарийн технологи дээр ажилласан, суурь судалгаа технологи менежмент дээр ажиллаж байгаад ирсэн эрдэмтэнг Монгол ашиглаж чадахгүй байна. Улс төр бужигнаж, төр засагтай ярилцах хэцүү байна. Хандлагаа өөрчилье гэвэл хөгжсөн газрын туршлагыг авах хэрэгтэй. Германд зочин судлаачаар арван жил ажилласан. Хамгийн эхэнд хэлсэн үг нь “Бид таныг урьж ажиллуулж байна. Танаар хийлгэх юмыг бид чадахгүй учраас таныг урьж авчирсан. Танд бид гэрээний дагуу хийх ёстой зүйлийг хэлсэн. Яаж хийхийг та шийд. Юу шаардлагатай гэдгээ бидэнд хэл. Бүх нөхцөлийг чинь хангаж өгнө” гэсэн. Өрөөнд явахад утсанд тээглэж байгаа юм. Маргааш ороод ирэхэд утас тээглэхээргүй болгочихсон байлаа. Экспертийн системд орчихвол дарга нарт үүнийг хий гэх эрхтэй хүмүүс нь экспертүүд. Гэтэл одоо Монголд хандлагаа л өөрчлөхгүй юм бол дарга болохоороо л бүх юмыг мэддэг болчихдог. Яагаад мэддэг гэдгийг би ойлгосон л доо. Мөнгийг нь барьчихдаг. Тэгээд л боллоо. Том дарга нарын лоббигоор, эсвэл хандив өгсөн хүмүүс дарга болж байна. Гарч ирээд, местээ ашиглаж улсын мөнгийг угаах гэсэн хандлагатай хүмүүс олон байна. Хандлагаа өөрчилье гэдэг уриа нь таалагдаж байна. Хэрэгжих үү, үгүй юу гэдгийг мэдэхгүй байна.
-Дарга нар үнэхээр хандлагаа өөрчлөх эсэх нь одоохондоо тодорхойгүй ч хүнд таалагдах гоё лоозонг бол хэлээд байгаа юм?
-Чихэн дээр сарнай ургуулаад мартдаг шүү гэж би сая хурал дээр хэлсэн. Ингэж хэлэх үндэслэл бий. Ах нь мастер төлөвлөгөөний үндсэн багт ажиллаж байсан. Шинжлэх ухааны удирдлагын хууль байна. Ямарваа улс ДНБ-ийхээ 0,4 хувь хүртэл хөрөнгө оруулалт хийж байвал тухайн салбарт ажиллаж байгаа хүмүүсийн цалин, пүнлүү гэх мэт нийгмийн хэрэгцээг хангадаг. Шинжлэх ухааны салбараасаа ихийг хүлээх юм байхгүй. Энэ санхүүжилт 0,8 хувьд хүрч эхэлбэл тухайн салбар мэдлэг үйлдвэрлэж эхэлдэг. Мэдлэг гэдэг бол хүч, мөнгө, хөгжил. Энэ хувь 1,2-т хүрвэл бодит мэдлэг улсын хөгжилд түлхэц болдог. Социализмын үед энэ салбарт ДНБ-ний 1-1,2 хувийг зарцуулдаг байсан. Тэр үед шинжлэх ухааны салбарт ажилладаг улсуудын царай зүс ч өөр байсан. Залуусын нүд нь гялалзсан, өнгөлөг байсан. Одоо шинжлэх ухааны салбарт ажиллагсад хоосон өрөөнд, нүд нь гархилчихсан, өлсчихсөн, өөрийгөө хөгжүүлэх боломжгүй, машинаараа халтуур хийж мөнгө олдог залуус ч байна. Ийм улсуудаас яаж “Мэдлэгээ дээшлүүл, юм хий” гэж шаардах юм. Сая Ерөнхий сайд, Ерөнхийлөгч ч хэллээ. Ядахдаа шинжлэх ухааны хөрөнгө оруулалтыг ДНБ-ний нэг хувьд хүргэе гэж. Энэ сайхан хандлага. Ийм түвшинд хүрвэл үнэхээр өөрчлөлт харагдана.
Социализмын үед манай улс 1960 оноос хөгжиж эхэлсэн. Тэр хөгжилд хүрэхийн тулд материал, техник нөхцөлийг нь бүрдүүлсэн. Удирдлагын зөв хэлбэр байлаа. Энэ бол нэг жишээ. Хойд хөршөөсөө жишээ авья. В.Путин анх Ерөнхийлөгч болоод Санкт-Петербургт эрдэмтдийнхээ яг ийм хуралд оролцож гарч ирээд “Агуу их Орос орон гэж яривал шинжлэх ухаанаа дэмжих ёстой юм байна, эрдэмтдийнхээ үгэнд орох ёстой юм байна” гэж хэлж байсан. Тухайн үед социалист систем задарсны дараа Америк ганц туйлт бодлого явуулж байсан. Хаа газар ардчиллыг дэмжихгүй бол цэргээ илгээж, дайн болж байсан. Одоо Путины Засгийн газрын хандлага нь өөрчлөгдөхөд яаж шинжлэх ухаан улс ардын аж ахуйд нөлөөлж байгаагийн нэг том жишээ боллоо.
Одоо дэлхийн гуравдугаар дайн болох уу, үгүй юу гэж яригдаж, цэрэг зэвсгийн тэмцэл харагдаад байгаа болохоос биш цаана нь шинжлэх ухааны цусгүй дайн явагдаж, Орос, Хятад ялж байна шүү дээ.
Урд хөршийг аваад үзье. Тэд дэлхийн соёл, шинжлэх ухааны том төв болж байна. Мао Зэдунгийн үед соёлын хувьсгал гээд нэлээд дарагдсан. Гэхдээ бас их өөр нарийн юмнууд байдаг. 1977 онд Дэн Сяопин гарч ирээд эрдэмтдээ цуглуулаад “Хятад орныг хурдацтай хөгжүүлэхэд хятадын шинжлэх ухааныг дэлхийн түвшинд хүргэж, хятадын технологи дэлхийд орж ирж байж, Хятад дэлхийд цойлж гарч ирнэ” гэж хэлж байжээ. Тэр үг нь хэрэгжсэн. Том бүтээн байгуулалтууд хийсэн. Төр нь шинжлэх ухаанаа хөгжүүлэх тууштай бодлого явуулсны дүнд 30-40 жилийн дараа дэлхийд нэг номерийн улс болгож чадсан. Америк, Орос, Хятадыг шинжлэх ухаан технологи, цэрэг зэвсгийн талаар хааж чадахгүй.
Гурван жишээ хэллээ. Улс хөгжье гэвэл шинжлэх ухаанаа хөгжүүлэх ёстойг ойлгосон, шинжлэх ухаандаа найдвар тавьсан, дэмжсэн, босгож ирсэн. Үүний үр дүнг хөршүүд маань хүртэж байна. Гэтэл Монгол дэлхийн талыг эзэлсэн л гэж ярьдаг. Социализмын үеийн технологи, сайн менежментийг зөв авч явах ёстой. Ардчиллын бусад улсуудын менежментийг ч авах учиртай.
Их энергийн цөмийн ба эгэл бөөмийн физик гэдэг дэлхийн хамгийн хүнд салбар, хамгийн их хөрөнгө мөнгө шаарддаг. Үр дүнд нь дэлхийн мэдлэгийг шинээр бий болгодог. Шинэ технологи гаргадаг.
-Монголчууд энэ салбарт ч өрсөлдөх боломж байна гэсэн үг үү?
-Манайх бас туршлагатай. Дубнад 100 гаруй эрдэмтнээ бэлтгэсэн. Дубна маань хоцорчхоод байна. Бид Дубнад суралцаж байсан бол одоо Баруун Европын төслүүдэд оролцоод явж байна. Ярья гэвэл олон юм байна.
-Та судалгааныхаа үр дүнд ямар түвшинд хүрсэн бэ?
-Эксперт гэхээр л ойлгомжтой. Цөмийн ба эгэл бөөмийн физикийн судалгаа хийхийн тулд маш том технологи хэрэгтэй байдаг. Маш их хөрөнгө мөнгө шаардлагатай болдог. Америк ч гэсэн мөнгө нь хүрэхгүй олон төслөөсөө татгалзаж байсан. Дэлхийн бүх улсууд хамтарч, мөнгөө нийлүүлээд олон улсын мега төсөл гаргаж ирээд тэр нь шинжлэх ухааныг хамгийн амжилттай хөгжүүлж байгаа менежмент байгаа юм. Түүнд суралцаасай гэж хэлэх гээд байгаа юм. Би талархаж байна. 2017 онд Төрөөс шинжлэх ухаан технологийн салбарт барих бодлогод гадаад харилцааг хөгжүүлэх ёстой гэж заасан. Түүнийгээ хэрэгжүүлэх арга зам нь буруу.
Суурь судалгааны төсөл авлаа гэхэд задаргаан дээрээ гадаад томилолтыг 10 хувиас дээш хийж болохгүй гэдэг. Гэтэл миний ажилладаг Бээжин дэх тэр олон тэрбум долларын өртөгтэй багажийг би Монголд чирч авчирч чадахгүй. Бээжинд очиж туршилт хийх болдог. Дүрэм нь тийм. Тийшээ би гадаад томилолт маягаар мөнгөө төлж явна. Гэтэл түүнийг зөвшөөрөхгүй, бараг хууль зөрчиж байна гээд зарим нь гүйгээд байдаг. Том академичид мөртлөө орчин үеийн шинжлэх ухааны гаргалгаа ерөөсөө мэдэхгүй, хүй нэгдлийн үеийнх шиг хүн ч надтай таарч байсан. Гээндээ ч бий гоондоо нь ч бий гэдэг. Эрдэмтэд өөрсдийн чадах юмаа төрдөө хэлээд, хэрэгжүүлэхэд нь туслах хэрэгтэй. Сая Ерөнхийлөгч “Зоригтой бай” гэж хэлсэн. Зориг гаргаад хэлж байна шүү дээ. Хандлагаа өөрчлөх юм бол дарга юу хийхийг тушаадаг биш эксперт мэдлэгтэй хүн хэлдэг, дарга нар менежер байдаг ийм системд орвол Монгол хөгжинө.