Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Шахмал түлшинд хордсон гэх дуудлага ирсээр байна

Нийслэлийн онцгой комиссоос сайжруулсан шахмал түлштэй холбоотой асуудлаар өчигдөр /2019.10.17/ цаг үеийн мэдээлэл өглөө. НОБГ-ын ГУСХ-ийн дарга, хурандаа Г.Нэргүй “Хоногийн хугацаанд Яаралтай түргэн тусламжийн төвд угаарын хийд хөнгөн хэлбэрээр хордсон нийт 15 өрхийн 42 иргэн хандсан. Нэг том хүн эмнэлэгт хэвтэж, гурван хүн эмнэлгээс гарсан. 2019 оны аравдугаар сарын 17-ны өглөөний зургаан цагийн байдлаар эмнэлэгт таван том, хоёр хүүхэд нийт долоон том хүн хэвтэн эмчлүүлж байна. Дүүргээр нь авч үзвэл Баянзүрх дүүрэгт нэг өрхийн гурван иргэн, Хан-Уул дүүрэгт хоёр өрх, Сонгинохайрхан дүүрэгт найм, Чингэлтэй дүүрэгт нэг аж ахуйн нэгжийн байранд, Сүхбаатар дүүрэгт нэг өрхийн нийт 15 өрхийн 42 иргэн эмнэлэгт хандсан байна. 2019 оны аравдугаар сарын 2-ноос 17-ны хүртэлх өдрүүдэд угаарын хийн хордлогоор 180 удаагийн дуудлагаар 482 иргэнд эмнэлгийн тусламж үзүүлсэн. Үүнээс 165 хүүхэд, 237 насанд хүрэгчид байна” гэв.


Нийслэлийн 220 мянган өрх жилд нэг сая 200 мянган тонн түүхий нүүрс түлдэг байсан бол сайжруулсан шахмал түлш 600 мянган тонныг түлнэ гэсэн тооцоо байв. Тоон харьцуулалтаас харахад агаарын бохирдол 50 орчим хувиар багасахаар байна гэж тооцсон байдаг. Хүний амь нас эрстэж, олон хүн хордсон ноцтой явдлын дараагаар Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн сайжруулсан шахмал түлш борлуулах 17 цэгээс 23 дээж авч АМГТГ-ын харьяа лаборатори, Геологийн төв лаборатори болон барьцалдуулагч бодисыг шалгуулахаар Гаалийн төв лабораторид шинжлүүлэхэд “Хүний эрүүл мэндэд хортой бодис илрээгүй” дүгнэлт гарсан гэж албаныхан одоо мэдээлж байгаа. Тэгтэл долоон хүн нас барж олон хүн хордлогод орж эмчлүүлж байна. Гэр хорооллын иргэд шөнө нойргүй хонож, тайван ч амарч чадахаа байсан тухай ярьж байна. Эрдэнэт хүний амь нас эндчихээд байхад “Хүний эрүүл мэндэд хортой бодис илрээгүй” гэж “гүрийж” буй албаныхан “Өнгөрсөн хоёрдугаар сарын 15-ны өдөр сайжруулсан түлшний чанарын талаар “Хүний эрүүл мэнд, амь насанд эрсдэлтэй” гэдэг дүгнэлт гарч байсныг таг нуусан талаар баримт гарч ирж байсан. Ийнхүү Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газрын хэмжилтийн дүнгийн хуудсанд ноцтой дүгнэлт гарч байсныг нууж байсан Засгийн газар, хот, “Таван толгой түлш” ХХК-ийнхан одоог болтол амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхний өмнө буюу иргэдийн өмнө гарч ирж уучлалт гуйж хариуцлагаа хүлээсэнгүй. Харин ч нэмж хүн эндэх магадлал өндөр байгаа энэ цагт шахмал түлш ямар ч асуудалгүй, иргэд галаа түлж чадсангүй гэх маягийн мэдээллийг хийсээр байна. Сайжруулсан түлш буюу шахмал түлшний талаарх байр суурийг хүргэе.

Д.Баттулга: Улаанбаатарчууд түлшний хомстолд ороход ойрхон байна

НИТХ-ын дарга асан, Нийслэлийн Ардчилсан намын дарга Д.Баттулга:

-Шахмал түлшнээс болж олон хүн нас барж, хордлоо. Та нийслэл хотыг удирдан ажиллаж байсны хувьд тулгамдсан энэ асуудлыг хамгийн түрүүнд анхаарч бас мэдэрч байгаа хүний нэг. Юунаас болж хүний амь эрсдэв гэж та харж байна вэ?

-Агаарын бохирдлыг бууруулна гэж чухам яг юуг хэлээд байна вэ. Нүдэнд харагдаж буй утааг арилгах юм уу, эсвэл түлж байхад гардаг ПМ2.5, ПМ10-ыг багасгах ёстой юм уу гэдэг асуудал гарч ирж байна. ПМ2.5, ПМ10 гэдэг нь тоосонцор шүү дээ. Энэ нь хүний үсний диаметрээс хэд дахин бага хэмжээтэй тоосонцор. Энэ нь хүний амьсгалж буй агаараар дамжин дотоод эрхтнийг гэмтээдэг аюултай. Улмаар хүний цусанд орж, генд нөлөөлдөг аюултай. Тиймээс агаарын бохирдлыг бууруулна гэдэг нь дээрх хоёр төрлийн тоосонцорыг багасгахыг л хэлээд байгаа юм. Гэтэл өнөөгийн хэрэгжүүлж буй арга бидний эл зорилгод нийцэж байгаа, эсэхийг хүмүүс огт ярихгүй байна. Нүдэнд харагдах утааны их, багын талаар яриад байна. Одоо бүгд л түлшний сайн мууг дуудалцаж байна. Одоо түлш стандартад нийцсэн гэж л яриад байна. Харин стандартыг түлшинд тааруулаад баталчихсан нь эмгэнэлтэй. Яагаад вэ гэвэл хэдэн мянган тонн үйлдвэрлэж, нөөцөлснийхөө дараа буюу энэ оны тавдугаар сард шахмал түлшний стандартыг шинэчлэн баталсан. Гэтэл тэрхүү стандартын дагуу хийсэн түлшнээс иргэд угаартаад байна. Угаар гэдэг нь дутуу шаталтаас гарч буй хий. Энэ нь нүүрстөрөгчийн дутуу исэл. Тиймээс эхлээд түлшээ биш, түлшнийхээ шаталтыг ярих хэрэгтэй. Дутуу шаталтын зэргийг тогтоох лаборатори уг нь манай ШУТИС-д байдаг. Гэтэл уг төхөөрөмж нь эвдэрчихсэн юм байна билээ.

-Сайжруулсан түлшийг өмнө нь туршиж, хэд хэдэн айл түлж үзсэн гэсэн тайлбарыг хэлж байгаа?

-Өнгөрсөн жил Сонгинохайрхан дүүрэгт туршиж, тухайн үед хэсгийн ахлагч нарт өгч, хэрэглүүлж, санал сэтгэгдлийг нь авсан гэдэг билээ. Тухайн үед хорооны хэсгийн ахлагч нар хэрэглэж үзээд, “үнэр гарч байна”, “үнс их”, “илчлэг бага” гэх мэт сэтгэгдэл хэлж байсан гэнэ. Тэгээд л өөрсдийнхөө түлж байсан түүхий нүүрстэйгээ холиод дуусгасан. Тиймээс яг тодорхой шийдвэр гаргах түвшний туршилт хийгээгүй гэдэг нь харагдаж байна. Засгийн газраас угаар мэдрэгч тараах тухай шийдвэрийг сонсоод “Сайжруулсан түлшийг ямар нэгэн зууханд хэрэглэвэл хүссэн, хүсээгүй их хэмжээгээр угаар гарна” гэдгийг эрх баригч нар хүлээн зөвшөөрчихлөө гэж үзэж байна. Гэтэл тухайн мэдрэгч нь угаарыг хэдэн шоо метрт, ямар хэмжээний дутуу исэлдсэн нүүрс төрөгчийн хий байхад нь мэдрэх вэ. Тэр нь хүнд ямар хор нөлөө үзүүлэх талаар хэн ч ярихгүй байна. Тухайн мэдрэгч дуугарах хүртэл гэрт байгаа хүмүүс угаартахгүй байх баталгааг заавал эхлээд өгөх хэрэгтэй. Улаанбаатарт түүхий нүүрс түлэхгүй гэх шийдвэр бол улс төрийн том шийдвэр. Одоо нэгэнт уг шийдвэрээсээ буцах гарцгүй болчихсон учраас энэ шийдвэрээ хэрхэн цааш үргэлжлүүлэх вэ гэдгийг л эрх баригчид юуны түрүүнд анхаараад байна. Нэгэнт бодлогын шийдвэр бол эхлээд хүний амь нас эрүүл мэндэд нөлөөлөх нөлөөллийг тооцож, хэрвээ эрсдэл үүсэхэд хариуцлагыг үүрэх, цаашид гарах эрсдлээс хамгаалах ямар арга хэмжээ авч байна вэ гэдгээ дэлгэрэнгүй танилцуулах ёстой. Түүнээс биш сошиалаар утаа байна, байхгүй гэх мэдээллийг мянга түгээгээд амьдрал дээр, үнэний талд буухаас цааш хариуцлагын тал дээрээ эхлээд анхаармаар харагдах юм.

-Та Сүхбаатар дүүргээс сон­гогдсон Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч. Дүүргийнхээ гэр хорооллын иргэдтэй уулзсан уу?

-Ажлын хэсэг гарч, гэр хорооллоор явж, иргэдтэй уулзлаа. Тус газраар явсан төрийн албан хаагчидтай ч бас уулзлаа. Одоо гэр хорооллын иргэд бүгд айдастай байна. Сайжруулсан түлш түлэхээс айгаад сууж байна. Цаг агаар хүйтрээгүй байгаа учир маш бага хэмжээгээр түлш түлж байгаа юм билээ. Гэтэл ийм үед онцгой байдлын газрынхны өгсөн мэдээллээр өдөрт 13-15 дуудлага ирж байгаа гэнэ. Нийт 300 гаруй дуудлага хүлээн авсан гэж байна. Гэтэл цаана нь дуудлага өгөөгүй хэчнээн хүн байгааг бид мэдэхгүй. Гадаа улам хүйтрээд эхлэхээр хөлдөж үхэхгүйн тулд хүссэн хүсээгүй уг түлшийг түлэх л болно. Тэр үед юу болох бол.

Нийслэлийн Иргэдийн хурал дээр бидэнд өгсөн албан ёсны мэдээллээр есдүгээр сарын сүүлээр гэхэд 180 мянган тонн сайжруулсан түлш нөөцөлчихсөн байгаа гэнэ. “Тавантолгой түлш” компани бүх хүчин чадлаараа ажиллахад сард 75 мянган тонн түлш бэлтгэх гэнэ. Тэгвэл 10, 11, 12 дугаар сард дээд тал нь 225 мянган тонн түлш бэлтгээд, нийт 405 мянган тонн түлштэй болно. Гэтэл ирэх он гартал зөвхөн гэр хорооллын айл өрх 400 мянган тонн түлш түлнэ гэсэн тооцоо гарч ирж буй. Үүн дээр урьд нь тооцоонд ороогүй байсан 1000 гаруй уурын зуух шахтал түлш түлэх шаардлагатай болсон. Үүнээс харахад энэ оны эцэс, ирэх оны эхээр улаанбаатарчууд шахмал түлшний хомстолд орж, гал алдахад хүрэх тооцоо гарч байна гэв.

Шахмал түлшинд хүнийг шууд үхэлд хүргэх аюултай бодис байгаа юу?

Засгийн газраас гаргасан Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай 62 дугаар тогтоолыг өнгөрсөн тавдугаар сарын 15-наас хэрэгжүүлж эхлэн, Улаанбаатар хотод түүхий нүүрс хэрэглэхийг хориглон, сайжруулсан түлшээр иргэдийг хангаж байгаа. MNS 5679:2014 стандартын чанарын шаардлагыг хангасан тус түлшийг нийслэлчүүдэд хэрэглүүлснээр агаарын бохирдол 50 хүртэлх хувиар буурна гэж судлаачид үзсэн. Харамсалтай нь ид утааны улирал эхлээ ч үгүй байхад хүний амь нас, эрүүл мэнд хохирчхоод байгаа. Хүний амь нас эрсэдсэний дараагаар цагдаа, мэргэжлийн хяналтынхан “Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрийг битүүмжлэн шалгаж эхэлсэн байдаг. Эхний үзлэгээр тус үйлдвэрээс маш ноцтой зөрчил илэрсэн. Шахмал түлшинд таван төрлийн хольц орж байгааг Эрчим хүчний яам, “Таван толгой түлш” ХХК-аас мэдээлээд байсан. Гэтэл үйлдвэрт хийж буй шалгалтаар “Энержи ресурс” ХХК-аас авчирсан нүүрсэнд ганцхан цардуул холиод бөөрөнхийлөн гаргаж байсан нь илэрсэн байна. Өөрөөр хэлбэл, “Тавантолгой түлш” ХХК нь Засгийн газрын түвшинд танилцуулж байсан, олон нийтэд мэдээлж байснаараа шахмал түлшийг үйлдвэрлээгүй байсныг хууль хяналтын байгууллагынхан тогтоож эхэлсэн гэх мэдээлэл гарсан. Мөн шахмал түлштэй холбоотой бас нэг ноцтой мэдээлэл албаны хүмүүсийн дунд яригдаж байгаа нь одоогоос сар гаруйн өмнө “Тавантолгой түлш” ХХК-ийн дөрвөн шуудай шахмал түлшийг ОХУ-ын лабораторид шинжлүүлэхэд шинжилгээний хариугаар уг түлшнээс шоргоолжны хүчил гэдэг бодис илэрсэн гэх. Энэ нь түлшийг 5-6 цаг ноцоох үед шоргоолжны хүчил хэмээх бодис нь их хэмжээгээр ялгарч байгааг тогтоосон байна. Нэг үгээр хэлбэл, шахмал түлшний барьцалдуулагчид шоргоолжны хүчил агуулагдаж байж болзошгүй гэсэн үг юм. Шоргоолжны хүчил нь угаарын хийтэй хавсарвал хүнийг шууд үхэлд хүргэх аюултай юм байна. Гэтэл албаны хүмүүсийн тайлбараар шахмал түлш ямар ч аюулгүй гэж хэлж буйд итгэх итгэл иргэдэд үнэндээ алга.

М.Ганбаатар: Мэргэжлийн байгууллагын дүгнэлт дээр өөрсдийн үйл ажиллагааг хянаж ажилладаг гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдье

Хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулсан хэргийн гол буруутны нэг гэгдэж буй “Тавантолгой түлш” ХХК-ийн Гүйцэтгэх захирал М.Ганбаатар ингэж ярьжээ.
-Шахмал түлшний найрлагыг бид шууд зохиосон юм биш. 1800-аад оноос эхлэн дэлхийн улс орнууд шахмал түлшийг хийж, хэрэглэж ирсэн. Одоогоор Хятад, Солонгос, Англи гэх мэт олон улс оронд өргөн дэлгэр хэрэглэдэг. Ихэвчлэн ил гал буюу камен зуухандаа түлж хэрэглэдэг. Яг тэр технологийнх нь дагуу бид үйлдвэрлэж, ахуйн хэрэглээнд нэвтрүүлж байгаа. Манай түлшинд медлин буюу угаасан нүүрс, бентонит шавар, барьцалдуулагч, эрдэнэшишийн цардуул, ус гэсэн түүхий эдүүд ордог. 93-95 хувийг эзэлж байгаа медлин буюу угаасан нүүрс нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, коксжсон нүүрс. Манай Монголчуудын өдөр тутамдаа хэрэглэдэг байсан Алагтолгой, Налайх, Багануурын нүүрснээс өөр. Тэр нүүрс бол маш их, тортог бохирдолтой нүүрс. Бентонит шавар бол байгалийн шавар бөгөөд барьцалдуулах үүрэгтэй. 40 тонн түлшинд ойролцоогоор нэг шуудай шавар ордог. Барьцалдуулагч мөн маш бага хэмжээгээр ордог бөгөөд олон улсад өргөн хэрэглэдэг уг барьцалдуулагчийг БНХАУ-аас импортоор авдаг. Эрдэнэшишийн цардуулыг хүнсэнд ч түгээмэл хэрэглэдэг. Эдгээр нэгдлүүдээс гадна чийглэгийн агууламжийг тохируулахын тулд ус нэмдэг. Ингээд тодорхой түвшинд хатаагаад хэрэглэгчдийн гар дээр очиж байгаа. Бид үйлдвэрлэлийн технологийн горимыг байнга хянаж ажилладаг. Долоо хоног бүр мэргэжлийн байгууллагад шинжилгээ өгдөг. Бид шинжилгээний дүнд үндэслэж ярихаас биш аль нэг үзүүлэлтэд түшиглэж ярьж болохгүй. Мэргэжлийн байгууллагын гаргасан шинжилгээний дүгнэлт дээр өөрсдийн үйл ажиллагааг хянаж ажилладаг гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдье. Өнөөдөр зөв галлагааг нэвтрүүлэх нь чухал байна. Цаашид Монгол хүний байх байхгүй тухайг хөндөх агаарын бохирдлын асуудал, Монголын хүн амын тал нь болох 1.5 сая хүний язгуур эрх ашгийг хамгаалж утаатай тэмцэх талаар асуудал дэвшүүлж байгааг зөв талаас ойлгож зөв хэрэглээг сурталчлахад туслах хэрэгтэй байна. Өнөөдрийн бидний үйлдвэрлэж байгаа шахмал түлшний найрлагыг сүүлийн 20-оод жилийн судалгаа, шинжилгээний ажлын үр дүнд гаргасан. Үйлдвэрлэлийн дараах туршилтыг СХД-ийн 28-р хороонд жил гаруйн хугацаанд хийсэн. Түлшний чанарт хийсэн олон улсын болон дотоодын лабораториудын шинжилгээний дүн бидэнд байгаа. Тиймээс шахмал түлшний чанарт эргэлзэх хэрэггүй. Өөрөөр хэлбэл, галлагааны горимын алдааг шахмал түлш рүү чихэж болохгүй. Галлагааг зөв хийгээгүй тохиолдолд яндангаар гарах ёстой утаа гэр дотор, хүний биед орж хордуулж угаартуулж байна гэсэн тайлбарыг өгчээ.

Ийнхүү өвлийн дүн хүйтэн наашилж буй энэ цаг өдөртөө хордлогод орлоо гэх хүмүүсийн дуудлага тасрахгүй байна. Ид өвлийн хүйтнээр түлшний хомстолд орох, нэмж хүний амь нас эрсдэхгүй гэх баталгаа алга. У.Хүрэлсүхийн Засгийн газар, С.Амарсайхан даргатай хот хүний амь нас эрсэдчихээд байхад хариуцлага хүлээхгүй хэвээр байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com