Азийн сангаас энэ онд хийсэн судалгаагаар Монгол Улс дахь авлигын хэрэг шийдвэрлэлт 24 хувьтай гарчээ. Энэ нь Япон, Хонг Конг, Солонгос зэрэг улсуудтай харьцуулбал маш доогуур үзүүлэлт болж байгаа аж. Тиймээс Засгийн газраас Азийн хөгжлийн банкинд хүсэлт тавьсны дагуу “Монгол Улс дахь Авлигатай тэмцэх тогтолцоог бэхжүүлэх нь” төслийг манай улсад хэрэгжүүлэхээр болжээ. Төслийн хүрээнд авлигын хэрэг шийдвэрлэлтийн урсгалд нарийвчилсан дүн шинжилгээ хийх бөгөөд авлигын хэрэг шийдвэрлэгдэхгүй байгаа шалтгаан, нөхцөлийг тодруулах юм байна. Мөн уг төслийн гүйцэтгэгчээр Авлигатай тэмцэх газар, хэрэгжүүлэгчээр Улсын ерөнхий прокурорын газар, Шүүхийн ерөнхий зөвлөл сонгогджээ. Төслийн нээлт өнгөрөгч баасан гарагт болсон бөгөөд энэ үеэр дээрх байгууллагуудын төлөөлөл өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлаа хэлэлцсэн юм.
Ч.Жаргалбаатар: Ялагч нам төрийн томилгоо хийдэг учраас авлига авдаг дүр төрх арилахгүй байна
Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч Ч.Жаргалбаатар: Монгол авлигын индексийн судалгаанд хамрагдсанаас хойш ямар ч өсөлтгүй нэг л байрандаа эргэлдэж байна. Эрх баригчид авлигатай тэмцэнэ гэж ярьдаг ч, үйлдэл нь зөрж байна. Тэд авлигатай тэмцэх эрхзүйн бичиг баримтуудыг хийдэлтэй баталдаг. Авлигатай тэмцэх газрын сүүлийн хоёр жилийн статистикийг харахад, 2018 онд 84 хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлүүлсэн. Харин энэ оны эхний есөн сарын байдлаар 105 хэргийг шүүхэд шилжүүлэх санал гаргаснаас 36 хэргийг өнөөдрийн байдлаар эцэслэн шийдвэрлээд байна. Үүнээс харахад хэргүүдийг тодорхой хэмжээнд шийдвэрлэж буй. Гэхдээ бидний шалгаж буй ажлын байранд томилогдсон хүмүүс дандаа улс төрчдийн хүсэл сонирхлоор томилогдож байгаа учраас нөгөө л авлига авдаг дүр төрх арилахгүй байна. Ардчиллын хамгийн муу аргад тооцогддог ялагч бүхнийг авна гэсэн сэтгэлгээ Монгол улсад хөгжөөд эхэлчихсэн. Ялсан намын өнгөөр төрийн томилгоо хийгддэг. 2016 онд 1750 албан тушаалтан дэвшиж болон шинээр томилогдсон байх жишээтэй. Тэднийг шалгаж үзэхэд дандаа улстөрчдийн хамаарал бүхий этгээд байдаг. Хүнээс хамааралтай нөхцөл байдлаас шалтгаалж авлигын гэмт хэрэг буурахгүй байсаар байна. Оюу толгойн гэрээ, Дубайн гэрээ, Эрдэнэтийн 49, 51 хувь гээд хууль бус нийтийн эрх ашгийг хөндсөн олон хэрэг гарсан ч ямар нэг шийдэлд хүрээгүй байна. Энэ бүгд хөөн хэлэлцэх хугацаа болон хууль эрхзүйн хийдэлд баригдаж, шийдвэрлэгдэхгүй байсаар байгаа юм.
Ц.Насанбат: Прокурор мөрдөн байцаалтын 114 хэрэгт хяналт тавьснаас 20 хувьд нь яллах дүгнэлт үйлдсэн
Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Ц.Насанбат: 2019 оны гуравдугаар улирлын байдлаар АТГ-ын мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулсан 493 хэрэгт прокурор хяналт тавьсан. Үүнээс 33 хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, хэрэг бүртгэлтийн хэргийг шийдвэрлэсэн. Мөрдөн байцаалтын 114 хэрэгт эхний гурван улирлын байдлаар прокурор хяналт тавьж ажилласнаас 23 хэрэг буюу 20 хувьд нь яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн. Авлига, албан тушаалын хэргүүдийг шийдвэрлэхэд ямар хүндрэл бэрхшээл гарч байна гэвэл, нэгдүгээрт эдгээр хэргийг шийдвэрлэхэд хүн хүч, арга хэрэгсэл, техникийн хомс байдал. Хоёрт, хамтын ажиллагааны хүндрэлтэй байдал, эрхзүйн тогтолцооны зөрүүтэй байдал нөлөөлдөг. Гуравт, авлигын төрлийн гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг судлах, урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажил туйлын хангалтгүй байна.
Т.Өсөхбаяр: Прокурор хэргийн үйл баримтыг тодорхой бус, маш товч дүгнэдэг
Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр: Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх дээр хянагдсан хэргийн хүрээнд судалгаа хийсэн. Өргөн хүрээнд судалгаа хийх боломжгүй байлаа. Тус шүүх 2017 онд Авлига албан тушаалын 19 хэрэг хүлээн авснаас 10 хэргийг шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн. Таван хэргийг шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан. Дөрвөн хэргийг прокурорт буцаасан. 2018 онд 20 хэрэг хүлээн авснаас долоон хэргийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, есөн хэргийг шүүхээр хэлэлцүүлэхээр, дөрвөн хэргийг прокурорт буцаахаар шийдсэн. Энэ оны эхний арван сарын байдлаар 16 хэрэг хүлээн авснаас таван хэргийг хэвээр үлдээсэн, зургаан хэргийг шүүхээр хэлэлцүүлэхээр, таван хэргийг прокурорт буцаасан тоон үзүүлэлт байна.
Мөрдөн шалгах ажиллагаа маш сайн хийгдсэн хэрэг дээр прокурор яллах дүгнэлт хийхдээ маш муу үйлддэг. Прокурор дээр буцаадаг. Үүнд нийгэм эмзэг ханддаг. Өөрөөр хэлбэл хэргийн үйл баримтыг тодорхой бус, маш товч дүгнэдэг. Үүнээс болж шүүх өөрөө хэргийн үйл баримтыг тогтоон, тус үйл баримтдаа хууль зүйн дүгнэлт хийдэг. Яллах дүгнэлтээс хальсан шүүх дүгнэлт хийх эрх шүүх байгууллагад байхгүй. Ийм байдалд гарцаагүй хэргийг буцаах нөхцөл байдал үүсдэг. Жишээ нь хамтран үйлдсэн гэмт хэргийг бүлэглэсэн гэж тодорхойлдог. Бүлэглэсэн гэдэг бол хууль зүйн ойлголт. Тухайн үйл баримтад бүлэглэхдээ ямар тусламж дэмжлэг үзүүлсэн, хэрхэн оролцсон юм бэ гэдгийг яллах баримтад тодорхой тусгаж байж шүүгч ялгаатай дүгнэлт хийж чадна.
Ж.Батсайхан: Мөнгө угаах гэмт хэргийг прокурорт шилжүүлэх шаардлага байна
Харин Авлигатай тэмцэх газрын дэд дарга Ж.Батсайхан ярихдаа, “Санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх олон улсын байгууллага манай улсад 40 зөвлөмж 11 шууд хэрэгжилт явуулсан. Уг байгууллагаас дөрвөн шууд хэрэгжилтийн асуудлыг эргэж танилцуулах шаардлагатай болсон. Үүний нэг нь мөнгө угаах гэмт хэргийг мөрдөн шалгах үйл ажиллагааг прокурорт шилжүүлэх тухай асуудал байна” гэв.
Д.Өнөржаргал: Авлигатай тэмцэх тогтолцоог бэхжүүлэх төслөөс гурван үр дүн хүлээж байна
Мөн энэ үеэр “Монгол улс дахь авлигатай тэмцэх тогтолцоог бэхжүүлэх нь” төслийг Азийн хөгжлийн банкны бүс нутгийн хамтын ажиллагааны мэргэжилтэн Д.Өнөржаргал танилцууллаа. Тэрбээр, төслийн хүрэх үр дүнг ерөнхийд нь гурав хуваан үзэж байгаа аж.
Төслийн хүрэх үр дүн 1. Авлигын хэргийг мэдээлэх, мөрдөн байцаах, яллах, шүүн таслах ажиллагаанд оношлох үнэлгээ хийгдсэн байх
• АТГ, УЕПГ, ШЕЗ-с хийх өөрийн үнэлгээ
• Хууль тогтоомжийн хэрэгжилт, үр дүнтэй байдлыг шинжлэх
• Хууль сахиулах байгууллагуудын нөөц, чадавхын хүрэлцээ, хараат бус байдалд шинжилгээ хийх
• Монгол улстай хууль сахиулах байгууллагын хэмжээ, хууль эрх зүйн уламжлалаараа ижил төстэй бусад орны сайн туршлагыг судлах зэрэг
Азийн сангийн баг 2019 оны есдүгээр сараас 2020 оны долдугаар сарын хооронд гүйцэтгэнэ.
Төслийн хүрэх үр дүн 2. АТГ-ын мөрдөгч, УЕПГ-ын прокурор, болон шүүгч нарын ур чадвар нэмэгдэх
• Оношлох үнэлгээний үр дүнд үндэслэн холбогдох байгууллагын албан хаагчдын чадавхыг хөгжүүлнэ
• Сургалтын хэрэгцээ, сургалтын төлөвлөгөөг хамтрагч байгууллагуудтай 2020 оны 2-р улирал гэхэд тохиролцоно
• Сургагч багш нарыг сургаж бэлтгэнэ (АТГ, прокурор, шүүхийн байгууллагаас тус бүр 30 сургагч багш)
• Сургагч багш нарын оролцоотойгоор гарын авлага боловсруулна
Төслийн хүрэх үр дүн 3. Авлигатай холбоотой мэдээлэх тогтолцоо, гарын авлага, хууль дүрэм, журамд өөрчлөлт оруулах зөвлөмжийг боловсруулах
• Оношлох үнэлгээгээр тодорхой болох мэдээлэх тогтолцоо, гарын авлага, хууль, хууль, дүрэм, журам дахь хийдлийг арилгах арга замын талаарх зөвлөмжийг боловсруулна.
• Зөвлөмжийг дотоодын болон олон улсын зөвлөх боловсруулж Хууль зүй дотоод хэргийн яаманд хүргүүлнэ.