2019 оны эхний зургаан сарын байдлаар авлигын гэмт хэргийн улмаас Монгол Улсад 11.9 их наяд төгрөгийн хохирол учирсан бол Монгол Улсын төсвийн орлого түүхэндээ анх удаа 10 их наяд төгрөг давж, 1.2 тэрбум төгрөгийн ашигтай гарсан гэсэн хоёр тоон мэдээллийг хараад инээх, уйлах зэрэгцэх нь лавтай. Ердөө он гарсаар эхний зургаан сарын байдлаар улсад нийт 11.9 их наяд төгрөгийн хохирол учирчхаад байхад энэ тоо оны төгсгөлд хэд болж нэмэгдэхийг төсөөлөхөд ч бэрх. Эдийн засгийн ийм сахилга батгүй, авлигын үүр уурхай болсон, улсын төсвөөсөө давсан авлигын хохиролтой байгаа Монгол Улс өнөөдөр “Саарал жагсаалт”-д орохгүй гээд ч яах билээ.
АТГ-ын тайлангаас харвал, авлигын 834 гэмт хэргийн үйлдэлд 283 хүн холбогдож, 834 хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа гэнэ. Өнөөдрийн байдлаар 11.9 их наяд төгрөгийн хохирол учруулчихаад байгаа 834 хэргийн 9.4 хувийг шүүхэд шилжүүлж, 36.9 хувийг хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 6.1 хувийг харяаллын дагуу шилжүүлсэн байна. Ерөнхийдөө мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийн шийдвэрлэлт 53.7 хувьтай байна гэж ойлгож болно. Тэгвэл авлигын хэрэгт холбогдсон этгээдийн 10.2 хувийг төрийн улс төрийн, 16.3 хувийг төрийн захиргааны, 24 хувийг төрийн тусгай, 9.9 хувийг төрийн үйлчилгээний, 12.4 хувийг төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжийн албан тушаалтан эзэлжээ. Ингээд дүгнэвэл, авлигын хэрэгт холбогдон шалгагдсан хүмүүсийн 72.8 хувийг төрийн албан тушаалтнууд эзэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, төрийн байгууллага, улстөрчдийн авлигын асуудал зах замбраагаа алдаж буйг эдгээр “нүцгэн” тоонууд илтгэж буй.
Тэгвэл авлигын гэмт хэргийн улмаас учирсан 11.9 их наяд төгрөгийн хохирлоос мөрдөн шалгах ажиллагааны явцад ердөө 376 саяыг нь нөхөн төлүүлжээ. Харин 129.8 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх үл хөдлөх, хөдлөх хөрөнгө, автомашин, тоног төхөөрөмж болон бэлэн мөнгийг битүүмжилсэн гэнэ. Энэ нь 11.9 их наядын хохирлоос ердөө 130 тэрбум буюу 1.3 ч хүрэхгүй хувийг нь эргэн төлүүлсэн гэсэн үг.
Одоо нэгэн сонирхолтой тоо хэлье. 2007 онд АТГ байгуулагдсан. Түүнээс хойш 2018 оныг хүртэл буюу өнгөрсөн 11 жилд авлигын улмаас учирсан хохирол 800 гаруй тэрбум төгрөгт хүрчээ. Нэг их наяд хүрэхгүй төгрөг гэсэн үг. 2018 оныг хүртэл нэг их наяд төгрөг хүрэхгүй байсан авлигын гэмт хэрэг бүр 2019 оны эхний хагаст 11.9 их наяд төгрөгт хүрч, авлигын хэмжээ 12 дахин нэмэгдсэн нь яах аргагүй анхаарал хандуулах асуудал мөн.
Дахиад нэгэн сонирхолтой тоо байна. 2018 онд авлигын улмаас улсад учирсан хохирол 663.2 тэрбум төгрөг. 2017 онд 69.5 тэрбум төгрөгийн хохирлыг авлигын гэмт хэрэгтнүүд учруулж байжээ. Тэгэхээр 2018 онд авлигачдын учруулсан хохирол 2017 оныхоос 10 дахин өссөн байгаа биз. Түүнээс гадна 11 жилийн хугацаанд авлигын улмаас улсад улсад учирсан 800 гаруй тэрбум төгрөгийн хохирлын 75 хувийг ердөө 2018 оны хохирол эзэлж байна. Үндсэндээ 2018, 2019 онд авлигын гэмт хэргээс учирсан хохирол 12.5 их наяд төгрөгт хүрсэн гэсэн үг. Тодруулбал, АТГ-ын тайланд авлигын гэмт хэргээс болж учирсан хохирол 2018 онд өмнөх жилийнхээс 10, 2019 онд мөн өмнөх жилийнхээс 20 дахин өссөн гэж байна. Тэгэхээр эрх баригчид, албан тушаалтнууд Монгол Улсад, монголчуудад жилээс жилд ямар их хохирол учруулж байгааг эдгээр тоон баримтуудаас түвэггүй харчихаж болохоор.
Хамгийн сонирхолтой нь, төрийн өндөр дээд албан тушаалтнууд, төрийн албаныхан хэзээ ч авлига авснаа хүлээн зөвшөөрдөггүй. Өнөөдөр УИХ-ын 50 гаруй гишүүн ЖДҮХС-гаас тэрбум тэрбумаар нь зээл нэрийн дор кнопны авлига авчихаад нэг нь ч гэм буруугаа хүлээхгүй сууж байна. Зарим нь бүр дараагийн сонгуульд өрсөлдөх сурталчилгаагаа эхлүүлсэн яваа нь ямар ч ёс зүйгүй болохыг нь батлан харуулж байна.
Тэрчлэн албан тушаалтнуудтай холбоотой авлигын хэрэг маш удаан шийдэгддэг, гурван шатны шүүхээр ордог. Дээд шүүх шийдвэрээ гаргаад, авлига авсныг нь тогтоочихоод, АТГ дүрсээр баталгаажуулаад, оймсондоо мөнгө нуусныг нь, тавилгынхаа, араар мөнгөө хаясныг нь илрүүлчихээд байхад л “Би авлига аваагүй. Миний ард хэн нэгэн эрх мэдэлтэн байхгүй. Хөөн хэлэлцэх хугацаа дуусаад, би ажлаа өгөөд, зохих шийтгэлээ хүлээсэн байхад намайг цахимаар муулж, давхар яллаад байна” гээд яриад сууж байдаг. ЖДҮ авсан гишүүдийг шалгаад, прокурор бүрэн эрхийг нь түдгэлзүүлээд шалгах хүсэлт тавихад хүртэл УИХ нь өмгөөлдөг ийм л эрх баригчдаар энэ парламент дүүрчээ.
“Эрдэнэт” үйлдвэрийг гадаадын банкны барьцаанд тавьсан. “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдаж авсан үйл явц, ЖДҮ, концесс гээд юу эсийг дурьдаж болох билээ. 2019 он дуусахад 11.9 их наядын хохирол хэд болж нэмэгдэхийг мэдэхгүй. Энэ эрчээрээ явбал хоёр дахин нэмэгдэж ч магадгүй.
Уг нь 1990 оноос хойш эдийн засаг хэдэн зуу дахин тэлсэн ч авлигачдаас болж гурван хүн тутмын нэг нь ядуу амьдарч, улс орныг тэтгэдэг дундаж давхарга нь хумигдаж байна. Энэ бол авлигачидтай 100 хувь салшгүй холбоотой. Авлигын гэмт хэргийн улмаас улсын эдийн засгийн харилцаа гажуудаж, “Сараал жагсаалт”-д орохдоо туллаа. Тиймээс ийм нөхцөл байдалд хүргэсэн авлигачдад хатуу хариуцлага тооцох ёстой.