“Нийслэлд өдөрт 10-15 өрхийн 20-30 хүн угаарын хийн асуудлаар тусламж дуудаж байна” гэх мэдээллийг Нийслэлийн онцгой байдлын газраас өчигдөр мэдэгдсэн. Түүнчлэн аравдугаар сарын гуравны өдрөөс хойш нийт 364 хүн угаарын хийн дуудлагаар яаралтай түргэн тусламжийн төвд хандаж, зургаан иргэн амиа алдаад байна. Шахмал түлшний чанар, стандартын асуудал нийгэмд ид өрнөж буй энэ үед бид “Тавантолгой түлш” компанийн шахмал түлшний үйлдвэрийн нөхцөл байдалтай танилцлаа.
Таван шарын буудлын урдхан талд, төмөр замын презер даваад “Тавантолгой түлш” компанийн шахмал түлшний үйлдвэр байрлаж байна. Бүтэн жилийн нөөц болох долоон мянган тонн нүүрсээ задгай овоолсон байх агаад хойхно талд нь оффиссын болоод үйлдвэрийн хоёр сэндвич угсарчээ. Бидэнтэй хамт УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат болон Ардчилсан намын түлш эрчим хүчний бодлогын зөвлөлийн гишүүд байлцсан юм. Үйлдвэрийн талаар тус компанийн захирал М.Ганбаатар ярихдаа “Манай үйлдвэр өнгөрөгч тавдугаар сарын 15-наас эхэлж бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлсэн гэнэ. Өнөөдрийн байдлаар үйлдвэрлэлийн 11 шугам ашиглалтад орохоос найм нь ажиллаж байна. Гурван шугам дээр угсралт, суурилуулалтын ажил хийгдэж байгаа. Үйлдвэрийн зардалд төрөөс 70 орчим тэрбум төгрөгийн татаас, дэмжлэг авсан. Одоогийн байдлаар 200-аад мянган тонн нүүрс үйлдвэрлэж, гучаад мянган тонн нүүрс борлуулсан. Манай үйлдвэрт мянга орчим хүн, борлуулалт дээр 1500 орчим хүн ажиллаж байгаа. Цалин хөлсний хувьд 1.5 сая төгрөгөөс эхэлж байгаа” гэсэн юм.
Ингээд бид үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцахаар орлоо. “Тавантолгой түлш” компани нь “Эрдэнэс Тавантолгой” компанийн охин компани болж үйл ажиллагаа явуулж байгаа юм байна. Тийм болохоор Ухаа худагийн ордоос таван жилийн хугацаатай үнэ төлбөргүй коксжих нүүрс татах гэрээ байгуулсан гэнэ. Үйлдвэрийн эхний дамжлага бол бутлуурын хэсэг. Бутлуурын хэсэгт нүүрсийг герман төхөөрөмжөөр 0.3 мм хэмжээтэй болгон жижиглэж байна. Цагт 200 тонн нүүрс буталдаг талаар үйлдвэрийн ажилтан онцолсон юм. Буталсан нүүрсийг 64-400 тоннын багтаамжтай пункрээр дамжуулж холигч төхөөрөмж рүү дамжуулна. Холигч төхөөрөмж дээр нэг том шуудайтай хуурай химийн бодис байх бөгөөд үүнд кальци, магни, шохой зэрэг химийн бодисууд багтаж байгаа аж. Хольсон нүүрсээ хэлбэрт оруулж, хатаагч төхөөрөмжид хийгээд эцсийн бүтээгдэхүүн бэлэн болдог байна.
Шахмал түлшний орц найрлага, барьцалдуулагч бодис дээр нийгэмд маш том эргэлзээ бий болоод байгаа. Тийм болохоор үйлдвэрийн ерөнхий инженер н.Баттулгаас тодруулахад, “Бид нүүрсэндээ элементийн болоод техникийн шинжилгээ хийсэн. Элементийн шинжилгээнд нүүрстөрөгч, хүчилтөрөгч, азот, хүхэр, нүүрсхүчлийн хий хамаардаг. Нүүрстөрөгч 65-75 хувь, устөрөгч хоёр хувь, азот дөрвөн хувь, хүчилтөрөгчийн хүхрийн агууламж 0.86, хүчилтөрөгчийн агууламж үлдсэн хэмжээнд гарсан. Энд ямар нэг асуудал үүссэн зүйл байхгүй. Манай технологи эрдэмтэн мэргэжилтнүүдийн 20 жилийн хөдөлмөрийн үр дүнд бий болсон. Компанийг байгуулсны дараа шинэ технологийг нутагшуулж орц найрлагаа баталгаажуулсан. Үүний дараа салбарын шилдэг эрдэмтэн ажилтнуудтай ярилцаж, судалж ажлыг эхлүүлсэн. Шахмал түлшний үйлдвэрлэл явуулсны дараа туршилтыг Сонгинохайрхан дүүрэгт жил гаруйн хугацаанд явуулсан. Уг туршилтаар түлшний чанар баталгаатай болох нь нотлогдсон. Мөн түлшний барьцалдуулагчийг энгийн эрдэнэ шиш, цардуул, бентонит шавраас гаргаж авсан. Одоохондоо гадаадаас импортолж байгаа. Гэхдээ удахгүй 11 дүгээр сараас дотооддоо төмсний гурилаар цардуул гаргах технологийг судалж байна. Бид долоо хоног болгон мэргэжлийн байгууллагад шинжилгээ өгч үйлдвэрлэлийн горимоо шалгуулдаг” гэсэн юм.
Үүний дараа УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатаас үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцсан талаар байр суурийг нь сонссон юм. Тэрбээр, “Ардчилсан намаас сайжруулсан түлштэй холбоотой нөхцөл байдалтай танилцах, дүгнэлт хийх ажлын хэсэг гаргасан. Ажлын хэсгийг миний бие ахалж байгаа. Өнөөдөр үйлдвэрийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцлаа. Технологийн процессын хувьд бүх зүйл явагдаж байна гэж харлаа. Хамгийн гол нь бидний сонирхож байгаа сэдэв бол энэ үйлдвэрээс гарч байгаа сайжруулсан түлш хэрэглээнд очихоороо, айлын зууханд очоод яагаад хортой нөхцөл байдлыг үүсгээд байна вэ гэдэг дээр хариулт нэхэх зайлшгүй шаардлагатай гэж үзсэн. Түүнээс биш сайжруулсан түлш шатааснаар хүнгүй боллоо, түүхий нүүрсээ шатаая гэх гээгүй. Мэдээж бүх зүйлийг сайжруулахын төлөө явж байгаа. Харамсалтай нь, тодорхой хариуг өнөөдөр авахад эрт байгаа юм байна гэж дүгнэлээ. Харин үйлдвэрийн нөхцөл байдлын тухайд шинэхэн болоод ч тэр үү маш хүнд нөхцөлд ажиллаж байгаа нь харагдлаа. Хөдөлмөр хамгааллын горим үндсэндээ алга. Тоосжилтоос эхлээд маш их асуудал байна. Энэ бүхэн дээр нь бид зөвлөгөө өглөө. Үйлдвэрийн үйл ажиллагаа болоод сайжруулсан түлш дээр мэргэжлийн түвшинд нарийн ажиллах шаардлагатай байна гэдэг нь харагдлаа. Утаагүй болох нь бидний гол зорилго мөн. Гэхдээ хортой байж болохгүй. Хүний аминд хүрч болохгүй. Хүний амийг юугаар ч сольж болохгүй. Тийм болохоор цаашид хүний амийг хохироохгүйн төлөө цаашид ухаан санаагаа уралдуулах хэрэгтэй байна” гэлээ.
Үнэхээр ч Д.Эрдэнэбат гишүүний хэлсэнчлэн үйлдвэрийн орчин нөхцөл, хөдөлмөрийн аюулгүй байдал маш муу байгаа нь биднийг хорин минут ажиллаад гарахад мэдрэгдэж байлаа. Сааралтсан утаа, тоосжилт, сул шороон дунд 12 цагаар ээлжлэн ажиллаж буй залуусын эрүүл мэндийн асуудлыг орхигдуулж боломгүй санагдсан юм.
Харин дараа нь Ардчилсан намын түлш эрчим хүчний бодлогын зөвлөлийн дарга Ж.Осгонбаатараас үйлдвэрийн үйл ажиллагааны талаар тодрууллаа. Тэрбээр, “Маш богино хугацаанд баригдсан болохоор энэ үйлдвэрт учир дутагдалтай, засч сайжруулах зүйл цөөнгүй байна. Юуны өмнө, нүүрсэнд химийн элементийг холихдоо механик аргаар хийж байна. Үүнийг ядаж усаар шүршиж хийх ёстой. Механик аргаар хольж байгаа химийн бодис бүх нүүрсэнд жигд орж байгаа эсэхийг мэдэхэд хэцүү л дээ. Нүүрс бүхэнд кальци, магни жигд тархсан эсэхийг шалгаж, баталгаажуулж, тамгалдаг төхөөрөмж алга. Үүнийг үйлдвэрийн чанар шалгагч гараараа барьж үзээд мэдэрдэг гэж байна. Энэ бол эрсдэлтэй.
Хоёрт, нүүрс угаах, дулаанаар боловсруулах гэсэн хоёр процессыг дамжих ёстой байдаг. Коксжих нүүрсний хувьд Ухаа худаг дээр угаагдаад ирдэг боловч энд ирээд дулааны боловсруулалтад ордоггүй юм байна. Дулааны боловсруулалтад орох үед хортой бодис нь ялгарч задардаг. Нүүрсэнд агуулагдах хүхэр хоёр янз байдаг. Чөлөөт хүхэр, исэлдсэн хүхэр гэж. Энэ үйлдвэр чөлөөт хүхрийг буулгаж чадсан хэдий ч нүүрсний дотоод бүтцэд байгаа хүхрийн ислийг буулгаж чадаагүй юм шиг байна. Тэгэхээр халааж задлах процесс нь айлын зууханд явагдаж, зарим тохиолдолд иргэд угаартаж байж болох юм. Үйлдвэрт бас нэг эрсдэл байна. Энэ чигээрээ тоосжилт ихтэй байх юм бол энэ өвөл дэлбэрэх магадлалтай байна гэдгийг бид сая анхааруулсан” гэлээ.
Ямартаа ч, тус компанийн захирал М.Ганбаатар болон ерөнхий инженер н.Баттулга нар сайжруулсан шахмал түлш гэр хорооллын иргэдийн төрөл бүрийн зууханд 100 хувь тохирохгүй байгааг хүлээн зөвшөөрсөн юм. Тэдний үзэж буйгаар 220 мянган өрхийн 40 орчим хувь нь зуухаа солих шаардлагатай ажээ.