БОАЖЯ-наас агаарын бохирдлыг бууруулах чиглэлд гэр хорооллын иргэдийн гэр, байшингийн дулаалгад зориулж “Ногоон зээл” олгох хөтөлбөр хэрэгжүүлж байна. Энэ хөтөлбөрийн талаар Агаар, орчны бохирдлын үндэсний хорооны Ажлын албаны дарга Ч.Гантулгаас тодрууллаа.
-Гэр хорооллын иргэдэд “Ногоон зээл” олгож байгаа гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?
-“Ногоон зээл”-ийн хүрээнд өнгөрсөн наймдугаар сарын дундуур ХАС, ХААН, “Төрийн банк”-тай БОАЖЯ, “Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо” гурван талт хамтын ажиллагааны гэрээг үзэглэсэн. Энэ хүрээнд уг гурван банкаар дамжуулан эхний ээлжинд гэр хорооллын зургаан дүүргийн 20-30 мянган айл өрхөд гэр, байшингаа дулаалах барилгын материал болон бусад тоног төхөөрөмжүүдийг олгох ажлыг эхлүүлээд байна.
-Хэд хүртэл төгрөгийн зээлийг хэдэн хувийн хүүтэй авах боломжтой вэ?
-“Ногоон зээл”д инноваци, дэвшилтэт технологи бүхий эрчим хүчний хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүн орж байгаа. Өөрөөр хэлбэл, Монголд үйлдвэрлэж буй Basaltwool, монгол инженерүүдийн ур ухаанаар бүтсэн эрчим хүчний хэмнэлттэй дулаан хуримтлуулдаг халаагуур, стандартад нийцсэн дахин шаталттай зуух, таван ханатай гэрийн шатддаггүй, дулаан тусгаарладаг давхар бүрээс гэх мэт тоног төхөөрөмж, бараа бүтээгдэхүүнийг айл өрхүүдэд зээлээр олгоно. Ингэхдээ банкуудын 1.8-1.9 хувийн лизингээр олгож буй тоног төхөөрөмжүүдийн зээлийн 50 хувийн хөнгөлөлт үзүүлнэ. Тодруулбал, зээлийн хүүг 1.8 хувь гэж үзвэл 0.9 хувийг нь төр даана гэсэн үг. Нэг айл өрхөд 200 мянган төгрөгөөс 40 хүртэл сая төгрөгийн заал олгоно. Цаашдаа илүү олон инновацийн шийдэл нэвтрүүлсэн компаниудыг оролцуулж, гэр хорооллын 220 мянган айл өрхөд бүтээгдэхүүнээ танилцуулах, худалдан авалтыг богино хугацаанд нээж өгөх боломжоор хангаж ажиллаж байна.
-Иргэдийн дийлэнх нь цалингийн болон хэрэглээний зээлтэй байгаа. Зээлийн ямар шалгуур тавьж байна вэ?
-Арилжааны банкуудын шалгуур өндөр байдаг. Бидэнд байгаа бүтэц нь л энэ байна. Өөр байгууллагуудаар дамжуулж зээл өгөх боломжгүй. Монголбанк болон СЗХ-н дээр тавигдаж байгаа хууль тогтоомж, шаардлагыг хангасан иргэн аж ахуй нэгжүүдэд банкууд зээл олгох байх. Гэхдээ нийгмийн хариуцлагын хүрээнд аль болох хүндрэл чирэгдэл багатай үйлчлэхийг банкуудад хэлж байна. Цалингийн болон тэтгэврийн зээлтэй байсан ч гэсэн боломжийн хэрээр нь зээлийг нь шийдвэрлэж өгөхийг хүссэн байгаа.
-Утааг буруулахын тулд жижиг оврын зуухнууд болон автобуснуудад шүүлтүүр тавина гэж байсан. Энэ ажил ямар шатандаа явж байна вэ?
-Нийслэлийн хэмжээнд зургаан дүүрэгт том, дунд, бага оврын 200 гаруй зуух байдаг. Эдгээр зуухнууд хүйтний улиралд сард хэдэн зуун тонн түүхий нүүрс түлдэг. Ингээд түлсэн нүүрсний хэмжээгээр агаарт хүхэрлэг болон дэгдэмхий, нарийн ширхэглэгт PM2.5 бодис ялгарч байдаг. Тиймээс гол бохирдол үүсгэж буй зургаан дүүргийн хэмжээнд байдаг 290 зууханд нойтон, хуурай, хуурай-нойтон хосолсон гээд гурван өөр төрлийн шүүлтүүр суурилуулж байна. Ажил 50 хувьтай явж байгаа. Бусдыг нь төвийн дулаан, эрчим хүчинд холбох, эсвэл цахилгаан зуух болгож өөрчлөх ажил шат дараатай хийгдэж байна.
-Аль улсад үйлдвэрлэсэн шүүлтүүр вэ. Нэг бүрийн өртөг нь хэд вэ?
-Зуух, яндангийн шүүлтүүр үйлдвэрлэлээр нэгдүгээрт ордог БНХАУ-ын Тяньжин, Жансу, Хэбэй мужийн улсын үйлдвэрүүдээс шүүлтүүрнүүдийг оруулж ирсэн. Энэ жил суурилуулаад явж байна, дараа жил ч үргэлжлэх ёстой. Учир нь ойрын 10 жилд зөвхөн төвийн зургаан дүүрэгт байгаа 2800 орчим зуухыг эрчим хүчинд холбож чадахгүй. Эмнэлэг, сургууль, өрхийн эмнэлэг, үйлчилгээний газар, төрийн болон хувийн өмчит үйлдвэрүүд галлагаатай зуухнаас дулаан авдаг учраас ойрын 6-8 жилд шүүлтүүрээр агаарт дэгдэж буй бохирдлыг багасгахаас өөр аргагүй байна. Нэг шүүлтүүрийн үнэ 40 орчим сая төгрөг. Гэхдээ гурван төрлийн шүүлтүүр бий. Хуурай нь арай хямд, нойтон нь дундаж, хуурай-нойтон аргын шүүлтүүрийн үнэ өндөр байгаа.
-Нийтийн тээврийн автобуснуудад DPF шүүлтүүр суурилуулж байгаа юу?
-DFP шүүлтүүр нь дизелээс ялгарч буй хар утааг гурван үе шатанд 80-аас дээш хувиар шүүж цэвэршүүлдэг. Автобуснуудад автоматаар шүүдэг пилтер тавихаар эхний дуудлага худалдааг зарлаж, 2-3 компани орсон боловч материалууд нь шаардлага хангаагүй. Тиймээс энэ сарын дундуур хоёр дахь удаагаа зарлахаар зэхэж байна. Сонгон шалгаруулалтыг явуулсны дараа буюу хүйтрэхээс өмнө нэн яаралтай нийтийн тээврийн 920 гаруй автобуснаас эхний ээлжинд төвийн бүсээр явдаг 150 автобусанд суурилуулахаар тооцоолсон.
-2020 оны улсын төсвийн төсөл дээр агаарын бохирдлыг бууруулахад нэлээд өндөр төсөв тавьсан харагдсан. Утааг бууруулах чиглэлд нэмж ямар ажил хийхээр төлөвлөсөн юм бэ?
-Үндэсний хорооны төсөв 136 тэрбум байх төсөл явж байгаа. Хоёр эх үүсвэртэй байгаа. Нэг нь агаарын бохирдлын татвар хураамжаас орж ирдэг 46 орчим тэрбум төгрөг байгаа бол нөгөөх нь төсвийн бусад орлогоос гэж байгаа. Жишээлбэл, АХБ-наас урт хугацааны төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газарт зөвхөн агаар, орчны бохирдолтой тэмцэхэд 150 орчим сая ам.доллар өгч байна. Эндээс жил бүр агаар, орчны бохирдлыг чиглэлд санхүүжүүлэлт авдаг. Мөн нийслэл болон орон нутгийн татвар хураамжийн төлбөрийг байгаль орчноо хамгаалах чиглэлд бүрдүүлдэг. Энэ мэт эх үүсвэрээс 136 тэрбум төгрөг төсөвлөж байгаа.