-Ипотекийн зээлийг амины орон сууцанд-
Засгийн газрын хуралдаанаар өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 05-нд Орон сууцны зээлийн хөнгөлөлттэй санхүүжилтийн журмыг шинэчлэн баталсан. Уг журамд оруулсан гол өөрчлөлт нь анх удаа орон сууц авч байгаа иргэд, нийслэлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан орон сууц, гэр хорооллын амины орон сууцийг хөнгөлөлттэй зээлд хамруулах тухай юм. Амины орон сууц нь инженерийн дэд бүтэцтэй, эрчим хүчний хэмнэлттэй, нийт талбай 120 ам метр хүртэлх талбайтай байх бөгөөд 60 сая хүртэл төгрөгийн зээл олгох юм байна. Зээлийн хугацаа 360 хүртэл сар, жилийн хүү найман хувь, урьдчилгаа төлбөрийн хэмжээ тухайн орон сууцны үнийн дүнгийн 30 хувиас багагүй, зээлийн үнэлгээний 70 хувиас ихгүй байхаар зааж өгчээ. Ийм хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг 200 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр болсон.
Энэ бол утаатай тэмцэхэд бодитой хувь нэмэр оруулах шийдвэр болсон юм. Амины орон сууцанд ипотекийн зээл олгох тухай өмнөх Засгийн газрын үед буюу 2013-2015 онд ярьж байсан бөгөөд нийслэлд туршилтын журмаар цөөн айл өрхөд амины орон сууц барихад нь зориулж найман хувийн хүүтэй ипотекийн зээл олгож байсан юм.
Дээрх Орон сууцны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн журмыг баталснаас хойш энэ оны эхний хагас жилийн байдлаар Засгийн газрын эх үүсвэрээр 55 тэрбум төгрөгийн санхүүжилтийг банкуудад олгож 882 иргэн ипотекийн зээлд хамрагдсан байна. Гэхдээ энэ 882 иргэний хэд нь анх удаа орон сууц худалдан авсан иргэд, хэд нь амины орон сууц барихад зориулж ипотекийн зээл авсан иргэд гэдгийг тодорхой дурдсан статистик алга.
Утаатай тэмцэхэд шахмал түлш, утаагүй зуух, гэрийн дулаалга бүрээс зэрэг нь түр зуур аргацаах төдий алхам болохоос биш алс хэтдээ явуургүй гэдэг нь сүүлийн арав гаруй жилд батлагдсан. Хорголжин түлш, шахмал түлш, бүрэн шаталттай зуух, яндангийн шүүлтүүр гээд олон арга туршиж, хэдэн зуун тэрбумаар тоологдох мөнгийг тэдгээр арга хэмжээнд зарцуулсан ч утаа улам өтгөрсөөр байгаа билээ.
-Хүний эрхийг зөрчсөн хот төлөвлөлт-
Уг нь Улаанбаатарын утааг бууруулахын тулд орон сууц л олноор барих ёстой. Тиймээс гэр хорооллыг дахин төлөвлөх ажлыг нийслэлийн хэд хэдэн дүүрэгт эхлүүлсэн. Харамсалтай нь энэ ажил гараан дээрээ шахуу гацсан юм. Тооцоо судалгаагүйгээр, хэт захиргааны аргаар эхлүүлсэн дахин төлөвлөлтиийн золиос болж олон айл өрх газраа чөлөөлж өгөөд, гудманд гарсан. Энэ асуудал хууль хяналтын байгууллагаар дамжин бүр өндрөө авч Хүний эрхийн үндэсний комисст хүрээд байгаа билээ. Хүний эрхийн үндэсний комиссоос жил бүр гаргадаг Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний төлөв байдлын илтгэлийн 2018 оны ээлжит илтгэлд “Нийслэлийн хот төлөвлөлттэй холбогдох хүний эрхийн асуудлаар” гэсэн тусгай бүлэг санал багтсан юм. Уг саналд хот төлөвлөлтийн төсөл хөтөлбөрийн хүрээнд газраа чөлөөлж, үл хөдлөх эд хөрөнгөгүй болж хохирсон иргэдийн хохирлыг нэн даруй барагдуулах арга хэмжээ авах; Хот суурин газрыг хөгжүүлэх харилцааны эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох иргэдийг амьдрах байраар хангасан нөхцөлд газар чөлөөлж үл хөдлөх эд хөрөнгийг буулгах, гэрээгээр тохирсон хугацаанд байр олгоогүй нөхцөлд үүрэг хүлээсэн төрийн болон бусад байгууллага, аж ахуйн нэгж бүрэн хариуцдаг зохицуулалттай болох гэсэн асуудлыг тусгаж өгчээ.
Эндээс харахад гэр хорооллын газрыг чөлөөлж орон сууцжуулах асуудал адармаатай, эмзэг бөгөөд хэрвээ гүйцэтгэгч тал ямар нэг байдлаар хойрго хандах, эсвэл бусад давагдашгүй хүчин зүйлийн улмаас чөлөөлсөн газарт орон сууц барилгүй удвал хүний эрхийн зөрчил болж хувирахаар байгаа ажээ.
Яг ийм нөхцөлд амины орон сууцанд ипотекийн зээл олгох эрх зүйн боломж бүрдсэн нь талархууштай шийдвэр юм. Барилга, хот байгуулалтын яамнаас гаргасан судалгаагаар нийслэлд 73336 өрх, орон нутагт 37266 өрх өөрийн өмчлөлийн газартаа инженерийн хангамж бүхий амины орон сууц барих хэрэгцээ, шаардлага байгаа ажээ. Энэ бол нийслэлийн гэр хорооллын нийт айл өрхийн 25 хувь нь өөрсдийн амьдарч буй газар дээрээ амины орон сууц барих сонирхолтой байгаа гэсэн үг. Гэр хорооллын айл өрхүүдийн хувьд өмчилж авсан газар нь тэдний хамгийн үнэ цэнтэй үл хөдлөх хөрөнгө нь. Тиймээс түүнийгээ өндөр үнэлж байгааг буруутгах аргагүй. Дахин төлөвлөлтөд орсон гэр хорооллын иргэд болон захиалагч нийслэлийн захиргаа, гүйцэтгэгч компаниудын хооронд үүсдэг хамгийн том үл ойлголцол газрын үнэлгээ байдаг нь ийм учиртай. Энэ үл ойлголцлоос болж газар чөлөөлөх ажил удааширч байгаа.
-Дахин төлөвлөлтийг дахин эрчимжүүлье-
Перу улсын нэрт эдийн засагч Эрнандо де Сото “Монголын эдийн засгийн форум-2010”-д ирж оролцохдоо Улаанбаатарын гэр хорооллын дор 7.2 тэрбум доллар сул хэвтэж байна хэмээн хэлсэн. Энэ бол гэр хорооллынхны үл хөдлөх хөрөнгө буюу өмчилж авсан газрын үнэ цэнийг хэлсэн хэрэг. Иргэдийнхээ үнэ цэнтэй үл хөдлөх хөрөнгийг аль болох үнэгүйдүүлэн байж нэг, хоёр өрөө байраар солих гэж зүтгэх нь төр захиргааны байгууллагын хувьд ч төдийлөн оновчтой алхам биш. Мэдээж агаарын бохирдлыг бууруулах гэдэг үндэслэл, олон нийтийн эрх ашиг гэдэг шалтгааныг хэлж болох юм. Гэвч энэ шалтгаан, үндэслэлийг хүлээн зөвшөөрөөд газраа чөлөөлж өөрсдөө түрээсийн байр болон хамаатан садныхаараа хоног төөрүүлж байгаа олон айл өрх хохирогч болоод байгааг дээр дурдсан.
Тэгвэл иргэд хувийн өмчийн газар дээрээ амины орон сууц барьж, төвлөрсөн инженерийн шугам сүлжээнд холбуулна гэдэг хамгийн оновчтой шийдэл. Дахин төлөвлөлтөөр газраа чөлөөлсөн айл өрхүүдийн дийлэнх нь 30-50 ам метр талбайтай 1-2 өрөө байр сонгодог. Тэгвэл амины орон сууц барих аваас 120 ам метр хүртэлх талбайтай хаус барина.
Ипотекийн зээл аваад хашаандаа амины орон сууц хаусаа барих эрх зүйн боломж нээгдсэн. Амины орон сууцаа төвлөрсөн инженерийн шугам сүлжээнд холбох асуудлыг нийслэлээс мөн шийдэж өгөхөөр болсон. Хэрхэн шийдэх вэ гэвэл төвлөрсөн дулаан хангамж очихгүй байгаа газруудад “Сервис центр” буюу дэд бүтцийн төвүүд байгуулах юм. Ийм “Сервис центр” тус бүр 200-300 өрхийг дулаан, ус, цахилгаанаар хангана. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Барилга, хот байгуулалтын яам хамтран энэ төслийг хоёр жилийн өмнөөс эхлүүлсэн. Дэд бүтцийн төв байгуулж, дулаан, цэвэр ус, бохирын системд 200-300 өрхийг холбох ажлыг хотоос эхлүүлсэн. Зөвхөн дулаанд холбоод зогсохгүй, тэндээ авто зам тавьж, нийтийн эзэмшлийн гудамж талбайг тохижуулах иж бүрэн бүтээн байгуулалт хийхээр төлөвлөсөн юм билээ. Өөрөөр хэлбэл гэр хорооллыг ирээдүйн таун хаус хороолол болгох аж.
БНХАУ-ын Засгийн газраас олгох хоёр тэрбум юанийн буцалтгүй тусламжийн хөрөнгийг Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор, бүр тодруулбал гэр хорооллын дахин төлөвлөлтийн инженерийн дэд бүтцэд зарцуулахыг Засгийн газрын тогтоолоор шийдвэрлэсэн юм.
Энэ хүрээнд гэр хорооллын айлуудад инженерийн дэд бүтцийг нь ойртуулж, татах томоохон төсөл хэрэгжүүлж байгаа. “Сервис центр” төслийн хүрээнд 200-300 айлд дулаан, цэвэр ус, цахилгаан, бохир, холбоо, дохиолол гээд инженерийн үндсэн таван шугамыг оруулж, гэр хорооллын айлууд хашаандаа орон сууцанд байгаа мэт дулаанаа авах боломж бүрдэнэ. Эхний Баянхошуу, Сэлбэ дэх “Сервис центр”-үүд ашиглалтад энэ онд ашиглалтад орно. Энэ жил Дэнжий мянга, Дамбадаржаагийн “Сервис центр”-үүд ажиллаж эхлэхээр бүтээн байгуулалтын ажил нь үргэлжилж буй. Дараагийн шатанд Улиастай, Амгаланд ийм дэд бүтцийн төвүүд мөн баригдах юм. Энэ мэтээр Улаанбаатарын хэмжээнд 100 “Сервис центр” барихаар төлөвлөж буй ажээ. Үүний үр дүнд нийслэлийн агаарын бохирдол 30 хувиар буурна гэж тооцоолсон байна.
Сервис төвүүдээс гадна орон сууцжуулах бодлогын хамгийн оновчтой шийдэл болох дахин төлөвлөлтийн асуудлыг өнөөгийн эрх баригчид гарч ирснээсээ хойш үндсэнд нь зогсоосон. Уг нь энэ ажил цаашид үргэлжилсэн бол өнөөдөр бид нүүрс, түлш, пийшин, зуухтайгаа зууралдаж суухгүй л байх байсан юм. Тиймээс дахин төлөвлөлтийг дахин идэвхжүүлэх нь чухал билээ.
Агаарын бохирдлыг бууруулахын тулд албадлагын буюу захиргааны аргаар тэмцэх нь үр дүн бага. Эхнээсээ хүний эрхийн ноцтой зөрчил үүссэн нь ХЭҮК-ийн илтгэлд тусч, НҮБ-ын чихэнд хүрээд байгаа. Тиймээс инженерийн дэд бүтцэд холбогдсон амины орон сууцыг бүх талаар дэмжих нь агаарын бохирдлыг бодитойгоор бууруулах алхам болох биз ээ.