Өнгөрөгч зургадугаар сарын нэгнээс хойш хаалттай байсан Дарханы замыг арваннэгдүгээр сарын нэгний өдөр нээлээ. Гэхдээ дарга нарын ярьж байсанчлан дундаа зураастай, дөрвөн эгнээ, асфальтан хучилттай зам бус, “өнөөх” Дарханы замыг нээжээ. Уг нь, Ерөнхий сайд автозамын ажлын нээлт дээр энэхүү замыг олон улсын хамаарал бүхий, ачаалал ихтэй зам болохыг онцлоод энэ ондоо багтааж ашиглалтад оруулахыг замын сайд Б.Энх-Амгаланд үүрэг болгосон. Гэвч хаанаа, юу нь гацсаныг бүү мэд. Хагас жил шахам хаалттай байсан “өнөө” зам дөрвөн эгнээ болох нь битгий хэл, хоёр эгнээ замынхаа хуучин хучилтыг хуулчихсан, тоос, шороо, чулуунд дарагдаад “навсайж” харагдана. Энэ замаар зорчдог Дархан, Сэлэнгэ, Орхоныхны зун, намрын турш хүлээсэн “итгэл найдвар” ингэж талаар болох нь тэр. Зам засварын ажил явагдаж байх хооронд түр зам дээр 70 шахам зам тээврийн осол бүртгэгдэж, зургаан хүн амь насаа алдаж, 20 орчим хүн бэртэж гэмтсэн гэх мэдээллийг Тээврийн цагдаагийн албанаас мэдээлсэн. Хамгийн сүүлд, есдүгээр сарын 28-ны шөнө Улаанбаатараас Дархан чиглэлд явж байсан нийтийн тээврийн том оврын автобус осолдож, 30 гаруй иргэн зорчиж явснаас нэг нь нас барж, таван хүн гэмтсэн гэх. Үндсэн сэдвээсээ жаахан хазайгаад нэг зүйл онцлоход, зам тээвэр, эрүүл мэнд, хуульзүйн яамд хамтраад “Зам тээврийн ослын 99.8 хувь нь жолоочийн буруугаас үүдэлтэй” гэдэг дүгнэлт гаргачихсан юм билээ. Тэгэхээр одоо, иргэд бид ийм муу замаар зорчихоор заяагдсан ядмагхан хувь тавиландаа л гомдохоос өөр аргагүй юм билээ шүү. Юм л бол төр засаг руу буруугаа чихэх гээд байдаг нөхөд минь.
За тэр ч яах вэ, өнгөрсөн хугацаанд жолооч нар эвдрэл ихтэй, цагаан шороо боссон түр замаар шүд зуун зорчиж, амьд мэнд зорьсон газраа очвол зол буян гэж баярлаад, арайхийн арваннэгдүгээр сарын нэгэнтэй золгосон билээ. Гэвч хүлээлт талаар болжээ. Их санасан газар есөн шөнө хоосон гэдэг шиг л. Энд тэндгүй овоолсон шороо, энхэл донхол, дугуй нь хагарсан жолооч нар. Зам дээр хаа сайгүй уулын чулуу, арматурын төмөр ёрдойж харагдана. Хуучин байсан хоёр эгнээ Дарханы замд өдөрт найман мянган машин зорчдог байсан бол өнөөдөр гурван мянган машин явж байна гэнэ. Хуучин замаар Улаанбаатар-Дархан хооронд хоёроос гурван цаг давхидаг байсан бол одоо дор хаяж таван цаг явж байна гэнэ. Нуухыг нь авах гээд нүдийг нь сохолно гэгч болжээ.
Ингээд бид хэрэг явдал яагаад иймд хүрэв гэдгийг сурвалжиллаа. Манайд ямар нэг бүтээн байгуулалт хийе гэхээр эхлээд санхүүжилт дээр гацдаг тал бий. Үүнийг Азийн хөгжлийн банк гэж буянтай байгууллага шийдээд өгсөн юм байна. Хийе, бүтээе гэсэн хүнд 60 сая доллар гэдэг бага мөнгө биш ээ. Үүний дараа тендер гэж нэг бөөн “маапаан”-тай, цаг хугацаа алдсан ажиллагаа болдог. Энэ асуудлыг уг нь, манай дарга нар урьдчилж тааварлаад сонгон шалгаруулалтыг таван багц болгож зарласан юм билээ. Улмаар БНХАУ-ын туршлага бүхий компаниуд шалгарч ажлаа эхлүүлэх гэж байтал баяр наадам, хур бороотой давхацаад бараг л наймдугаар сартай золгосон юм байх. Бас болоогүй, өнөө таван хятад компани чинь дороо туслан гүйцэтгэгч арав гаруй дотоодын компанитай гэрээ байгуулсан гэж байгаа. Чухам эндээс л асуудал үүссэн гэхэд бараг болно. Юу гэвэл, тендерт шалгарсан хятад компаниуд санхүүжилтээ авсан ч туслан гүйцэтгэгч нартаа санхүүжилтийг нь өгөөгүй гэнэ. Өнөөдрийг хүртэл хийгдсэн 15 километр асфальтан зам хийгээд, хоёр эгнээ бүхий хуучин замын асфальтыг хуулах ажлыг дотоодын компаниуд өөрсдөө мөнгө гаргаад хийж байсан аж. Ингээд аргаа барсан дотоодын компаниуд нутгийн иргэдэд хандсанаар залуусын төлөөлөл “Дарханы зам засвар-Иргэдийн хяналт” цахим хаягийг нээсэн байна. Тэдний төлөөлөл болох Дархан-Уул аймгийн залуучуудын холбооны тэргүүн Ж.Ганболд “Замын ажлыг зургадугаар сарын нэгэнд эхлүүлсэн. Наадмын дараа хариуцлага бүхий том компаниуд замын ажлын явц 40 хувьтай байна гэсэн боловч дараахан нь тодорхой гэрээнүүд хийгдээгүй гэдэг хариулт өгсөн. Иймд энэ замын ажилд төрийн хяналтыг хэрхэн тавьж буй нь тодорхойгүй байна” гэдэг мэдээллийг өгч байжээ. Харин үүний дараахан салбарын сайд Б.Энх-Амгалан Дарханы зам засвар, шинэчлэлийн ажил хугацаандаа багтахгүй хэмээн “нүхээ малтсан” юм. Тэрбээр “Авто замын бүтээн байгуулалтын ажил 35 хувьтай явагдаж байна. Таван багц болгон тендер зарлаж ажил гүйцэтгэж байгаагаас хоёр, дөрөвдүгээр багцын ажил удаашралтай байна. Яамнаас газрын дарга нар, ажлын хэсэг оролцсон хурлыг хэд хэдэн удаа хийсний үр дүнд техник, ажиллах хүч нэмэгдсэн. Гүйцэтгэгч байгууллага хугацаандаа дуусгана гэсэн боловч бодит байдал дээр тийм боломж харагдахгүй байна. Бид ажлаа шуурхайлахыг шахсаар байна” гэжээ. Энэ бүхнийг эргэцүүлж суухад, үүний цаана эрх баригчид тодорхой түвшинд улстөрийн мөнгө угаалт эсвэл авлига хээл хахуулийн шинжтэй үйлдлүүд хийсэн байх гэх хар эрхгүй төрнө.
Улаанбаатар-Дархан хооронд нийт 205 километр асфальтан хучилттай, дундаа тусгаарлагчтай, дөрвөн эгнээ замыг барьж, энэ ондоо багтааж хүлээлгэн өгөх үүргийг Ерөнхий сайд Зам тээврийн сайдад өгсөн. Харин өнөөдөр автозам засварын ажил 10 хувьтай явна. Өдрөөс өдөрт хүйтний эрч чангарч, улирлын чанартай ажлууд зогсолт хийж эхэлсээр. Гэтэл, сайд дарга нар ажлын явцыг мэдсээр байж, “Дарханы замын жинхэнэ нээлт долоо хоногийн дараа болно” гэх утгатай мэдээллийг зарим нэг хэвлэлээр явуулж буй нь инээдтэй ч, эмгэнэлтэй ч.