ХБНГУ-ын Билёфёльдийн Их Сургуулийн профессор, доктор Стёфан Мёрл “Популизмын тэлэлт- Ардчилал уу, хямрал уу: Ирээдүйгээ харах харьцуулсан тойм” сэдвээр өчигдөр лекц уншлаа. Түүний ярьсныг тоймлон хүргэе.
Популизм өнөөдөр дэлхий нийтэд тулгамдсан асуудал болоод байна. Барууны өндөр боловсролтой, эдийн засгийн чадавхитай, ардчиллын суурьтай улс орнуудад хүртэл сүүлийн жилүүдэд популизм газар авсан. Үүний шалтгаан нь улстөрийн намууд үүргээ гүйцэтгэж чадахаа больсонтой холбоотой. Монголд байтугай дэлхийн улс орнуудад хүртэл нам жинхэнэ утгаараа ажиллаж чадахаа больсон. Жинхэнэ нам гэдэг бол янз бүрийн үзэл бодлуудыг нэгтгэж, ард иргэдээ төлөөлж чаддаг байх ёстой. Намууд ингэж ажиллаж чадахгүй болохоор альтернатив нам буюу популист улс төрчид тэр орон зайг эзлэх болсон. Барууны орнуудын сонгогч нар популистуудад маш их саналаа өгдөг боллоо. Тухайлбал, Польшид 45-50 хувь, Унгарт 65-70 хувь, Дани, Италид 20-иос дээш хувь, Австрид 25 хувиас дээш саналыг өгсөн байх юм. Популистууд ард түмэнтэй ойр байхын тулд цахим орчинг маш их хэрэглэдэг. Жишээ нь АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп твиттер хуудсаа маш их хэрэглэдэг байхад Ангела Меркель амьдралдаа твиттер хэрэглэж үзээгүй болов уу.
Улстөрийн намыг жинхэнэ утгаар нь байгуулах юм бол бүх асуудал шийдэгдэх боломжтой. Монголд эрх баригч нам дөрвөн жил ажиллаж байгаа нь жинхэнэ утгаараа улстөр хийх боломжийг олгохгүй байна. Эхний хоёр жил ажилласан болоод үлдсэн хоёр жилд нь сонгуулиа бодож байна. Тэр ч бүү хэл намын даргыг дөрвөн жилд нэг удаа сонгох нь ч тэнэг хэрэг. Нам дөрвөн жилийн цикльтэй ажиллаж болохгүй. Жинхэнэ нам ард түмэнд илүү ойр байх ёстой. Ингэж байж ардчилал жинхэнэ утгаараа хэрэгжинэ. Нам жинхэнэ утгаараа ажиллаж чадахгүй байгаа учраас түүний орон зайг популистууд эзэлчихээд байна.
Үүнээс гадна популизмыг дотор нь зүүний чигтэй болон барууны чигтэй гэж хоёр хувааж болно. Зүүний чигтэй гэдэг нь ядуурал дээр суурилсан, Латин америкийн орнуудад түгээмэл тархаж байна. Барууны чигтэй гэдэгт Европт болон АНУ-д болж байгаа үзэгдлийг багтааж байгаа юм.
Монголд ерөнхийдөө баруун жигүүрийн популизм илүүтэй хөгжиж байна. Баруун жигүүрийн популистуудын гол онцлогийг дурдья. Тэдний гол дайсан нь элитүүд болон олон нийтийн мэдээллийн хэрэгсэл юм. Энэ хэсэг бүлгийн хүмүүс тэднийг шүүмжлэх юм бол гадны дайралтад өртөж байна гэж үзээд халдашгүй байдлын тухай ярьж эхэлдэг. Популистууд руу дайрах нь тэднийг улам бүр бэхжүүлдэг. Цахим орчинд бодит байдлаас илүү хурдан хуйвалдагчид болон хуурамч тайлбарууд тархах боломж олгодог. Популизм ардчиллын эсрэг байдаг бөгөөд ардчилал бидэнд хэрэггүй гэж үздэг. “Демокраси” гээд нэг балай юм байдаг. Үүнээс холдоод бид өөрсдийнхөөрөө асуудлаа шийдээд явья гэдэг хандлагатай.
Монгол болоод Зүүн Европын орнуудын асуудал бол нэг төрлийн үзэл бодолд итгэдэг байсан хандлага нь одоо ч хэвээрээ байгаад оршино. Өнөөдөр Зүүн германд баруун германаас илүү их популистууд байдагтай жишиж болох юм. Дээрх улс орнуудад жинхэнэ улстөрийн нам гэдэг зүйл алга.
Бидний өнөөгийн байдал дэлхийн нэг, хоёрдугаар дайны үеийг санагдуулж байна. Тэр үед популизм тодорхой хэмжээнд байсан. Дайны тухай дурсамжаас хойш бараг 75 жил өнгөрсөн. 1930-аад оны гол буруутан нь үндэстнүүдийн нэг талыг баримталсан үйлдлүүд ба үндсэрхэг үзэл юм. Тэгвэл өнөөдөр барууны бүх оронд популист намууд нэгэн зэрэг гарч ирээд байна. Популист удирдагч нар үндсэрхэг үзлийн хандлагыг дэлгэрүүлж, олон нийтийн өмнө тодорхой нэг дайсныг гаргаж ирдэг. Жишээ нь, Дональд Трамп “Америкийг дахин агуу болгоё” гэж байгаа бол, Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон “Ямар ч үнээр хамаагүй Брексит” гэх мэт уриалга гаргаж байна. Унгар, Польш, Франц, Финлянд, Австри зэрэг улсууд үндсэрхэг үзлийн хандлагатай байна. Монголын эрх баригчид хятадыг үндэстний дайсан мэт ойлгуулж байгаа бол ОХУ украйнчуудыг дайсан мэт ойлгуулдаг. Популизм, рационализм, коммунизм бүгд ямар нэг хүнийг дайсан болгож харуулахыг чухалчилдаг. Сонгогчдод ямар нэгэн айдас төрүүлэхийг зорьдог. Олон түмний сэтгэл хөдлөл дээр тулгуурлаж популистууд тоглолт хийдэг. Асуудлыг шийдвэрлэх зам нь хувьсгал хийх гэж ойлгуулдаг. Баруун жигүүрийн популизм бол гэгээрсэн хэсгийн үзэгдэл юм. Үүнтэй тэмцэхийн тулд цахим орчныг хянах ёстой гэсэн юм.
Түүнээс цахим орчныг хязгаарлах боломжтой эсэх талаар тодруулахад, “Засгийн газар энэ үүргийг хүлээх ёстой. Нэр хүндтэй баруун жигүүрийн удирдагчид цахим орчинд хэдэн сая дагагчидтай. Түүгээрээ дамжуулж худлаа ярьж, бусад мэдээллийн хэрэгслийг буруутгаж, иргэдийн дэмжлэгийг маш хурдан олж авдаг. Жишээлбэл, Австрийн популист удирдагч, залуу канцлер Курц твиттерт хэдэн сая дагагчтай. Тэдэнтэйгээ шууд холбогдож, үндсэрхэг үзэлтэй намаа, өөрийгөө сурталчилдаг. Тэр хүний хувьд цахим ертөнц улстөрийн амьдралд нь маш чухал үүрэгтэй байх жишээтэй. Тэгэхээр цахим орчинд популистууд үзэн ядалтыг сурталчилж, тархи угаах мэдээллүүдээ хамгийн их явуулдаг гэсэн үг.
Харамсалтай нь, дэлхийн удирдагчид энэ асуудлыг аюултай зүйл, нэн тулгамдсан асуудал гэдгийг олж харахгүй байна. Харьцангуй өндөр настай хүмүүс дэлхийн улс орнуудыг удирдаж байгаа болохоор цахим ертөнцийг хэрхэн зохицуулах, ямар арга хэмжээ мэдэхгүй байх шиг байна.