Сүүлийн жилүүдэд Монголын аж ахуй нэгж, компаниуд тогтвортой ажиллах хүчний хомсдолд орж, хүний нөөцийн эрэлд дор бүрнээ гарах боллоо. Шинэ ажилчид нь тийм ч удаан ажиллах хүсэлгүй, илүү сайн цалин, орчин нөхцөлтэй өөр ажил руу амархан шилжих нь компаниуд өөрсдөө ажиллах хүчний эрэлд гарахад хүргэж байна.
Улс орнуудын эдийн засгийн бодлогын хамгийн чухал асуудал нь ажил эрхлэлт. Компаниуд ажиллах хүчээр дутмаг болж байгаа нь сүүлийн жилүүдэд хөдөлмөрийн насны залуучууд амьдралын нөхцөлөө сайжруулахаар хилийн дээс алхах болсонтой холбон тайлбарлаж болох юм. Хэрэв ид хийж бүтээх насандаа яваа залуучуудаа гадагш алдсаар байвал дотоодын компаниудын цаашдын хөгжилд ч энэ нь ихээхэн хор уршиг учруулах нь гарцаагүй.
Монголын хүн амын өнөөгийн ажиллах хүчний цөм нь 1980-2000 онд төрсөн “мянганыхан”. Тэдний ажлын ирээдүйн нөхцөл байдал, үйл явц нь өмнөх үеийнхнээсээ эрс өөр, үргэлж өөрчлөгдөх аж. Мэдээлэл, технологийн хувьсгал тэдний ажил, амьдралын хурд, арга барил, ур чадварыг секунд тутам хөгжиж байхыг шаардана. Хөгжингүй орнуудад хэдхэн жилийн өмнө байгаагүй шинэ ажлууд өнөөдөр хамгийн өндөр эрэлттэй байна. Улс орнууд мэдлэгийн эдийн засгийн дэд бүтцийг байгуулж, боловсролын байгуулагууд нь технологийн шинэчлэлтүүдийг даган хувьсана. Биеийн хүчний олон ажлуудыг ухаалаг компьютер, роботууд орлох боллоо. Уламжлалт хөдөлмөр эрхэлж буй ажилчид хүн амын орлого, мэдлэг мэдээлэл, орчин нөхцөл, хангамжаар дутах болсон.
Мөн 1995 оноос хойш “Z” үеийнхэн ч ажлын талбарт гарч ирээд буй. Тэдний хүсч мөрөөддөг зүйлс энд биш тэнд байна. Товчхондоо харь улс. Гэтэл бодит амьдрал дээр харь оронд явсан ах эгч нар нь яаж зовж ажиллаж, хүнд хөдөлмөр эрхэлж байгаагаа харуулдаггүй, нуудгаас болж залуу үеийнхний мөрөөдөл гадаадад суралцаж, амьдрах болсон.
Харин манайд уламжлалт ажил ч хийх хүний нөөц алга. Манай дотоодын нийт бүтээгдэхүүний 60 орчим хувийг томоохон аж ахуй нэгжүүд ажлын байрны зарыг цахим сүлжээнд тасралтгүй оруулсаар байна. Ийнхүү компаниудын тулгамдаж буй гол асуудал нь хүний нөөц болжээ.
Ажлын байран дахь асуудлууд
Томоохон компаниуд нээлттэй ажлын байр ихээр зарлаж, жижиг, дунд компаниуд ажиллах хүчээ алдахад хүрч байна. Түүнчлэн цалингийн зардлаа өсгөх, ажилтныхаа нийгмийн боломжийг нэмэгдүүлэх, ажиллах орчныг сайжруулах хэрэгцээ бий болсон. Нөгөөтэйгүүр, зах зээлд тоглогчид олширч, өрсөлдөөн ширүүсэх болсноор үнэ цэнтэй ажилтны эрэлт нэмэгдсэн. Хэдий ажлын байрууд бий ч ажил олгогчид сайн ажилчид цөөн байгааг дуу нэгтэй хэлцгээдэг.
Энэ оны зургадугаар сарын эцэст хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэд 33.3 мянга гаруйд хүрчээ. Бүртгэлтэй ажилгүй иргэд 23 мянга буюу 69.1 хувь нь байгаа юм. Харин ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд 10.3 мянга буюу 30.9 хувийг эзэлж байв. Ажил хайж буй шалтгааныг нь харвал эдгээр иргэдийн 52.1 хувь нь ажлаасаа чөлөөлөгдсөн болон халагдсан иргэд байжээ.
Тэрчлэн ажлын шаардлага хангахгүй, тухайн зарласан ажлын байранд гологдох атлаа өндөр цалин хүсэх, илүү нөхцөл шаардах хандлага сүүлийн үед газар авчээ. Мөн ажилтны ур чадвар хүлээлтэд хүрэхгүй байгаагаас болж ажилтнаа явуулахаас аргагүй болдог байна. Үүнээс гадна тухайн байгууллагын соёл буруу, ажил хийдэг хүнээ үнэлж чаддаггүйгээс болох нь бий. Байгууллагын хүний нөөц өөрсдийн ажилд хэрэгтэй хүнээ таньж авч чаддаггүй эсвэл хүнд суртал гаргах зэрэг наад захын хандлагаас үүдэн зарим ажил горилогч дараагийн шатнаас татгалзах тохиолдол гардаг байна. Өндөр цалин авах хүсэлтэй боловч ажлын бүтээмж тааруу, хөдөлмөрийн зах зээлийн шаардлагыг хангахгүй боловсон хүчин олноор гарч байгаа нь компаниуд дахин дахин ажлын байр зарлахад мөн нөлөөлдөг аж. Боловсролын чанар, хүмүүсийн мэргэжил сонголт нөгөө талдаа ажилгүйдлийн суурь шалтгаан болж байна.
Дээрх шалтгаануудаас болж залуус гадаад оронд амьдрахыг илүүд үзэх болсон. Оюутан, сурагч солилцоо, аялах болон ажиллахаар явсан залуу хүн тогтож сууж өгөхгүй, гадаад руу зорихыг л боддог болсон нь харамсалтай. Үүнд тэднийг буруутгахад ч хэцүү юм. Өөрөөр хэлбэл, залуус эх орноосоо явахыг хүсээгүй ч, эх орон нь тэднийг түлхэж байна.
Залуус
Ерөнхий боловсролын дунд сургуулиа төгсч байгаа залуусын дунд “GAP YEAR” буюу жилийн чөлөө авч, гэртээ гадаадад сурах тэтгэлэг авахаар бэлдэх болсныг бас хөндүүштэй. Нэг жил өнжиж, энэ хугацаандаа гадны оронд суралцах, тэтгэлэг горилох шалгалт, тухайн зорьж буй орны хэлээ сайжруулах учиртай. Үүгээр ч барахгүй, Монгол Улсын харьяаллаас гарч, иргэншлээ солиулсан, гадаад улс руу цагаачилсан иргэдийн тоо 2014 онд 85 байсан бол 2015 онд 129, 2016 онд 307, 2018 онд 490 болж өсчээ.
Gallup компанийн явуулсан судалгаагаар эдийн засгийн гүн хямралд ороод байгаа Венесуэль улсын иргэдийн ихэнх хэсэг эх орноосоо бүрмөсөн дүрвэх хүсэлтэй байгаа аж. Залуус зөвхөн гадагшаа дүрвэх нисэх онгоцны зардал олохын тулд л Венесуэльд амьдарч байгаагаа илэрхийлсэн байна. Үүний адил монгол залуус маань визнийхээ мөнгийг олох гэж л Монголдоо ажиллаж байгаа юм биш биз. Энэ тухай гадаадад суралцаж, ажиллаж байсан залуу үеийн төлөөллүүдийнхээ сэтгэгдлийг сонслоо.
Ш.Дорж:
-Гоё газраар аялж, гоё бүтээн байгуулалт харж болно. Гэхдээ энэ чинь зөвхөн анхдагч хэрэгцээ шүү дээ. Гол нь хувь хүн өөрийгөө таниж мэдэж, өөрийгөө бүтээх хэрэгтэй. Энэ бол хамгийн чухал хэрэгцээ. Энэ хэрэгцээг хангах газар нь хаана байгаа вэ гэдгээ олох хэрэгтэй. Ээж, аав, гэр бүл, найзууд маань энд бий. Тэднийг өөр хаанаас ч олж чадахгүй.
Хөгжингүй улсуудтай Монгол орноо харьцуулахад маш их ялгаа бий. Америкт гэхэд л гудамжинд зөрж өнгөрөх хүмүүс танихгүй ч бие биетэйгээ дотно хүмүүс шиг инээмсэглэдэг. Мөн үйлчилгээний байгууллагуудын соёл хэцүү санагддаг. Хүмүүсийн хандлага, харилцаа илүү нээлттэй. Би сэтгэл судлаач мэргэжилтэй. Монголд мэргэжлээрээ ажиллахад цалин бага, олон нийтийн хүлээж авах байдал муу. Үүнийг өөрчлөхийн тулд хөрсөн дээр үрийг тарьдаг амин чухал нийгэмдээ хүрч ажилладаг, ус агаар мэт хэрэгтэй мэргэжлүүдийг илүү үнэлдэг болоосой. Тухайлбал, багшийн мэргэжлийг манай нийгэмд доогуур үнэлдэг. Хамгийн муу сурдаг хүүхдүүд МУБИС-д сурдаг гэх зэрэг нэр хүнд муутай. Эмч гэхэд л маш завгүй ажилладаг. Эдгээр мэгэжилтнүүдийн нэр хүндийг өсгөх хэрэгтэй, цаашлаад цалин, хангамжийг зайлшгүй сайжруулах нь зүйтэй.
Ө.Мөнхжин:
-Америк яваад Монгол Улсад юу дутуу байгааг илүү сайн харсан. Ялангуяа, нийтийн аж ахуй газрууд, дэд бүтэц, бүтээн байгуулалтуудад соёл, хариуцлагын асуудал яригддаг. Гадаадад хүмүүс нь найрсаг, амьдрахад илүү амар. Монголд зөвхөн бакалаврын дипломтой бол хаана ч ажилд орж чадахгүй. Ажилд орсон ч доод албан тушаалтан болдог. Мөн Монголд бүтэн сар ажиллаж олох цалинг Америкт хоёроос гурав хоногийн дотор олно. Гадаадад байгаа боломжийг олж харсан залуус Монголд байхыг хүсдэггүй. Хэлгүй хүн л Монголд үлдэх байх. Дийлэнх залуучууд хэл сурч, гадаад явахыг л зорьж байна. Ядаж л чөлөөт цагаа зөв өнгөрүүлэх газар Монголд алга
А.Ану:
-Янз бүрийн энгийн хэрэглээний олон улсад ашиглагддаг аппликэйшн хэрэглэх гэтэл Монгол хар дансанд нь орчихсон эсвэл манай бүс нутагт зөвшөөрөгдөөгүй байдаг. Манай улсад нийслэл хотдоо л бөөгнөрчихсөн харин Америкт хүн ам нь мужууддаа тархсан байдаг. Үйлдвэрлэгч орон болохоор илүү чанартай зүйлс олон. Мөн Монголд эрүүл нарийн ногоонууд нь илүү үнэтэй байх бол тэнд эсрэгээрээ хямд. Америкт заавал диплом хамгаалж байж ажилтай болох шаардлага байдаггүй. Ажилд орохынхоо өмнө чиглүүлэх сургалт, дадлагажих хугацаанд нь сурчхаж болдог. Монголд бол шууд чадвартай хүмүүсийг ажилд авах гэдэг, сургаж авахыг хичээдэггүй.
Б.Цэндмаа:
-Хэрэв тухайн хүнд гадаад явах боломж байгаа бол Монголдоо үлдэх үү эсвэл харь орныг зорих уу гэдэгт эргэлзэж эхэлнэ. Гагцхүү хувь хүний сонголтоос л хамаарах байх. Ном бол ертөнцийг харах цонх гэж ярьдаг. Гэхдээ өөрийн биеэр үзнэ гэдэг чинь өөр шүү дээ. Гадаадад сурч боловсрох нь чухал. Харин залуус маань гадаад явсан ч сурсан зүйлсээ эх орондоо эргэн ирж, хийж бүтээгээсэй гэж хүсдэг.