Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Органик үйлдвэрлэгчид чуулав

Органик хүнс эрж хайж байгаа иргэд “Органик хүнсний бүртгэл, мэдээллийн сангаас” мэдээлэл авч болох гэнэ. www.organic.gov.mn хаягаар орвол химийн болон ургамал хамгааллын бодис хэрэглээгүй, баталгаажсан, бүртгэлтэй органик хүнсний талаар мэдээлэл авч, үйлдвэрлэгчидтэй холбогдох боломжтой юм.

Баталгаажилт хийгдээгүй мөртлөө “Органик”, “Байгалийн гаралтай цэвэр” хэмээн сурталчилж хэрэглэгчдийг төөрөгдүүлэх нь олонтоо. МХЕГ, ШӨХТГ, НХХААГ-тай хамтран зах зээлд байгаа органик, байгалийн гаралтай цэвэр гэсэн шошго, мэдэгдэл бүхий дотоод болон импортын бүтээгдэхүүнд тандалт судалгаа хийсэн байна. 360 зах худалдааны төв, дэлгүүр, мухлагт худалдаж байсан 9300 нэр төрлийн бүтээгдэхүүнийг хамруулжээ. Эдгээрийн 38 хувь нь “Органик хүнсний тухай хууль” зөрчсөн шошготой байсныг илрүүлсэн гэнэ.

Органик ногоог үнэлж эхэлжээ

Энэ талаар Органик хүнс үйлдвэрлэгчдийн IV чуулганы үеэр яригдлаа. Органик хүнсний ногоо тариалагч, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Баяжих сүүн булаг хоршооны дарга А.Эрдэнэчимэг ярихдаа “Манай хоршоо 12 гишүүнтэй. Манайхан 0,5-гаас га газартай хүмүүс нэгдсэн. Бага талбайтай учраас органик ногоо тариалах боломжтой. Химийн бодис хэрэглэхгүй гараараа ажиллах чинь органик хүнс үйлдвэрлэж байгаа хэрэг юм билээ. Бид сургалтад маш их сууж байгаа.

Төслийн хүрээнд 15 сая төгрөгийн хөрөнгө оруулалт орж ирсэн. Газар хагалагч, үрлэгч, зэрлэг авдаг техник өглөө. Ногоо нөөцлөх, хатаах, хэрчих технологид суралцсан. Энэ бидний хувьд том боломж байсан. Бид 13 төрлийн ногоо тарьсан. Органик гэдгийг баталгаажуулаад шар лого авсан. Манайхан байцай тарих олон жилийн туршлагатай. Бид газраа бордохдоо малын олон жил өнжсөн хар бууцыг нарийн шигшүүрээр шигшиж талбайдаа үндэс болгондоо хийдэг. Манай хоршоо орон нутгийн эмэгтэйчүүдэд талбай дээрээ сургалт хийсэн. Бид ийм ийм юм хэрэглэж байна гээд үзүүлсэн. Одоо цэцэрлэг, сургуулийнханд сургалт хийх гэж байна. Биднийг сайн ажиллаж байна гээд яамнаас өргөмжлөл өгсөн. Удахгүй Сэлэнгэ аймагтаа үзэсгэлэн худалдаанд оролцоно. Утсаар хүмүүс яриад “Байцай тэдэн шуудайг авмаар байна” гээд захиалдаг. Манайх орон нутагтаа их танигдсан. Ус, хөрсөнд шинжилгээ хийхэд цэвэр гарсан. Ноднин нэг кг байцайгаа 190 төгрөгт өгч байсан бол энэ удаа 600-700 төгрөгөөр өгч байна” хэмээн ярилаа.

Ногоочид бие биедээ хяналт тавьдаг

“Сэлэнгэ таван хайрхан дундын хоршооны дарга” Ч.Оюунтуяа Сэлэнгэ органик хамтын баталгаажилтын байгууллагын тухай танилцуулсан юм.

-Хамтын баталгаажилтын байгууллага органик хүнсийг баталгаажуулдаг чухал газар юм байна. Хэр хүлээн зөвшөөрөгдсөн газар вэ, ямар хүмүүсээс бүрддэг вэ?

-Хамтын баталгаажилтын байгууллага маань харилцан итгэлцэлд тулгуурлаад, бие биенээ хянаж, баталгаажуулдаг. Хамгийн богино сүлжээ гэсэн үг. Органик хүнсний тухай хуульд Хамтын баталгаажилтын байгууллагаар харилцан итгэлцэл дээр тулгуурлан нэг нэгнийхээ бүтээгдэхүүнийг баталгаажуулна гэж тусгасан заалтаар бид ажиллаж байна даа. Манай Сэлэнгэ органик хамтын баталгаажуулалтын байгууллага Сэлэнгэ аймагт 2019 оны зургадугаар сард байгуулагдсан. 19 үйлдвэрлэгч, дөрвөн хэрэглэгч талын бүрэлдэхүүнтэйгээр ажилладаг. Үйлдвэрлэгчид гэдэг нь анхан шатны үйлдвэрлэгчид ногоочид, зөгийчид юм.

-Ногоочид, зөгийчид бие биенээ баталгаажуулна гэсэн үг үү, ямар хяналт тавьдаг вэ?

-Харилцан итгэлцэлд тулгуурлаад энэ хүний бүтээгдэхүүн органик гэдгийг гэрчилж байна. Үйлдвэрлэлийн бүх процесст хяналт тавьдаг. Хөрс, ус нь цэвэр үү, энэ хүн яг органик үрийг авч тарьж байна уу, ургамал хамгааллын хор, бордоо хэрэглэж байна уу гэдэгт байнга хяналт тавьдаг. Долоон ногоочин байлаа гэхэд нэг нэгнийхээ талбайг өдөр тутам хянаж байна гэсэн үг. Дээр нь хэрэглэгч талууд маань эрүүл хүнс идэх хэрэгтэй шүү дээ. Авах гэж байгаа хүнсэндээ байнгын хяналт тавина.

-Хэрэглэгч тал гэхээр ямар хүмүүс байна?

-Сэлэнгэ таван хайрхан дундын хоршоо, Сэлэнгэ аймгийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг, Дарханы ургамал газар тариалангийн хүрээлэнгийн төлөөлөл байна. Дээр нь Сэлэнгэ аймгийн хөдөө аж ахуйн хоршоологчдын холбоо байна.

-Ногоочид ойрхон байдаг учраас биедээ биедээ хяналт тавих юм байна. Ашиг сонирхлын зөрчил үүсч болох уу. Минийхийг баталгаажуулбал чинийхийг хүлээн зөвшөөрье гээд тохирчих юм биш үү?

-Долоон ногоочин бие биенээ хянаж дотоод хяналт хийгээд, багийн тайлан, хяналтын хуудсуудаа бөглөөд, манайх органик гэдгийг гэрчлэхэд хэрэглэгч тал гэнэтийн хөндлөнгийн хяналтыг түүвэрлэсэн аргаар хийхэд тэр долоон ногоочны хэн нэг нь хяналтаар унавал тэр долоогийн ногоог бүгдийг нь органик гэж үзэхгүй. Төрийн байгууллагын байцаагч нар ногооны талбайгаар тэр бүр яваад байж амжихгүй, нарийн хянаж чадахгүй. Хөрш зэргэлдээ хүмүүс өдөр тутам нэг нэгнийхээ үйл ажиллагааг хянаж амжина. Хариуцлагаа цуг үүрдэг. Чи намайг хянаж байлаа гэхэд манай талбайгаас хор, бордоо илэрлээ гэхэд өөрийн чинь зунжин ногоогоо органикаар тарьсан ногоо баталгаажихаа байна. Чи тэгж ажиллах уу? Хариуцлага нь маш өндөр хэмээн тайлбарлав.

Органик ногоо борлуулах цэг нээж өгөхийг хүсэв

АДРА Олон улсын байгууллагын “Органик хөдөө аж ахуйн түншлэл” төслийн менежер Г.Цэцгээ “АДРА Олон улсын байгууллага Монголд 25 жил үйл ажиллагаа явуулж байгаа. Бид 180 гаруй төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн. 2018 оны есдүгээр сараас “Органик хөдөө аж ахуйн түншлэл” төслийг Германы эдийн засаг хөгжлийн яам, АДРА Германы санхүүжилттэйгээр хэрэгжүүлж байна. Энэ төсөл маань ХХААХҮЯ, Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газар, АДРА Олон улсын байгууллагын Сэлэнгэ аймагт хэрэгжиж байгаа органикийн анхны төсөл гэж хэлж болно. Бид Сэлэнгэ аймгийн 11 суманд анхан шатны 30 хоршооны 918 гишүүн, дундын маркетинг хариуцсан нэг дундын хоршоотой хамтарч ажиллаж байгаа юм. Бид органик хөдөө аж ахуйг газар тариалангийн бүс нутаг болсон Сэлэнгэ аймгаас эхэлье. Хөдөө аж ахуйн анхан шатны үйлдвэрлэлээс гарч байгаа зөгийн бал, хүнсний ногоог нэмүү өртөг шингээж, баталгаажсан бүтээгдэхүүн болгож зах зээлд нийлүүлье. Жижиг талбайд тариалан эрхэлж байгаа тариаланчдын орлогыг нэмэгдүүлье гэсэн зорилготой. Дэлхий нийтэд органик хөдөө аж ахуй жилдээ 20 орчим хувь өсч байгаа. Тогтвортой хөдөө аж ахуйг бий болгох хүмүүсийн орлогыг нэмэгдүүлэхэд хөдөө аж ахуйн үйл ажиллагаанд оролцож байгаа бүх талууд жигд ашиг авдаг байх хэрэгтэй. Түүнээс биш ченжүүд ашиг хүртээд, тарьж байгаа хүмүүс нь хамгийн бага ашиг хүртдэг байж таарахгүй. Органик хөдөө аж ахуйн үйлдвэрлэл дотроо газар тариалан, зөгий мал аж ахуй орно. Хүнсний үйлдвэрлэлийн бүх дамжлага нь органик бол органик хүнс үйлдвэрлэл гэж үндсэндээ хоёр хувааж байгаа. Бид анхан шатны органик хөдөө аж ахуйн үйлдвэрлэл дээр ажиллаж байгаа жижиг талбайд тариалан эрхэлдэг ногоочидтой ажиллаж байна. Энэ хүмүүсийн орлогыг нэмэгдүүлэх юм. Ямар ч химийн бордоо хэрэглэхгүйгээр тариалалт эрхэлнэ гэдэг байгаль орчиндоо ээлтэй байна гэсэн үг. Хөрс эрүүл байвал дээр нь байгаа ургамал, түүнийг идэж байгаа хүн эрүүл байна. Мал нь эрүүл байна. Сэлэнгэ аймагт 330 орчим жижиг талбайд ногоо тариалж байгаа хүмүүс, 25 зөгийчинтэй хамтарч ажиллаж байна. Сэлэнгийнхэн олон жил газар тариалан эрхэлсэн учраас хөрсний шинжилгээ авхуулсан. 263 жижиг талбайгаас хөрсний дээж аваад хөрс нь органикт нийцэх юм уу гэж үзсэн. Монгол Улсын Органик хүнсний тухай хууль, дүрэм журамд заавал шинжилгээ авна гэсэн заалт байхгүй л дээ. Гэхдээ бид эхнээсээ шинжлэх ухааны үндэслэлтэй үйлдвэрлэл явуулах хэрэгтэй гэж үзээд том найман гол мөрнөөс усны шинжилгээ авхуулсан. Усанд хүнд металл байна уу гэдгийг үзсэн. Сэлэнгэ аймагт алт угаадаг газартай ойрхон газруудын ус нь бага хэмжээний бохирдолтой гэж гарч байгаа боловч нэг голоос хүнд металл илэрсэн шүү. Ногоочдынхоо гар худгийг шинжлүүлэхэд гайгүй гарсан учраас органик газар тариалангийн ажлаа эхэлсэн. Энэ жил манай 330 орчим тариаланчид 325 га-д тариалалт хийсэн. Үүнээс 80,9 га нь органик. Бид 16 төрлийн органик ногоо тариалаад, арван төрлийн хүнсний ногоогоо ХХААХҮЯ-ны Органик хүнсний бүртгэл, мэдээллийн санд органик бүтээгдэхүүнээр бүртгүүлээд, хөндлөнгийн баталгаажилт хийлгэсэн. Органик гэж хэлж л байгаа бол бүтээгдэхүүн баталгаажсан, шошго тэмдэгтэй байх ёстой. Манайхан хамтын баталгаажилт гэдэг аргыг ашигласан. Хэрвээ гадаадад гаргах бол хөндлөнгийн баталгаажилт хийлгэнэ. Гадаадын байгууллагаас ирж баталгаажуулахад маш үнэтэй байдаг. Монголд байгаа баталгаажилтын байгууллагууд хөндлөнгийн баталгаажилт хийж болдог юм байна л даа. Манай жижиг тариаланчид, зөгийчид, ногоочдын хувьд Хамтын баталгаажилт гэдэг тогтолцоог бий болгосон. Бид гурав бие биентэйгээ ойрхон байдаг ногоочид байлаа гэхэд нэгдүгээрт, органикийн бүх стандартыг хангана. 3000 машин явдаг замаас танай тариалангийн талбай 25-50 метрийн зайтай байна уу, химийн хор цацдаг хөршийн тариаланчаас 25 метрийн зурвас үүсгэнэ, хогийн цэгээс хол байна, маш гоё органик талбай байгуулчхаад жорлонгоо дэргэд нь байлгаж болохгүй. Хөрс бохирдох эрсдэлтэй учраас жорлон тодорхой зайд байрлах, хөрс бохирдуулдаггүй, эко био жорлонтой байх шинэ шалгуурыг журамд оруулахаар ярилцаж байгаа. Яаж органикаар тариалдаг бүр арга зүйдээ тариаланчид маань суралцаад явж байна. Монголчууддаа эрүүл аюулгүй баталгаатай хүнсийг нийлүүлж байна. Гэхдээ бидний тариалж байгаа талбай бүх хүнийг хангахаар хэмжээтэй биш. Өнгөрсөн хоёр сарын турш органик ногоогоо тусгай асар, борлуулалтын цэг нээгээд зарж байна. Маш их эрэлт хэрэгцээтэй байгаа. Хүмүүс эрүүл хүнс хэрэглэхийг үнэхээр хүсч байгаа. Сүхбаатарын талбайд “Дэлхийн хүнсний өдрийн” хүрээнд органик павилон ажиллуулахад өдөртөө манай бүх ногоо дууссан. Цаашдаа ямар санал төрдөө хэлмээр байна гэхээр эрүүл хүнсээр ард иргэдээ хангая гэвэл тогтвортой хөдөө аж ахуй, органик хөдөө аж ахуйг дэмжих хэрэгтэй. Тэр дундаа органик хүнс тариалж байгаа ногоочдоо дэмжих бодлого хэрэгтэй. Энэ хүмүүсийг, инновац шингэсэн тоног төхөөрөмж, үр бордоогоор хангах, хөнгөлөлт үзүүлэх, дэмжих, хамгийн гол нь борлуулалтын цэгүүдийг нээж өгөөсэй гэж хүсч байна. Органик, органик бус бүтээгдэхүүн холилдох ёсгүй. Тийм учраас сүлжээ дэлгүүрүүд органик бүтээгдэхүүний лангууг бий болгох хэрэгтэй байна. Органик ногоонууд бусад хүнсний ногооноос 300-500 төгрөгөөр үнэтэй байсан. Хүмүүс үнэтэй байна гэлгүй авч байсан” хэмээн ярилаа.

Жишиг органик аж ахуй байгуулбал хүмүүс танилцаж суралцах боломжтой

Азийн бүтээмжийн байгууллагын зөвлөх Камал Мелвани ярихдаа:

-Органик аж ахуй гэдгээсээ илүү том зургаар харах хэрэгтэй. Үүнийг хүнсний болон шим тэжээлийн аюулгүй байдал, тогтвортой хөгжил, дэлхийн дулааралтай хэрхэн дасан зохицож амьдарч, тэмцэх вэ гэдэг өнцгөөс бас харах хэрэгтэй болдог. Үүнээс гадна байгальд эв найртай хандах, хаягдлыг хэрхэн багасгах вэ гэдэг чухал. Органик аж ахуй гэдгийг эко систем, сав шим талаас нь харах хэрэгтэй болж байна. Тариа, ногоо тарьж, органик аж ахуй эрхэлж байгаа хүмүүс маань зөвхөн тарьж байгаа бүтээгдэхүүнээсээ орлого олох бус байгаа орчныхоо эко системийг хангаж чадаж байгаа учраас хөрс нь баяжиж, үржил шимтэй болсноор амьдралын чанар нь сайжирч, байгаль орчны сөрөг нөлөөг тэсвэрлэж гарах чадвартай болно. Органик байхын тулд цаг хугацаа, хөдөлмөр зарцуулах хэрэгтэй болно.

Органик тариалалт гэдэг том дүр зургийн зөвхөн нэг хэсэг юм. Ландшафтын дизайн буюу байгалиа эргээд анхны хэлбэрт нь оруулж, экологийн тэнцвэрийг хадгалах чухал болохоос биш органик гэдэг үнэтэй хүнс үйлдвэрлээд, ашиг олох нь нэгдүгээр асуудал биш. Хэрэв хүмүүс ингэж сэтгэлгээгээ өөрчилж чадвал амжилтад хүрнэ. Богино хугацааны зорилт ногоо авах. Урт хугацаандаа юу хийхээ ландшафтын дизайнтай хослуул гэж яагаад яриад байна гэхээр зөвхөн ногоо тарих бус эмийн ургамал, модны аж ахуйд нийлүүлэх мод тарьж болно. Жимсний мод тарьж болно. Өөрөөр хэлбэл бүтээгдэхүүнээ олон янз болгоод, ингэхдээ байгаль цаг уурын өөрчлөлтөд зохицсон мод, жимс тариалах нь үр дүнтэй. Өнөөдөр таван ширхэг хуш мод тарилаа гэж бодоход хорин жилийн дараа ган зуд боллоо гэхэд модныхоо самрыг авах юм уу, модоо мод бэлтгэх үйлдвэрт нийлүүлэх боломжтой болно гэсэн үг.

Фермерүүд, ногоо тариалагчид нүдээрээ харсан зүйлд л итгэхээс биш сайхан бодлого хөтөлбөр яриад үр дүн багатай. Монголын бүтээмжийн байгууллага болон ХХААХҮЯ аймгуудад, бүсүүдэд жишиг органик аж ахуй бий болговол хүмүүс ирж танилцаад суралцах боломжтой гэв.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com